Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2015

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЧИ69073033 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж 6а байрны 33 тоотод оршин суух Элжгэн овогт Хуушааны Ганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЧТ83071561 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 170а байрны 15 тоотод оршин суух Боржигин овогт Болдбаатарын Ариунзаяад холбогдох,

Тоёото Приус /toyoto prius-20/ маркийн 17-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагчийн эзэмшлээс албадан гаргуулах, 2.441.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Ганбаяр нь 2008 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, улсын 17-63 УНВ дугаар бүхий Тоеото Приус (Toyoto Prius-20) тээврийн хэрэгсэлийн өмчлөгч юм. Миний бие эрхэлсэн тодорхой, тогтвортой ажил эрхэлдэггүй тул энэхүү тээврийн хэрэгсэлээр хүн тээвэрлэж өдөр тутмын орлого олдог юм. Тухайн цаг үед бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тул зарын дагуу иргэн Б.Ариунзаяатай холбогдож 2014 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 7 хувийн хүүтэй авахаар тохиролцон Зээлийн гэрээ байгуулсан. Мөн өөрийн өмчлөлийн Тоеото Приус тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэрийг зээлдүүлэгч Б.Ариунзаяагийн нэр дээр шилжүүлэх, зээлийг эргүүлж төлсөний дараа тээврийн хэрэгсэлийн өмчлөгчийн нэрийг буцаан миний нэр дээр шилжүүлэхээр тохирсон юм. Үүний үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Х.Ганбаярын Хаан банкин дах 5015185647 тоот төгрөгийн дансанд Б.Ариунзаяагаас 1.880.000 (нэг сая найман зуун наян мянган) төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 2,120,000(хоер сая нэг зуун хорин мянга) төгрөгийг Б.Ариунзаяагаас бэлнээр хүлээн авсан. Ийнхүү нэхэмжлэгч Ганбаяр нь 4 сарын хүүгийн төлбөрт 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын 9-ны өдөр хүртэл нийт 1.220.000 (нэг сая хоер зуун хорин мянга) төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүрэгт нийт 7.560.000 төгрөгийг төлсөн.

Зээлийн төлбөр, хүүг хариуцагч Б.Ариунзаяагийн Хаан банкин дах төгрөгийн 5114109356 тоот харилцах дансруу нэхэмжлэгч Х.Ганбаярын Хаан банк. Голомт банкны харилцах данснаас болон түүний хүү Г.Чингүүний Голомт банкны харилцах дансаар тус тус шилжүүлсэн. Мөн 1-2 удаа Б.Ариунзаяагийн Хаан банкин дах төгрөгийн 5114109356 тоот харилцах данс руу шууд орлого хийж байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл хариуцагч тээврийн хэрэгсэлийн нэрийг буцаан Х.Ганбаяр миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан болно. Ийнхүү татгалзсаны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 11 өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн байцаагч н.Лувсанбатаас намайг машин шүргэсэн байх тул ирж уулзахыг шаардсаны дагуу очиход худал хэлсэн нь тодорхой болж миний автомашиныг журмын хашаанд өгөхөөр болж ачуулсан. Мөн тухайн цаг үед Б.Ариунзаяа нь ирсэн байдаг. Журмын хашаанаас тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үндэслэн гэрчилгээнд бичигдсэн хүний нэрээр буцаан авах тул би тээврийн хэрэгсэлээ авах боломжгүй болсон.

Ийнхүү нэхэмжлэгчээс дээр дурдсан Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байтал хариуцагч үндэслэлгүйгээр тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг буцаан шилжүүлэхээс татгалзаж улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авсан гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдал хийгээд хууль тогтоомжийг үндэслэн Тоеото Приус (Toyoto Prius-20) маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Х.Ганбаяр мөн болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг Б.Ариунзаяагийн эзэмшлээс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суух хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь бүртгэгдсэн хаяган дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 101/11132017/00814 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний үндсэн дээр хариуцагч Б.Ариунзаяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Х.Ганбаярын хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 102/ШШ2017/00380 шийдвэр гарсаны дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлж Б.Ариунзаяа-г эрэн сурвалжлах ажиллаагааг явуулж хаягтаа буюу Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13 хороолол, 170а байрны 15 тоот хаягтаа оршин суудаг болохыг тогтоосон.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал хийгээд хууль тогтоомжийг үндэслэн Тоеото Приус (Toyoto Prius-20) маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Х.Ганбаяр мөн болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг Б.Ариунзаяагийн эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү. Мөнхариуцагч Б.Ариунзаяад зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс илүү төлөлт хиисэн 1.140.000 төгрөг, 17-63 УНВ дугаарын тээврийн хэрэгсэлийг өөрийн эзэмишлд шилжүүлэн авснаас хойш гаргасан зам тээврийн зөрчил ноогдуулсан 211,200 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд төлсөн 20.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нийт Б.Ариунзаяагаас 2.441.400 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

1. Хариуцагч Б.Ариунзаяа нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Тоёото Приус (Toyoto Prius-20)маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг нэхэмжлэгч Х.Ганбаярын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг Авто тээврийн газарт гаргах, тээврийн хэрэгслийг Х.Ганбаярын эзэмшилд хүлээлгэн өгнө.

2. Тээврийн хэрэгсэлийн нэр шилжүүлэхтэй холбоотой бүхий л зардлыг хариуцагч Б.Ариунзаяа нь хариуцна.

3. Нэхэмжлэгч Х.Ганбаяр нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2.441.400 (Хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу)-н төгрөгөөс бүрэн татгалзсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ганбаяр нь хариуцагч Б.Ариунзаяад холбогдуулан тоёото Приус /toyoto prius-20/ маркийн 17-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагчийн эзэмшлээс албадан гаргуулах, 2.441.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Ганбаяр нь 2.441.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ариунзаяа нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Тоёото Приус (Toyoto Prius-20) маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг нэхэмжлэгч Х.Ганбаярын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг Авто тээврийн газарт гаргах, тээврийн хэрэгслийг Х.Ганбаярын эзэмшилд хүлээлгэн өгөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 2.441.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотойгоор уг үнийн дүнд тохирох хэмжээгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрэн хэлэлцсэн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас тал хувиар гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х.Ганбаяр нь тоёото Приус /toyoto prius-20/ маркийн 17-63 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагчийн эзэмшлээс албадан гаргуулах, 2.441.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2.441.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ариунзаяа нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Тоёото Приус (Toyoto Prius-20) маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг нэхэмжлэгч Х.Ганбаярын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг Авто тээврийн газарт гаргах, тээврийн хэрэгслийг Х.Ганбаярын эзэмшилд хүлээлгэн өгөхөөрхарилцан тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Ариунзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.450 төгрөгөөс 47.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47.475 төгрөгийг хариуцагч Б.Ариунзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Ганбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ариунзаяа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ