Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00618

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00748 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2018/00024 дүгээр магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Д-д холбогдох,

7.423.501 төгрөг гаргуулах тухай үндсэн,

дутуу олгосон цалин 6.167.000 төгрөг, хохирол 5.342.000 төгрөг, нийт 11.509.100 төгрөг, бакалаврын диплом, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эм барих тусгай зөвшөөрөл, 7 ширхэг кредит онооны карт зэргийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д- нь Монос Өвөрхангай эмийн санд жор баригч, эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж, компанийн удирдлагын итгэлийг алдаж, өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлж, дутаан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.13, 10.3.14, 10.3.20, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7. 13.10 дах заалт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг зөрчсөн нь 2017 оны 09 дүгээр сард хийсэн тооллогоор тогтоогдсон. С.Цэрэнчимэд, Н.Д- нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд захиргаанд худал тайлан мэдээ ирүүлж, тооллогыг цаг тухайд нь хийдэггүй байсан нь ажил хүлээлцэх тооллого, өөрсдийнх тайлбараар тогтоогдож байна. Иймд Н.Д- нь хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид 7.423.501 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Н.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: туршилтын хугацаа  дууссан тул  намайг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жор баригчаар жинхлэн ажиллуулах тушаал гарсан. Эрхлэгчээр ажиллаж байсан С.Цэрэнчимэд ажлаасаа гарсан тул намайг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эрхлэгч, жор баригчаар давхар ажиллуулж хоёр хүний цалин өгөхөөр тохиролцсон. Эмийн сангийн эрхлэгч цалингийн зэрэглэлийн С10 буюу 600.000 төгрөгөөр, жор баригч С11 буюу 580.000 төгрөг нийт 1.180.000 төгрөг, үүн дээр бүтээмжийн цалин, өдрийн хоолны нэмэгдэл 1000 төгрөг зэрэг урамшууллыг нэмж өгөхөөр болсон. Би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ээлжгүй ганцаараа нэг ч өдөр амрахгүй, өдөр бүр өглөө 08 цагаас оройны 21 цаг хүртэл жор баригч, эрхлэгчийн үүргийг давхар гүйцэтгэн ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэсэг амраад ир гээд явуулсан, хэзээ ажилдаа орох талаар асуухад ажиллуулах эсэхийг шийдээд хэлнэ гэсэн боловч хэлээгүй. Ингээд 2018 он гарч цагаан сарын өмнө асуухад ажлаас халсан гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалыг мэдэгдээгүй тул би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.

С.Цэрэнчимэд ажлаа хүлээлгэн өгөх өдөр эмийн санд эд хөрөнгийн тооллого хийсэн. Ингэхдээ худалдаа хийнгээ тооллого хийсэн. Мөн 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот дахь төв салбараас Мөнхзаяа, Эрдэнэхишиг гэж хоёр ажилтан ирж эмийн санд түүвэр тооллого хийгээд 2.500.000 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хот руу явуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 17-нд мөн төв салбараас тооллогын баг ирж хугацаа дууссан гээд 3 хайрцаг эмийн бүтээгдэхүүн авч явсан. Тухайн үед хугацаа дууссан бараануудыг дутсан барааны тоонд оруулж байгаа, нийт бараанаас хасалт хийхгүй гэж хэлсэн. Тооллогын баг хугацаа дууссан гэж авч явсан эмийн бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийг бичиж үлдээхгүй шууд хайрцаглаад аваад явсан. Хугацаа дууссан бараануудыг төв салбар луу татахдаа акт үйлддэггүй, бараа материалын нийт дүнгээс хасалт огт хийдэггүй байсан. Нэхэмжилж байгаа 7.423.501 төгрөг нь Төв салбараас Өвөрхангай салбарт  дутуу явуулсан бүтээгдэхүүн, мөн Өвөрхангай салбараас хугацаа дууссан үндэслэлээр авч явсан эмийн бүтээгдэхүүний нийлбэр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд ажил олгогч нийт 1.979.000 төгрөгийн цалин олгосон. Гэтэл ажил олгогч нь энэ хугацаанд хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал төлөөд 4.136.400 төгрөгийн цалин олгосон талаар нийгмийн даатгалын ерөнхий газар тайлагнаж бичилт хийсэн байдаг. Үүнээс надад 2.154.000 төгрөгийн цалин дутуу өгсөн байна. Мөн ажилласан 78 хоногийн хугацаанд нэг ч өдөр амраагүй, өдөр бүр 08:00-21:00 цагийн хооронд тасралтгүй ажилласан. Үүнээс үзвэл өдөрт 13 цаг буюу 5 цагаар илүү ажилласныг  тооцвол 390 цаг байна.  Илүү цагийн цалин бодох аргачлалаар буюу 1 цагийг 1.5 дахин нэмэгдүүлж бодоход нийт 390*1.5=585 цаг болж байна. Тухайн үеийн үндсэн цалин 1.180.000 төгрөг, нэг сард ажиллах ёстой хуулиар тогтоож өгсөн ажлын цаг буюу 172 цагт хуваахад 1 цагийн хөдөлмөрийн хөлс 6.860 төгрөг. Үүнийг илүү ажилласан 585 цагаар үржүүлэхэд нийт 4.013.100 төгрөг болж байна. Иймд дутуу өгсөн цалин 2.154.000 төгрөг, илүү цагийн цалин 4.013.100 төгрөг нийт 6.167.000 төгрөгийг нэхэмжилж байна. 

Миний хувьд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 24-өөс дээш cap нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, сүүлийн 6 cap тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн шаардлагыг бүрэн хангасан байсан. Ажилгүйдлийн тэтгэмж бодох аргачлалын дагуу сүүлийн 3 сарын цалингийн дундыг олоод миний бие 5 хүртэл жил ажиллаж байгаа тул цалингийн 45 хувийг сарын ажлын хоног болох 21.2-т хувааж нэг өдрийн цалингийн хэмжээг олоод нийт 76 өдөр үржүүлэхэд 1.742.224 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах байсан тооцоо гарсан. Ажил олгогч нь надад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр буюу ажлаас халах тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бакалаврын диплом, эм барих тусгай зөвшөөрөл, 7 ширхэг кредит онооны карт зэргийг хуульд заасны дагуу тэр өдөрт нь өгөх үүргээ зөрчсөн. Миний бичиг баримтыг өгөөгүйгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилд орж чадалгүй 6 cap болсон тул сарын хөдөлмөрийн хөлсийг 600.000 төгрөгөөр бодож 3.600.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна.

Иймд М ХХК-аас нийт 11.509.100 төгрөг болон бакалаврын дипломын эх хувь, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эм барих тусгай зөвшөөрөл, 7 ширхэг кредит онооны карт зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Д- нь 9-11 дүгээр сард эмийн сангийн эрхлэгч болж цалинг Монос группийн ерөнхийлөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 76 тоот тушаалаар батлагдсан цалингийн зэрэглэлийн С10 буюу 600.000 төгрөгөөр тооцож олгосон. Тэрээр тохиролцсоны дагуу жор баригчийг орлон ажилласан бөгөөд цалин хөлсний нэгдсэн журмын 2.6, 2.4-т дагуу цалинг олгохоор тохиролцсоны дагуу тушаал гарч бүтээмжээр буюу борлуулалтаар цалинг тооцон олгосон байна. Иймд түүний дутуу өгсөн цалин болох 6.167.000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй.

Н.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны тооллогын дараа хамт ажиллаж байсан С.Цэрэнчимэдтэй уулзаж учраа олж тооцоо тооллогоо цэгцэлж ирнэ гээд ирээгүй. 2017 оны 12 дугаар сард компаний Санхүү хариуцсан захирал А.Уранбаяр, салбарын удирдлагын албаны ахлах менежер С.Буянт, хуулийн зөвлөх Б.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр С.Цэрэнчимэд, Н.Д- нарыг дуудаж уулзан төлбөр тооцоо, тооллогоо баталгаажуулах талаар уулзсан боловч тэд бие биерүүгээ буруугаа тохоод учраа олоогүй. Иймд уг асуудлаар 2017 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Д-ыг ажлаас халсан. Компаний хүний нөөцийн зүгээс Н.Д-д уг тушаалыг танилцуулахаар холбогдсон боловч утас нь холбогдох боломжгүй, залгаад авахгүй байсан болно. Н.Д- үнэн байдлаа хэлж, цаг хугацаандаа тушаал шийдвэрээ гаргуулаагүй өөрийнх нь буруутай үйлдлээс үүссэн хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй юм. Тэрээр бичиг баримтаа авах талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй боловч бакалаврын дипломын эх хувь, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эм барих тусгай зөвшөөрөл, 7 ширхэг кредит онооны карт зэргийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00748 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д-аас 6.484.708 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 939.501 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч М ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 1.685.701 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 1.174.861 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эм барих тусгай зөвшөөрөл, 7 ширхэг кредит онооны карт зэргийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5.048.538 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 118.694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.726 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 60.719 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2018/00024 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Хариуцагч Н.Д-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118.710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2018/00024 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Монгол улсад өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа хуульд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 гэх заалт зүйл байхгүй. Мөн давж заалдах шатны шүүх яагаад ийм байхгүй хуулийн зүйл заалт хэрэглэснийг огтоос ойлгосонгүй. Энэ нь шүүх буруу хууль хэрэглэсэн ноцтой үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүднээс үйл баримт болон нотлох баримтыг хуулийн хүрээнд шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байвал татгалзлынхаа үндэслэл, тайлбарыг бичгийн нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл яагаад нэхэмжлэгч хариуцагчийн өмнө нотлох баримт гаргах өгөх нотлох үүрэг хүлээхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би огтоос ойлгохгүй байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-т “шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй" гэж заасныг дурдах нь зүйтэй болов уу. Гэтэл хэдийн хэмжээний эд хөрөнгө хүлээлгэн өгсөн нь бүрэн тогтоогдохгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх, хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь: Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа мэтээр үнэлэлт дүгнэлт өгөөд байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийн оролцогч нарт эдэлбэл зохих эрхийг эдлүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтууд бүрдсэн гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг гарган шүүх хуралдаан товлон хэргийг шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх талуудын гаргасан нотлох баримт, хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх "...хэдийн хэмжээний эд хөрөнгө хүлээлгэн өгсөн нь бүрэн тогтоогдохгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх, хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна..” гэж дүгнэсэн нь хуулийг зөрчиж байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болохыг дурдая.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00748/-ийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2018/00024/ нь илтэд хууль бус, хууль буруу хэрэглэсэн буюу байхгүй хуулийн зүйл заалт хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

“М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...7.423.501 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч Н.Д- нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар 11.509.100 төгрөг, диплом, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эм барих тусгай зөвшөөрөл, кредит онооны карт зэрэг бичиг баримт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Н.Д- нь Монос Өвөрхангай салбар эмийн санд 2017 оны 5 дугаар сарын 12-ний өдрөөс жор баригч, мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эрхлэгчээр ажиллаж, жор баригчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ба ажил олгогч нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн Б/009 дүгээр тушаалаар түүнийг эрхлэгчийн ажлаас халжээ /хэргийн 5-14, 60 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан хууль тогтоомжид заасан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх  хэдий ч ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас байгууллагад хохирол учирсан нь тогтоогдсон байхаас гадна хохирлын хэмжээг мөн хуулийн 136 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлно.   

Зохигчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.1.-т “энэхүү гэрээгээр ажил олгогч нь ажилтанд ажил үүргийнх нь хүрээнд ИРП программд заасан үнийн дүн, тоо ширхэг бүхий эд хөрөнгө, бараа материалыг хариуцуулан өгөх”,  4.1-т ажилтан гэрээний хавсралт 1-д зааснаар хүлээн авсан өөрийн хариуцсан эд хөрөнгийг зөвхөн албаны зориулалтаар, ариг гамтай ашиглаж, бүрэн бүтэн байдлыг хариуцна гэжээ.   

Хариуцагчийг эрхлэгчээр томилж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж  ажиллуулахдаа нэхэмжлэгч хэдий хэмжээний үнийн дүн, тоо хэмжээний бараа материал хүлээлгэн өгсөн нь тодорхой бусаас гадна уг гэрээний хавсралт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж буй төлбөрийг хариуцах үндэслэл хангалттай тогтоогдоогүй тохиолдолд хариуцагчийг байгууллагад хохирол учруулсан гэж үзэх нь  учир дутагдалтай тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.   

Хэргийн 107-147 дугаар талд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн тооллогын комиссын илтгэх хуудас, тооллогын өмнөх баталгаа, агуулахын нөөцийн тайлан гэх баримт авагдсан боловч эдгээр нь хариуцагчид эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2018/00024 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 118.705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ