| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/556 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/556
2021 08 12 2021/ШЦТ/556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1909030321032 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Д.Т,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар гудамжны 36 тоотод байх нийтийн байрны 09 тоотод хамтран амьдрагч У-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909030321032 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Уийг зодож, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Утэй утсаар байнга холбогдож байгаа бөгөөд бид хоёр цаашдаа хамтдаа амьдарна гэж бодож байгаа. Би дахиж Уийг зодохгүй, түүнээс уучлалт гуйсан байгаа. Би хохирогчид энэ гэмтлийг учруулсан. Би дахиж ийм хэрэг хийхгүй байж чадна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч Л.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Д.Т 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зодож гар хүрсэн юм. Манай гэрт Одхүү, түүний эхнэр болон Тулга гурав хамт архи ууж байхад гаднаас Пүүжээ гэх залуу ганцаараа орж ирсэн. Ингээд энэ 4 нийлээд архиа хувааж уусан. Тулгаа, Пүүжээ хоёр ажил төрлийн асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Удалгүй Пүүжээ, Одхүү, Одхүүгийн эхнэр зэрэг хүмүүс нь гараад явсны дараа Тулга над руу уурлаад, надад хандаж “чи намайг Пүүжээгээс хамгаалж юм хэлсэнгүй” гэж хэлээд намайг түлхэж, өшиглөх гэхээр нь би ухраад зогстол хөл нь миний цээжин хэсгээр шүргээд өнгөрсөн. Тэгээд миний үснээс зулгаагаад нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Дараа нь бүсэлхий, гуя болон бусад хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд хажуу айлын хүмүүс сонсчихно, хувцсаа өмс гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Хашааны үүдэнд очоод хүмүүс намайг мэдчихлээ, би чамаас болоод цагдаад баригдах гээд байна гээд миний нүүр рүү гараараа дахиад нэг удаа цохисон. Би тэр цохилтыг нь даалгүй арагшаа ар нуруугаараа газарт ойчсон. Тэр үед миний хамраас цус гарахад чи цусаа арчаач гэсэн. Гудамжинд хүн явахад хүмүүс харчихна гээд намайг дагуулаад өөр гудамжинд оруулаад явсан. Энэ үед анхаарал нь сарнисан үед нь би буцаад байр луугаа зугтаагаад гүйсэн. Миний биед энэ гэмтлийг Тулгаа учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Хохирогч Л.Уийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9626 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ, үйлчлүүлэгчийн тухай үндсэн мэдээлэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч С.Сайнбаярын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 59-60 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 56, 75 дугаар хуудас/, Д.Тгийн 500.000 төгрөгийн торгуулиа төлсөн баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар гудамжны 36 тоотод байх нийтийн байрны 09 тоотод хамтран амьдрагч У-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Л.Уийн “...Д.Т 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зодож гар хүрсэн юм. Удалгүй Пүүжээ, Одхүү, Одхүүгийн эхнэр зэрэг хүмүүс нь гараад явсны дараа Тулга над руу уурлаад, надад хандаж “чи намайг Пүүжээгээс хамгаалж юм хэлсэнгүй” гэж хэлээд намайг түлхэж, өшиглөх гэхээр нь би ухраад зогстол хөл нь миний цээжин хэсгээр шүргээд өнгөрсөн. Тэгээд миний үснээс зулгаагаад нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Дараа нь бүсэлхий, гуя болон бусад хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд хажуу айлын хүмүүс сонсчихно, хувцсаа өмс гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Хашааны үүдэнд очоод хүмүүс намайг мэдчихлээ, би чамаас болоод цагдаад баригдах гээд байна гээд миний нүүр рүү гараараа дахиад нэг удаа цохисон. Би тэр цохилтыг нь даалгүй арагшаа ар нуруугаараа газарт ойчсон. Миний биед энэ гэмтлийг Тулгаа учруулсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Тгийн “...Би Уийг зодож, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9626 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Л.Уийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар зулгаралт, дээд уруул, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь 2019.08.07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт,
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ, үйлчлүүлэгчийн тухай үндсэн мэдээлэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч Л.Уийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусад байдлуудыг хохирогчоос тодорхой мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Д.Т нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож У-г цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
Прокуророос Д.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан нь үндэслэлтэй байх ба өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирогч Л.Уээс “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын талаар маргаангүй...” /хх-ийн 56/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.
Шүүх шүүгдэгч Д.Тг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба тухайн гэмт хэрэг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчид төлөх төлбөргүй /хохирогч С.У нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан/ байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь шүүгдэгч Д.Тгийн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заасан.
Шүүгдэгч 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зориуд зайлсхийж оргон зайлсан тул түүний эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна.
2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Д.Т баривчлагдан олдсон байх ба хэргийг сэргээж мөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн ба түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нөхцөл байгааг дурьдах нь зүйтэй тул өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлгүй болохыг дурьдлаа.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь 14 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН