| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/00464/и |
| Дугаар | 1719 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1719
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01719 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 76 байр 54 тоотод оршин суух Хатагин овогт Жамбалцэрэнгийн Сугар /РД:ЛЮ61091723/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 12 дугаар гудамж, 302 тоотод байрлах “Ричголд” ХХК /улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 9011042145, регистрийн дугаар 2882817/-д холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Д.Нарангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аззаяа, хариуцагчийн өмгөөлөгч, Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сугар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Сугар би 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Рич голд" ХХК-ийн автомашин барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн өмчлөлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн Тоёото Рав4 маркийн 66-86 УНӨ улсын дугаартай автомашинаа барьцаалан 3,000,000 төгрөгийн зээл авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай байсан ба гэрээний хугацааг cap сараар сунгах нөхцөлтэй, 1 сарын хүүнд cap бүр 150,000 төгрөг төлөх, автомашины хадгалалтын хөлсөнд өдрийн 1000 төгрөг, зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Ж.Сугар би энэ зээлийг өөртөө авч хэрэглээгүй бөгөөд манай нөхрийн хамт ажилладаг хүнд мөнгөний хэрэг гараад мөнгө зээлдүүлж туслаач гээд гуйгаад байсан юм. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас мөнгө зээлдүүлж чадахгүйгээ хэлэхэд тэр хүн миний автомашиныг таньдаг ломбардандаа 1 сарын хугацаатай тавиад өөрөө зээл хүүгий нь төлөөд чөлөөлөөд өгнө гэсэн тул би зөвшөөрсөн юм. Гэтэл уг хүн зээл авснаасаа хойш хүү болон үндсэн зээлийг нь төлөхгүй байсаар маш их хугацаа алдуулсан. Аргаа бараад автомашинаа алдахгүйн тулд зарим сарынх нь хүүг би өөрөөсөө төлж хугацааг нь сунгуулж ирсэн. Гэтэл нөгөө хүн маань сүүлдээ нэг ч төгрөг төлөхгүй байсны улмаас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үед ломбарднаас над руу залган таны зээл 3,500,000 төгрөг болчихлоо, үүнийгээ төлөхгүй бол автомашиныг чинь зарлаа гэж утсаар мэдэгдсэн. Үүнийг нь би сонсоод автомашинаа алдаж байснаас өөрсдөө аваад дараа нь нөгөө хүнээсээ мөнгөө гаргуулах ажлаа хөөцөлдье гэж шийдээд 2 хоногийн дараа хүүгээсээ 5,000,000 төгрөг аваад ломбардны газар очин автомашинаа авах гэтэл миний машиныг 3,500,0000 төгрөгөөр чинь буюу өрний чинь үнээр зарчихсан гэж хэлсэн. Миний машин бол 3,500,000 төгрөгийн үнээр зарагдах муу автомашин биш бөгөөд 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, ганц хүний гараар унасан сайн автомашин байсан. Миний автомашинтай адил чанарын машин зах зээл дээр бэлэн бусаар 12,000,000 төгрөгөөр, бэлнээр бол 8,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэн зарагдаж байгаа автомашин юм. Хэдийгээр Ж.Сугар би зээлийн гэрээний үүргээ зөрчсөн боловч зээлдүүлэгч нь хуульд заасан журмынхаа дагуу барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлэн худалдан борлуулж, өөрийн авах ёстой төлбөрөө аваад зөрүү үнийг нь зээлдэгчид олгох үүрэгтэй. Гэтэл тус компани нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчиж, миний 8,500,000 төгрөгний үнэтэй автомашиныг 3,500,000 төгрөгөөр зарчихсан гэж намайг 5,000,000 төгрөгөөр хохироож байна. Ж.Сугар би ломбардны хүнээс миний автомашиныг хэн гэж хүнд, хэдэн төгрөгөөр зарсан талаарх мэдээллийг гарган өгөөч гэж хүссэн боловч энэ мэдээллийг өгөхөөс татгалзсан. Иймээс би Автотээврийн газраас өөрийн автомашины мэдээллийг авч үзэхэд тус компани нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Бадарчийн Бурмаа гэж хүний өмчлөлд шилжүүлсэн байна гэсэн бүртгэл гарч ирсэн. Ж.Сугар би үүнд маш их гомдолтой байна. Учир нь би 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө бариад автомашинаа авахаар очих үед миний автомашиныг зараагүй байсан атлаа зарсан гэж хуурч мэхлэн буцаасан байна. Иймд "Рич голд" ХХК нь хууль болон гэрээнд заасан эрхээ хэтрүүлэн зөрчиж, зээлдэгч Ж.Сугар миний 8,500,000 төгрөгийн автомашиныг 3,500,000 төгрөгийн зээл, хүү, алдангийн төлбөрт нь тулган худалдан борлуулж хохироосон тул миний автомашины зөрүү үнэ болох 5,000,000 төгрөгийг тус компаниас гаргуулан өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “Ричголд” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа- “Ж.Сугарын “Ричголд” ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. “Ричголд” ХХК энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч Ж.Сугар нь өөрийн хүсэлтээр “Ричголд” ХХК-ийн “Соронз” автоломбарднаас 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 0.2 хувийн алдангитайгаар зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг зээлсэн ба уг зээлийн барьцаанд Тоёота Рав 4 маркийн 66-86 УНӨ улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалсан бөгөөд тус өдрөө Барьцааны гэрээг байгуулсан байдаг. Гэтэл зээлдэгч Ж.Сугар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүүгээ гэрээгээр тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүйгээс гадна гэрээний хугацаа дуусанаас хойш байнга утсаар болон мессэжээр шаардуулж нийт 3 удаа сунгалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сунгалт хийснээс хойш бидэнтэй холбогдоогүй. Харин бидний зүгээс Ж.Сугартай утсаар холбогдох гэхэд тэр утсаа огт авдаггүй байсан тул арга буюу маш олон удаа зээлээ төлж барагдуулах тухай мессэжийг түүний 96668609, 96966686 гэх дугаарт илгээж байсан боловч нэг ч удаа хариу өгч байгаагүй. Нэгэнт ийм байдалд хүрсэн тул бид хохирлоо барагдуулах зорилгоор зээлийн гэрээний 13 дугаар зүйлд “Барьцааны эд хөрөнгийг хугацаа дууссаны дараа борлуулж зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэгч Ж.Сугар би хүлээн зөвшөөрч байна” гэснийг үндэслэн, барьцааны гэрээнд “...Зээлдэгч Ж.Сугар би барьцааны зүйлийн өмчлөх, захиран зарцуулах бүрэн эрхийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсгийн заалтын дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгчид захиран зарцуулах эрх олгож байна” гэснийг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №2104 дугаартай Ж.Сугарын “...Миний нэрийн өмнөөс миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлийг бусдад худалдахыг зөвшөөрч байгаа тул намайг төлөөлж гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах бүрэн эрхийг олгож байна” гэсэн А.Наранцэцэгт олгосон тээврийн хэрэгсэлийн итгэмжлэлийг тус тус үндэслэн зээлдэгч Ж.Сугарын барьцааны хөрөнгийг зээлийн гэрээг сүүлийн удаа сунгаснаас хойш 3 сар 24 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №3682 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б.Батцэнгэлд 3,000,000 төгрөгөөр худалдсан. Ж.Сугарт бид автомашиныг нь зарсан тухай мэдэгдэхэд тэрээр манай ломбарданд ирсэн боловч тэрээр “миний автомашиныг зарчихсан уу, хэнд зарсан юм” гэж асуугаад гарсан бөгөөд автомашинаа авах зорилгоор 5,000,000 төгрөгтэй ирсэн гэдгээ бидэнд огт хэлээгүй тул үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Бид Ж.Сугараас зээлийн хугацаа дууссанаас хойшхи 114 хоногийн автозогсоолын төлбөр болох 114,000 төгрөг, алданги болох 684,000 төгрөг буюу нийт 798,000 төгрөгийг тооцолгүйгээр зөвхөн үндсэн зээлийн төлбөрт тооцон түүний барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан. Иймээс зээлдэгч Ж.Сугарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ. Үүнд:
Нэг талаас нэхэмжлэгч Ж.Сугар, нөгөө талаас хариуцагч “Ричголд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аззаяа бид харилцан тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулж байна. 1/ Нэхэмжлэгч тал нь хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба энэхүү шаардлагынхаа 2,300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. 2/ Нэхэмжлэгч тал 2,300,000 төгрөгөөс татгалзсан тул үлдэх 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тохиролцож эвлэрэв. 3/ Хариуцагч нь дээрхи 2,700,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцон эвлэрэв. Энэ хугацаанд төлбөрийг 2 хуваан хэсэгчилэн төлж болно. 4/ Талууд эвлэрлийн гэрээг байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сугар хариуцагч “Рич голд” ХХК-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчд эвлэрснийг баталж, “Ричголд” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.Сугарын нэхэмжлэлтэй хариуцагч “Ричголд” ХХК-д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 2,700,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор 2 хуваан хэсэгчилэн бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, “Ричголд” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сугарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгнөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 47,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сугарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР