Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1696

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/01696

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Баянзүрх дүүргийн Газрын алба /улсын бүртгэлийн дугаар 9070001105, регистрийн дугаар 9121781/-ны хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Самбуунямын Сүнжидмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Тус албатай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/300 тоот захирамжийг үндэслэн иргэн Самбууням овогтой Сүнжидмаа нь газрын төлбөрт жилдээ 219,736 төгрөг төлөхөөр 133031/5170 тоот гэрээ байгуулсан. Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх эрх олгогдсон өдрөөс хойш гэрээний 2.2, 2.3, 4.6 дугаар заалтын дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй. Гэтэл С.Сүнжидмаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.3 дугаар заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дугаар заалтыг зөрчин 2015 оны 219,736 төгрөг, 2016 оны 219,736 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар улирлын төлбөр 109,868 төгрөг, алданги 109,868 төгрөг, нийт 659,208 төгрөг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иргэн С.Сүнжидмаа нь манай албатай гэрээ байгуулах үедээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, Төмөр замын 44 тоотод оршин суудаг хаягтай байсан. Оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Газрын алба нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Самбуунямын Сүнжидмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

 

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Хүсэлт гаргагч нь С.Сүнжидмаагаас газрын төлбөрт 439,472 төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2016/22754 дугаар захирамжаар “хариуцагч С.Сүнжидмаа нь нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, Төмөр замын 44 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-2-3/

          Иймд, С.Сүнжидмааг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, Төмөр зам гудамж, 44 тоотод оршин суух хаягтай Хаад боржигин овогт Самбуунямын Сүнжидмаа /Регистрийн дугаар УХ92100741/-г эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦЭРЭНДОЛГОР