Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/583

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,  

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч У.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

............... овогт Н. Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....................... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............... овогт Н. Х нь Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ............... төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “................” ХХК-д тогоочоор ажилладаг боловч 6 сарын чөлөөтэй байгаа гэх, ам бүл 5, эмэг эх, эцэг, ах нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .................................................. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан (РД:......................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Н.Х нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед ................................, “...........” ........... дугаар байрны гадаа “миний аавыг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар Д.Б хавирга руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ........... ........... дугаар байрны урд хохирогч Д.Б тамхи татаад явж байхад нь “манай аавыг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хавирга руу нь 2 удаа цохиод салаад явсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хохирогч миний аавтай байнга архи уугаад байдаг болохоор зодсон юм. Өөр нэмж ярих зүйлгүй гэв. 

 

            Хоёр. Эрүүгийн ........................ дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

            “...Би ................................ны нутаг дэвсгэрт байрлах “...........” ........... дугаар байрны ... тоотод амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад орцны харалдаа байдаг саравчинд тамхи татчихаад эргээд гэртээ орохоор 3 дугаар орцны харалдаа явган хүний зам дээр явж байтал манай байрны зүс таних Н. хүү Х гэнэт над дээр гүйж ирснээ “та дандаа аавыг уруу татаж уудаг” гэж хэлээд миний зүүн хавирга руу гурван удаа гараараа цохиод явсан. Би тухайн үед ямар нэгэн хариу үзүүлэлгүй гэртээ орсон. Маргаашаас нь зүүн хавирга хэсгээр хөндүүрлээд байхаар нь Цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн. Энэ талаар эхлээд хүүдээ шатнаас унасан гэж хэлж байгаад зүгээр болохгүй байхаар нь цохиулсан гэж үнэнээ хэлсэн. Би бага зэргийн согтолттой байсан. Болж байгаа үйл явдлыг ойлгох, өөрийгөө удирдах чадвартай байсан. Намайг зүгээр явж байхад Н. хүү Х зодсон гэдгийг би сайн мэдэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг нь Х миний зүүн хавирга хэсэгт гараараа гурван удаа цохиж учруулсан. Би өөр хүнд зодуулаагүй. Тухайн үед биднээс өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),  

 

            2. Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

            “...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Орой 22 цагийн үед Н.Х над руу залгаад “би зодуулчихлаа” гэхээр нь хаана зодуулсан юм бэ гэхэд орцондоо гэж хэлсэн. Тухайн үйл явдал 10 дугаар сарын 24-нөөс өмнө болсон. Тэгээд би Цагдаагийн хэлтэс дээр очиход Хын нүд нь хөхөрсөн, хөл нь доголсон байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 28, 29-нд Хтай уулзаагүй. Тэрнээс хойш Хтай писи тоглоё гэж ярьж байгаад писины газар очоогүй шууд гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

 

            3. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...13 цагийн үед А, Т хоёртой Ц буудлын хойно байрлах писи тоглоомын газар тоглосон. Х 16 цаг өнгөрч байх үед цэрэг татлага дээр оччихоод ирлээ гээд ирсэн. ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байсан эсэхийг санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

 

            4. Гэрч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...21 цагийн үед байрны найзууд болох Т, Б, Х нартай уулзсан. Хаана, юу хийснээ огт санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

            5. Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

            “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Х, Б, А нартай уулзсанаа санаж байгаа боловч хаана, юу хийснээ огт санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

 

            6. Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сары 17-ны өдөр өгсөн:

            “...Манайх 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн өдөр 12 цагийн үед сантехникийн хүн над руу залгаад “дулаан болон цахилгааныг шалгах хэрэгтэй байна” гэхээр нь очиж шалгуулчхаад гэртээ харьсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд манайхаар хүн огт орж ирээгүй. Би тухайн өдрийг сайн санаж байна. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 23-нд манай найзын гэрт бид төрсөн өдөр тэмдэглэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

 

            7. Шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ................................, ........... ................................ тоот гэртээ байж байгаад 13 цагийн үед гэрээсээ гарч ....................дээр очиж цэргийн зарлангийн дагуу үзлэгт орсон. 15 цагийн үед тэндээс гарч ойролцоо жижиг цайны газарт хоол идсэн. Тэгээд Ц автобусны буудлын ард байрлах цахим тоглоомын газарт орж 15 цаг 20 минутаас 21 цаг 30 минут хүртэл А, Б, Т нарын хамт писи тоглоод, тэндээс гараад шууд гэртээ харьж амарсан. Би Д.Б бие эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. Ер нь бараг таараад байдаггүй. Манай аавтай хааяа архи ууж байгаа харагддаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12656 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн далны доод хэсгээр болон цээжний зүүн хажуу доод хэсгээр тэмтрэлтээр эмзэглэлтэй.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эмчийн үзлэгт: онош: S20 гэжээ.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цээжний КТГ-ын шинжилгээнд: ...Зүүн талд шугамаар VI, VII, VIII, XI хавирга тус тус зөрүүтэй хөндлөн хугаралтай. Зүүн талд далны шугамаар IX хавирга болон Х хавирга тус бүр зөрүүтэй бороололт явагдаж буй хуучин хугаралтай. Томографид багтсан бүсэлхийн L1 болон L2-р нугалмын зүүн талын сэртэнгүүд зөрүүтэй хөндлөн хугаралтай. .../Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар/ гэжээ.

  Дүгнэлт:

“1, 2 дугаар асуултын хариулт: Д.Б биед зүүн талын 6, 7, 8, 9-р хавирганы зөрүүтэй хөндлөн хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

7. Цусны бүлгийг тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний лабораторид дээж, тогтоолын хамт хүргүүлж тодорхойлуулах боломжтой. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

            9. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...хохирогч Д.Б өрөөнд оруулан зургийг үзүүлж эдгээр хүмүүсийн зураг дунд таны бие эрх чөлөөнд халдсан гэх эрэгтэй байна уу гэж асуухад Н.Хын зургийг зааж “энэ намайг зодсон хүн мөн байна” гэж хэлэв. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

            10. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Д.Б осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 55 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

           11. Шүүгдэгч Н.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 56 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 124-126 дугаар тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 60 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 73-102 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 129 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Хт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед ................................, “...........” ........... дугаар байрны гадаа “миний аавыг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар Д.Б хавирга руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин нь “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед ................................, “...........” ........... дугаар байрны гадаа “миний аавыг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар Д.Б хавирга руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын 6, 7, 8, 9-р хавирганы зөрүүтэй хөндлөн хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

            -Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед...зүс таних Н. хүү Х гэнэт над дээр гүйж ирснээ “та дандаа аавыг уруу татаж уудаг” гэж хэлээд миний зүүн хавирга руу гурван удаа гараараа цохиод явсан. ...маргаашаас нь зүүн хавирга хэсгээр хөндүүрлээд ...Цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн. ... Н. хүү Х зодсон гэдгийг би сайн мэдэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг нь Х миний зүүн хавирга хэсэгт гараараа гурван удаа цохиж учруулсан. Би өөр хүнд зодуулаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

            -Шүүгдэгч Н.Хын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12656 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

            -2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Д.Б өрөөнд оруулан зургийг үзүүлж эдгээр хүмүүсийн зураг дунд таны бие эрх чөлөөнд халдсан гэх эрэгтэй байна уу гэж асуухад Н.Хын зургийг зааж “энэ намайг зодсон хүн мөн байна” гэж хэлэв. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

            -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Д.Б осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан бөгөөд яллагдагчаар “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед ...цахим тоглоомын газарт орж 15 цаг 20 минутаас 21 цаг 30 минут хүртэл А, Б, Т нарын хамт писи тоглоод, тэндээс гараад шууд гэртээ харьж амарсан. Би Д.Б бие эрх чөлөөнд нь халдаж байгаагүй....” гэж (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал) мэдүүлж байсан ба гэрч А.Ч, гэрч Ч.Б, гэрч У.А нараас Хтай 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзсан эсэхээ санахгүй байгаа талаар мэдүүлэх бөгөөд гэрч Б.Т 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хтай уулзсан боловч хаана юу хийснээ санахгүй байна гэж, гэрч Б.Ө “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулаагүй байсан, манайхаар хүн огт орж ирээгүй.” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд эдгээр нотлох баримтаар шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгийн эх сурвалж нотлогдоогүй болно. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Шүүгдэгч Н.Хын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Н.Хын хохирогч Д.Б эрүүл  мэндэд халдаж, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Хыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч Д.Батцэнгэл нь хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг /хх-130/ шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.  

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас“шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.

Н.Хын ажил, хөдөлмөр эрхэлж байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнийг албан газраасаа чөлөө авсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Зөвхөн ажил эрхэлдэг хүнд торгох ял оногдуулна гэсэн зүйл байхгүй. Н.Хын хувьд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна. Уг ялын биелэлт хангагдсан ч зорилго биелээгүй байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл нь дөрвөн төрлийн сонгох ялын санкцтай ба торгох ял шийтгэж болох ч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлснээр шүүгдэгчийн хувьд тодорхой түвшинд нийгэмшиж, ухаарна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлэх хугацаандаа өөрт тохирсон мэргэжлээрээ, тодорхой цаг хугацаагаар ажиллаж болно. Заавал өглөөнөөс орой хүртэл хугацаанд ажиллана гэсэн зүйл байхгүй.” гэсэн дүгнэлтийг;

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин дүгнэлтдээ “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ хугацаанд Н.Хын зүгээс хохирогчтой уулзаж хохирол төлөх гэсэн боловч хохирогч авахгүй гэж хэлсэн. Энэ талаар нотлох баримт хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан. Хохирол төлөөгүй гэдэг асуудал дээр шүүгдэгчийг буруутгах нь өрөөсгөл ойлголт. Н.Х нь хөл хорионы улмаас ажилдаа явахгүй байгаа ч гэсэн энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн. Одоо хөл хорио суларч байгаа энэ үед түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажилдаа явж чадахгүй болж, орлого нь тасалдана. Тиймээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү. Мөн хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тул оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Н.Хт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар орлого олох боломжгүй, мөн ................ аймаг руу ажилдаа явах боломжгүй болно. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь Н.Хыг ажилгүй болгох хэмжээний ял болчхоод байна. Заавал энэ ялыг оногдуулалгүйгээр торгох ял оногдуулж, тодорхой сургалтад суулгах боломжтой. Шүүхээс 1 удаа боломж олгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр биелүүлж дууссан байх бөгөөд түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Н.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан “шүүгдэгч Н.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын зорилгод буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцээгүй гэж үзэж хүлээн аваагүй болно. Мөн шүүгдэгч Н.Х нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт Н. Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Батцэнгэл нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.АЛТАНТУЯА