Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1744

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/01744

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1б хэсэг, Цагдаагийн хотхон, АОС гудамж, 11 тоотод оршин суух Боржигин хул адуут овогт Гунаажавын Жадамба /Регистрийн дугаар УУ57032617/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Жадамба, гэрч Ж.Жамъян, гэрч З.Дамбадаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Жадамба шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Жадамба миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Биеийн тамир спортын Хөдөлмөр нийгэмлэгт самбо, жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас гарсан. Гэтэл тэтгэвэрт гарах болсон чинь нийслэлийн архивт 1990 оны баримт шилжиж ирээгүй, 1997 оны ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацааны Биеийн тамир спортын Хөдөлмөр нийгэмлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Жадамба нь Биеийн тамир спортын Хөдөлмөр нийгэмлэгт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хүсэлтэд дурдсан хугацаанд түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 622 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо байгууллагын бүгд /он/ баримт шилжиж ирээгүй тул Гунаажав овогтой Жадамба-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна”, Нийслэлийн Архивын газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17200489 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Гунаажав овогтой Жадамба-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-3, 4/

 

Савхин эдлэлийн II үйлдвэрээс 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г.Жадамбад олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дэх талд “НАХЯ-ны орлогч сайдын 1989.12.25-ны өдрийн Б-607 тоот тушаалаар 1989.12.31 Өөрийн нь хүсэлтээр БТС-ын Хөдөлмөр нийгэмлэгийн мэдэлд шилжүүлэв”, “Нийгэмлэгийн даргын 1990 оны 1-р сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар 1990.01.01 Самбо бөхийн дасгалжуулагчаар томилон ажиллуулав” гэж бичжээ. Мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Жадамбад олгогдсон Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дахь талд “Хан-Уул спорт сургалт төв, дасгалжуулагч, ажилд орсон 1990.01.01, ажлаас гарсан 1997.09.30” гэж бичжээ. /хх-5-8/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Г.Жадамбын дасгалжуулагчаар ажиллаж байсныг гэрчлэхээр З.Дамбадаржаа, Ж.Жамъян нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч З.Дамбадаржаа “Боржигин овогт Зундуйн Дамбадаржаа миний бие Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөдөлмөр нийгэмлэгийн цанын баазын эрхлэгчээр 1965 оноос 1997 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Гунаажавын Жадамба нь 1990 оноос самбо бөхийн дасгалжуулагчаар ажилд орж 1997 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн”, гэрч  Ж.Жамъян “Хотгойд овогт Жамсрангийн Жамъян миний бие Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хөдөлмөр нийгэмлэгт 1969 оноос 2005 он хүртэл ажиллаж байсан. Тус байгууллагад Г.Жадамбатай 1990 оноос 1997 он хүртэл хамт ажиллаж байсан. Г.Жадамба нь самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан нь үнэн” гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин хул адуут овогт Гунаажавын Жадамба /Регистрийн дугаар УУ57032617/-ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Биеийн тамир спортын Хөдөлмөр нийгэмлэг, Хан-Уул дүүргийн спорт сургалт төвд “дасгалжуулагч”-аар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР