Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны Л. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5024684 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75/1- байр 201 тоотод оршин байх Нэзо ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2068621 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаархороо, 13 дугаар хороолол 75/1-1 тоотод оршин байх Эрхэттрейд ХХК-д холбогдох,

Үйл ажиллагаанд саад болж байгаа урагшаа харсан төв хаалгыг хаасан үйлдлийг хууль бусад тогтоож, урагшаа харсан төв хаалгыг нээлгэж, нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг олгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эмнэлэг нь 2012 оноос Нэзо ХХК Оргил дент нэрээр шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байна. Тухай үед хоёр хаалгатай байсан бөгөөд шүдний эмнэлгийн үйл ажиллагаа доголдолгүй явуулж байсан болно. Гэтэл Эрхэт трейд ХХК-ийн ерөнхий захирал Г.Одгэрэл нь дээрх гэрээгээр хүлээсэн үүрэг болон бусад хууль тогтоомжид тусгасан үүргээ ноцтой зөрчиж, 1 давхараар дамжин орж гардаг төв хаалгыг хааж 2014.04.15-ны өдрөөс хойш хойд хаалгаар орно уу гэсэн шаардлагыг бидэнд мэдэгдэж улмаар гол үйлчлүүлэгч орох, гарах гарцыг хаасны улмаас бидний үйл ажиллагаа доголдолд орж, компаний хувьд үйлчлүүлэгчдийн тоо эрс цөөрч маш их хэмжээний хохирол гарч байна. Захиалагч талын хойд хаалгын гаднах талбай нь хогонд дарагдсан, үйлчлүүлэгчид хэвийн орж гарахад маш заваан байдалтай байгаа. Гол орц гарц хаасан асуудлаар бид Эрхэт трейд ХХК-ийн ерөнхий захирал Г.Одгэрэлтэй уулзаж энэ хууль бус үйлдлээ нэн яаралтай зогсоохыг хүссэн боловч өөрсдийн явцуу эрх ашигаа нэн тэргүүнд тавьж, хууль бус үйлдлээ зөвтгөсөөр байна.

Монгол улсын Иргэний хуулийн 135.1 дэх хэсэгт Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж зааснаас үзэхэд хөрш залгаа 2 давхараас 1 давхар луу зайлшгүй гарах хаалгыг хааж 1 давхарын дундын өмчлөлийн орц, гарцыг дангаараа бусдад эзэмшүүлж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлд Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх зүйн зохицуулалтыг заасан бөгөөд 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна" гэж заасны дагуу тухайн байрны шат, лифт, коридор болон гаднах хаалга, талбай бол дундын өмчлөлийн эд зүйлс. Гэтэл барилга захиалагч тал дундын өмчлөлийн хөрөнгийг өөрийн эрх ашгийг бодон бусдын эрхийг үл хүндэтгэж, нэг этгээдэд давуу эрх олгож дангаар ашиглуулсны улмаас бидний хууль ёсны ашиг зөрчигдөх нь гарцаагүй билээ. Эрхэт трейд" ХХК-ийн ерөнхий захирал Г.Одгэрэлтэй бид уулзахад тэрээр 1 давхар бол миний өмч, би өмчөө хэнд зарах, яаж ашиглах нь миний эрх гэж тайлбарлаж байсан бөгөөд түүнд таны эрх бусдын эрхээр хязгаарлагдан, Иргэний хуулиар үүнийг зөвшөөрөхгүй гэж ойлгуулахыг хичээсэн боловч тэрээр энэхүү шаардлагыг хүлээн аваагүй, зөвшилцөлд хүрээгүй тул бид шүүхэд эрх, ашигаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Барилгын тухай хууль, дүрэм, журамд нийтийн зориулалттай үйлчилгээний барилга, байгууламж аюулгүй байдлаа бодсон ч хоёр талдаа орц хаалга заавал байхыг шаардсан байна. Ялангуяа 6 дээш давхар барилгын хувьд 2-оос доошгүй хаалга байхыг хуулиар зохицуулсан. Гэтэл 10 давхар барилгыг 1 хаалгатай болгож байгаа нь 1 дээш давхарт үйл ажиллагаагаа явуулж буй бусдын /4-9 давхарт ирээдүйд үйл ажиллагаа явуулах иргэд, хуулийн этгээдийн/ эрх ашиг хөндөгдөх нь тодорхой. Энэ тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016.11.16-ны өдрийн дүгнэлтэнд офиссын урагшаа харсан хаалгыг зураг төсөлгүйгээр барилгын хийц бүтээцийг өөрчилсөн зөрчил дутагдал илэрсэн, мөн Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг дүгнэжээ.

Иргэний хуулийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловчөмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээхэрэгжүүлэхэд саад болж байгаа зүйлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Мөн хуулийн 106.3 дахь хэсэгт энэ хуулийн 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу бидний өмчлөх, ашиглах эрх ноцтой зөрчигдөж үйл ажиллагаанд доголдол гарсан тул хууль бус үйлдлээ зогсоож дундын өмчлөлийн төв хаалгыг нээлгэхийг шаардсан боловч барилга захиалагч тал 2014.04.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хууль бус үйлдлээ зогсоохгүйн улмаас манай компаний зүгээс үйлчлүүлэгч иргэд орж гарахад маш их төвөг болж, улмаар үйлчлүүлэгч эрс багасч алдагдалд орж, санхүүгийн хямралд орж байна. Иймд Эрхэт трейд ХХК-иас бидний үйл ажиллагаанд саад болж байгаа урагшаа харсан төв хаалгыг хаасан үйлдлийг хууль бусад тогтоож, урагшаа харсан төв хаалгыг нээлгэж, нэхэмжлэгчид дундаа ашиглахыг даалгаж өгч, бидний үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг олгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Нэзо ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан урагшаа харсан төв хаалга гэх зүйл уг барилгад анхнаасаа байгаагүй, батлагдсан зураг төсөлд байгаагүй, манай компани ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, хаалга үүд битүүлээгүй болно. Хэрэв ингэж өөрчилсөн бол уг үүргийн манай Эрхэттрейд ХХК биелүүлэх хууль зүйн хувьд үндэслэлгүй боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн урагшаа харсан төв хаалга гэж нэрлэсэн барилгын хэсгийг манай компани урьд нь өмчилдөг байсан боловч уг өрөөгөө 2013 оны 12 дугаар сард Г.Одгэрэл гэдэг иргэнд худалдаж, Г.Одгэрэлийн хувийн өмч болсон ба тухайн өрөө нь ерөөсөө нийтийн эзэмшлийн талбай огт биш бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн өрөө талбайгаас нэг ханаар тусгаарлагдсан өөр өмчлөлийн хувийн өмч юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд уг шүүхийн шийдвэрийн манай компани биелүүлэх боломжгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ч албадан биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Энэ бүхнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу сонгосон болох нь тодорхой байна. Иймд Нэзо ХХК-ийн манай Эрхэттрейд ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Нэзо ХХК нь хариуцагч Эрхэттрейд ХХК-нд холбогдуулан Оргил дент шүдний эмнэлэгийн үйл ажиллагаанд саад болж байгаа урагшаа харсан төв хаалгыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус хаалгыг нээлгэн дундаа ашиглахыг хариуцагчид даалгаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг олгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалахаар зохицуулсан байна.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.4-т энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Эрхэттрейд ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 75/1 дүгээр байрны 1 давхараар дамжин орж гардаг орц гарц болох төв хаалгыг хаасаны улмаас үйлчлүүлэгч эрс багассан, санхүүгийн алдагдалд орсон, галын аюулгүй байдал алдагдсан, хойд талын хаалгаар үйлчлүүлж байгаа иргэдийн тав тух алдагдсан гэж тайлбарлаж байна.

Хуульд зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

Нэзо ХХК-ийн Оргил дент шүдний эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 75/1 дүгээр байрны 201 тоотод үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Наранбаатар болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Нэзо ХХК нь өмчлөгчийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 75/1 дүгээр байрны 1 давхарын 101 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Г.Одгэрэл болох нь тогтоогдож байх тул Эрхэттрейд ХХК нь Нэзо ХХК-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Эрхэттрейд ХХК гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Нэзо ХХК-ийн Эрхэттрейд ХХК-нд холбогдох үйл ажиллагаанд саад болж байгаа урагшаа харсан төв хаалгыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус хаалгыг нээлгэн дундаа ашиглахыг хариуцагчид даалгаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг олгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлтийг гаргаагүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нэзо ХХК-ийн хариуцагч Эрхэтрейд ХХК-нд холбогдох үйл ажиллагаанд саад болж байгаа урагшаа харсан төв хаалгыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус хаалгыг нээлгэн дундаа ашиглахыг хариуцагчид даалгаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг олгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ