| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02026/и |
| Дугаар | 1697 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1697
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/01697 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 553 тоотод оршин суух Жалайр овогт Гонгоржавын Нандиндулам /Регистрийн дугаар ДЮ87052765, холбоо барих утас 89251338/-ын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Луу гүн овогт Дашравдангийн Мягмар /Регистрийн дугаар ХЗ84071778/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Нандиндулам шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие Г.Нандиндулам нь 2008 онд Дашравдан овогтой Мягмартай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү Мягмар овогтой Азбаяр төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдалтай байгаагүй эвтэй амьдардаг байсан. Д.Мягмар 2010 оны 05 дугаар сард тодорхой шалтгаангүй хүү бид хоёрыг орхиж явсан. Хүү маань 1 сар гарантай байсан. Д.Мягмар өөр хүнтэй болж гэр бүлтэй болсон. Явсан цагаасаа хойш хүүхдээ эргэж ирж байгаагүй. Одоог хүртэл хүү маань миний асрамжид өсч торниж байна. Бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл Д.Мягмар нь хаана оршин сууж байгаа эсэх нь тодорхойгүй, ямар ч утас байхгүй, холбоо барихгүй 4, 5 жил болж байна. Иймд регистрийн ХЗ84071778 дугаартай Луу гүн овогт Дашравдангийн Мягмарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Нандиндулам нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Луу гүн овогт Дашравдангийн Мягмар /Регистрийн дугаар ХЗ84071778/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Г.Нандиндулам нь Д.Мягмарын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Луу гүн овогт Мягмар овогтой Азбаяр /регистрийн дугаар УЛ10242216/-т хүүхдийн тэтгэлэг тогтоолгож чадахгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагатай байгаа талаар тайлбар гаргажээ.
Иймд, Д.Мягмарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч Г.Нандиндулам нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 13 гудамж, 41 тоотод оршин суух хаягтай Луу гүн овогт Дашравдангийн Мягмар /Регистрийн дугаар ХЗ84071778/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР