Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1698

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/01698

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 12 гудамж, 2 тоотод оршин суух С.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байр, 26 тоотод оршин суух Б.О-д холбогдох,

 

 Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.Э миний бие 1999 онд Б.О той танилцан, улмаар 2001 оны 09 сарын 26-нд ПА №347 тоот баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2001 оны 08 сарын 31-нд хүү Э.И төрсөн. Бид гэр бүлийн маргааны улмаас 2004 онд салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хүү Э.И эх Б.О асрамжинд өсөж торнисон. Одоо миний бие тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Э.И эх Б.О ы асрамжинд байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй болно” гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.О миний бие С.Э ийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Э.И ийг өөрийн асрамжид хэвээр үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Зохигч болох С.Э, Б.О нар 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн гэрлэлтийн ПА 347 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ,  тэдний дундаас 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Э.И төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн Г-1875 дугаартай гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Сувилахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн  тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-3, 5, 6/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 153 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2004 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү Э.И ийг төрсөн эх Б.О ы асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүү Э.И ийг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Б.О  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг С.Э т саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

            Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, С.Э, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Э.И-ийг төрсөн эх Б.О ы асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э олгосугай.

 

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦЭРЭНДОЛГОР