Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/523

 

 

 

 

 

 

 

  2021          08         04                                   2021/ШЦТ/523     

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

Гэрч Э.Баасандорж,

Шинжээч Ү.Оюун-Эрдэнэ, Л.Баттулга,  

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ч.Энхтөвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-д холбогдох эрүүгийн 2003003550299 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, хүүхдийн хамт оршин суух, урьд:

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Г.Х, /РД: /, 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2,83% согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын Майхан толгойн замд “Хондо Инсайт” маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин замын гэрэлтүүлгийн шон мөргөснөөс зорчигч Э.Даваабаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 35 минутын үед миний банкны виза картанд байсан мөнгийг авахаар 7 буудал руу явахаар Майхан толгойгоос гарсан. Баасандорж, Даваабаяр хоёр хоёулаа “жолоодох эрхгүй, чи эрхтэй юм чинь жолоо барь” гэсэн. Баасандорж доор байдаг барилгын материалын дэлгүүрийн үүдэнд намайг солигдож жолоо барьсан гээд байгаа. Гэхдээ ийм зүйл болоогүй. Би машин бариагүй. Камерын бичлэгээс машины хаалга онгойж жолооч солигдож суугаагүй болох нь харагддаг. Тэгээд доошоо уруудаж байгаад дэлгүүрийн урд осолдсон. Тэр дэлгүүрийн ах гадаа байж байснаа машин онхолдсон чинь замаар явж байсан 4-5 залуучуудтай хүрч ирээд бид 3 машиныг өргөсөн гэсэн. Миний согтолтын зэрэг 2.83 байсан бөгөөд маш их согтсон байсан. Би эрүүлдээ ч машин сайн барьж чаддаггүй. Машин дотор гурвуулаа хамт сууж явсан. Даваабаяр машины хойно суусан. Баасандорж жолооны ард суугаад би хажууд нь суусан. Даваабаяр миний үснээс зулгаагаад байсан болохоор хажууд нь суувал намайг цохиод байна байх гээд урд суусан. Баасандорж барилгын материалын дэлгүүр хүртэл яваад надтай жолоо сольсон гэж ярьдаг. Тухайн үед осол гарахад машин эргэлдээд маш хурдан болж өнгөрсөн. Тухайн үеийн асуудлаас машин эргэлдээд зогсооч, болиоч гэж орилолдоод байсныг санаж байна. Согтолт өндөр байсан болохоор тухайн үеийн асуудлыг бүрэн санахгүй орж гараад байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хэрэг болсноос хойш хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад 3 удаагийн мэдүүлгээрээ Г.Х өөрөө машин бариад осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Би хөдөө явж ирсний дараа мэдсэн. Хохирлын төлбөрийн тал дээр Халиунаа болон түүний зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлсөн асуудал байхгүй. Бид 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Амь хохирогчийн эцэг эх нь миний хүү бидэнд маш үнэтэй, юугаар ч үнэлшгүй, 100.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж хэлсэн. Миний хувьд хохиролтой байна гэсэн зүйлийг хэлсэн. Би оршуулгын зардлыг бүрдүүлж өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Оршуулгын зардал 16.212.678 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талийгаачийн машиныг 6.914.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Бодит хохирлын хэмжээ нь 23.126.678 төгрөг байгаа. Үлдсэн 76.800.000 гаруй төгрөгийг амь хохирогчийн эцэг, эх сэтгэл санааны зардалд нэхэмжилж байгаа...” гэв.

 

Гэрч Э.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гарсан өдрөөс 2 хоногийн өмнө Халиун, талийгаач хоёр намайг дуудсан. Би тэр үед Алтан-Өлзий гэх найзындаа байсан. Тэгээд би Алтан-Өлзий гэх найзтайгаа хамт очсон. Очиход тэр 2 архи ууж байсан. Бид 2 нийлж архи уусан. Хоёр хоноод байж байсан чинь машинаа шаварт суулгасан. Тэгээд өглөө нь сэрсэн чинь Халиун, талийгаач, Алтан-Өлзий гурав байхгүй байсан. Тэгээд удалгүй портерын тэвшин дээр суучихсан машинаа татна гээд ирсэн. Ирэхдээ 1 ширхэг 0.5 литрын архи, 1 ширхэг 0.75 литрын архитай ирсэн. Бид нар бөөнөөрөө тэр архийг нь хувааж уучхаад унтаад өгсөн. Унтаж сэрээд босоод байж байсан чинь Халиун босоод талийгаачийн дүү Болдоо руу залгаж “очоод мөнгө ав, тэрний дансанд мөнгө байгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид нар доошоо явж байгаад дэлгүүрийн хажууд очиж зогссон. Тэгээд эндээс доошоо явахгүй, “бид 2 хоёулаа эрхээ хасуулчихсан юм чинь машин барихгүй” гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад машины зөв талын сандал дээр орж суугаад Халиун жолоон дээр суугаад ухарч доошоо эргээд зам руу явж байхад хажуу талаас портер орж ирээд бид нар замын хашлага мөргөөд осолдсон. Тэгээд ухаан алдсан. Тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байна Би жолоо шилжүүлсэн зүйл байхгүй. Би машин барихгүй гээд жолоочийн эсрэг талд суусан. Хэн нэгнийг машин барь гэж жолоо шилжүүлсэн асуудал байхгүй...” гэв.

 

Шинжээч Л.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Халиунд мөрдөгчийн тогтоолоор биед нь үзлэг шинжилгээ хийж 3 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр, санал нэгтэйгээр энгийн согтолттой гэж дүгнэлтээ гаргасан. Өмгөөлөгчид нэг зүйлийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энгийн согтолт, эмгэг согтолт зэрэг нь сэтгэцийн шинжлэх ухаанд хамаардаг ойлголт байгаа. 2.83 зэргийн согтолт гэдэг нь бол шүүх шинжилгээтэй холбоотой хүний физиологитой холбоотой асуудал байгаа. 2.83 зэргийн согтолттой хүн сэтгэцийн хувьд заавал ийм болох ёстой гэсэн ойлголт байхгүй. Хүний ходоодонд байгаа архины хэмжээ, цуснаас ялгарч байгаа архины хэмжээ зэрэгтэй шууд хамааралгүй тусдаа ойлголт. Энгийн согтолттой хүмүүс цаашаа өөрийгөө ухамсартай байлгаж, өөрийгөө удирдах боломжтой гэв.

 

Шинжээч Ү.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан мөрдөгчийн магадлагаа нь тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байгаа. Жолооч Ганболдын Халиун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэв.

 

Эрүүгийн 2003003550299 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг араас Даваабаяр татаад анхаарал сарниулж хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж бодож байна. 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Майхан толгойн ойролцоо Баасандорж, Даваабаяр, Алтан-Өлзий бид 4 гадаа модны ойролцоо суугаад архи ууж байсан. Архи дуусах үед Баасандорж Даваабаярт хандан “машины бичиг баримтыг чинь барьцаанд тавиад архи авч ууя” гэсэн. Гэтэл Даваабаяр утсаа хараад “Халиуны дансанд 60.000 төгрөг байна энийг авч архи ууя” гэсэн. Даваабаяр Хаан банкны лавлах руу яриад “хэдээс хаах вэ” гэж асуухад 17 цагаас хаана гэсэн. Тэгээд Даваабаяр “7 буудлын банк руу явъя” гэсэн. Би “хэн автомашин барих вэ” гэхэд “чи барь” гэж Даваабаяр хэлсэн. Мөн Баасандорж “бид 2 эрхээ хасуулсан тул ачигдана, чи бол эрхтэй учир эрхээ хасуулаад өнгөрнө” гэж хэлсэн. Би адилхан уучихаад гэхэд намайг зодоод, үсдээд, ам руу салаавч хийгээд, шавар луу түлхэж унагаад зодоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн наад талд нь “очих хүртлээ өөрсдөө барь” гэхэд Даваабаяр намайг “чи барь” гэсэн. Тэгээд уулнаас буух үед Баасандорж автомашиныг унаад нэг дэлгүүрийн гадна очоод зогссон. Уулнаас бууж байх үед намайг Даваабаяр зодоод дарамтлаад явж байсан. Баасандорж машинаа зогсоогоод “Би согтоод машин унаж чадахгүй нь ээ” гэхэд Даваабаяр намайг “машин барь, чи жолооны эрхтэй” гэсээр байгаад бариулсан. Автомашин хөдлөх үед Баасандорж миний хажууд, Даваабаяр арын суудалд яг миний ард сууж явсан. Тэндээс хөдлөөд үргэлжлүүлээд надтай хэрэлдээд, араас суудал тийрээд байсан. Хөдлөөд 1 км орчим явж байх үед хэрүүл хийж байснаа гэнэт араас хамар, ам 2-ийг зэрэг таглаж дараад, миний амьсгаа боогдоод тэр үед зам руу хартал өөдөөс Портер машин ирж байсан тул буцааж баруун гар тийш дараад замын хашлага даваад шон мөргөөд ухаан алдсан байсан...” мэдүүлэг /1 хх-ийн 201-202 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр би хөдөө явчихсан байсан. Осол хэрхэн гарсан талаар мэдэхгүй. Хөдөөнөөс 2020 оны 7 дугаар сарын 11-ны өдөр ирээд мэдсэн. Талийгаач нь манай ээжийн эгчийнх нь зээ хүү юм. Талийгаачийн ээж Бямбацэцэгийн ээж Мягмаржавын дүу Жавзандулам нь манай ээж юм. Бид нар байнга уулзалдаж байдаг бөгөөд их ойрхон байцгаадаг учир бид нар ах дүү нараараа хоорондоо ярилцаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байна. Талийгаачийн дүү Э.Саранболдыг хохирогчоор эхлээд тогтоосон байсан боловч намайг оролцуулах хүсэлт гаргаж байна. Манай дүү хүнтэй эвтэй найртай, даруухан, ээжийнхээ үгээр, цайлган залуу байсан. Талийгаач гэрлээгүй, 1 жил орчмын өмнөөс Халиун гээд нэг хүүхэнтэй нөхөрлөж байгаа гэж сонсож байсан. Автомашинтай холбоотой 6.914.000 төгрөг одоогоор гаргаад байна. Нийт зардлыг тооцож гаргана. Ерөнхийдөө бол 100.000.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Г.Тэгштогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Х.Инсайт маркийн 7 улсын дугаартай автомашины эзэмшигч нь Э.Даваабаяр юм. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай Батжин бат ХХК-ийн нэр дээр шилжүүлэн манай байгууллагаас 2.200.000 төгрөгийн гэрээ байгуулан зээлсэн. Манай байгууллагаас талийгаач нь мөнгө зээлж машинаа барьцаалсан тул манайх хохирлыг хариуцахгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Тэгштогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Х.Инсайт маркын 7 автомашины эзэмшигч Э.Даваабаяр нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай Батжинбат ХХК-ийн нэр дээр шилжүүлэн манай байгууллагаагс 2.200.000 төгрөг гэрээ байгуулан зээлсэн. Энэ автомашин нь манай байгууллагын өмч болно...” /1 хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай “Гэрэлтүүлэг чимэглэл” компани Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Хандгайтын Майхан толгойн зүүн урд замд байх гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Гэрэлтүүлгийн 2 шонг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуу жолооч зам тээврийн осол гаргахдаа эвдэж гзмтээсэн байна. 2 шон нийтдээ 3.180.000 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Алтан-Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Буцаад уулын амандаа очоод шавраас автомашинаа гаргачихаад голын эрэг дээр талийгаач Даваабаяр болон Халиун, Батцэнгэл, Мөнхөө, Баасандорж, замд цуг ирсэн залуу бид нар архи уусан. Архиа уугаад дуусч байхад Батцэнгэл, Мөнхөө, доороос цуг ирсэн танихгүй залуу нарыг Батцэнгэл, Мөнхөө нартай хамт ажилладаг залуу автомашинтай ирээд аваад явсан. Тэгээд би тэнд байсан хөнжил гудсанд ороод өдөр нартай байхад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь гадаа харанхуй болсон би ганцаараа уулын аманд байсан. Даваабаяр, Халиун хоёрыг үерхдэг гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 75 дугаар хуудас/,

 

Гэрч А.Анармөрөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Хонда Инсайт маркийн 75-87 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн хойшоо харсан байдалтай, урд хэсэг, зүүн хойд талын хойд хаалга хэсэг нь их хэмжээний эвдрэлтэй, замын гэрэлтүүлгийн шон мөргөсөн байдалтай зам дээр байсан. Миний ойлгосноор машин урд хэсгээрээ гэрэлтүүлгийн шон мөргөж, зүүн хойд хаалгаараа мөн гэрэлтүүлгийн шон мөргөсөн байх гэмээр байдалтай байсан. Автомашины арын суудал дээр 34-35 орчим насны эрэгтэй хүн хагас ухаантай, амьсгаатай, юм дугарч чадахгүй сууж байсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр 30 орчим насны туранхай шар залуу сууж байсан, жолооч талын суудал дээр хүн байхгүй, нэг туранхай, цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, доогуураа хар өнгийн өмд, цагаан пүүзтэй согтуу эмэгтэй автомашины гадна талд нааш цааш алхаад байсан. Ослын газарт анх очоод осолд орсон автомашиныг харахад жолоочийн сүудал нэлээд урагшаа байрлалтай байсан ба би шууд л согтуу эмэгтэйг барьж явсан юм байна гэж харж байсан. Эмнэлэг ирээд автомашины арын суудал дээр сууж явсан эрэгтэйг үзээд эмчилгээ хийх үед уг хүн маань нас барсан, тэгсэн автомашины жолоочийн хажуугийн суудал дээр сууж байсан туранхай шар залуу уйлаад “Халиунаа чамаас болоод миний найз үхчихлээ чамд би болон талийгаач битгий согтуу автомашин барь гэж хэлээд байхад” гээд уйлаад дайраад байсан, тэгсэн Халиунаа гэх согтуу хуүхэн юм дугараагүй. Намайг ослын газарт байж байх үед тэр хавиар явж байсан хүмүүс наад осолд орсон автомашин чинь зам дээр 2 бүтэн эргээд жолоочийн эсрэг талаараа тогтсон байсныг 7-8 залуу түлхэж 4 дугуйн дээр нь босгочихоод яваад өгсөн гэж хэлж байсан. Би бол босгож байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 77 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэгээд бид нар архиа ууж байсан чинь өдөр 12 цагийн үед ажлын ах Эрдэнэбаатар ирээд намайг болон Мөнхөө, Алтан-Өлзийгийн танил гэх залуу бид нарыг аваад явсан. Ууланд талийгаач Даваабаяр болон Халиун, Алтан-Өлзий, Баасандорж нар уулзсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Халиуныг согтуу талийгаачийн автомашиныг жолоодож яваад осол гаргасан гэдгийг сонссон. 2020 оны 06 дугаар сарын 27-ны өглөө талийгаач Даваабаяр болон Халиун нар доошоо яваад ирэхдээ маргалдсан ирсэн, өөрөөр бол хэрүүл маргаан болоогүй. Даваабаяр, Халиун нар нь хоёр жилийн өмнөөс холбоотой болсон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

Гэрч О.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Батцэнгэлийн хөл нь тухайн үед өвдөөд хамт барилгын ажил хийдэг ахыгаа дуудсан. Уг ах нь 14 цагийн үед ирж, ирсэн автомашинтай нь би, Батцэнгэл, Алтан-Өлзийгийн найз гэх залуу бид 3 суугаад явсан. Ууланд талийгаач Даваабаяр болон Халиун, Баасандорж, Алтан-Өлзий 4 үлдсэн. Халиунаа л талийгаачтай хэрэлдээд байсан, гэхдээ зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Чингэлтэй дүүрэгт байх найз Алтан-Өлзийгийн гэрт Аптан-Өлзийгийн хамт 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байж байхад Алтан-Өлзийгийн утас руу найз талийгаач Даваабаяр болон Халиун, Батцэнгэл нар утасдаад бид хоёрыг Хандгайтад Улсын их хурлын гишүүн С.Эрдэнийн барьсан спорт цогцолборын баруун талын уулын аманд байна хүрээд ир гээд байн байн залгаад байхаар нь бид хоёр очсон. Талийгаач Даваабаяр болон Алтан-Өлзий, Халиун бид дөрөв байсан чинь Халиун цүнхээ ухаад өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаа гаргаж “миний дансанд 50 бил үү 60 мянган төгрөг байгаа, доошоо 7 буудал орж мөнгө авья талийгаач бид хоёрыг явья” гэхээр нь “за” гээд бид гурав уулнаас талийгаачийн автомашинтай буусан. Буухдаа автомашиныг би жолоодон уулнаас буугаад барилгын материалын эд зүйл зардаг дэлгүүрийн гадна очсон. Энэ үед 16 цаг өнгөрч байсан. Хаан банк руу залгасан чинь “17 цагт хаана”  гэж хэлсэн. Халиун “доошоо явчихаад ирье, цаг эрт байна, амжина” гэхээр нь би болон талийгаач бид хоёр “одоо доошоо яваад хэрэггүй, нэгт согтуу байна, хоёрт бид хоёр жолооны эрхээ хасуулсан” гэж хэлээд би автомашины жолоочийн суудлаас буусан чинь Халиунаа зөрж суугаад автомашиныг жолоодоод барилгын материалын дэлгүүрийн гаднаас хөдлөөд, хаазаа тултал гишгээд хотын төв чиглэл рүү явсан. Дэлгүүрээс хөдлөхдөө л автомашины хаазыг тултал нь гишгээд хөдлөөд явсан ба барилгын материалын дэлгүүрээс хөдлөөд 500 орчим метр явж байгаад гэнэт урсгал зөрөөд орсон, энэ үед өөдөөс нь цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ирж явсан ба уг Портер зам тавьж өгсөн боловч замын хажуугийн брожур мөргөөд дараа нь гэрэлтүүлгийн шон мөргөөд автомашины жолооч талаараа зам дээр хөндлөн унаж тогтсон. Осол болох үед би хэсэг ухаан алдсан ба нэг ухаан орсон чинь хүмүүс автомашиныг түлхэж 4 дугуйн дээр нь босгож байсан ба жолооч талын хаалга онгорхой Халиун автомашинаас буусан, замаар явж байгаад зогссон цагаан өнгийн приус 30 маркийн автомашины жолооч залуутай юм яриад зогсож байсан ба уг залуу бид нарыг “зүгээр үү” гээд цагдаа, эмнэлэг дуудаад байсан. Осол болох үед би автомашины жолоочийн хажуугийн урд суудал дээр, талийгаач арын суудал дээр сууж явсан. Талийгаач бид хоёрын ослын бүс тухайн үед зүүгээгүй байсан. Г.Х өөрөө л автомашиныг жолоодсон, хэн ч хүчээр жолоодуулаагүй мөн хэн ч Г.Хыг автомашин жолоодон явах үед нь хоолойг нь боож жолооны чиглэл өөрчлөөгүй..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 88-90 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 7-13 дугаар хуудас/,

 

Зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд:

“...Галсан овогтой Баасандоржийг драйгер багаж ашиглан шалгахад 1,99% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /1 хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд:

“...Honda insight маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ганболд овогтой Халиуныг драйгер багаж ашиглан шалгахад 2.83% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /1 хх-ийн 14 дүгээр хуудасны ар тал/,

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа, техникийн тодорхойлолт /1 хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /1 хх-ийн 41-55 дугаар хуудас/,

 

Барьцаат зээлийн гэрээ /1хх-ийн 63-66 дугаар хуудас/,

 

Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ийн “...НИТХ-ын 2007 оны  01 дүгээр сарын 24-ний өдрийн 18-р тогтоолын 2-р хавсралтын 18-р заалтыг үндэслэн нийт 3.180.000 төгрөгийн хохирол гарсан ...” гэх хохирлын үнэлгээ /1хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7660 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Г.Баасандоржийн биед дух, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /1 хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7679 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Г.Хы биед тархи доргилт, дух, баруун бугалга, ташаа, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /1 хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3056 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэжээ /1 хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3058 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины суудлын бүрээсэнд шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамцны болон бусад төрлийн хувцасны материалын хэсэг үлдээгүй байна...” гэжээ /1 хх-ийн 116-117 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3611 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Ганболдын Халиун гэж хаягласан, 1мл хэмжээтэй тариуртай цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ /1 хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1378 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаач Э.Даваабаярын биед:

Цээж: Зүүн талын 1,2,3,4-р хавирганы хугарал, зүүн уушгины урагдсан шарх, цус хуралт, цээжний зүүн тал, хэвлийн хөндийн цус хуралдалт,  Хэвлий: Дэлүүний язрал, дэлүүний уг бэхлэгдэх хэсгийн цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайн цус хуралт.

Толгой: Хуйхны дотор гадаргуун зүүн дух, зулай, чамархай хэсэг, зүүн чамархайн булчинд цус хуралт. Хоёр тал бөмбөлгийн дух, зүүн зулайн аалзан хальсан доорх цус харвалт.

Дээд, доод мөчид: Зүүн бугалга ясны далд хугарал. Зүүн бугалга, шуу, цээж, хэвлийн цус хуралт. Хоёр өвдөг, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь томролтот хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, архаг идэвхтэй элэгний үрэвсэл бүхий өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

4. Талийгаач Э.Даваабаяр нь авто ослын улмаас цочмогоор цус алдаж нас баржээ.

5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.4% ходоодны шингэн 3.2% спиртийн зүйл илэрсэн Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь ABO системээр B /III/ бүлгийн цустай байна...” гэжээ /1 хх-ийн 123-128 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3609 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Баасандорж гэж хаягласан, 1 мл хэмжээтэй тариуртай цус нь ABO системээр AB(IV) бүлгийн харьяалалтай байна...” гэжээ /1 хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “....Үнэлгээгээр тогтоогдсон дүн 6.469.000 төгрөг, нийт шууд зардлын дүн 4.969.000 төгрөг...” гэжээ /1 хх-ийн 143 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №779 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Г.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ энгийн согтолттой байсан байна. Г.Х нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан.

2. Г.Х нь гэмт хэрэг үйлдлийн үед энгийн согтолттой байсан бөгөөд өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна.

3. Г.Х нь одоо Архины хэтрүүлэн хэрэглээ, Стрессийн дараах хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Х нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

4. Г.Х нь Архины хэтрүүлэн хэрэглээ, Стрессийн дараах хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Х нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.Х нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна.

6. Г.Хд дээрх гэмт хэрэгт холбогдсоноос үүсэлтэй стрессийн дараах хариу урвал үүссэн байна...” гэжээ /1 хх-ийн 150-154 дүгээр хуудас/,

 

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №112 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Жолооч Ганболдын Халиун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /1 хх-ийн 157-158 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Хы иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 162, 165 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 174 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /1хх-ийн 164 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /1 хх-ийн 166 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 169 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 170 дугаар хуудас/, гэрч Н.Уранчимэгийн мэдүүлэг /1 хх-ийн 84 дүгээр хуудас/, гэрч Н.Ганболдын мэдүүлэг /1 хх-ийн 86 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №214 дүгээр шийтгэх тогтоол /1 хх-ийн 177-179 дүгээр хуудас/, дансны хуулга /1хх-ийн 189 дүгээр хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшиний шинээр гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2,83% согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын Майхан толгойн замд “Хондо Инсайт” маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин замын гэрэлтүүлгийн шон мөргөснөөс зорчигч Э.Даваабаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн “...Осол хэрхэн гарсан талаар мэдэхгүй. Хөдөөнөөс 2020 оны 7 дугаар сарын 11-ны өдөр талийгаач осолд орсоныг ирээд мэдсэн. Талийгаач нь манай ээжийн эгчийнх нь зээ хүү юм. Хохирлын төлбөрийн тал дээр Халиунаа болон түүний зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Анармөрөнгийн “...Хонда Инсайт маркийн 75-87 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн хойшоо харсан байдалтай, урд хэсэг, зүүн хойд талын хойд хаалга хэсэг нь их хэмжээний эвдрэлтэй, замын гэрэлтүүлгийн шон мөргөсөн байдалтай зам дээр байсан. Миний ойлгосноор машин урд хэсгээрээ гэрэлтүүлгийн шон мөргөж, зүүн хойд хаалгаараа мөн гэрэлтүүлгийн шон мөргөсөн байх гэмээр байдалтай байсан. Автомашины арын суудал дээр 34-35 орчим насны эрэгтэй хүн хагас ухаантай, амьсгаатай, юм дугарч чадахгүй сууж байсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр 30 орчим насны туранхай шар залуу сууж байсан, жолооч талын суудал дээр хүн байхгүй, нэг туранхай, цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, доогуураа хар өнгийн өмд, цагаан пүүзтэй согтуу эмэгтэй автомашины гадна талд нааш цааш алхаад байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Баасандоржийн “...би автомашины жолоочийн суудлаас буусан чинь Халиунаа зөрж суугаад автомашиныг жолоодоод барилгын материалын дэлгүүрийн гаднаас хөдлөөд, хаазаа тултал гишгээд хотын төв чиглэл рүү явсан. Дэлгүүрээс хөдлөхдөө л автомашины хаазыг тултал нь гишгээд хөдлөөд явсан ба барилгын материалын дэлгүүрээс хөдлөөд 500 орчим метр явж байгаад гэнэт урсгал зөрөөд орсон, энэ үед өөдөөс нь цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ирж явсан ба уг Портер зам тавьж өгсөн боловч замын хажуугийн брожур мөргөөд дараа нь гэрэлтүүлгийн шон мөргөөд автомашины жолооч талаараа зам дээр хөндлөн унаж тогтсон...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Г.Тэгштогтохийн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Гантуяагийн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батцэнгэлийн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Халиуныг согтуу талийгаачийн автомашиныг жолоодож яваад осол гаргасан гэдгийг сонссон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Хы “...Даваабаяр намайг машин барь, чи жолооны эрхтэй гэсээр байгаад бариулсан. Автомашин хөдлөх үед Баасандорж миний хажууд, Даваабаяр арын суудалд яг миний ард сууж явсан… өөдөөс Портер машин ирж байсан тул буцааж баруун гар тийш дараад замын хашлага даваад шон мөргөөд ухаан алдсан байсан…” гэсэн мэдүүлэг, 

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Honda insight маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ганболд овогтой Халиуныг драйгер багаж ашиглан шалгахад 2.83% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл,

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа, техникийн тодорхойлолт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1378 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7660 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7679 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3058 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3611 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3609 дугаартай дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №779 дугаартай дүгнэлт,

 

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №112 дугаартай мөрдөгчийн магадлагаа,

 

“Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн “...нийт 3.180.000 төгрөгийн хохирол гарсан ...” гэх гарсан хохирлын үнэлгээ,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогджээ.

           

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Зам тээврийн осол гарсан хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Г.Х согтуурсан үедээ “Хондо Инсайт” маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан болох нь жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр, зорчигч Э.Даваабаярын амь нас хохирсон, “Батжинбат Ирээдүй” ХХК-ийн эзэмшлийн “Хондо Инсайт” /Honda Insight/ маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулан 6.469.000 төгрөгийн хохирол, гэрлийн шонд гэмтэл учруулан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нд 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр, Г.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож, зайлшгүй тохиолдолд хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлэлгүй замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас хүний амь насыг хохироосон, “Батжинбат Ирээдүй” ХХК-ийн эзэмшлийн “Хондо Инсайт” /Honda Insight/ маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулан 6.469.000 төгрөгийн хохирол, гэрлийн шонд гэмтэл учруулан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нд 3.180.000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

 

  Иймд шүүх шүүгдэгч Г.Хыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “…хэрэгт ач холбогдолтой байж болох Тэмүүжин, Оюунгэрэл нараас гэрчээр мэдүүлэг авах, Халиуны үйлдлийг бүрэн тогтоолгох шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, талуудын мэдүүлэг тайлбарыг сонсож дүгнэлт хийхэд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт авагдсан гэрч А.Анармөрөнгийн “...Автомашины арын суудал дээр 34-35 орчим насны эрэгтэй хүн хагас ухаантай, амьсгаатай, юм дугарч чадахгүй сууж байсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр 30 орчим насны туранхай шар залуу сууж байсан, жолооч талын суудал дээр хүн байхгүй, нэг туранхай, цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, доогуураа хар өнгийн өмд, цагаан пүүзтэй согтуу эмэгтэй автомашины гадна талд нааш цааш алхаад байсан. Ослын газарт анх очоод осолд орсон автомашиныг харахад жолоочийн сүудал нэлээд урагшаа байрлалтай байсан ба би шууд л согтуу эмэгтэйг барьж явсан юм байна гэж харж байсан...автомашины жолоочийн хажуугийн суудал дээр сууж байсан туранхай шар залуу уйлаад “Халиунаа чамаас болоод миний найз үхчихлээ чамд би болон талийгаач битгий согтуу автомашин барь гэж хэлээд байхад” гээд уйлаад дайраад байсан, тэгсэн Халиунаа гэх согтуу хуүхэн юм дугараагүй...” гэж, гэрч Г.Баасандоржийн “...Халиунаа зөрж суугаад автомашиныг жолоодоод барилгын материалын дэлгүүрийн гаднаас хөдлөөд, хаазаа тултал гишгээд хотын төв чиглэл рүү явсан. Дэлгүүрээс хөдлөхдөө л автомашины хаазыг тултал нь гишгээд хөдлөөд явсан ба барилгын материалын дэлгүүрээс хөдлөөд 500 орчим метр явж байгаад гэнэт урсгал зөрөөд орсон, энэ үед өөдөөс нь цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ирж явсан ба уг Портер зам тавьж өгсөн боловч замын хажуугийн брожур мөргөөд дараа нь гэрэлтүүлгийн шон мөргөөд автомашины жолооч талаараа зам дээр хөндлөн унаж тогтсон...”  гэж, шүүгдэгч Г.Хы гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Баасандоржийг автомашины жолооны суудлаас буулгаад намайг бариулсан. Портер маркын машин ирсэн би хараад баруун тал руу дарсан боловч замын боржур, замын гэрэлтүүлгийн шонг мөргөж осол гаргасан...” гэж, шүүгдэгч Г.Хы яллагдагчаар өгсөн /өмгөөлөгч Х.Даваахүү оролцсон/ мэдүүлэгт “...Баасандорж машинаа зогсоогоод “Би согтоод машин унаж чадахгүй нь ээ” гэхэд Даваарбаяр намайг “машин барь, чи жолооны эрхтэй гэсээр байгаад бариулсан...өөдөөс Портер машин ирж байсан тул буцааж баруун гар тийш дараад замын хашлага даваад шон мөргөөд ухаан алдсан байсан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уг осол хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас шинжлэн судлуулахаар гаргасан С.Оюунгэрэл, М.Тэмүүжин нараас гаргасан хүсэлт гэх 2 хуудас баримт гаргасныг шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, хэлэлцээгүй ба өмгөөлөгч нараас баримтуудын талаар дурьдаж, хэрэгт хавсаргуулахаар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 14-т “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул өмгөөлөгч нараас гаргасан дээрх баримтуудыг шүүх шинжлэн судалж, хянан хэлэлцээгүй.     

 

Өмгөөлөгч нараас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар санал гаргасан ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан баримтуудыг хангалттай гэж үзсэн тул тэдгээрийн саналыг хүлээн аваагүй болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...100 сая төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 16.212.678 төгрөгийг оршуулгын зардалд, талийгаачийн автомашинд гэмтэл учирсан 6.469.000 төгрөг, үлдсэн нь сэтгэл санааны хохирол болно...” гэсэн хүсэлт гаргаснаас хэрэгт баримтаар авагдсан оршуулгын зардлын 14.637.678 төгрөгийг гаргуулж, сэтгэл санааны хохирлыг хэрхэн гаргуулах талаар хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

Түүнчлэн амь хохирогч Э.Даваабаяр “Батжинбат Ирээдүй” ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцааны улмаас “Хондо Инсайт” /Honda Insight/ маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийг “Батжинбат Ирээдүй” ХХК-нд шилжүүлсэн байх тул тухайн автомашинд учирсан нийт 6.469.000 төгрөгийн хохирлыг  “Батжинбат Ирээдүй” ХХК-нд гаргуулж шийдвэрлэв.

 

Тус шүүх нь автомашины өмчлөл эзэмшлийг тогтоохгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн автомашины өмчлөлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.          

 

Мөн шүүгдэгчээс гэрэлтүүлгийн 2 ширхэг шонгийн үнэлгээ болох 3.180.000 төгрөгийн хохирлыг /1хх-ийн 71/ гаргуулж “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нараас “...гэм хорын хохирлыг шүүгдэгч болон автомашины өмчлөгч “Батжинбат Ирээдүй” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй...” гэсэн санал гаргасан.

 

Амь хохирогч Э.Даваабаяр нь “Батжинбат Ирээдүй” ХХК-тай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж барьцааны хөрөнгөд “Хондо Инсайт” /Honda Insight/ маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Тус автомашиныг амь хохирогч Э.Даваабаяр шүүгдэгч Г.Хд шилжүүлснээс тухайн осол хэрэг гарсан ба гэрээний үүргээр зээлдэгч Э.Даваабаяр тээврийн хэрэгслээр бусдад хохирол учруулсан тохиолдолд “Батжинбат Ирээдүй” ХХК хариуцахгүй талаар гэрээнд тодорхой тусгасан тул шүүх тухайн компаниас хохирол гаргуулаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.   

  

Шүүх шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцож, түүнээс дээрх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхтэй холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулсан.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулсан хугацаанд Г.Хы зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ээд 5.000.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүх шүүгдэгч Г.Хаас үлдэгдэл хохирол болох 9.637.678 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ээд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, бусдад эд хөрөнгийн хохирол учирсан/, түүний хүний хувийн байдал /эрүүл мэндийн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

Шүүгдэгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан…“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/,… гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж, мөн хууль, зүйлийн 6.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.Хаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохирлын зарим хэсгийг төлсөн ба үлдэгдэл хохирол, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлуудыг нөхөн төлөхөө илэрхийлж тайлбар, мэдүүлгээ гаргасан байх тул шүүх шүүгдэгчийг “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж үзлээ.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Хы үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч түүний эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоов. 

 

          Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 209 хоног, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 11 хоног нийт 220 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ял оруулан тооцов.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Г.Хаас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Х-г согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч 4 жилийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хы цагдан хоригдсон 220 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Хаас 9.637.678 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ээд олгосугай.

           

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 77.318.322 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Хаас 9.649.000 төгрөгийг гаргуулж  6.469.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Батжинбат Ирээдүй” ХХК-нд, 3.180.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нд тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН