Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Б-ад холбогдох 1708 0000 00108 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Ж.Б, 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9 дүгээр гудамжны 191а тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Г.Э-г зодож, биед нь хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар Ж.Б-ыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Б-ад оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 198 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэрэгт хадгалж, шуудай, 2 хос гутал, 2 ширхэг өмд, 2 ширхэг цамц, 2 ширхэг орны бүтээлэг, 1 ширхэг орны даавуу, 1 ширхэг цагаан гадартай гудас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Ж.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-аас 3.289.505 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтод олгож, өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдол гаргах учир нь. Талийгаач Г.Э- нь “өөрийн эгчтэй уулзаад ирье, чи харьж бай” гээд автобусанд суугаад явсан. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа бага зэргийн архи уусан байдалтай орж ирсэн. Зүүн шанааны доод талд нь үл ялих хөхрөлттэй байсан. Тэгэхээр нь би “амьдарвал амьдарсан шиг амьдар, үгүй бол мөрөө хөөгөөд яв” гэсэн чинь босч ирээд намайг цохихоор нь би нэг алгадсан. Г.Э- уурлан хоймрын хажууд байсан улаан өнгийн сандал дээр хий суугаад унасан. Унахдаа хоймрын орны булан мөргөсөн. Би өргөж босгосон чинь уурлан “намайг орхи, би өөрөө босч чадна, зайл” гээд байхаар нь би уур нь гараг гэж бодоод аавынд орж хэсэг байж байгаад хоол аваад орж ирсэн. Хоол ид гэтэл “толгой өвдөөд байна, жаахан байж байгаад идье” гэсэн. Тэгэхээр нь би 1 ширхэг өвчин намдаах эм өгсөн. Тэгээд унтаад өгсөн. Орой болсон учир би хажуугаар нь ороод унтаад өгсөн. Шөнийн 4 цагийн үед босч бие засчихаад орондоо орсон. Тэр үед өөр лүүгээ татсан чинь Г.Э-гийн бие хүйтэн байхаар нь татаж, чангааж үзээд үхсэн байгааг нь мэдэж, их сандарч шоконд орж, яахаа мэдэхгүй байсан.

Тухайн үед юу болж байгааг мэдэхгүй маш их цочирдсондоо талийгаачийн хувцсыг өмсгөөд гэрээсээ гараад явсан. Би тэр үед өөрийгөө хаана байгаагаа ойлгож чадахгүй болтлоо айж цочирдсон байсан. Ийм үйлдэл гаргасан нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г.Э-гийн гавал тархины зүүн талын нарийн судас тасарч тархи дарагдаж, амь насаа алдах өдрөөс 2-оос 3 хоногийн өмнө үхэлд хүргэсэн цусан хураа гэмтлийг баталж байна. Өөрөөр хэлбэл 48 цагийн өмнө авсан гэмтэл гэж шүүх эмнэлэг дүгнэлт гаргасан.

Г.Э- нь надад алгадуулснаас болсон уу эсхүл сандал дээр хий сууж орны булан мөргөснөөс болсон уу, яг яаж амь хохирсон нь тогтоогдохгүй байна. Мөн гавал тархинд учирсан гэмтлийг хаана яаж авсан талаар тогтоож чадаагүй нь учир дутагдалтай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтын нэхэмжилсэн хохирол, гомдлыг нөхөн төлж барагдуулах болно.

Миний бие талийгаачийг алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн амь насаа алдаад байхад нь цагдаад мэдэгдэлгүй айснаас болж гудамжинд гарган үлдээснээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Өөрийн мэдүүлснээ үнэн зөв хүлээж байгаа. Миний бие эцэг 81 настай Жаргалыг асран халамжлан хамт амьдарч байсан, хууль зүйн ямар ч мэдлэггүй учир шоронд орохоос айж ийм үйлдэл гаргажээ. Иймд миний гаргасан үйлдэлд ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Өлзий-Орших тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Ж.Б- нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авалгүйгээр давж заалдах гомдол гаргасан гэж шүүгдэгчийн ар гэрээс мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтын өмгөөлөгч Б.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ж.Б- нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй. Иймд ялын дээд хэмжээ оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хураалданд гаргасан дүгнэлтдээ: “... Ж.Б-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9 дүгээр гудамжны 191а тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Г.Э-г зодож, олон тооны шарх, гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-6, 7-9, 39-46, 184-185, 2 хх 3-32/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-10, 11-15/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 16-29, 30-32, 33-36/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 37-38/, хохирлын баримтууд /1 хх- 3-72/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, эрүүгийн цагдаагийн тасгийн илтгэх хуудас /1 хх 143-145/, эд мөрийн баримт /2 хх 115/,

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтын “Долгорсүрэн эгч “Энхтуяаг Ж.Б- архи уучихаад зоддог юм байна лээ, аавтайгаа нийлж байгаад зодчихдог юм байна лээ” гэж байсан, их л дарамтлуулдаг юм байна лээ” гэж хэлсэн” /1 хх 47-49/,

гэрч Б.Эрхэмбаатарын “2017 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө дэлгүүр тойроод явж байхад овгор шорооны хажууд, хашааны буланд ногоон саарал өнгийн шудайтай юм байсан. Шуудайнд юу байна гээд харсан чинь хүний гар байсан” /1 хх 84-85/,

гэрч Д.Түмэндэмбэрэлийн “...архи уухаараа нөхөр нь тэр хүүхнийг аймаар зоддог, хамгийн сүүлд талийгаачийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр харсан. 17-18 цагийн орчимд гадаа гудамжинд “болиоч дээ би үхлээ шүү дээ” гээд орилоод байхаар нь гараад хартал талийгаач газарт суугаад бөгтийсөн байдалтай, хажууд нь нөхөр, хадам аав нь байсан. Нөхөр нь талийгаачийн биеийн зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд авсан. Хадам аав нь хашаандаа орж зодолдооч гэж хэлэхэд талийгаач “би орохгүй, гэрт орохоор танай хүүхэд зоддог биз дээ” гэж хэлсэн. Нөхөр нь талийгаачийг өшиглөж байгаад босохгүй болохоор нь зүүн талын мөр хэсгээс нь барьж босгонгуутаа чирээд хашаа руугаа орсон. Тэгж нөхөртөө чирүүлж орсноос хойш талийгаач ер харагдаагүй, уг нь бол байнга л явж байдаг...” /1 хх 88-90, 91-92/,

  гэрч Ж.Намсрайгийн “хамтдаа архи уучихдаг, уухаараа хоорондоо хэрэлдээд зодолдоод байдаг юм шиг санагдсан” /1 хх 107-108/,

гэрч Г.Булганы “Батаа ах “ах нь эхнэртэйгээ муудсан, эхнэрийгээ зодчихсон, ахад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй, ах нь удахгүй явна” гэсэн” /1 хх 109-110/,

гэрч О.Анхтуяагийн “өмнө нь Энхтуяа “нөхөр зодоод, хөөгөөд байна” гэж хэлээд хувцасаа аваад, нүүр нь хөхөрчихсөн хоёр удаа ирж байсан” /1 хх 112-113/,

гэрч С.Даваадолгорын 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Одоогоос 10 хоногийн өмнө шиг санаж байна өвгөний бэр, хүү хоёр мөнхийн согтуу, хоорондоо зодолдож, бэр нь байнга аллаа, болиочээ, би явлаа гээд орилж байдаг” /1 хх 125-128/,

 

гэрч Д.Цогзолмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “ миний санаж байгаагаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр орой 23 цагийн үед нөгөө эгч “аллаа” гээд хашхираад байсан. Тэгээд орилж байгаад чимээгүй болсон, миний хэлж байгаа хугацаанд 1-2 хоногийн наана цаана байж магадгүй” /1 хх 129-131/, шинжээч эмч Н.Туяагийн /2 хх 74-75/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ж.Б-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд цус хуралт, дух, эрүү, зовхи, хамрын нуруу, чих, бугалга тохой, бугуй, сарвуу, цээж, хөх, мөр, хэвлий, ташаа, умдаг, гуя өвдгөнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, талийгаачийн цогцост ямар нэгэн хордлогын шинж илрээгүй, талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй, шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 36-38/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлсэн “Хохирогчид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Хохирогчид учирсан цусан хураа бүхий гэмтэл нь түүнийг амьд байх үед учрах боломжтой, нас барсны дараа ийм гэмтэл үүсэхгүй. Хохирогч өөрөө унаснаас уг гэмтлийг авах боломж багатай. Талийгаачийг үхэлд хүргэсэн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь тархины хялгасан судас хагарч цусан хураа нь аажмаар томорч тархи дарагдах замаар амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой.” гэсэн мэдүүлэг,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Ж.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Ж.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ж.Б-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн 979 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 43-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар нийт 17 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Б-ын “... анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, миний гаргасан үйлдэлд ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, талийгаачид олон тооны шарх, гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр үйлдсэн, улмаар цогцсыг шуудайд хийж гэрээсээ зөөвөрлөн өөр газар аваачиж орхисон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээгээгүй зэрэг байдлаас үзэхэд гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ