| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 015/2016/0009/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 539
С.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаяр,
яллагдагч С.М-гийн өмгөөлөгч У.Сайнбилэг,
хохирогч Х.И-,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1090 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Ч.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлээр яллагдагч С.М-д холбогдох 1706 0164 80313 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С.М-, 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,
С.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 414 тоотод оршин суух иргэн Х.И-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 13 нэр төрлийн эд зүйл хулгайлж 858.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байна. С.М- мэдүүлэг өгөхдөө “... нөхөр Цолмон, Мөөгий, Төгөлдөр, Цэцгээ, Цэцгээгийн нөхөр Мөнхболд нарын хамт Ичинхорлоо эмээгийн хашаанд архи ууж байсан юм ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрч Б.Энхжаргалын мэдүүлэгт “... Би тухайн үед Цоомоогоос яг энэ танай байшин мөн юм уу гэж асуухад Цоомоо мөн гэж хэлж байсан ...” гэжээ.
Мөн С.М-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт “... Цолмон энэ эзэнгүй байшин байна гээд Цолмон дээврээр нь ороод дотроос нь цонхыг нь онгойлгосон ...” гэжээ.
Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй байна. Тухайн хэрэг гарах үед байсан Б.Энхжаргал, Л.Энхцэцэг, Э.Төгөлдөр, Ж.Мөнхсайхан нарыг гэрчээр асуусан боловч тухайн үед байсан яллагдагч С.М-гийн нөхөр Цолмон /Цогоо/ гэгчийг асуугаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгийг тогтоогоогүйгээр С.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор ...шинжилгээ хийлгэнэ” гэжээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээг тодорхой эрх бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулалгүйгээр Комиссын дарга, гишүүд гэх этгээдүүдээр эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг үйлдэгдэх өдөр хохирогч Х.И-гийн гэрт очих санаачлагыг С.М- нь гаргасан болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, гэрч Б.Энхжаргал, Л.Энхцэцэг, Ж.Мөнхсайхан нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог. Дээрх этгээдүүдээс яллагдагч С.М-гаас бусад нь хохирогч Х.И-гийн гэр гэдгийг мэдэх боломжгүй байсан ба С.М-гийн “энэ манай гэр, би удахгүй энэ хашаа байшинг зарах гэж байгаа, түлхүүр нь алга байна, цонхыг нь эвдлээд ор, манай нөхөр өмнө нь энд амьдарч байгаад нас барсан болохоор орохоор эвгүй байдаг” зэрэг худал ярьж, бусдыг дээрх байшинд нэвтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD дээрх бичлэгт байшинг С.М- нь “энэ манай байшин 500.000 төгрөгөөр зарна” гэж бусдад худал хэлж итгүүлсэн болох нь дээрх байшинд цуг орсон этгээдийн яриагаар тогтоогддог.
С.М- нь Цолмон гэгчтэй эхнэр, нөхрийн харьцаатай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй бөгөөд харин хэрэгт авагдсан гэрч Л.Дандарын мэдүүлгээр Л.Дандар, С.М- нар нь хамтран амьдрагч болох нь тогтоогддог.
Тиймээс тухайн хэрэг үйлдэгдэх үед цуг байсан Б.Энхжаргал, Л.Энхцэцэг, Ж.Мөнхсайхан нараас гэрчээр мэдүүлэг авсан, дээрх гэрчийн этгээдүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, таардаг зэргээс дүгнэхэд хэрэгт Цолмон гэгчээс заавал мэдүүлэг авах шаардлагагүй байна.
Үнэлгээний тухайд хэрэг үйлдэгдэх үе буюу 2017 оны 9 дүгээр сард шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд удаагүй байсан, үнэлгээ хийлгэх зардлын асуудал шийдэгдээгүй байсан тул тухайн үед дүүргийн Засаг даргын дэргэдэх үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээний комиссын гишүүд үнэлгээг хуульд заасан үндэслэлээр хийж байсан ба хохирогч нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөн, үнэлгээн дээр маргаагүй тул дахин шинжээч томилж үнэлгээ гаргах шаардлагагүй, дээрх үнэлгээ нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Яллагдагч С.М-гийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эд зүйлийн үнэлгээг дахин шинжилгээний байгууллагаар хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
Хохирогч Х.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайд 4 удаа хулгай орсон. Тухай бүрт нь цагдаад мэдэгдсэн. С.М- л эхэлж орсон. Маш их хохирч байна. Цахилгаан мотор, бетон зэргийг хулгайлсан бүгд баримт хэрэгт авагдсан. С.М- өөр бусад хүмүүстэй хулгай хийсэн байдаг ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
С.М-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоож чадаагүй бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Харин, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээс “С.М-гийн нөхөр Цолмон /Цогоо/ гэгчийг гэрчээр асуугаагүй” гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг хэн үйлдсэн” байдлыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах учир үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэгт хамтран оролцох” гэсэн заалтын дагуу гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн оролцооны хэлбэрийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох нь зүйтэй.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан “CD”-ийг нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны дагуу хуульд зааснаар бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч нарт хэргийн материалыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн хэргийн материал танилцуулах, мөн хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар С.М-гийн хувийн байдлыг тогтоох зэрэг ажиллагааг нэг мөр хуулийн дагуу гүйцэтгэсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр С.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж шүүхэд ирүүлэх шаардлагатай байх тул Улсын яллагч Ч.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар С.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасныг буруутгах үндэслэлгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1090 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын яллагч Ч.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ