Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Э.Болор,

Хохирогч Ч.Отгонбаяр,

Шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Хөх овогт Хүрэлбаатарын Сайхан-Ирээдүйд холбогдох эрүүгийн 201610010105 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Нефтийн 2-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Хөх овогт Хүрэлбаатарын Сайхан-Ирээдүй /РД: ЕП83111718/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Х.Сайхан-Ирээдүй нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Нефтийн 2-12 тоотод гэртээ 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Улаан ямаат овогт Чимэддоржийн Отгонбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүйн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай эхнэр 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цагт ажлынхаа баярт оролцлоо гээд гарсан. Шөнө 23 цагийн үед над руу утсаар залгаад Мандахбаяртаас архи аваад ажил руугаа явж байна. Ажил дээрээ байж байгаад харина гэсэн. Тэгээд шөнийн 02 цагийн үед эхнэр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй, ажлынх нь хүмүүс рүү залгахад бид нар гэртээ харьсан байна, мэдэхгүй хаана байгааг нь мэдэхгүй гэсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болохоор хардаж эхэлсэн. Орой 6 цагийн үед баяртаа явахынхаа өмнө миний эхнэртэйгээ хардаад байдаг ажлынхаа газрын залуугийн баярын урилгыг барьчихсан явж байсан. Тухайн үед урилга бариад ирэхэд нь бүх хүмүүсийн урилгыг авчраагүй, ганц харддаг залуугийн урилгыг авчирсан. Тэр залуу нь манай гэрийн хажуугийн хаалганд байдаг. Тэгээд өглөө үүрээр шахуу 03-04 цагийн орчим гэртээ согтуу орж ирсэн. Орж ирэхээр нь утсаа яагаад авахгүй байгаа юм бэ, танай ажлынхан чинь тарсан гэж байхад чи хаагуур яваад ирвээ гэж асуусан. Тэгээд ажил дээр байж байгаад Энхбаяр ахаар хүргүүлж ирлээ гэсэн. Хүргүүлж ирлээ гэхээр нь миний хардалт улам хүрч уур хөдлөөд хэрэлдэж муудалцаж эхэлсэн. Уурандаа алгадаад үсдээд зодсон. Тэгээд манай эхнэр гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

        - Хохирогч Ч.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр газрын тосны салбарын 75 жилийн ой болоод төмөр замын Жинчин жуулчны баазад баярын үйл ажиллагаа болсон. 22 цагт баярын үйл ажиллагаа дуусаад даргын машинаар 5-уулаа явж Мандахбаярт хүнсний дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн Соёмбо нэртэй архи аваад ажил руу явсан. Тухайн үед архи авч байхдаа нөхөр лүүгээ ажлын газрынхаа хүний утсаар залгаад дэлгүүрээс архи аваад ажил руу явж байна гэж хэлсэн. Ажил дээрээ очоод нөгөө 2 шил архиа ууцгаагаад согтож байсан болохоор шөнө 00 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Энхбаяраар гэртээ хүргүүлсэн. Би бөөлжих гээд байхаар нь доошоо тонгойгоод зогсож байхад дэргэд хүн ирэх шиг болохоор нь дээшээ хартал манай нөхөр зогсож байсан. Тэгээд миний нүүр лүү гараар цохисон. Миний нүдний шил газарт унахаар нь авч кармаалсан. Би яаж гэрээдээ орсноо санахгүй байгаа. Өглөө нь охиноосоо ээж нь өчигдөр орой юу болсон гэж асуухад манай охин таныг аав гаднаас түлхээд оруулж ирсэн. Тэгээд том өрөө рүү түлхээд байсан. Аав гал тогоо руу ороод хутга авах гээд орохоор нь та зугтаагаад гарсан гэж ярьж байсан. Би хогийн савны ард нуугдаад байж байтал манай нөхөр хараад хүрч ирээд үсдээд чирсэн. Дахин намайг зодсон. Намайг зодохдоо үснээс зуураад нүүрээр газарт хэд хэдэн удаа мөргүүлж цээж болон хөл рүү цохиод байсан. Нэг ухаан ороход жижиг өрөөний буланд би хүүхдээ бариад ээжийгээ хамгаалаарай гээд зогсож байсан. Тэр хооронд дахиад бөөлжих гээд 00-руу ороход араас орж ирээд зодсон. Сайхан-Ирээдүй цаанаас гарч ирээд наад пизда чинь өчигдөр шөнө Энхбаяраар ганцаараа хүргүүлж ирсэн. Тэгээд машинаас буухдаа өмдөө татаагүй буусан гэсэн. Тэгээд намайг үсдээд жижиг өрөөний паркетэн шалан дээр хэд хэдэн удаа толгойгоор саваад байсан. Чихнээс хоёр удаа, баруун гарын шуунаас хоёр удаа, баруун гарын эрхий хуруунаас нэг удаа хазсан. Элдвийн зүйл барьж цохиогүй, гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

    - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 242 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ч.Отгонбаярын биед духны зүүн хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт, зүүн хацар шанаа орчмоор зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнгийн дээд хэсгээр цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралтууд, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт, баруун шууны гадна доод хэсэгт цус хуралт, баруун гарын дотор хажуу хэсэгт шарх, баруун гарын нэгдүгээр хурууны 2-р үений ар талд зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн шууны гадна доод хэсгээр зулгаралт, зүүн шилбэний урд дунд зулгаралт, цус хуралт, нурууны нугалам дагуу 12-р нугаламын түвшинд зулгаралт, нугаламын зүүн талд зулгаралт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүдийн баруун гарын дотор хажуу хэсэгт шарх гэмтэл дангаараа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, духны зүүн хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт, зүүн хацар шанаа орчмоор зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнгийн дээд хэсгээр цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралтууд, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт, баруун шууны гадна доод хэсэгт цус хуралт, баруун гарын дотор хажуу хэсэгт шарх, баруун гарын нэгдүгээр хурууны 2-р үений ар талд зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн шууны гадна доод хэсгээр зулгаралт, зүүн шилбэний урд дунд зулгаралт, цус хуралт, нурууны нугалам дагуу 12-р нугаламын түвшинд зулгаралт, нугаламын зүүн талд зулгаралт, өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд дан дангаар нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй ба нийлээд “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг  болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт /хх-ийн 17/,

- Хохирогч Ч.Отгонбаярын гэмтэл авсан фото зураг /хх-ийн 5-6/,

- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7-9/,

- Х.Сайхан-Ирээдүйгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 27/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- Х.Сайхан-Ирээдүйгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/,

- Хохирогч Ч.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Х.Сайхан-Ирээдүй, Ч.Отгонбаяр нарын №0161331 тоот  гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 30/ зэргийг нотлох баримтаар судалсан болно.

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Х.Сайхан-Ирээдүй нь архи ууж, эхнэр Ч.Отгонбаярыг ажлын газрын залуу Энхбаяртай хардаж улмаар эхнэрийгээ гэртээ согтуу ирэхэд нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Х.Сайхан-Ирээдүйн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүйн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно

 Иргэн Ч.Отгонбаярын биедээ авсан гэмтэл нь шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүй нь эхнэр Ч.Отгонбаярыг хардаж зодсны улмаас үүсгэсэн байх ба шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүйгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Х.Сайхан-Ирээдүйг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүйд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөх овогт Хүрэлбаатарын Сайхан-Ирээдүйг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хөх овогт Хүрэлбаатарын Сайхан-Ирээдүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Сайхан-Ирээдүйд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ