Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/418

 

       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,  

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

....... овогт Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............... овогт Б.О нь Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ................................. төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа захиалгаар оёдол хийдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ........................................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ............................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:.....................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр .................................................................. тоотод хохирогч Э.М “...эгчийн хүүхдүүдийг зодлоо...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний мөр, гар, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...зүүн хөмсөг, зүүн чих, баруун даланд цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

            Манай эгч Ш 13, 11 настай 2 охинтой. Том эгчээс “М удаа дараа 2 дүүг зодоод байна” гэж над руу утсаар ярьсан. Аавынх нь дүү нь..................... байдаг, тэр хүн ирээд бүгд цуглаад Штэй уулзах гэхэд Ш зугтсан. Тэгээд охин Э уулзахад ээжийг зодож боосон, цагдаа дуудах гэхэд миний гар утсыг гэмтээгээд цагдаа дуудаж чадаагүй гэж хэлсэн. Би гэрт нь ороод Мийг “чи хүүхэд зодоод, хүчирхийлэгч юм уу” гэхэд М “би зодоогүй, битгий худлаа ярь” гэхэд нь чи цохисон байсан гэсэн. Тэгэхэд М энэ хоёр хүүхдийн аав нь үхэж байхдаа таарсан, хохь чинь гэхээр нь би хэд хэдэн удаа түүнийг цохисон. Барилцаж аваад, орон дээр ноцолдсон. Тухайн үед миний эрхий хуруу мултарсан, шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Болсон хэргийн талаар сайн санахгүй байна. Мийг цохих нь цохисон гэв.

 

Хоёр.Эрүүгийн ........................... дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“... 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн гэр болох ....................................................... тоот хашаан дотор байрлах ................. гэрт унтаж байхад нэг хүн намайг цохих шиг болсон. Тэгээд хартал Шийн төрсөн дүү О нүүр, зүүн чих рүү цохиж байсан. Надад учирсан гэмтлийг О учруулсан. У, У нар намайг зодож цохиогүй. Миний хувьд Штэй нийтийн байранд амьдарч байхад намайг охин А зодсон гээд намайг зодохоор бүгдээрээ ирсэн юм байна лээ. 2020 оны 02 дугаар сард Штэй байр түрээсэлж амьдарч байхад Ш нь охин Аийн хамт гаднаас орж ирсэн. Тухайн үед би архи уусан байсан. Тэгтэл А “чи муу архи уучихсан байна” гээд бидний дунд хэрүүл болсон. А над руу нэг юм авч шидэхээр нь би “толгой руу яаж байгаа юм” гээд түлхсэн. Харин А зодож цохисон зүйл байхгүй. Би Шийн охидуудыг хэл амаар доромжилсон ч зодож  цохиогүй. У хэрүүл хийж байсан удаа байгаа. Түүнийг гадуур дэмий тэнээд байхаар нь би уурлаад “чи битгий гадуур дэмий тэнээд бай” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн болон эмийн сангаас авсан эмчийн баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

- хохирогчоор дахин 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:“...Намайг олон хүн цохиж зодсон зүйл байхгүй. Эсвэл миний ээж В.А буруу сонссон байх. ...Миний биед учирсан гэмтлийг О миний нүүрэн тус газарт олон удаа цохиж зодон учруулсан. Зодоон дууссаны дараа У нэг удаа миний хацар руу алгадсан. Хэрэг гардаг өдөр би өөр хүмүүстэй зодолдсон зүйл байхгүй. Надад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн болон эмийн сангаас авсан эмийн баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. Би Шийн охидуудыг зодож, хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Харин У хэрүүл хийж байсан удаа байгаа. Би Аийн үснээс зулгаасан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

2. Гэрч В.А мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шиг санагдаж байна, миний хувьд ........................ айлд байж байтал үдээс хойш 16-17 цагийн орчим миний утас руу 14 настай ач охин И залгаад “М ахыг танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд зодоод байна” гэж хэлсэн. Би “цагдаагийн байгууллагад дуудлага өг” гэж хэлсэн чинь “та өгчих” гэхээр нь өгсөн.  Манай хүүг ямар хүмүүс зодсон талаар мэдэхгүй. Ш гэдэг хүнтэй хоёр жил гаруй хамт амьдарч байна. Саяны зодоон болсноос хойш Ш ........ гэдэг газарт хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Миний бодож байгаагаар Шийн ах дүү нар зодсон гэж бодож байна. Манай ач охин 4-5 эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд бөөнөөрөө зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

 

3. Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна, манай хашааны хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь гартал манай өөдөөс харсан айл болох А ач охин И зогсож байсан. Надад “М ахыг нэг эмэгтэй хүн зодоод байна, та гэрт ороод салгаад өгөөч” гэж хэлсэн. Итэй хамт гэрт нь ороход 20-25 орчим насны хоёр эмэгтэй гэрийн гадаа зогсож байсан. Гэрт нь танихгүй нэг эмэгтэй зуухны хажууд зогсож байсан. Харин М гэрийн баруун талын орон дээр сууж байсан ба намайг харахад Мийн зүүн чих нь улайсан, намайг зодчихлоо гэсэн. Би гэр дотор байсан эмэгтэйд хандаж “чи айлд ирчихээд яагаад хэрүүл зодоон хийгээд байгаа юм” гэхэд “эгчээ уучлаарай, та хамаатны хүн нь биш бол танд хамаагүй, бид өөрсдөө учраа олно” гэж хэлсэн. Би удалгүй гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

4. Гэрч Ч.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Миний мэдэж байгаагаар Мийн гэрт миний төрсөн дүү О, талийгаач Н төрсөн дүү У, хамаатны хүн А, манай том охин У нар очсон байсан. Мийн надад ярьснаар О миний дээр суучихсан байсан, О л намайг зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

5. Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би ээжийн төрсөн дүү О, У, А ах, А, Э, У бид хэд ........................... тоотод Мийн хашааны үүдэнд ирээд О эгч, У, У тэр гурав орсон. Би удалгүй араас нь ороход М О эгчтэй ноцолдоод, О эгч нүүр рүү нь цохиод байсан. М биднийг “хуц пизда минь, Ш эгчийгээ дууд” гээд орилж хашхираад байсан. М намайг зодож цохисон удаа байхгүй. Харин удаа дараа доромжилж байсан. Дандаа янхан, банзал, гичийгээр дуудаж, чи муу биеэ үнэлдэг биз дээ, танай ээж хүүхдүүдээ сонгохгүй, намайг сонгоно гэж хэлж байсан. Мөн А нас барсан эцэг рүү нь зайлуул гэж хэлж байсан. А Мэд алгадуулчихлаа гээд уйлаад надад хэлж байсан. Мөн нэг удаа А өшиглөж, үсдэж байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

- гэрчээр дахин 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:“...М О эгчийг заамдаж байхыг харчихаад би гэрээс нь гарсан. Намайг гарсны дараа юу болсон талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

 

6. Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...Мийн биед учирсан гэмтлийг О эгч учруулсан юм. Харин би нэг удаа алгадсан. Бид М гэх залуугийнд очоод О эгч, У бид хэд дотогшоо орсон. О эгч Мэд хандаж “чи одоо хүүхдийн хүчирхийлэгч юм уу” гэж хэлсэн. Тэгтэл М уурлаад Шийг дууд гээд байсан. Тэгээд О эгч нүүр, зүүн чих, бие рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

   - гэрчээр дахин 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Би Мийн баруун талын хацар руу нь нэг удаа алгадсан. Өөрөөр зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

      -дахин 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...Хэрэг гарсан өдөр М орон дотроо хэвтэж байсан. Биднийг цохих тэнхэл байгаагүй, архи уусан юм шиг халамцуу байсан. М Оийг зодож цохисон зүйл байхгүй. Хэрэг болсон өдрийн орой О эгч надтай утсаар яриад “чи би зодсон гээд хэлчхээрэй, тэгэх юм бол чиний ээж Ш Мийг аргалж уулзаж байгаад гомдол саналгүй гэж бичиж өгөөд гомдлоо буцаах байх, харин намайг зодсон гэх юм бол М гомдлоо буцаахгүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

 

7. Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

            “...Мийнд очиход Шийн дүү О, талийгаач ахын охин буюу Шийн охин Д /У/ нар байсан. Тэгээд хүүхэд зодоод байна гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн ба тухайн үед М согтуу байсан. Хэрүүл хийж байгаад М Дг цохисон. Харин тэр хоёрыг салгах гэж О очсон. Тухайн үед М согтуу, өөр хүмүүстэй зодоон хийсэн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар тал),

 

     8. Насанд хүрээгүй гэрч М.Иий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:

            “...Тухайн өдөр А болон авга ах М нарын хамт гэртээ байж байсан чинь хашааны хаалга тогшихоор нь эмээг байх гэж бодоод манай дүү явж очоод хашааны хаалга тайлсан. Гэтэл танихгүй 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс шууд гэрт орж ирээд ахыг орон дээр унтаж байхад 1 шар эмэгтэй нь зүй бусаар харааж, зодсон. Энэ үед 1 эрэгтэй, 2 эмэгтэй нь орж гараад яваад байсан. Тэгээд тэр шар эмэгтэй намайг “харах царайны янхан байна даа, том болоод чи биеэ үнэлэгч болох юм байна” гэж хараасан. Өвөө орж ирээд “та нар боль” гэсэн чинь “зөнөг өвгөн минь зайл” гэх мэтээр харааж байсан. Өвөө гарч явахдаа утсаа надад өгсөн. Эмээ рүүгээ залгаад болж буй зүйлийн талаар хэлээд “эмээ цагдаа дуудаарай” гэж хэлэхэд тэр шар эмэгтэй утсыг маань булааж аваад “хар гуйлгачин авгай минь яах гээд байгаа юм” гэх мэтээр орилсон. 4-5 хүн орж ирэх нь ирсэн. Тэгээд орж гараад байгаад байсан. Харин ахыг бол тэр шар эмэгтэй зодоод байсан. Би сандраад эмээ рүүгээ залгаад тэгээд хэлчихсэн юм. Тухайн үед М ах орж ирсэн 3 эмэгтэйд огт гар хүрээгүй. Хэвтээд зодуулж байсан. Ах гэртээ зүгээр хэвтэж байгаад унтсан байсан. Ерөөсөө зодуулсан зүйл огт харагдаж анзаарагдаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сард гэж санаж байна, эгч Шийн охин У над руу залгаад “М архи уучхаад А, Э хоёрыг удаа дараа зодоод байна” гэж хэлсэн. Тэр асуудлаас болж У, У, У, А гэх хүмүүстэй хамт Мийн амьдардаг гэх ................................тоотод байх гэрт нь эхлээд У бид хоёр ороход М гэрийн баруун талын орон дээр унтаж байхаар нь сэрээгээд “чи ямар учраас хүүхэд зодож хүчирхийлээд байгаа юм бэ” гэж хэлээд Мийг ямар ч байсан цохисон юм. Тэгсэн У Мтэй маргалдаад, дээр доороо оролцоод байсан. У бас Мийг цохиод, яг хаана нь хэдэн удаа, юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Гаднаас У орж ирэхэд М Уг “танай эцэг чинь үхсэн нь болсон юм, та нар цагдаагаар явбал амжихгүй шүү” гэхэд У уурлаад Мийг цохих шиг болсон ба тэр хоёр орон дээр өнхрөлдөөд байсан. Мийн биед учирсан гэмтлийг У, У бид гурав учруулсан юм. ...Намайг Мийн дээр нь гараад заамдах үед М хөлөөрөө миний хөл рүү жийсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5224 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний гадна 2х2 см талбайд овойж хавдсан. Зүүн чихний дэлбэнд 6х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан. Хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн талд амьсгал саадтай. Зүүн мөрөнд 4х0.2 см, 2х02 см,3х0.2 см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 6х0.5 см, 2х1 см, зүүн шууны урд дээд хэсэгт 3х02 см, баруун тохойд 1х1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун даланд 7.5 см захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр өнгийн цус хуралттай. Аюулхай орчим тэмтрэхэд эмзэглэл ихтэй.

Дүгнэлт:

1. Э.Мийн биед зүүн хөмсөг, зүүн чих, баруун даланд цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ш.Цэцэгмаа/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

 

11. Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...Мийн биед учирсан тухайн гэмтлүүд нь хацарт нэг удаа алгадах үед үүсэх боломжгүй. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Хацарт нэг удаа алгадах үед үүссэн байх боломжтой гэмтэл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 150 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 13 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 132 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 134 дүгээр тал), хөдлөх эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 136 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 137-139 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 140-149 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.От холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ................................................ тоотод хохирогч Э.М “...эгчийн хүүхдүүдийг зодлоо...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний мөр, гар, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ................................................... тоотод хохирогч Э.М “...эгчийн хүүхдүүдийг зодлоо...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний мөр, гар, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...зүүн хөмсөг, зүүн чих, баруун даланд цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрт унтаж байхад нэг хүн намайг цохих шиг болсон. Тэгээд хартал Шийн төрсөн дүү О нүүр, зүүн чих рүү цохиж байсан. Надад учирсан гэмтлийг О учруулсан. У, У нар намайг зодож цохиогүй. Миний хувь Штэй нийтийн байранд амьдарч байхад намайг охин А зодсон гээд намайг зодохоор бүгдээрээ ирсэн юм байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) болон хохирогчоор дахин өгсөн “...Намайг олон хүн цохиж зодсон зүйл байхгүй. ...Миний биед учирсан гэмтлийг О миний нүүрэн тус газарт олон удаа цохиж зодон учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч В.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ач охин И залгаад “М ахыг танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд зодоод байна” гэж хэлсэн. ...Ш гэдэг хүнтэй хоёр жил гаруй хамт амьдарч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хашааны хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь гартал манай өөдөөс харсан айл болох А ач охин И зогсож байсан, ... надад “М ахыг нэг эмэгтэй хүн зодоод байна, та гэрт ороод салгаад өгөөч” гэж хэлсэн. ...намайг харахад Мийн зүүн чих нь улайсан, намайг зодчихлоо гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

-Гэрч Ч.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мийн надад ярьснаар О миний дээр суучихсан байсан, О л намайг зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М О эгчтэй ноцолдоод, О эгч нүүр рүү нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

-Гэрч Ш.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мийн биед учирсан гэмтлийг О эгч учруулсан юм. ...О эгч Мэд хандаж “чи одоо хүүхдийн хүчирхийлэгч юм уу” гэж хэлсэн. ...Тэгээд О эгч нүүр, зүүн чих, бие рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

            -Гэрч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Мийнд очиход Шийн дүү О, талийгаач ахын охин буюу Шийн охин Даваажаргал /У/ нар байсан. Тэгээд хүүхэд зодоод байна гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. М согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар тал),

            -Насанд хүрээгүй гэрч М.Иий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн         “...ахыг орон дээр унтаж байхад 1 шар эмэгтэй нь зүй бусаар харааж, зодсон. ...ахыг бол тэр шар эмэгтэй зодоод байсан. Би сандраад эмээ рүүгээ залгаад тэгээд хэлчихсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...М гэрийн баруун талын орон дээр унтаж байхаар нь сэрээгээд “чи ямар учраас хүүхэд зодож хүчирхийлээд байгаа юм бэ” гэж хэлээд Мийг ямар ч байсан цохисон юм. ...Намайг Мийн дээр нь гараад заамдах үед М хөлөөрөө миний хөл рүү жийсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дугаар тал),

     -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Мийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5224 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Мийн биед учирсан тухайн гэмтлүүд нь хацарт нэг удаа алгадах үед үүсэх боломжгүй. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Хацарт нэг удаа алгадах үед үүссэн байх боломжтой гэмтэл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Мийн биед иргэн Ш.У, Д.У нар цохиж, гэмтлийг хамтдаа учруулсан гэж маргаж байсан боловч шүүхийн шатанд би гэмтлийг ганцаараа учруулсан гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй. Нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Мийн биед Ш.У нь халдаж, нэг удаа алгадсан үйл баримт тогтоогдож байгаа боловч шинжээч эмчийн мэдүүлгээр хохирогчид учирсан гэмтэл нь алгадахад үүсэхгүй, алгадах үед үүссэн байх боломжтой гэмтэл байхгүй гэж мэдүүлсэн зэргээр хохирогч Э.Мийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Оийн үйлдэлтэй шууд хамааралтай байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Э.М нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн” санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.О нь өөрийн өмгөөлөлдөө “...торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үүгэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.О Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлж орлого олдог зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс нэг сард оёсон бараа бүтээгдэхүүнээс хамаарч орлогын хэмжээ өөр өөр байдаг гэх тайлбарыг харгалзан хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Б.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Э.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА