Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0493

 

         

 

 

 

 

 

 

             Ж.Б нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б

Хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 112/2023/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б нь Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Я.Ц холбогдуулан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмж олгохыг даалгах”-аар маргасан байна.

2.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: 

“Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Б өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Нэхэмжлэгч Ж.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ... "миний бие малчнаар тэтгэвэрт гарах болсон тул тус сургуулийн байрны жижүүрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна" гэсэн өргөдөл гаргаж ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед ажлаас чөлөөлөгдөхдөө тэтгэмж авах талаар нэг удаа ч хүсэлт гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...би ажлаас чөлөөлөгдөхдөө төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байсан ба энэ эрхээ эдэлж чадаагүй, мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэжээ. Үүнээс үзэхэд төрийн албан хаагч хүн хууль мэдэхгүй байх нь хуулиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Ямар учраас энэ эрхээ эдэлж чадаагүй нь тодорхойгүй юм.

Тухайн үедээ өөрөө өргөдлөө гаргаж холбогдох материалаа бүрдүүлж өгөөгүй учраас эрхээ эдэлж чадаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа юм. Мөн нэхэмжлэгч Ж.Б нь төрийн албанаас өндөр насны тэтгэвэртээ гараагүй, төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрээгүй байсан.

Малчин гэж хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан, өөрөөр хэлбэл сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, галч болон үйлчилгээний бусад ажилтныг", 43 дугаар зүйлийн 43.1.4-т "төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т  заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд “шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох шалгуур үзүүлэлтийг тусгайлан заасан.

Нэхэмжлэгчийн хувьд энэ шаардлагыг бүрэн хангаагүй. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 112/ШШ2023/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангагдсангүй.

Ж.Б нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-ын “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3-ын “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн үндэслэлээр бус харин биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж буюу уг хуулийн 46.2.4-т заасны дагуу өөрийн санаачилгаар сайн дурын үндсэн дээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болох нь түүний 2022 оны 9 дүгээр сарын 8, 13-ны өдөр тус тус Говь-Алтай аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, сургуулийн захирлын мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар тогтоогдохоос гадна тухайн үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж  байхдаа ч нэг удаагийн тэтгэмж авах талаар огт хүсэлт гаргаагүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэж заасан.

            Гэтэл сургуулийн захирлын 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тушаалаар мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Ж.Б нь сургуулийн дотуур байрын жижүүрээр ажилд томилогдсоноос хойш дээрх тушаалаар чөлөөлөгдөх хүртэл нийтдээ 14 жил 1 сар ажилласан, уг тушаал гарах үед 51 настай буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байжээ.

            Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг …Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, …-иар зохицуулна” гэж заасан бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”,

-мөн зүйлийн 7-ийн 2/-т зааснаар “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”.

2.Нэхэмжлэгчийн тухайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа нэг удаагийн тэтгэмж авах талаар хариуцагчид хандаж байсан эсэхээс үл хамаарч, түүний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаснаас үзэхэд тэрбээр малчнаар тэтгэвэр тогтоолгосон, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсанаар Ж.Б нь малчнаар тэтгэвэрт гарах нас болсон тул 1990-2006 он хүртэл мал маллаж байсныг тогтоолгохыг хүссэн, мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлдөө “…ажилласан жилийг харгалзан үзээд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү….” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгч хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр бус харин сургуульд ажилласан 14 жил дээрээ шүүхийн шийдвэрээр 1991-2006 онуудад Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүүж багт малчнаар ажиллаж байснаа тогтоолгосны үндсэн дээр дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 2/-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон байх тул нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна.

            Учир нь Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "боловсролын туслах ажилтан" гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг” ойлгохоор заасан, иймд нэхэмжлэгч нь сургуулийн дотуур байрын жижүүрээр ажиллаж байсны хувьд боловсролын туслах ажилтанд хамаарна.

            Гэтэл уг хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтуудаар нэхэмжлэгч нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах шаардлагыг хангаагүй байхад шүүхийн шийдвэрт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 2/, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-ийг тус тус буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.Түүнчлэн шийдвэрт Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журмын дагуу нэхэмжлэгчийг нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь дээрх журам хуулиас давсан зохицуулалт агуулаагүй, тухайлбал журмын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг дээр дурдсанчлан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчдад хамааралтай гэж ойлгох бөгөөд энэ нь ч уг журмын 4.2-т “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, …-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, …-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно” гэснээр батлагдана. 

Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар 9 дүгээр сарын 26-ны өдөр малчнаар тэтгэвэр тогтоолгосны дараа буюу мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай сургуулийн дотуур байрны жижүүрээр дахин томилогдсон ч энэхүү үйл баримт нь мөн л нэг удаагийн тэтгэмж авах эрхийг үүсгэхгүй.

Өөрөөр хэлбэл журмын 5.3-т “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд  түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй” гэжээ.

Иймд хариуцагчаас 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 20 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.Бямбацэрэнд “…Ажил олгогчийн зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй, 51 настай ажилтныг шахах ямар ч үндэслэлгүй юм. Тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т зааснаар хүсэлт гаргаж малчнаар тэтгэвэрт гарсан тул Засгийн газрын 07 дугаар тогтоолын хавсралтын дагуу тусламж олгогдох боломжгүй болохыг уламжлав” гэсэн хариу өгснийг хууль бус гэж үзэхгүй, харин ч энэхүү татгалзал нь холбогдох хууль, журамд нийцсэн байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 2/, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Б Говь-Алтай аймгийн Бугат  сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдуулж гаргасан “Өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

                           ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН