| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09450/и |
| Дугаар | 1699 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1699
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/01699 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Маршал Жуковын 55/1 дүгээр байранд байрлах ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийг удирдах газар” Холбооны Улсын Үйлдвэрийн газар /гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын регистрийн дугаар 9139265/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран гудамж, 1103 тоотод оршин суух хаягтай Засхууд овогт Жооно-ын Сурмаа /Регистрийн дугаар ОБ64070601/-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 53 тоот орон сууцыг Ж.Сурмаагийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров.В.В, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орчуулагч Чойжамц.И.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа ОХУ-ын нийт үл хөдлөх хөрөнгө, үүний дотор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар бичил хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар орон сууцтай холбоотой ажлуудыг хариуцан, ашиглах, хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага болно. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл тухайн орон сууцны 53 тоотод дураараа аашлан хууль бусаар амьдарч байгаа иргэн Ж.Сурмаа нь манай байгууллагын хууль ёсны дагуу эрхээ эдлэхэд санаатайгаар саад учруулж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “өмчлөгч нь хууль буюу гэрээгээр олгогдсон өөр этгээдийн эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дагуу өмчийн зүйлээ өөрийн үзэмжээр ямар нэгэн халдлагаас хамгаалах, захиран зарцуулах, эзэмших, өмчлөх эрхтэй” болно. Өмчлөгчийн шаардах эрхийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь өмчөө өөр этгээдийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн дээрх зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөх зүйл нь өмчлөгчийн эзэмшилд хамаарахгүй, ямар нэгэн төрлийн эрхийг зөрчсөн гэж өмчлөгч үзвэл, тус эрхийг зөрчсөн этгээдээс тус зөрчлийг арилгах эсвэл өмчлөх эрхийг эдлэхэд саад болсон үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй гэж заасан. Өмчлөх эрхийн тухай гэрчилгээ болон тус байрыг эзэмших, ашиглах гэрээ байхгүй дээрх иргэн нь хуулиар олгогдсон манай эрхийг санаатайгаар дураараа зөрчиж байна. Ж.Сурмаа нь манай байгууллага болон манай байгууллагаас олгосон эрхийн хүрээнд тус орон сууцны байрыг эзэмшиж, ашиглаж байгаа “Даяар хас” ХХК-тай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус байранд үнэ төлбөргүй, хууль бусаар амьдарч байна. Түүнээс гадна, дээрхи орон сууцны байранд хууль бусаар амьдарч байгаа этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох болон түрээсийн ба ашиглалтын төлбөр авах эрхийг олгосон “Даяар хас” ХХК-аар дамжуулан байрыг чөлөөлөх тухай удаа дараа шаардсан боловч одоо хүртэл эдгээр шаардлагыг биелүүлээгүй байна. Тус байранд хууль бусаар амьдарч байгаа иргэн Ж.Сурмаа болон бусад иргэд, эд хөрөнгийн хамт ОХУ-ын өмчлөлд байгаа дээрхи байрнаас, тухайлбал Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 8 дугаар байрны 53 тоотоос албадан гаргах болон тус байрыг чөлөөлж өгөхийг хүсч байна” гэв.
Хариуцагч Ж.Сурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ОХУ энэ эд хөрөнгийг түрээслэх эрхтэй юү, үгүй юу гэдэг маш олон асуудал байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар энэ асуудлыг ярихгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Ж.Сурмаатай ямар нэгэн эрх зүйн харилцаа тогтоосон акт энэ хүнд байхгүй.Хоёрдугаарт сургаар ийм ажиллагаа хийгээд байгаа. Тухайн байранд байгаа ямар улсуудыг гаргах гээд байгаа нь ойлгомжгүй. Гуравдугаарт Монгол Улсын Иргэний хуульд өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Хууль зүйн ямар үндэслэлээр яагаад тэр байрнаас албадан гаргах гээд байгаа юм, яагаад тэр байрыг чөлөөлүүлэх гээд байгаа юм. Иргэний эрх зүйн харилцаа үүсгээд, хуульд заасан үндэслэл байвал нэхэмжлэл гаргадаг болохоос биш хууль болон ямар нэгэн харилцааг зөрчөөгүй этгээдийг өмчлөгч гээд дураар авирлаж, монгол иргэний өөрийн газар нутаг дээрээ ажиллах, амьдрах, найз нөхдийнхөөрөө байрлах, байх, хонох өнжих Үндсэн хуульд заасан эрхийг гадаадын иргэн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлсэн ажиллагаа байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. Хэрэг үүсгэх үндэслэл байхгүй. Ж.Сурмаа эднийхтэй гэрээ хэлэлцээр хийгээд орж амьдраад зөрчил дутагдал гаргасан юм байхгүй. Захиргааны эрх зүйн харилцаагаар энэ хүмүүстэй ямар нэгэн харилцаа үүсгэсэн нь үнэн. Тэр хүн нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалж тэмцэж явдаг хүн. Тэрнээс биш хууль зөрчиж явдаг хүн биш. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 8 дугаар байрны 53 тоотод Ж.Сурмаа амьдардаггүй. Дээрээс нь “Шүүдэрхэн” цэцэрлэгээс тодорхойлолтыг бүгдийг нь авсан. Ж.Сурмаа тэнд мөнгө төлөөгүй. Тийм учраас Ж.Сурмаа өнөөдөр хариуцагч биш. Тэнд оршин суухгүй байгаа хүнийг тэндээс хөөж гаргах асуудал байхгүй учраас Ж.Сурмааг хариуцагч биш гэж тооцоод хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар нь хариуцагч Ж.Сурмаад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 53 тоот орон сууцыг Ж.Сурмаагийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны хууль ёсны өмчлөгч нь Оросын холбооны улс болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000362121 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-5/
Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байр, 53 тоот хаягт Рагчаажавын Ариунболд /регистрийн дугаар ОБ88081411/, Рагчаажавын Ганболд /регистрийн дугаар ОБ87041415/, Бадарчийн Уянга /регистрийн дугаар ЗЮ80090307/ нар бүртгэлтэй, оршин сууж байгаа нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-184/
Дээрх тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байр, 53 тоот хаягт хариуцагч Ж.Сурмаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаар Ж.Сурмааг татан нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тухайн орон сууцанд хэн байх нь хамаагүй, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагатай байна гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт ”Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасан тул хариуцагчийг солих эрхийг нэхэмжлэгчид олгосон гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Сурмааг өөр этгээдээр сольж, хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх хариуцагчийг сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлгүй.
Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар, хариуцагч Ж.Сурмаа нарын хооронд нэхэмжлэлд дурдсан орон сууцтай холбоотой асуудлаар байгуулагдсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй боловч хариуцагчаар Ж.Сурмааг татсан нь үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 53 тоот орон сууцыг Ж.Сурмаагийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Сурмаад холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 53 тоот орон сууцыг Ж.Сурмаагийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР