Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/442

 

 

 

 

 

    

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,  

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

.............. овогт Х. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....................дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............. овогт Х. Б нь Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 23-ны ..................... төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................................................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:.....................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..........................зайд байрлах зуслан дээр хохирогч Б.Г “...айраг асгаад яагаад гэрийн хоймор хэсэгт гараад байгаа юм...” гэх шалтгаанаар түүний толгой тус газар нь вискиний шилээр цохиж, нүүрэнд нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...баруун зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн эгэм, баруун даланд зулгаралт, дух, хоёр нүдний голд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай зуслан дахь гэрт хүмүүс ирж унага тамгалж, найрласан. Шөнө болоод бүгд тарсан. Үлдсэн хэдэн хүмүүстэй гэртээ орж үргэлжлүүлж архи уусан. Тэгээд согтуу байхдаа вискиний шилээр Г цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Айраг асгалаа, тавьтартай суу гэж хэлээд цохисон. Би хувийн компанид түлшний тээвэр хийдэг. Сард тээвэр ихтэй байвал 20.0-30.0 сая төгрөгийн орлоготой. Заримдаа ачаа олдохгүй бол сараар орлогогүй ч байх үе байдаг гэв.

 

Хоёр. Эрүүгийн ...................... дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө эхнэр Б, найз Э бид гурав ..............................., ...............................дэлгүүрийн барилга барьж байсан юм. Орой 19 цагийн үед дэлгүүр барьж байгаа айлын хүргэн ах “У унагыг тамгалах гэж байгаа юм, манайд очоорой” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, найз хоёрыгоо дагуулаад очсон. У гэх айлынд унага тамгалах явцдаа манай эхнэрээс бусад хүмүүс архи уусан. 23 цагийн орчимд явах гэтэл У гэх хүний эхнэр “З гэх айлынд хүргээд өгчих” гэхээр нь уг эмэгтэйг хүргэж өгсөн. З гэх айлын гэрт ороод Зтой айрганд дэмбээдээд би 4 дараалж хожоод З 4 дараалж айраг уусан. Би дахиад дэмбээдэх үү гэхэд З гэх хүн уурлаж байгаад, авдар дээр байсан вискиний шилээр миний толгойг цохиод хагалсан. Тухайн үед гэрэл тасарсан ба З намайг гараараа цохисон. Би арай ядан гэрээс нь гарсан. Миний биед учирсан гэмтлийг З учруулсан юм. Би шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр, Натур эмнэлэгт толгойн томографийг 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Эдгээр баримтуудаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-хохирогчоор дахин 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд У унага тамгалах арга хэмжээнд оролцоод архи уусан. Орой 23 цагийн үед ...Б гэх айлынд очоод айргаар дэмбээдсэн, би Б гэх хүнийг 4 удаа хожсон. 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө монгол гэрийн баруун хойд талд сууж байх үед Б шилтэй вискигээр цохисон. Хагарсан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед шоконд орсон байсан. Тэгээд Б гэх залуу нь намайг гараараа цохиж, бид барьцалдаж авсан. Надад гомдол санал байхгүй. Боос хохирлын 470.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..............................., Хурганы сангийн аж ахуй гэх газарт унага тамгалах найранд өөрийн найз дээр очсон. У гэх залуугийн гэрт ороход Б.Г гэх залуу нь эхнэр, хүүхэд, найзын хамт байсан. Тэнд согтууруулах ундаа хэрэглээд, бид Х.Б ахын унаганы найранд ирэх үед Б.Г нь эхнэр, найзын хамт бидэнтэй явсан. Бид 1 шил архи уусан. Тэгээд Х.Б ах өөрийн гэртээ Б.Г айргаар дэмбээдээд уугаад байсан. Дэмбээдэж байгаад Х.Б ах гэнэт Б.Г гэх залуугийн толгой хэсэгт авдар дээр байсан вискиний шилээр нэг удаа цохисон. Мөн гараараа цохиод, хоорондоо ноцолдоод байх үед гэрэл унтарсан. Би Б гэх хүнийг гэрээс гаргасан. Г гэх залуу дунд зэргийн, Х.Б ах их хэмжээний согтолттой харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

3. Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ...би нөхөр Г болон Э нарын хамт ...............................нд байрлах задгай  газар О гэх айлд очиж унага тамгалах арга хэмжээнд оролцсон. Орой 22 цаг өнгөрч байх үед О ахтай бид тус хороонд байрлах Х.Б гэх айлын унаганы найранд очсон. Манай нөхөр Бийн гэрт очоод монгол архи, айраг уусан. Тэгээд Х.Б гэх хүнтэй айргаар дэмбээдэж байхад тухайн эрэгтэй гэнэт хойд талын авдар дээр байсан вискигээр манай нөхрийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Дахиж гараараа цохиод, хоорондоо барьцалдаад байж байх үед гэрэл унтраад харанхуй болсон. Би өөрийн нөхрийг аваад гэрээс гаргасан. Миний харж байснаар шил хагараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

4. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

“...Манай нөхөр Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн гэр болох ..............................., Хурганаас 5 км зайд зуслангийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хүнтэй зодолдсон гэж байсан.

Манай нөхөр Х.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Одоо ачаа тээврийн “..................” ХХК-д захирлын албан тушаалтай ажиллаж байна. Төлөв даруу зантай, хүнтэй яриа хөөрөө их, хүний үгээс гардаггүй, согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг, архи уусан үедээ хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

 

            5. Шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..............................., Эмээлтийн хурганаас 5 км зайд өөрийн зуслан дээр унага тамгалж, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд орой болоод хүмүүс тараад явсан. Манай хажуу талын айлын Б.Б гэх залуу нь Б.Г гэх залуу болон эхнэрийнх нь хамт манай гэрт ирсэн. Бид айргаар хуруудаж дэмбээдсэн. Би Б.Г гэх залуутай дэмбээдээд хожигдоод бас хожсон. Тэгээд Б.Г гэх залууг сүнтэй архи асгачхаад яагаад гэрийн хоймор хэсэгт гараад байгаа юм гээд хэлсэн чинь дахиад дэмбээдэх үү гээд байсан. Тэгэхээр нь би вискиний шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Би Б.Г гэх залуутай маргалдаад гараараа цохисон. ...Тухайн үед вискиний шилийг хаана хаясан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10405 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий 1.5х0.2 см шархтай, хүзүүний урд хэсэгт 1.0х0.3 см, 3.0х0.3 см, зүүн эгэмд 1.0х0.3 см, баруун даланд 5.0х0.3 см, 2.0х0.3 см хүрэн ягаан өнгийн арьсны түвшингээс бага зэрэг дээш байрласан зулгаралттай, духны зүүн хэсэгт 1.5х1.2 см, хоёр нүдний голд 1.1х1.0 см, зүүн доод зовхинд 1.2х1.0 см хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлт: “...1. Б.Гийн биед баруун зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн эгэм, баруун даланд зулгаралт, дух, хоёр нүдний голд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч О.Болороо/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

7. Хохирогч Б.Гаас хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримт болон “....” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо, гэрэл зураг (хавтаст хэргийн 36, 62-64 дүгээр тал), шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Гд хохирлын мөнгө 470.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 84 дүгээр тал),

 

            8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Х.Б, хохирогч Б.Г нарын хүсэлт (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 98 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (90, 94 дүгээр тал),

            9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал), тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 46, 48 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-54 дүгээр тал), “...................” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 57-59 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..........................зайд байрлах зуслан дээр хохирогч Б.Г “...айраг асгаад яагаад гэрийн хоймор хэсэгт гараад байгаа юм...” гэх шалтгаанаар түүний толгой тус газар нь вискиний шилээр цохиж, нүүрэнд нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Х.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Х.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..........................зайд байрлах зуслан дээр хохирогч Б.Г “...гэрт айраг асгаад, гэрийн хойморт гарлаа...” гэх шалтгаанаар түүний толгой тус газар нь вискиний шилээр цохиж, нүүрэнд нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...баруун зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн эгэм, баруун даланд зулгаралт, дух, хоёр нүдний голд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 08-нд ...З гэх айлын гэрт ороод Зтой айрганд дэмбээдээд би 4 дараалж хожоод З 4 дараалж айраг уусан. Би дахиад дэмбээдэх үү гэхэд З гэх хүн уурлаж байгаад, авдар дээр байсан вискиний шилээр миний толгойг цохиод хагалсан. ...Миний биед учирсан гэмтлийг З учруулсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед ...Б гэх айлынд очоод айргаар дэмбээдсэн, би Б гэх хүнийг 4 удаа хожсон. ...шөнө монгол гэрийн баруун хойд талд сууж байх үед Б шилтэй вискигээр цохисон. Би тухайн үед шоконд орсон байсан. Тэгээд Б гэх залуу нь намайг гараараа цохиж, бид барьцалдаж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... унага тамгалах найранд өөрийн найз дээр очсон. ...Х.Б ах гэртээ Б.Г айргаар дэмбээдээд уугаад байсан. Дэмбээдэж байгаад Х.Б ах гэнэт Б.Г гэх залуугийн толгой хэсэгт авдар дээр байсан вискиний шилээр нэг удаа цохисон. Мөн гараараа цохиод, хоорондоо ноцолдоод байх үед гэрэл унтарсан. Би Б гэх хүнийг гэрээс гаргасан. Г гэх залуу дунд зэргийн, Х.Б ах их хэмжээний согтолттой харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Х.Б гэх айлын унаганы найранд очсон. ...Х.Б гэх хүнтэй айргаар дэмбээдэж байхад тухайн эрэгтэй гэнэт хойд талын авдар дээр байсан вискигээр манай нөхрийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Дахиж гараараа цохиод, хоорондоо барьцалдаад байж байх үед гэрэл унтраад харанхуй болсон. Би өөрийн нөхрийг аваад гэрээс гаргасан. Миний харж байснаар шил хагараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн гэр болох ..............................., Хурганаас 5 км зайд зуслангийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хүнтэй зодолдсон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

            -Шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ...Бид айргаар хуруудаж дэмбээдсэн. Би Б.Г гэх залуутай дэмбээдээд хожигдоод бас хожсон. Тэгээд Б.Г гэх залууг сүнтэй архи асгачхаад яагаад гэрийн хоймор хэсэгт гараад байгаа юм гээд хэлсэн чинь дахиад дэмбээдэх үү гээд байсан. Тэгэхээр нь би вискиний шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Би Б.Г гэх залуутай маргалдаад гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10405 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Х.Бийн хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Б.Г нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн, “Натур” эмнэлэгт КТГ-ийн зураг авхуулсан 120.000 төгрөгийн, нийт 128.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь хохирогчид 470.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-84/ байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Х.Бтой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Х.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэгдээгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийн хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Х. Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Гд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА