| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0467/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/441 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
................. овогт Б. Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
................. овогт Б. И нь Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ........................ төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ................................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон (РД...................).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Б.И нь 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд ..........................................................тоотод “Facebook” цахим орчинд “..........................” гэсэн хаягаас ашиг олох зорилгоор хясаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ........................... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим орчинд “..........................” гэх хаягаас бооцоот тоглоом зохион байгуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон тус өдөр бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
2. Гэрч В.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны орой Facebook үзэж байгаад “..........................” гэсэн хаягаас лайв хийгээд 6 гарын “................” тоглуулж байхаар нь азаа үзье гэж бодоод тоглосон. Орохдоо 5.000 төгрөг төлөөд, хамт орсон 6 хүнтэйгээ 5 удаа тойрч тоглосон. Нэг гараа нь 5.000 төгрөг хождог юм байна лээ. Би 5.000 төгрөг төлөөд, 5 удаа тоглоод 3 удаа хожоод 10.000 төгрөгөөр нэг удаа, 5.000 төгрөгөөр нэг удаа хожлын мөнгө авсан. Нийт 15.000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. Өөрийн 5.000 төгрөгөө хасаад 10.000 төгрөг хожсон. Тухайн хөл хорионы үед гэр гэртээ хоригдсон, уйдсан бүх хүмүүс л тоглож байсан. Хууль бус гэдгийг огт мэдээгүй. Тэр үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус гэж сануулсан, мэдээлсэн зүйл байгаагүй. Хууль бус гэдгийг мэдсэн бол хэзээ ч тоглохгүй байсан. Би энэ үйлдэлдээ арга хэмжээ авхуулахад гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
3. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой “Facebook”-р “..........................” гэсэн хаягаас лайв хийгээд 6 гарын “..........................” тоглуулж байхаар нь ёндоогоо үзье гэж бодоод орж тоглосон. Орохдоо 5.000 төгрөг төлөөд, хамт орсон 6 хүнтэйгээ 5 удаа тойрч тоглоод хожиж чадаагүй. Тэгээд 5.000 төгрөгөө алдаад больсон. Дахиж тоглоогүй. Би хууль бус тоглоом гэдгийг огт мэдээгүй. Одоо л анх удаа сонсож байна. Би энэ үйлдэлдээ арга хэмжээ авхуулахад гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
4. Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 26-ны шөнө “Facebook”-д эхнэр А “А” гэх хаягаар ороод байж байтал манай найзууд холбогдож тоглоё гэхээр нь зугаа гаргах зорилгоор “Хаан” банкны данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Би шилжүүлсэн дансны дугаарыг банкны хуулга харвал дансыг нь мэднэ. Би ганц, хоёр удаа л тоглосон. Мөнгө хожоогүй, хожсон бол буцааж мөнгө авснаа санахгүй байна. Би хөзөр л тоглосон. Хясаа гэж мэдээгүй, тийм зүйл хэрэглээгүй. Би цахим орчинд мөрийтэй тоглох хууль бус гэдгийг мэдээгүй. Хүмүүс тоглоод болоод байдаг юм байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
5. Насанд хүрээгүй гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Шинэ жил болох гэж байсан, сар, өдрийг нь санахгүй байна. Би Facebook орж байтал бөөрөнхий дүрсийг 8 хуваагаад, 1-8 хүртэл дараалсан тоо өгөөд, тоо болгон дээр нэг, нэг хүний нэр өгөөд, 8 хуваасан бөөрөнхийгийн дээд хэсэгт зүү зааж байсан. Тэр зүүг цохиод эргүүлээд зогсох үед таарсан тооны хүн хожно гэсэн тоглоом байсан. Өмнө нь харж байгаагүй шинэлэг тоглоом байхаар нь би сонирхоод орж үзсэн. Тоглохоор бол энэ данс руу 10.000 төгрөг, 5.000 төгрөг шилжүүл гэсэн заавартай байхаар нь би аавдаа хэлээд мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн дансыг би одоо санахгүй байна. 10.000 төгрөг шилжүүлээд зүүгээ 5 удаа эргүүлнэ. Таарсан хүн 5.000 төгрөг хожно гэсэн утгатай байсан. Би тоглоход 15.000 төгрөг хожлоо гээд миний данс руу 15.000 төгрөг орж ирсэн. Өөрөөр дахиж энэ тоглоомыг тоглоогүй. Би мөрийтэй тоглоом гэж мэдээгүй. Хясаа, хөзөр хоёрыг хоёуланг нь хэрэглэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
6. Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Б. И бид хоёр 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж дундаасаа 1.6-6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор аль аль нь тогтсон ажилгүй гэртээ байдаг. ....И өөрийнхөө Facebook хаягаас хөзрөөр тоглоом тоглуулах гэж үзээд бүтэхгүй юм байна гээд больсон. ...Тухайн үед “Facebook”-р хүмүүс хөзрөөр тоглож байгаа нь зөндөө л харагддаг байсан. Би өөрөө хөзрөөр тоглодог тоглоом мэддэггүй учраас тэр тоглоомонд оролцоогүй. Манай хүүхдүүдийн унтах цаг болсон байсан учраас би нөгөө өрөөндөө хүүхдүүдээ унтуулах гээд хэвтэж байсан. Харин дараа нь надад Б.И “хүн цуглуулах гээд уддаг, тоглох хүн бараг байдаггүй, цаашид тоглуулахааргүй юм байна” гэж хэлж байсан. Хэдэн төгрөгийн ашиг олсон талаараа надад яриагүй.
Б.И ...эцэг, эхээс гурвуулаа, айлын том хүүхэд, доороо 2 дүүтэй. Ээж нь одоогоор Булган аймагт түр хугацаагаар очсон байгаа. ...Архи уудаггүй, тамхи татдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
7. Шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Өөрийн амьдардаг гэртээ Facebook ашиглан танихгүй хүмүүстэй холбогдож бооцоог өөрийн дансанд төвлөрүүлж, хожсон хүн рүү мөнгийг шилжүүлсэн. Надтай шууд бичлэгээр холбогдож тоглож байсан хүмүүсийг би танихгүй. Эргээд би энэ хүмүүстэй холбогдоогүй. Үүнээс өөр тоглоомыг би зохион байгуулж байгаагүй. Тухайн өдөр хөзрөөр “Техас” гэх нэршилтэй бооцоо тавьж тоглодог тоглоомыг зохион байгуулсан бөгөөд гэрт байсан хөзрөөрөө тоглуулсан. Өөр ямар нэг мөнгө орлох хясаа, жетон гэх зэрэг зүйл хэрэглээгүй. Тийм эд зүйл надад байхгүй. “Техас” гэх тоглоомд нэг удаагийн тоглолтонд 6 хүн оролцож, бооцооны мөнгөө миний дансанд байршуулж, гүйлгээний утга дээр өөрийн дугаарыг бичиж явуулсан. Ингэхээр тухайн тоглолтонд оролцож байгаа хүн тус бүр 1-6-гийн хооронд дугаартай болж, би тухайн дугаарыг цаасан дээр тэмдэглэн тойруулж тавиад хөзрийг тарааж, улны модыг хүмүүсийн хүслээр тоглуулж, хожсон хүнд нь цугларсан мөнгөнөөс шилжүүлсэн. Нэг удаагийн тоглолт 10-20 минут орчим үргэлжилсэн бөгөөд хүмүүс нь 6 хүрэхгүй үед тоглолт эхлэх боломжгүй учраас тоглолтонд оролцож, хүмүүс намайг өөрөө ороод тоглочих гээд би өөрөө бас орж мөнгөө алдаж байсан удаа байдаг. Энэ миний өөрийн Facebook хаяг биш бөгөөд таньдаг залуугийнхаа ашигладаггүй хаягийг тухайн үед ашигласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
8. Шүүгдэгч Б.Иийн Хаан банкинд эзэмшдэг .................... дугаарын дансны 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-42 дугаар тал),
9. “...............” гэх нэртэй Facebook хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 99-104 дүгээр тал),
10. Хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Иийн хүсэлт (хавтаст хэргийн 109 дүгээр тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар тогтоол, ял тохиролцсон талаарх прокурорын санал (хавтаст хэргийн 110-111 дүгээр тал),
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Иийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 75 дугаар тал), Б.Иийн урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 78-81 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43-46 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 87-90 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.И нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Иэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.И нь 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд ..........................................................тоотод Facebook цахим орчинд “..........................” гэсэн хаягаас ашиг олох зорилгоор хясаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, яллагдагчийн дансны хуулга, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.И нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Иийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.И нь 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд ..........................................................тоотод Мэдээллийн технологи ашиглан Facebook цахим орчинд “live” шууд дамжуулалт хийж “..........................” мөрийтэй бооцоот тоглоомыг тоглох хүн тус бүрээс 5000 төгрөгийг банкин дахь өөрийн дансанд байршуулан, “..........................” гэсэн хаягаас ашиг олох зорилгоор хясаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “..........................” мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт нь:
-“2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цахим орчинд .......................... гэх хаягаас бооцоот тоглоом зохион байгуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон тус өдөр бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
-Гэрч В.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой Facebook үзэж байгаад “..........................” гэсэн хаягаас лайв хийгээд 6 гарын “..........................” тоглуулж байхаар нь азаа үзье гэж бодоод тоглосон. Орохдоо 5.000 төгрөг төлөөд, хамт орсон 6 хүнтэйгээ 5 удаа тойрч тоглож байсан. Нэг гараа нь 5.000 төгрөг хождог юм байна лээ. Би 5.000 төгрөг төлөөд, 5 удаа тоглоод 3 удаа хожоод 10.000 төгрөгөөр нэг удаа, 5.000 төгрөгөөр нэг удаа хожлын мөнгө авсан. Нийт 15.000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой “Facebook”-р “..........................” гэсэн хаягаас лайв хийгээд 6 гарын “..........................” тоглуулж байхаар нь ёндоогоо үзье гэж бодоод орж тоглосон. Орохдоо 5.000 төгрөг төлөөд, хамт орсон 6 хүнтэйгээ 5 удаа тойрч тоглосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 26-ны шөнө “Facebook”-д эхнэр А “А” гэх хаягаар ороод байж байтал манай найзууд холбогдож тоглоё гэхээр нь Хаан банкны данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. ...Би ганц, хоёр удаа тоглосон. ...Би хөзөр л тоглосон. Хясаа гэж мэдээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Facebook орж байтал бөөрөнхий дүрсийг 8 хуваагаад, 1-8 хүртэл дараалсан тоо өгөөд, тоо болгон дээр нэг, нэг хүний нэр өгөөд, 8 хуваасан бөөрөнхийгийн дээд хэсэгт зүү зааж байсан. Тэр зүүг цохиод эргүүлээд зогсох үед таарсан тооны хүн хожно гэсэн тоглоом байсан. Өмнө нь харж байгаагүй шинэлэг тоглоом байхаар нь би сонирхоод орж үзсэн. Тоглохоор бол энэ данс руу 10.000 төгрөг, 5.000 төгрөг шилжүүл гэсэн заавартай байхаар нь би аавдаа хэлээд мөнгийг нь шилжүүлсэн. 10.000 төгрөг шилжүүлээд зүүгээ 5 удаа эргүүлнэ. Таарсан хүн 5.000 төгрөг хожно гэсэн утгатай байсан. Би тоглоход 15.000 төгрөг хожлоо гээд миний данс руу 15.000 төгрөг орж ирсэн. Би мөрийтэй тоглоом гэж мэдээгүй. Хясаа, хөзөр хоёрыг хоёуланг нь хэрэглэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б. И өөрийнхөө Facebook хаягаас хөзрөөр тоглоом тоглуулах гэж үзээд бүтэхгүй юм байна гээд больсон. ...Тухайн үед фэйсбүүкээр хөзрөөр хүмүүс тоглож байгаа нь зөндөө л харагддаг байсан. ...надад Б.И “хүн цуглуулах гээд уддаг, тоглох хүн бараг байдаггүй, цаашид тоглуулахааргүй юм байна” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
-Шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн“...Өөрийн амьдардаг гэртээ Facebook ашиглан танихгүй хүмүүстэй холбогдож бооцоог өөрийн дансанд төвлөрүүлж, хожсон хүн рүү мөнгийг шилжүүлсэн. ...Тухайн өдөр хөзрөөр “Техас” гэх нэршилтэй бооцоо тавьж тоглодог тоглоомыг зохион байгуулсан. Гэрт байсан хөзрөөрөө тоглуулсан. ...Техас гэх тоглоомд нэг удаагийн тоглолтонд 6 хүн оролцож, бооцооны мөнгөө миний дансанд байршуулж, гүйлгээний утга дээр өөрийн дугаарыг бичиж явуулсан. Ингэхээр тухайн тоглолтонд оролцож байгаа хүн тус бүр 1-6-гийн хооронд дугаартай болж, би тухайн дугаарыг цаасан дээр тэмдэглэн тойруулж тавиад хөзрийг тарааж, улны модыг хүмүүсийн хүслээр тоглуулж, хожсон хүнд нь цугларсан мөнгөнөөс шилжүүлсэн. Нэг удаагийн тоглолт 10-20 минут орчим үргэлжилсэн. ...Энэ миний өөрийн Facebook хаяг биш бөгөөд таньдаг залуугийнхаа ашигладаггүй хаягийг тухайн үед ашигласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Иийн Хаан банкинд эзэмшдэг .................... дугаарын дансны 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-42 дугаар тал),
-“....................” гэх нэртэй фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 99-104 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж;
-2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
“Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” гэдэгт ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.
Тус гэмт хэргийн объектив тал нь хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан үйлдлийг хамааруулан ойлгох ба, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй байдаг.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.И нь 2020 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд мэдээллийн технологи ашиглан “....................” гэх нэртэй Facebook цахим хуудсаар лайв live буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог .......................... нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй .................... тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 56.000 төгрөгийн ашиг олсон болох нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттэй нотлогдон тогтоогдсон байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж;
-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.И нь тус гэмт хэргийн улмаас олсон орлого болох 56.000 төгрөгийг Төрийн сангийн 100200900955 дугаарын данс руу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн болох нь орлогын баримтаар нотлогдож байх тул төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Итэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.И нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд уг ялын хугацаа дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.И нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Иэд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Б. Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА