| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0396/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/434 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Д.Б,
шүүгдэгч О.Д,
иргэний нэхэмжлэгч Т.Д,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
............. овогт О. Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............. овогт О. Д нь Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ....................... төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...........” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг........................................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:........................).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
О.Д нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 45 минутын үед ......................., ......................., “...” шатахуун түгээх станцын урд талын замд “.......................” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;”, мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Д жолоочтой “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Т.Дын эрүүл мэндэд хөнгөн, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Д.Б, У.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан мэдүүлэгт:
1. Шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “...................” загварын ....................... ....................... улсын дугаартай автомашинд жолооч М, тогооч Б нарын хамт явсан. Ажилдаа явах гээд ................... орох гээд явах замд урд явж байсан машин тоормос гишгэж, би хурд хэтрүүлж явж байсан болохоор машинаа зогсоож чадаагүй эсрэг урсгал руу орсон. Урьд өдөр нь жаахан цас орсон, зам гулгаатай байсан. Тухайн үед цочролд ороод юу болсон талаар сайн санахгүй байсан. Хохирогч нарыг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн гэв.
2. Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил руугаа явах гээд О.Дгийн автомашины хойд талын суудалд сууж явсан. “..” шатахуун түгээх станцын наана зам тээврийн осол болж миний баруун эгэм яс хугарч 2021 оны 3 дугаар сарын 04-нд хагалгаанд орсон. 3 дугаар сарын 09-нд эмнэлгээс гарсан. Эмчилгээний зардал 270.000 төгрөг төлсөн. Би одоо ажилдаа орсон. О.Дгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
3. Иргэний нэхэмжлэгч Т.Д мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 07 цагт ....................... улсны дугаартай “.......................” загварын автомашинаараа ажил дээрээ очоод шахмал түлшээ ачаад 09 цагийн орчимд “...” шатахуун түгээх станцын ойролцоо баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад “...................” загварын ....................... ....................... улсын дугаартай автомашин эсрэг урсгалаас орж ирж мөргөсөн. Биед зөөлөн эдийн хөнгөн гэмтэл учирсан, автомашинд их хэмжээний хохирол учирсан. Автомашины үнэлгээ нийт 5.990.000 төгрөг болж, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “МИГ даатгал” ХХК-иас 5.000.000 төгрөг нөхөн төлбөрт төлсөн. Шүүгдэгч О.Д 1.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үнэлгээ хийлгэсэн болон автомашины ачилтын хөлс бусад зардал зэрэгт нийт 533.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Үүнийг нэхэмжилж байна гэв.
4. Э.У иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ:
“...................” загварын ....................... ....................... улсын дугаартай автомашин барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр байдаг. Миний нэр дээр зээл авсан бөгөөд машинаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан. Автомашин манай гэрийн гадаа засвартай байгаа тул жолоодохгүй байгаа. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3.990.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, тухайн өдөр манай нөхөр жолоодож байсан гэж;
-иргэний хариуцагчаар мэдүүлэхдээ: “...................” загварын ....................... ....................... улсын дугаартай автомашиныг манай нөхөр О.Д миний зөвшөөрлөөр жолоодож явсан. Иргэний нэхэмжлэгч Дын нэхэмжилсэн хохирлыг О.Дгийн хамт төлнө гэв.
Хоёр. Эрүүгийн .......................... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7-14, 17-18 дугаар тал),
2. Жолооч О.Д, Т.Д нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /0.00%/ (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
3. ......................., “...................” ноолуурын үйлдвэрийн гадна талд байрлах хяналтын камерт бичигдсэн ослын бичлэгт 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...................” загварын ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүнээс баруун тийш явсан гурван эгнээ замын 2-р эгнээгээр хурдтай явж байгаад урдаа явсан жижиг суудлын автомашины араас дөхөж очоод тоормос гишгэж, зүүн урагшаа хөндөлсөж 3-р эгнээ рүү явж байсан ....... маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, баруунаас зүүн тийш явсан 3 эгнээ замын 3-р эгнээнд баруун урд талын хаалга хэсгээрээ ...................маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж, зүүнээс баруун тийш явсан 3 эгнээ замын 1-р эгнээний хойд талын замын хашлага мөргөөд хойшоо хараад зогссон, ...................улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн тийшээ явсан 3 эгнээ замын 2-р эгнээнд баруун урагшаа хөндөлсөөд зогссон байлаа.
...................маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болохын өмнө баруунаасаа зүүн тийш явсан гурван эгнээ замын 3-р эгнээгээр явж байгаа харагдана.
“...................” загварын ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүнээсээ баруун тийшээ явсан гурван эгнээ замын 2-р эгнээгээр явж байхдаа 1-р эгнээнд явж байгаа жижиг суудлын автомашинтай уралдаж байгаа бололтой хурдтай явж байгаад урдаа явсан жижиг суудлын автомашины араас дөхөж тоормос гишгэснээр автомашин зүүн урагш хөндлөн шарваж эсрэг урсгалд орсон.
Ослын бичлэгээр “...................” загварын ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ...................улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөр автомашинтай мөргөлдөж, шүргэлцээгүй...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
4. Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:
“...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад “Тэс” шатахуун түгээх станцын урд замд зам тээврийн осолд орсон. Миний сууж явсан “...................” маркийн ....................... ....................... улсын дугаартай автомашиныг хамт ажилладаг О.Д жолоодон, жолоочийн хажуугийн суудалд У.М, би арын суудалд сууж явсан. О.Д, У.М нар хамгаалах бүс зүүсэн байсан. Харин би зүүгээгүй байсан. Осол болохын өмнө би гар утсаа оролдоод явж байсан учраас ослыг харж чадаагүй. Ямар ч байсан ажил руугаа орох дөхөж байна гэж бодоод явж байтал түс тас хийгээд осол болсон. Осол болохын өмнө миний сууж явсан автомашин 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Ослын дараа автомашинаас буугаад харахад О.Д эсрэг урсгал руу ороод ачааны ................... маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Ослын улмаас миний баруун эгэм яс хугарсан. Жолооч О.Д Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардал болох 270.000 төгрөгийг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
5. Хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд би хамт ажилладаг Дгийн “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хуучин 22-ын товчооны Номингийн урд талд байх “........” ХХК-ийн агуулах руу явсан. Д бид хоёр замаасаа мөн хамт ажилладаг үйлчлэгч Д.Бг 5 шарын автобусны буудлаас авсан. Д.Б арын суудал дээр, би жолоочийн хажуугийн урд суудал дээр суусан. Бид бараг ажил руугаа орох гээд зүүнээс баруун тийш замын 2 дугаар эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байтал урд явсан жижиг суудлын автомашин гэнэт тоормос гишгэсэн. Энэ үед жолооч Д тоормос гишгээд 3 дугаар эгнээ рүү хөндөлсөж ороод зогсолгүй эсрэг урсгал руу мөн ороод ачааны том “Бонго” маркийн нүүрс ачсан машинтай мөргөлдсөн. ...Жолооч Дгаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Уг осол болгоомжгүй байдлаас болж гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
- иргэний нэхэмжлэгчээр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...Ослын улмаас миний баруун эгэм гэмтсэн. Мөн Д.Бгийн эгэм хугарсан. Ачааны автомашины урд хэсэг рүү миний сууж явсан автомашин жолооч талаараа мөргөөд замын хойд талын хашлага мөргөөд зогссон. Ослын дараа Д.Б бид хоёрыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Д.Б эмнэлэгт хэвтсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
6. Э.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Нөхөр О.Д 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө ажилд явж байх замдаа зам тээврийн осолд орсон. Ослын талаар би мэдэхгүй, сүүлд сонссон. “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо “Авто прайм” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа. Зээлийн гэрээг би хийсэн, нөхөр бид хоёрын эзэмшлийн машин. 2.600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд зээлийг 2021 оны 01 дүгээр сард авсан. Би үнэлгээ хийлгэнэ, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-иргэний хариуцагчаар 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:“...Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэйг ойлголоо. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
7. Иргэний нэхэмжлэгч Т.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“..........................нд байх “Таван толгой түлш” ХХК-ийн төв үйлдвэрээс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 30-40 минутын орчимд би өөрийн эзэмшлийн “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 200 шуудай /5 тонн/ сайжруулсан түлш ачаад Яармаг руу хүргэж өгөхөөр гараад хуучин 22-ын товчооны буюу “Тэс” шатахуун түгээх станцын урд талын төв замаар баруунаас зүүн тийш, замын 2-р эгнээгээр 30-40 орчим км цагийн хурдтай, автомашиныхаа кабинд ачигч Б.Санжидсүрэнгийн хамт явж байтал гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин хөндөлсөж орж ирээд мөргөсөн. Осол нүд ирмэхийн зуурт болсон. Ослын дараа буугаад харахад “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч талаараа миний автомашины урд хэсэг рүү мөргөөд замын хойд талд хашлага мөргөөд хойш хараад зогссон байсан. Миний автомашин болохоор замын голд 2 дугаар эгнээнд зогссон байсан. “....................... 20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болохын өмнө 50-60 орчим метрийн цаанаас хурдтай хөндөлсөөд ороод ирсэн. Ослын дараа би эмнэлэг, цагдаа дуудсан. Эхлээд эмнэлэг ирээд жижиг автомашины хоёр зорчигчийг аваад явсан. Дараа нь цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Ослын улмаас автомашинд эвдрэл учирсан. Сайжруулсан түлш гэмтээгүй. 2-3 шуудайны амсар задарч зам дээр бага зэрэг асгарсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),
8. Гэрч Б.С нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“..........................нд байх “.........................” ХХК-ийн төв үйлдвэрээс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 30-40 минутын орчимд “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 200 шуудай /5 тонн/ сайжруулсан түлш ачаад Яармаг руу хүргэж өгөхөөр жолооч Т.Дын хамт гараад хуучин 22-ын товчооны буюу “...” шатахуун түгээх станцын урд талын төв замаар баруунаас зүүн тийшээ, замын 2-р эгнээгээр 30 км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын бор шаргал өнгийн автомашин хөндөлсөж орж ирээд мөргөсөн. Ослын дараа автомашинаасаа буугаад жижиг суудлын автомашин дээр очсон чинь жолоочоос гадна 2 зорчигч байсан. Би жолоочийн хаалгыг татаж жолоочийг гаргасан. Нөгөө хоёр зорчигч хэсэг сууж байгаад өөрсдөө гараад ирсэн. Жолооч Т.Д эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Миний сууж явсан автомашины урд хэсэг рүү “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч талаараа мөргөөд замын хойд талд хашлага мөргөөд хойш хараад зогссон байсан. Миний сууж явсан автомашин болохоор замын голд 2 дугаар эгнээнд зогссон байсан. ...Миний биед гэмтэл учраагүй, хамгаалах бүс зүүсэн учраас гайгүй өнгөрсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
9. Шүүгдэгч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд би хамт ажилладаг жолооч У.Мөнхтулгыг аваад, цааш явж 5 шарын автобусны буудлаас Бг аваад ажил руу явсан. Манай ажил Номингийн урд талын Өег гурил ХХК-ийн агуулах юм. Номингийн зүүн талд байх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замаар зүүнээс баруун тийш эхнэрийн нэр дээр бүртгэлтэй, өөрийн эзэмшлийн “.......................”-20 маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын 2 дугаар эгнээгээр 50 км цагийн хурдтай явж байтал урд явсан жижиг суудлын автомашин гэнэт тоормос гишгэхээр нь би мөргөхгүй гээд зүүн гар тийш дараад тоормос гишгэж 3 дугаар эгнээ рүү орсон. Улмаар эсрэг урсгал руу орж, тус урсгалд 3 дугаар эгнээнд явж байсан нүүрс ачсан ачааны “Бонго” маркийн автомашинтай мөргөлдсөн. ...Зам тээврийн осол миний буруугаас болж гарсан. Би буруугаа ойлгож байгаа. Хохирлыг даатгалаар төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дугаар тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.Бгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1803 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Эгэмэнд 8 тоо хэлбэрийн боолттой, баруун эгэмээр эмзэглэлтэй.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн №1511 тоот өвчний түүхэнд: өвчний түүх нээсэн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр. “...Мэс заслын өмнөх дүгнэлтэд: эмч нарын зөвлөгөөний онош, шийдвэр: баруун эгэмний дунд хэсгийн далд хугарал. Шийдвэр: хугарлыг ил аргаар эвлүүлж, ялтас шургаар бэхлэх мэс засал хийх” гэсэн хэсэг.
Дүгнэлт:
1. Д.Бгийн биед баруун эгэмний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр У.М биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1813 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хоёр мөрөнд 8-н тоо хэлбэрийн уян боолттой. Баруун мөрний үений хөдөлгөөн хязгаарлагдмал, өвчин эмзэглэлтэй. Духны баруун хажуу хэсэгт 2.5х0.2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
1. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, баруун эгэмний далд хугарал гэжээ.
Жич: У.М нь цээжний рентген зураг авч ирэхээр явсан боловч ирээгүй тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 234 дугаартай дүгнэлтэд:
1. У.М биед баруун эгэм ясны дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 111-113 дугаар тал),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Т.Дын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1784 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний хөхлөг сэртэн хэсгээр овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн шилбэний өмнөд дээд хэсэгт 10х8.5 см хэмжээтэй хөх өнгийн цус хуралттай, бүсэлхийн хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй.
Дүгнэлт:
1. Т.Дын биед тархи доргилт, зүүн чихний хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. /Шинжээч эмч Т.Амартүвшин/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал),
14. Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай магадлагаанд:
“...1. “T.Prius-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэглэл: 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана: 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. “K....................-3” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Алтанжолоо. ...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
15. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай “...Т.Дын эзэмшлийн “Kia ................... 3g” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлыг 5.450.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 540.000 төгрөгөөр, нийт 5.990.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан болон оношилгоо, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 85-89 дүгээр тал),
16. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай “... “.......................-20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлыг 3.340.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 650.000 төгрөгөөр, нийт 3.990.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-94 дүгээр тал),
17. Хохирогч Д.Бгийн хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримт болон хэвтэн эмчлүүлсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1511 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 25, 126-133 дугаар тал),
18. О.Д, У.М нарын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 123-124 дүгээр тал),
19. “Авто Прайм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /гэрээний тал зээлдүүлэгч “Авто прайм” ХХК, зээлдэгч Э.У нар/ хавтаст хэргийн 34-36 дугаар тал), 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
20. Гэрч Б.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн“...О.Д нь миний нагац ах ба Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Одоо “Өег гурил” ХХК-д жолооч хийдэг. Ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
21. Шүүгдэгч О.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа буюу О.Дгийн жолоодох эрх 2028 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хүчинтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), “Өег гурил” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Дд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Д нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 45 минутын үед ......................., ......................., “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд “.......................” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”, мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Д жолоочтой “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Т.Дын эрүүл мэндэд хөнгөн, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Д.Б, У.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч О.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэлд болон гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Д нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 45 минутын үед ......................., ......................., “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд “.......................” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
-12.2-д заасан “...үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”,
-мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл: Нэг. Хэвтээ тэмдэглэл: 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;”,
-мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Д жолоочтой “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Бгийн эрүүл мэндэд “баруун эгэмний ясны далд хугарал”, зорчигч У.М эрүүл мэндэд “баруун эгэм ясны дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, духанд зулгаралт” бүхий тус тус хүндэвтэр хохирол, “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Дын эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чихний хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
-2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7-14, 17-18 дугаар тал),
-......................., “...................” ноолуурын үйлдвэрийн гадна талд байрлах хяналтын камерт бичигдсэн ослын бичлэгт 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад “Тэс” шатахуун түгээх станцын урд замд зам тээврийн осолд орсон. Миний сууж явсан ................... маркийн ....................... ....................... улсын дугаартай автомашиныг хамт ажилладаг О.Д жолоодон, жолоочийн хажуугийн суудалд У.М, би арын суудалд сууж явсан. О.Д, У.М нар хамгаалах бүс зүүсэн байсан. Харин би зүүгээгүй байсан. ...Ажил руугаа орох дөхөж байна гэж бодоод явж байтал түс тас хийгээд осол болсон. Осол болохын өмнө миний сууж явсан автомашин 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Ослын дараа автомашинаас буугаад харахад О.Д эсрэг урсгал руу ороод ачааны ................... маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Ослын улмаас миний баруун эгэм яс хугарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-Хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд би ...Дгийн “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад 22-ын товчооны Номингийн урд талд байх “...............” ХХК-ийн агуулах руу явсан. ...Д.Б арын суудалд, би жолоочийн хажуугийн урд суудалд суусан. ...зүүнээс баруун тийш замын 2 дугаар эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байтал урд явсан жижиг суудлын автомашин гэнэт тоормос гишгэсэн. Энэ үед жолооч Д тоормос гишгээд 3 дугаар эгнээ рүү хөндөлсөж ороод зогсолгүй эсрэг урсгал руу мөн ороод ачааны том Бонго маркийн нүүрс ачсан машинтай мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал) болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Ослын улмаас миний баруун эгэм гэмтсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-Иргэний нэхэмжлэгч Т.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 30-40 минутын орчимд би өөрийн эзэмшлийн “.......................” маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 200 шуудай /5 тонн/ сайжруулсан түлш ачаад Яармаг руу хүргэж өгөхөөр 22-ын товчооны буюу Тэс шатахуун түгээх станцын урд талын төв замаар баруунаас зүүн тийшээ, замын 2-р эгнээгээр 30-40 орчим км цагийн хурдтай, автомашиныхаа кабинд ачигч Б.С хамт явж байсан. Гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын автомашин хөндөлсөж орж ирээд мөргөсөн. ...ослын дараа буугаад харахад “.......................-20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч талаараа миний автомашины урд хэсэг рүү мөргөөд замын хойд талд хашлага мөргөөд хойш хараад зогссон байсан. Миний автомашин болохоор замын голд 2 дугаар эгнээнд зогссон байсан. “....................... 20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ...50-60 орчим метрийн цаанаас хурдтай хөндөлсөөд ороод ирсэн. ...цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Ослын улмаас автомашинд эвдрэл учирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),
-Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...түлш ачаад Яармаг руу хүргэж өгөхөөр жолооч Т.Дын хамт гараад 22-ын товчооны буюу Тэс шатахуун түгээх станцын урд талын төв замаар баруунаас зүүн тийшээ, замын 2-р эгнээгээр 30 км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас жижиг суудлын бор шаргал өнгийн автомашин хөндөлсөж орж ирээд мөргөсөн. Ослын дараа автомашинаасаа буугаад жижиг суудлын автомашин дээр очсон чинь жолоочоос гадна 2 зорчигч байсан. ...Миний сууж явсан автомашины урд хэсэг рүү ....................... 20 маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч талаараа мөргөөд замын хойд талд хашлага мөргөөд хойш хараад зогссон байсан. Миний сууж явсан автомашин болохоор замын голд 2 дугаар эгнээнд зогссон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
-Шүүгдэгч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд У.М болон ...Бг аваад ажил руу явсан. ...Номингийн зүүн талд байх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замаар зүүнээс баруун тийш ..........................-20 маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын 2 дугаар эгнээгээр 50 км цагийн хурдтай явж байтал урд явсан жижиг суудлын автомашин гэнэт тоормос гишгэхээр нь би мөргөхгүй гээд зүүн гар тийш дараад тоормос гишгэж 3 дугаар эгнээ рүү орсон, улмаар эсрэг урсгал руу орж, тус урсгалд 3 дугаар эгнээнд явж байсан нүүрс ачсан ачааны Бонго маркийн автомашинтай мөргөлдсөн. ...Зам тээврийн осол миний буруугаас болж гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дугаар тал),
-Хохирогч Д.Бгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1511 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 126-133 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.Бгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1803 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
-У.М осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 124 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр У.М биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1813 дугаартай дүгнэлт болон 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 234 дугаартай дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 108-109, 111-113 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Т.Дын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1784 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал),
-Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон оношилгоо, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 85-89 дүгээр тал),
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-94 дүгээр тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Б, У.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Дг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.”
499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Шүүгдэгч О.Д нь “Авто Прайм” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй “................... 20” маркийн ....................... ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол үйлдсэн байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж хуульчилсан.
Хэрэгт цугларсан “Авто Прайм” ХХК-ийн зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр зээлдэгч, үүрэг гүйцэтгэгч иргэн Э.У нь “................... 20” маркийн ....................... ....................... улсын дугаартай автомашины шууд бус эзэмшигч гэж үзэхээр байна.
Мөн “Авто Прайм” ХХК /зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч, Э.У /зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч/ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийг өмчлөгч нь давхар эзэмшигч байх бөгөөд мөн хуулийн 499.1-р зүйлийн дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан аливаа зардал, хохирлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна.” гэж тохиролцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасныг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Уг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба, бодитоор тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан, мөн шүүгдэгч О.Дд тээврийн хэрэгслийг өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн этгээд байх тул эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд байх ба, дээрх хуульд зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б, У.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн иргэний нэхэмжлэгч Э.У, Т.Д нарын эд хөрөнгөд тус тус хохирол учирсан байна. Үүнд:
1/. Хохирогч Д.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 176.902 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба шүүгдэгч О.Дгаас хохиролд 270.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.
2/. Хохирогч У.М нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн.
3/. Иргэний нэхэмжлэгч Т.Дын “Кia ...................” загварын автомашины эвдрэл хохирлын үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК нь нийт хохирлыг 5.990.000 төгрөгөөр үнэлсэн байна. Мөн автомашины үнэлгээ хийлгэсэн 270.000 төгрөг, “Мастер сүлжээ” ХХК-д явах эд ангийн үнэлгээ хийлгэсэн 83.500 төгрөг, журмын хашаанаас “Ашид билгүүн”, “Мастер сүлжээ” үнэлгээний газарт үнэлгээ хийлгэх гэж явсан автомашины ачилтын хөлс 120.000 төгрөг, осол болсон газраас журмын хашаа руу тээвэрлэсэн 10.000 төгрөг, нийт 6.473.500 төгрөгийн хохирол учирсан байна. /хх81-87/ Үүнээс иргэний нэхэмжлэгч Т.Д нь “Миг даатгал” ХХК нь 5.000.000 төгрөг нөхөн төлж, хүлээн авсан талаар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч О.Д нь 1.000.000 төгрөг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн. Иймд үлдэх 483.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Д, иргэний хариуцагч Э.У нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 241.750 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Дод олгох нь зүйтэй байна.
4/. Иргэний нэхэмжлэгч Э.Угийн .......................-20 загварын тээврийн хэрэгслийн эврэл хохирлын үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК нь 3.990.000 төгрөгөөр тогтоосон байх боловч тус хохирлыг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч О.Дг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба, шүүгдэгч О.Д, иргэний хариуцагч Э.У нар нь иргэний нэхэмжлэгч Т.Дын Хаан банкны 5555073594 тоот данс руу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 08:04:24 цагт 483.500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.
Улсын яллагчийн зүгээс хэнийг ч санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгээгүй. Энэ төрлийн гэмт хэрэг хэдийгээр болгоомжгүй үйлдэгддэг ч хуульд заасан ялын дээд, доод хэмжээг хууль тогтоогч нар хуульд зааж өгсөн. Энэ хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 хэм хэмжээ зөрчсөн, хохирол төлбөрийн хувьд жолоочийн хариуцлагын даатгалаас мөнгө гаргасан, өөрөө бүрэн төлөөгүй, шүүгдэгчээс өөрөөс нь иргэний нэхэмжлэгчид 1.000.000 төгрөг төлсөн. Хийгээгүй хэргийнх нь төлөө хэрэг тулгаж байгаа мэт шүүхэд ялархаж байгаа байдлаар хандаж байгаа нь харамсалтай байна. Улсын яллагчийн гаргасан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх санал нь богино хугацаа биш юм. Шүүхийн зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх байх. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шатанд шүүгдэгчийн биеэ авч явсан байдал, хувийн байдалд нааштай байдлаар хэлэх дүгнэлт байхгүй байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Д өөрийгөө өмгөөлөн оролцож эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “Эхнэр бид хоёр ажилгүй. Би зам тээврийн ослыг санаатай үйлдээгүй байхад намайг санаатай үйлдсэн юм шиг ял оноож байна. Би ажлын шугамаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Хохирсон хоёр хүний хохирлыг төлсөн. Иргэний нэхэмжлэгчийн эвдэрсэн автомашины төлбөрийг бүгдийг нь төлсөн. Би нялх хүүхэдтэй. Хохирол төлөх гэж хүнээс 9.000.000 төгрөг зээлж авсан, үүнийгээ төлөх ёстой. Улсын яллагчийн оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял хүнд байна, торгох ялыг төлж чадахгүй. Эсхүл торгох ялыг багасгаж өгнө үү, би санаатай гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч О.Д нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд мөн хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, нөгөө талаас хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Д нь 9.000.000 төгрөгийн зээлтэй байгаа талаар болон торгох ялыг төлөх боломжгүй, эсхүл багасгаж өгнө үү гэж мэдүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, санхүүгийн бусад орлого олох боломжийг нотолсон баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
3.Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Мөн эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэхэд иргэний нэхэмжлэгч Т.Д нь Коронавирус халдварт өвчний улмаас тусгаарлалтад орсон шалтгаанаар ирэх боломжгүй болсон талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт О. Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч О.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч У.М, иргэний нэхэмжлэгч Э.У нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч Т.Д нарт шүүгдэгч, иргэний хариуцагч нар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА