Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0301/З |
Дугаар | 301 |
Огноо | 2019-05-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 301
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЖДБЭ” ХХК
Хариуцагч: АМГТГ,
Хариуцагч: УУХҮЯ,
Нэхэмжлэлийн шаардлага: “ЖДБЭ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-012762 дугаар тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын талбайтай бүхэлдээ давхцсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, XV-012762 тоот тусгай зөвшөөрлийн талбайг нөөцөд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч АМГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ЖДБЭ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Аараг хөндий нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-01ХХХХ дугаар тусгай зөвшөөрлийг 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа. Тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн.үүргийг хуулийн дагуу биелүүлж, жил бүр хайгуулын ажлаа тухайн талбайд хийж гүйцэтгэсэн. Тухайн талбайд ашигт малтмалын нөөц эрж хайх, олж тогтоох зорилгоор компанийн зүгээс нийт 500 орчим сая төгрөгийг геологи, хайгуулын ажилд зарцуулсан. ЖДБЭ ХХК нь хуульд заасны дагуу үүргээ биелүүлж, тус талбайд орд нээн илрүүлэх зорилгоор хөрөнгө хөдөлмөрөө зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар талбайг нөөцөд авсан. Нөөцөд авсны дараа Монгол Улсын Улсын Их хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай 35 дугаар тогтоолоор тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийг тогтоосон. Талбайг улсын тусгай хамгаалалтад авсны дараа Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг Ашигт малтмалын газар болон орон нутгийн захиргааны байгууллагаас геологи, хайгуулын ажил явуулахыг зогсоосон.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө гаргах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэхтэй холбоотой хэрэгжүүлдэг бичиг баримтуудыг батлахгүй байдал үүссэн. Ингээд Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан талбайн хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу “дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох” асуудлыг шийдвэрлэнэ гэж заасанчлан энэ асуудлыг шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл “ЖДБЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон байна гэдэг үндэслэлээр нөхөн олговор олгох талбайд оруулаагүй. Тухайн үед талбай дуусгавар болох үндэслэл байхгүй. Бүх үйл ажиллагааг нь зогсоогоод сунгалтын өргөдөл, төлбөр төлөх асуудал боломжгүй болсон байсан. Сунгалтын өргөдлөө хийлгэх гээд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан тул менежментийн төлөвлөгөө батлахгүй гээд нэг дэх бүрдэл материалыг баталж өгөөгүй. Мөн хоёр дахь бүрдэл болох Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хугацаа сунгах өргөдөлд хавсаргадаг тайлан төлөвлөгөөг жил бүр өгч байсан гэдэг лавлагааг Ашигт малтмалын газрын геологийн хэлтсээс аваад өргөдөлдөө хавсаргасан байсан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас нэгэнт энэ асуудлыг шийдэх шатандаа явж байгаа учир танай компанид хугацаа сунгах, төлбөр төлөх асуудал байхгүй ингээд зогсоолоо гэдэг. Энэ үр дагавар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос үл шалтгаалсан захиргааны байгууллагын шийдвэртэй шууд холбоотой байсан. Харин захиргааны байгууллагын хооронд уялдаа холбоогүйгээс болоод манай компанид тусгай зөвшөөрөл олгох асуудал шийдвэрлэгдээгүй. Иймд бид тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцөл байдал бүрдээгүй байсныг тогтоолгох шаардлага гаргасан. АМГТГт ажлын хэсэг томилогдож, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ ажлын хэсэг манай асуудлыг авч хэлэлцэхгүй, шийдэхгүй дарагдсан асуудал байгаа. Иймд энэ эс үйлдэхүйг шийдвэрлүүлье гээд эс үйлдэхүйг тогтоолгох шаардлага гаргасан. Ажлын хэсэг бол зохих журмын дагуу манайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх ёстой тул шийдвэрлэхийг хариуцагч хоёр захиргааны байгууллагад даалгаж өгнө үү...” гэжээ.
Хоёр. Хариуцагч УУХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Д.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост. Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон.
Улмаар УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авах” тухай 35 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар даалгаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоож Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Харин “ЖДБЭ” ХХК-ийн хайгуулын ХУ-012762 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь: 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай 9531.79 га талбайтай хэсэгчлэн давхцалтай, УИХ-аас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчлэн 4545.68 га талбайтай давхцал үүссэн байдаг. Гэвч тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасны дагуу “ЖДБЭ” ХХК-д ашигт малтмалын талбайг дүйцүүлэн олгох боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV/-01хххх тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Гурав. Хариуцагч АМГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Аараг нэртэй 10420 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж Кадастрын бүртгэлийн төвийн /хуучин нэрээр/ өргөдлийн бүртгэлийн 19914Х дугаарт бүртгүүлсэн байна.
Төрийн захиргааны байгууллагаас өргөдлийг хянан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7/5224 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Өмнөговь аймгийн Засаг даргаас 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 тоот санал өгөх хуудсаар дэмжсэн санал ирүүлсэн байна.
Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2244 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-012762 тоот тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгосон.
“А” ХХК-иас 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хайгуулын ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлийг “Л” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргаж кадастрын бүртгэлийн Т6178Х дугаарт бүртгүүлсэн. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр шилжүүлснийг бүртгэсэн байна.
“Л” ХХК-иас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хайгуулын ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлийг “ХИ” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргаж кадастрын бүртгэлийн Т6613Х дугаарт бүртгүүлсэн. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 10 дугаар сарын 30 -ны өдрийн 1509 дүгээр шийдвэрээр “ХИ” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 959 дүгээр шийдвэрээр хайгуулын ХХ/-012762 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж шийдвэрлэснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Геологи, судалгааны хэлтсийн /хуучин нэрээр/ 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1051 тоот тодорхойлолтоор хайгуулын ажлын завсрын тайлан төлөвлөгөөг өгч зардлын доод хэмжээ баталгаажуулсан тухай тодорхойлж байсан байна.
“ХИ” ХХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хайгуулын ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлийг “ЖДБЭ” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргаж кадастрын бүртгэлийн XV-012762-008-ТF дугаарт бүртгүүлсэн. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1178 дугаар шийдвэрээр “ЖДБЭ” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 445 дугаар шийдвэрээр хайгуулын ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж шийдвэрлэснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн талбайг нөөцөд авах тухай 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон.
Улмаар УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай 35 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар даалгаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоож Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.
“ЖДБЭ” ХХК-ийн хайгуулын ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлийн талбай нь дээр дурдсан УИХ-аас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчлэн 4545.68 га талбайтай, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай 9531.79 га талбайтай хэсэгчлэн давхцал үүссэн байдаг. Гэвч тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухaй хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу талбай дүйцүүлэн олгох боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ЖДБЭ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-012762 дугаар тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын талбайтай бүхэлдээ давхцсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, XV-012762 тоот тусгай зөвшөөрлийн талбайг нөөцөд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгуулах” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгчээс “...манай компаний зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлж, олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан байтал Засгийн газрын тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөцөд авч, энэ тогтоолтой холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нар даалгасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр манай эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж хариуцагч нараас “..Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоож, хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгасан боловч “ЖДБЭ” ХХК-ийн хайгуулын XV-012762 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул ...тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр холбогдох хуулинд заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгохоор заасны дагуу талбай дүйцүүлэн олгох боломжгүй...” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Хатан интернэшнл” ХХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хайгуулын XV-012762 тоот тусгай зөвшөөрлийг “ЖДБЭ” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргаж кадастрын бүртгэлийн бүртгүүлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1178 дугаар шийдвэрээр шилжүүлснийг бүртгэж, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 445 дугаар шийдвэрээр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж, кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг нөөцөд авч, хилийн заагийг тогтоож, Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” 35 дугаар тогтоолоор дээрх газар нутаг болох Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоохыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Мөн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоож, баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад даалгажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох, 14 дүгээр зүйлийн 14.4-д хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэснээр нөхөх олговрыг “ЖДБЭ” ХХК -д төлөх үүрэгтэй, 14.6-д нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэснээс үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрөл нөхөн төлбөр авснаар дуусгавар болохоор байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, Монгол Улсын Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.2.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Кадастрын мэдээллийн санд ХҮ-012762 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болсноор бүртгэгдсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн заалт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд хамаарна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Учир нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь “ЖДБЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн компаниас шалтгаалж дуусгавар болоогүй гэдэгтэй маргадаггүйгээс гадна нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг төрөөс буцаан авсантай холбогдуулан “ЖДБЭ” ХХК-ийн ашигт малтмал хайх зөвшөөрөл нь хуулиар хориглогдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нөхөн олговроо авахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Ашигт малтмалын газарт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус улсаас авах нөхөн олговорын төрөл, хэмжээг хүргүүлсэн хүсэлт судалгааг гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 411 дүгээр, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 316 дугаар албан бичгээс үзвэл “ЖДБЭ” ХХК нь 2011-2015 оны геологийн ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулж, тухайн жилийн төлөвлөгөө, тайлангаа бүрэн баталгаажуулан хүргүүлж байсан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг /2016 оны/ батлуулахаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад хүргүүлсэн боловч “...улсын тусгай хамгаалалтанд багтсан...” гэсэн үндэслэлээр батлахаас татгалзаж буцаасан” болох нь тогтоогдож байна.
“ЖДБЭ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Аараг нэртэй газарт ХV-01ХХХХ тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 521 дугаар тогтоолоор нөөцөд авч, хилийн заагийг тогтоосон 652527.98 га газар бүхий талбайд хамрагдажээ.
Харин “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамааралтай зохицуулалт...” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болж бүртгэгдсэн нь түүний нөхөх олговор авах эрхийг хязгаарлах, мөн тусгай зөвшөөрөл дуусгавар болгосноор бүртгэгдсэн бүртгэлийг залруулах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар нь өөрийг нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчид нөхөх олговрыг олгоогүй, түүний тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхаас гадна Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолын дагуу мөн давхцал бий болсноор нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нөхөх олговор авах эрхтэй болжээ.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ЖДБЭ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-012762 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “байгалийн нөөц газрын ангилал”-аар улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгохгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан “ЖДБЭ” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ЖДБЭ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-012762 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан” талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ