| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0437/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/410 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
.......... овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.......... овогт Б.Г нь Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ........................төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний ..........................д оршин суух хаягийн бүртгэлтэй, ........................................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:........................).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн .................................... нутаг дэвсгэрт байрлах “.........................” ХХК-ийн авто гражаас иргэн Б.А эзэмшлийн улсын дугааргүй “...................” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тус өдрийн 15 цаг хүртэл авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ................................. дугаартай хэргээс талуудын судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дүгээр тал),
2. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“...Би ................................... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “................................” ХХК-ийн авто гражид өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “.............” маркийн машинаа 2020 оны 8 дугаар сараас хойш тавьсан байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр зарын дагуу Б.Г нь автомашин борлуулагчаар ажилд орсон юм. Ингээд ажил хийхгүй, утсаа авахгүй 5 хоног алга болсон. Тэгээд над руу залгахаар нь би чамайг ажиллуулж чадахгүй гэж хэлээд ажилласан хоногийг нь бодоод цалинг нь өгсөн. Миний автомашин байсан гражийн түлхүүр компанийн манаач С байсан чинь Б.Г миний зөвшөөрөлгүй 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “намайг дугуй засвар орж машины дугуй засуулаад ир” гэж хэлсэн гээд миний эзэмшлийн улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй ....................... машиныг унаад явсан байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. .................. маркийн машиныг Б.Г зөвшөөрөлгүй унаж явах, захиран зарцуулах эрхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-хохирогчоор дахин 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:“...Би өөрийн эзэмшлийн “................ маркийн машиныг хүлээн авахад эвдрэл гэмтэлгүй байсан. Надад гомдол байхгүй, мөн цаашид уг ажиллагаанд оролцохгүй. Би машинаа зах зээлийн ханшаар үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
3. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“...Би .................................... нутаг дэвсгэр байрлах Солонгос автомашины засварын төвийн манаачаар ажилд орсон юм. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед .........................яваад 15 цагийн үед ирэхэд надтай хамт манаач хийж байсан Б надад “манайд хуучин ажиллаж байсан залуу засварын газарт дугуйгаа янзлуулчхаад ирье гэж хэлээд надаас ............ маркийн тээврийн хэрэгсэл гражаас аваад явчихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь захиралд энэ талаар мэдэгдтэл “юу яриад байгаа юм бэ, миний зөвшөөрөлгүйгээр машин гаргасан байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Машин авч явсан гэх залуу 2020 оны 12 дугаар сарын эхээр ажилд орсон. 10 гаруй хоног ажил хийсэн. Өмнө нь тухайн “..................” маркийн машиныг 2 удаа гражаас авч явж байсан, ажилдаа ирэхгүй 2-3 хоног болж байгаа юм. ...Дөнгөж сая 16 цаг 40 минутын үед доод далангийн хажууд “...........” маркийн машиныг жолоодоод явж байсан. Машины түлхүүрийг авахдаа ганцаараа ирсэн гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
4. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед би А руу залгаад “ажилласан өдрийн үлдэгдэл цалингаа авъя” гэж хэлэхэд надад 20.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би А ярилцаад ............................ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажил дээр очиход А ажил дээрээ байгаагүй. Тэгээд би манаач С эгчтэй уулзаад “А намайг машины дугуй засуулаад ир гэж байна” гэж хэлээд машины түлхүүрийг нь аваад Агийн улсын дугаар аваагүй ........ маркийн машиныг нь унаж гараад замын хөдөлгөөнд оролцож байгаад цагдаа нарт баригдсан. Би Агаас автомашин авч явах зөвшөөрөл аваагүй. Надад машинтай гадуур хөөцөлдөх ажил гарахаар нь би зөвшөөрөлгүй машиныг нь аваад явсан юм. Машиныг тонох, бусдад зарах ямар нэгэн зорилго байгаагүй. Би Агийн машиныг устгаж гэмтээсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:“...Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
5. “....................” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай “...2017 онд Монгол Улсад орж ирсэн “......................” маркийн автомашины үнийг 7.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
6. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 41, 44-50 дугаар тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай албан бичиг (хавтаст хэргийн 62 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 64, 66 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед ............................................ нутаг дэвсгэрт байрлах “Стандарт Ус” ХХК-ийн авто гражаас иргэн Б.А эзэмшлийн улсын дугааргүй “..........................” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед .................................. нутаг дэвсгэрт байрлах “.......................” ХХК-ийн авто гражаас иргэн Б.А эзэмшлийн улсын дугааргүй “............................” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тус өдрийн 15 цаг хүртэл авч явсан үйл баримт нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дүгээр тал),
-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ............................................нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...................................” ХХК-ийн авто гражид өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ................................ маркийн машинаа 2020 оны 8 дугаар сараас хойш тавьсан байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр зарын дагуу Б.Г нь автомашин борлуулагчаар ажилд орсон. ...гражийн түлхүүр компанийн манаач С байсан чинь Б.Г миний зөвшөөрөлгүй 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “намайг дугуй засвар орж машины дугуй засуулаад ир” гэж хэлсэн гээд миний эзэмшлийн улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй ............................ машиныг унаад явсан байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн........................маркийн машиныг Б.Г зөвшөөрөлгүй унаж явах, захиран зарцуулах эрхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манаач хийж байсан Б надад “манайд хуучин ажиллаж байсан залуу засварын газарт дугуйгаа янзлуулчхаад ирье гэж хэлээд надаас ................... маркийн тээврийн хэрэгсэл гражаас аваад явчихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь захиралд энэ талаар мэдэгдтэл “юу яриад байгаа юм бэ, миний зөвшөөрөлгүйгээр машин гаргасан байна” гээд цагдаад дуудлага өгсөн. ...Машины түлхүүрийг авахдаа ганцаараа ирсэн гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...С эгчтэй уулзаад “А намайг машины дугуй засуулаад ир гэж байна” гэж хэлээд машины түлхүүрийг нь аваад Агийн улсын дугаар аваагүй .................. маркийн машиныг нь унаж гараад замын хөдөлгөөнд оролцож байгаад цагдаа нарт баригдсан. Би Агаас автомашин авч явах зөвшөөрөл аваагүй. Надад машинтай гадуур хөөцөлдөх ажил гарахаар нь би зөвшөөрөлгүй машиныг нь аваад явсан юм. Машиныг тонох, бусдад зарах ямар нэгэн зорилго байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал) болон яллагдагчаар өгсөн“...Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай “...2017 онд Монгол Улсад орж ирсэн Соната 7 маркийн автомашины үнийг 7.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 41, 44-50 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч Б.Гын үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
“Тэнцвэр Эстимэйт” ХХК нь хохирогч Б.А эзэмшлийн Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 7.000.000 төгрөгөөр тогтоожээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Ад улсын дугааргүй “..........” маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Гын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, торгох ялыг биелүүлэх боломжгүй. Тиймээс гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Г нь өөрийн өмгөөлөлдөө “...Би 2 охинтой. Ажил хийхгүй бол болохгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Гыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.Ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА