Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1484

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01244 дүгээр шийдвэртэй, Э.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Отгонжаргалтай хамтран 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хас банк ХХК-иас 130 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн ба үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 23 дугаар байрны 23 тоот 30 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Хас банк ХХК гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар хариуцагч Э.Одгэрэл, Э.Отгонжаргал, “Одот бетон” ХХК-иас тус тус төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Уг ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээч 70 000 000 төгрөгөөр үнэ тогтоож, үүнийн 70 хувь 49 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгож худалдах тухай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдээд шүүхэд хандсан. Уг нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, би дахин нэхэмжлэл гаргасан.

Миний бие 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдааны үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Дээрх орон сууц зах зээлийн үнээр 70 000 000 төгрөг байх боломжгүй, тухайн газар байгаа адил байр доод үнэ 90 000 000 төгрөгөөр худалдагдаж байгаа, уг байранд 2015 онд их засвар хийсэн байсан тул үнэлгээг зөвшөөрөхгүй. Иймд 70 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 355 дугаар захирамжаар “Одот бетон” ХХК, иргэн Э.Одгэрэл, Э.Отгонжаргал нараас 151 131 608 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ажиллагаа явуулж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1/128 дугаар мэдэгдлээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Э.Одгэрэлд үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхэд 70 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч төлөгч “Одот бетон” ХХК, Э.Одгэрэл, Э.Отгонжаргал нарт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2429 дугаар үнэлгээний мэдэгдэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан Э.Одгэрэлийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3499 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байхад шүүх намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзсэн. Үнэлгээг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн даруйдаа шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Одгэрэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 23 дугаар байрны 23 тоот 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэхээр шүүх хуралдааныг  товлож, зохигч талуудад хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр зөрүүтэй байдлаар тэмдэглэгдсэн байна. Тухайн шүүх хуралдааныг зохигч талуудын оролцоогүйгээр хийсэн учраас эргэлзээтэй байгаа дээрх хугацааны талаар тэднээс тодруулах боломжгүй бөгөөд огноо зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүх “техникийн алдаа” гэж үзэхэд учир дутагдалтай юм. /хх 75, 78/

 

Улмаар зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх, нотлох баримт гаргах, тэдгээрийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх зэрэг хэргийн оролцогч талуудын эрхийг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                            

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА