Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00600

 

    Э.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2453 дугаар магадлалтай,

Э.Э-гийн нэхэмжлэлтэй,

“Ю” ХХК-д холбогдох,

Урамшууллын мөнгө 4.659.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, Ч.Анхбаяр, өмгөөлөгч Н.Энхчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай тушаалаар орон нутгийн бүсийн менежерээр 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Юнивишин орон даяар хөтөлбөрийн хүрээнд 35 хоногийн хугацаатай томилолтоор ажилласан. Төлөвлөгөө ёсоор нийт 1000 дугаар борлуулах ёстой ч 1262 дугаар худалдан борлуулсан тул 1.445.265 төгрөгийн урамшууллыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан. Дээрх хөтөлбөрийн дагуу Хэнтий аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд 32 хоног томилолтоор ажилласан. Нийт борлуулалтын төлөвлөгөө нь 3800 хэрэглэгч байсан бөгөөд 4069 дугаар борлуулсан. Ар гэрийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ю ХХК дээрх урамшууллын мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Хэнтий аймагт ажилласан хугацааны урамшуулал болох 4.659.891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Э- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд Хэнтий аймагт албан томилолтоор ажилласан нь үнэн. Томилолтоор ажиллах хугацаандаа нийт 3862 дугаар борлуулснаас дараа төлбөрт /PS/ 3415, урьдчилсан төлбөрт/PPS/ 364, юнивишн болон гэр интернэт үйлчилгээний дугаар 83-ыг тус тус борлуулсан. Томилолтын багийг ажиллуулахдаа багт олгох борлуулалтын урамшууллыг төлөвлөгөөний 80 хувийг биелүүлсэн, томилолт дууссанаас хойш 2 сарын дараа борлуулсан нийт дугаарын 80 хувь нь идэвхтэй ашиглагдаж байх шалгуурыг хангасан тохиолдолд өгөх болохыг мэдэгдсэн. Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд борлуулсан урьдчилсан төлбөрт /PPS/ дугаарын орлогын 10 хувь, дараа төлбөрт /PS/ дугаарын 20 хувь, юнивишнийн холбогдсон захиалгын орлогын 20 хувийг нийлүүлээд 100 хувь гэж үзэн түүний 25 хувийг олгоно. Урамшуулал олгох нөхцөлийн дагуу томилолт дууссанаас хойш 2 сарын дараа шалгахад борлуулсан нийт дугаарын 49,55 хувь нь идэвхтэй ашиглагдаж байсан тул томилолтын багт урамшуулал олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас урамшуулалд 4.659.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2453 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 89.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.12-ны өдрийн 2453 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Ю” ХХК түүний харьяа охин компаниудын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох тухай журам болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад шүүх зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл эш татсан заалтууд нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ буюу улирал тутам олгогдох 1.1 сая төгрөгийн урамшуулалтай холбоотой зохицуулалт болох нь журмын 1.8 болон хөдөлмөрийн гэрээний хавсралтын 1.3 дахь хүснэгтээс тодорхой харагдана. Тэгэхээр тухайн харилцаанд хамаарахгүй хэм хэмжээ нь мөн байна. Тиймээс ажил хийгээд дууссаны дараа нь “үр дүн чинь 80 хувьд хүрсэн бол урамшуулал олгох болсон” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд худалдан авсан дугаараа ашиглах эсэх нь тухайн худалдан авагчийн эрх тул уг эрхэд нь халдаж заавал дугаараа ашигла хэмээн шаардах боломжгүй. Э.Э-г томилолтоор явахад хариуцагчийн төлөөлөгчийн хэлээд байгаа баримтыг танилцуулсан тухай баримт байхгүйг болон сүүлд нөхөн батлуулсан болохыг гэрч Ч.Дэлгэрхос мэдүүлсэн. Гэтэл дээрх мэдүүлэг байхад хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм

Иймд анхан шатны шүүхийг шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч “Ю” ХХК-с 4.659.891 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...дугаар борлуулах төлөвлөгөөг биелүүлсний урамшуулал” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.

Нэхэмжлэгч нь “Ю” ХХК-д ажиллаж байсан ба Юнивишин орон даяар хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ний  хооронд  Хэнтий аймагт борлуулалтын  багийг  ахалж ажиллахдаа 3862 мобайл дугаар борлуулсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин тухайн ажлын үр дүнд урамшуулал олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажил олгогч нь ажилтанд гүйцэтгэлийн урамшуулал олгож болох ба гагцхүү урамшуулал олгох нөхцөл шалгуурыг хангасан байх талаар хөдөлмөрийн дотоод журам болон урамшуулал олгох журмаар зохицуулжээ /хэргийн 139-150 дугаар тал/.

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хавсралтад ажлын үр дүн 80 хувиас доош гүйцэтгэлтэй байвал урамшуулал олгохгүй  байхаар заасан, Хэнтий аймагт ажилласан багийн ажлын гүйцэтгэлийг “...томилолтын хугацаанаас 2 сарын дараах байдлаар идэвхтэй хэрэглэгч нь 50 хувь..” гэж дүгнэжээ /хэргийн 64-65, 55-57 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн урамшуулал олгох шаардлагыг хангасан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд урамшуулал шаардсан шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусгасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2453 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 89.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ