Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Еншөөв овогт Даваасүрэнгийн Шижир-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201610010099 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р баг 1-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Еншөөв овогт Даваасүрэнгийн Шижир-Эрдэнэ /ЕО85121274/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Д.Шижир-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Замын 4-10 тоотод иргэн М.Мөнхболдыг эхнэр Ц.Гэрэлтуяатай хардаж улмаар баруун нүдэнд нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой М.Мөнхболдтой уулзах гээд дүүгээрээ гэрийг нь заалгаад очсон юм. Очиж уулзах гэсэн шалтгаан гэвэл өөрийн эхнэр Ц.Гэрэлтуяатай гэр бүлийн маргааны улмаас өнгөрсөн оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. Миний хувьд Мөнхболд эхнэр Гэрэлтуяа хоёрын хооронд учиртай явалдаад байгаа юм шиг хар төрөөд байдаг байсан. Яагаад гэвэл намайг эхнэрийндээ очсон байхад хэд хэдэн удаа шөнийн цагаар Мөнхболд согтуу ирэн хаалгыг нь өөрийн юм шиг нүдээд нээж өгөхөөр намайг байгаа болохоор Баагийтай уулзахаар ирсэн гээд худлаа яриад байсан юм. Тэгсэн өчигдөр манай найз Баярмагнай надад чи эхнэрээсээ салчихсан юм уу танай эхнэр чинь МЧ-д ажилладаг Мөнхболд гэдэг залуутай нүүрэн дээр улаан цайм явалдаад янз бүр болоод байна гэж хэлэхээр нь миний дургүй хүрч шар хөдлөн Мөнхболдыг надаас илүү юутай юм бэ, ямархуу амьдралтай юм бэ үзье, уулзаж хэдэн үг солъё гэж бодоод очсон. Тэгээд гэрт очсон чинь Мөнхболд согтуу хэвтэж байсан, цаана нь бас нэг эмэгтэй уйлчихсан байдалтай, усан нүдэлчихсэн хэвтэж байхаар нь би Мөнхболдын дээрээс нь нүүр хавьд нь баруун гараараа 1 удаа цохьсон чинь босоод ирэхээр нь би Мөнхболдод чи миний эхнэртэй явалддаг хэн юм бэ чи ямар амьдралтай хүн юм бэ гаръя гээд дагуулж гараад Мөнхболдыг заамдан бид хоёр зууралдан би Мөнхболдын шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгтэл надтай хамт очсон манай дүү Нямбаатар, Хишигжаргал хоёр ирснээ намайг салгаж аваад явсан. Намайг явахад Мөнхболд араас би чамайг эрүүл үедээ барна шүү чи муу баас намайг барахгүй гэхчилэн хорон хэлээд байхаар нь би эргэж очих гэсэн чинь манай хоёр  дүү намайг тавиагүй татаж аваад явсан. Тэгээд би явсан эргэж тийшээ очоогүй Мөнхболдтой уулзаагүй. Би Мөнхбодыг эхнэр хүүхэдтэй гэж мэдээгүй. Бид хоёр уулзаж ярилцаж учраа олсон уучлалт гуйсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, 

        - Хохирогч М.Мөнхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 21 цагийн  орчимд өөрийн гэртээ эхнэртэйгээ жижиг өрөөндөө унтаж байсан чинь зүс таних Шижир-Эрдэнэ гэх залуу халамцуу орж ирсэн. Тэгснээ манай эхнэр Мөнхцэцэгтэй сайн уу гэж мэндэлснээ над руу чи муу миний эхнэртэй явалддаг хэн бэ гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи тэгсэн гээ биз дээ босоод ир гээд баруун гараараа миний баруун нүд рүү цохисон юм. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд босоод гэрээсээ гарсан чинь миний зүүн шанаа руу 1 удаа, баруун шанаа руу бас 1 удаа цохисон. Шижир-Эрдэнэд цохиулснаар миний баруун  нүдний доод зовхи язарч гэмтсэн. Тэр даруйдаа сумын эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Өөр надад учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

         - Гэрч Р.Батмагнай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би хэсэг найз нартайгаа Соёмбо хөшөөний хажууд архи ууцгаасан юм. Тэгэхэд Шижир-Эрдэнэ хамт уулцаж байгаад эхнэрийнхээ талаар яриа өрнүүлж манай эхнэр нэг хүнтэй явалдаад байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би саяхан ажлынхантайгаа Улаанбаатар луу эмчийн үзлэгт яваад ирж байхад вагонд Шижир-Эрдэний эхнэр нэг МЧ-д ажилладаг залуутай хамт хоорондоо дотносог яваад байсныг харсан тухайгаа хэлсэн юм. Тэгсэн чинь Шижир-Эрдэнэ бараг тэр залуу мөн байх гэхээр нь би очоод хэрүүл маргаан хийчих вий гэж бодоод Шижир-Эрдэнэд миний найз салчихсан юм бол битгий хэрүүл уруул асуудал үүсгээрэй дэмий байх шүү гэж уг нь хэлсэн. Угаасаа тэр залуугийн талаар Шижир-Эрдэнэ өөрөө мэддэг юм шиг санагдсан. Тэгээд архи ууцгааж байгаад салсан. Түүнээс хойш юу болсон талаар нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын           19-ний өдрийн 238 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.Мөнхболдын биед баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхиор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлийн баруун нүдний доод зовхинд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, баруун нүдний дээд доод зовхиор цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтлүүдийн баруун нүдний доод зовхинд шарх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг,  баруун нүдний дээд доод зовхиор цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт /хх-ийн 14/,

- Д.Шижир-Эрдэний оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-25 / зэргийг нотлох баримтаар судалсан болно.

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.Шижир-Эрдэнэ, Р.Батмагнай нар архи ууцгааж, эхнэр Гэрэлтуяаг М.Мөнхболдтой хардаж улмаар М.Мөнхболдын гэрт очиж түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Д.Шижир-Эрдэний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Д.Шижир-Эрдэний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Иргэн М.Мөнхболдын биедээ авсан гэмтэл нь шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэ нь эхнэр Гэрэлтуяагаа түүнтэй хардсаны улмаас үүсгэсэн байх ба шүүгдэгч Д.Шижир-Эрдэний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Д.Шижир-Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Еншөөв овогт Даваасүрэнгийн Шижир-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Еншөөв овогт Даваасүрэнгийн Шижир-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Шижир-Эрдэнэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ