Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 420

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: “СБК” ХХК

Хариуцагч: ЧДУБ Л.Б, Э.Н

Гомдлын шаардлага: “ЧДУБ Л.Б, Э.Н нарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Л.Б, Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулав.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч “СБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, түүний өмгөөлөгч Б.Э нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.4.6 дэх хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг бүрэн шалгах илүү төлөлтийг баталгаажуулахад нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах  журмын дагуу хийнэ гэж заасныг зөрчсөн. Энэ журмыг зөрчсөн бол баталгаажуулалтын акт үйлдүүлнэ гэснийг үйлдээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын шалгалт хийхэд заавал баталгаажуулалт хийх ёстой.

Мөн хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулсан ажиллагааны тэмдэглэлийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, хуулийг маргааш нь холбогдогчид танилцуулсан байдаг. Үүнээс үзэхэд эрх үүргийг нь хангаагүй байна гэж үзэхээр байна. Эрх үүрэгтэй нь танилцуулсан гэж байгаа ч арын хуудсанд зурсан гарын үсгээс харвал тэмдэглэлээ л хүлээн зөвшөөрч байна гэж харагдахаар байна. Түүнчлэн шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хуулийн зүйл заалтыг ойлгомжтой тодорхой бичээгүй дутагдалтай зүйл байна. Холбогдогч н.М*******д эрх үүргийг танилцуулж эрхийг нь хангаагүйгээс хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулах хууль зөрчсөн байна гэж үзэхээр байна....” гэв.

Хоёр. Хариуцагч ЧДУБ Л.Б, Э.Н нар нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн анх маргасан асуудал нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж баталгаажуулаагүй, журам зөрчсөн гэж байна. Энэ журам нь татварын хяналт шалгалтыг иж бүрэн хийх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийдэг. Бидний томилолт бол хэсэгчилсэн томилолт тул гомдол гаргагчийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Татвар төлөгчид эрх үүргийг танилцуулаагүй гэж байна. Бид эрх үүргийг танилцуулаад гарын үсэг зуруулсан. 

 Нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгчийн албан татварын бүрдлийг шалгах баталгаажуулах бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журам гэж байгаа. Энэ журмын дагуу баталгаажуулахын тулд төлөвлөгөөт болон тухайн татвар төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд баталгаажуулалтын акт гаргадаг. Энэ тохиолдол бол төлөвлөгөөт биш ерөнхий газраас бичиг ирсний дагуу хийсэн төлөвлөгөөт бус шалгалт байсан. Тухайн үед татвар төлөгчөөс хүсэлт гаргасан зүйл байхгүй тул баталгаажуулалтын акт гаргах шаардлага байгаагүй...” гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “ЧДУБ Л.Б, Э.Н нарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Гомдол гаргагч “...Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэлгүйгээр шийтгэлийн хуудас үйлдсэн, холбогдогчид эрх үүргийг нь танилцуулаагүй...” гэж, хариуцагч тал “... төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт байсан тул баталгаажуулалтын акт гаргах шаардлагагүй, холбогдогчид эрх үүргийг нь танилцуулаад гарын үсэг зуруулсан...” гэж маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараахь байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын  2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/780 тоот албан бичиг, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 35180400181 тоот томилолтын дагуу ЧДУБ Л.Б, Э.Ннар нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “СБК” ХХК-ийн “МЭИ” ХХК, “Д” ХХК-аас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой баримтуудыг шалгаж, 204,803,726.40 төгрөгийн зөрчил илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт 30,095,860.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Дээрх зөрчилтэй талууд маргаагүй тул энэ талаар шүүх дүгнээгүй болно.

 Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд гомдол гаргагч “СБК” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, Л.М захиралтай бөгөөд Л.М нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх ба хариуцагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч “СБК” ХХК-ийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Л.М эрх, үүргийг тайлбарлаж, танилцсан холбогдогчоор гарын үсэг зуруулсан нь тогтоогдож байх тул гомдол гаргагчаас “...холбогдогч Л.М*******д эрх, үүргийг танилцуулж, эрхийг нь хангаагүй...” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн  боломжгүй.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А/03 дугаартай “Журам, маягт, зөрчлийн сангийн жагсаалтыг батлах тухай” тушаалын 01 дүгээр хавсралт “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.4 дүгээр зүйлийн 6.4.6-д “Татварын хяналт шалгалтыг иж бүрэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг бүрэн шалгах, илүү төлөлтийг баталгаажуулахад “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах журам”-ын дагуу хийнэ”, Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/150 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь татварын илүү төлөлтөө буцаан авахаар гаргасан хүсэлтийн дагуу түүнийг шалгаж баталгаажуулах, татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийхэд энэхүү журмыг мөрдөнө”, 2 дугаар зүйлийн 2.4-т “Татвар төлөгчийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийх үед шалгагдаж буй хугацааны эцэст байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үйлдэх...” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг татвар төлөгчийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийхэд энэхүү журмыг хэрэглэж “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үйлдэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар ЧДУБ Л.Б, Э.Ннар нь “СБК” ХХК /РД:5*******/-д 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд удирдлагын шийдвэрээр хэсэгчилсэн шалгалт хийхээр 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр томилогдсон нь тогтоогдож байх тул дээрх журмыг хэрэглэж “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үйлдэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ЧДУБ Л.Б, Э.Ннарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35******* дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-г, баримтлан “СБК” ХХК-ийн гомдлоор ЧДУБ Л.Б, Э.Ннарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                   ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ