Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1487

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Мөнгөнглобал ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01350 дугаар шийдвэртэй, “Мөнгөнглобал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ган-Эрдэнэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109 194 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Балжинням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Б.Ган Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 50 000 000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай өгсөн. Гэвч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийг төлөөгүй учраас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацааг 3 сар сунгасан. Зээл олгоход хариуцагчийн тайлбар, татгалзалд дурьдсан Чинбат гэгчид өгөх зорилгоор Б.Ган-Эрдэнэд зээлүүлээгүй, анх уг зээлийг авахад барьцаа хөрөнгийн найдвартай байдлыг харгалзаж олгосон.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч компани зээлийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 457042869 тоот дансаар дамжуулан авсан ба тухайн зээлийг бусдад өгсөн байна. Гэрээний хугацаанд хариуцагч 8 314 000 төгрөгийг зээлийн хүүд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж үүнээс хойш төлөлт хийгээгүй. Бидэнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл байсан хэдий ч зээлдэгч хаягтаа амьдардаггүй байснаас түүнийг эрэн сурвалжлах шаардлага гарч, дүүргийн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 тоот шийдвэрээр одоогийн оршин суух хаягийг тогтоосон.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хүрэхгүй болсон тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй. Зээлдэгчээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 48 876 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 318 000 төгрөг, нийт 109 194 000 төгрөг ийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар тохиролцож, зээлийн баталгаа болгон эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тоёота лексус загварын автомашиныг 50 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Гэрээнд би гарын үсэг зурсан боловч 50 000 000 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй, зээлдүүлэгч талын удирдлага энэ талаар сайн мэдэж байсан, зээлийг авч ашигласан хүн нэхэмжлэгч Мөнгөнглобал ББСБ-ын гүйцэтгэх захирлын найз, тэрээр дахин зээл авах боломжгүй байсан учраас миний машиныг барьцаалан зээл авсан.

Тухайн үед би гэрээний үүргийг надаас шаардахгүй, надаар төлүүлэхгүй биз дээ гэж асуухад зээлдүүлэгч үүнийг зөвшөөрч байсан, гэтэл жинхэнэ зээлдэгч мөнгөө төлөхгүй болохоор надаас өндөр хүү, торгууль нэхэмжилж байгаад гомдолтой. Би бусдад итгэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, хариуцлагагүй хандсан тул энэ гэрээний эрсдэлийг өөртөө хүлээж барьцааны гэрээгээр шилжүүлсэн 50 000 000 төгрөгийн үнэтэй Тоёота лексус загварын автомашиныг зээлийн үндсэн төлбөрт тооцуулж, үлдэх 59 194 000 төгрөгийг зээлдүүлэгч тал хариуцах ёстой гэж үзэж байна.

Мөн намайг яагаад эрэн сурвалжлах болсон талаар ойлгоогүй, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 шийдвэр гарсан талаар хожим мэдсэн. Монгол банкны журам, Мөнгөнглобал ББСБ-ын дотоод журам болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг зориулалтын дагуу судалгааны үндсэн дээр олгох ёстой атал зээлдүүлэгч ямар ч судалгаа, зээл эргэн төлөх эх үүсвэр зэргийг шалгахгүйгээр зээл олгосон. Энэхүү тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдээс олгох зээл учир холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хариуцагчийг эрсдэлд оруулсан байна.

Зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, 5 сар ашиглах хугацаа дууссан байхад шүүхийн журмаар нэхэмжлэл гаргахгүйгээр өөрсдөө хугацаа хэтрүүлж, зээлийн хүү, алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн. Барьцаа хөрөнгийн хувьд түүнээс зээлийн төлбөрийг гаргуулах боломжтой байхад уг эрхийг хэрэгжүүлээгүй, ямар ч судалгаагүй, зээлийн хорооны хурлын шийдвэргүйгээр зээлийг гаргасан, н.Чинбат Ш.Балжиннямтай ярьж, хариуцагчид миний нэрийг хэлээд яваад очвол зээл гаргаж өгнө гэж хэлсэн нь үнэн.

Зээлдүүлэгч зээл олгох үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагын 50 000 000 төгрөгт хамаарах хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэх 59 194 000 төгрөгийн эрсдэлийг нэхэмжлэгч тал хүлээх нь шударга бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар анз тооцож байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ган-Эрдэнээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 48 081 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 318 000 төгрөг, нийт 108 399 066 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөнглобал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 794 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 699 945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт, үйл баримт зэргийг тал бүрээс судлаагүй, тэдгээрт бүрэн бодитоор, эргэлзээгүй байдлаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэт нэг талыг барьж өнгөц дүгнэлт хийснээс шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

“Мөнгөнглобал ББСБ” ХХК нь Б.Ган-Эрдэнэтэй автомашин барьцаалж, 50 000 000 төгрөгийг зээл олгохдоо энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн дагаж мөрдөх холбогдох хууль, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргадаг дүрэм, журам, өөрийн байгууллагын дотоод зээлийн үйл ажиллагааны бодлого, холбогдох зүйл заалтуудыг зөрчиж, өндөр дүнтэй зээлийг бусад банк, санхүүгийн байгууллагад өр, зээлтэй, тодорхой орлогогүй этгээдэд зээлийн хорооны шийдвэргүй олгосон байдаг.

Энэ талаар шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбарт дурдагддаг, “Мөнгөнглобал ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны бодлого журмаас холбогдох зүйл заалтыг судлуулсаар байтал анхан шатны шүүх эл эргэлзээтэй асуудалд огт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны шүүх хуралдаанд хариуцагчаас “нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, дуурайлган зурсан тул гарын үсгийн шинжээч томилуулах” тухай хүсэлт гаргасныг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 3510 дугаар захирамж гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон. Шинжээч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлтээ гаргаж шүүхэд ирүүлснээр 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, маргааш нь шүүх хуралдааныг товлон, дүгнэлтийг хуралдааны өмнө танилцуулж гарын үсэг зуруулсан нь дүгнэлттэй холбоотой санал хүсэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарласан, шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, дараалалд тусгаагүй нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Энэ зөрчлүүдийг арилгалгүйгээр хэргийг тал бүрээс, бүрэн бодитойгоор шийдвэрлэх боломжгүй тул эдгээр нөхцөл байдлыг хянан судлаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Мөнгөнглобал ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ган-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109 194 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ14/44 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Б.Ган-Эрдэнэ нь 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч “Мөнгөнглобал ББСБ” ХХК-иас зээлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт  гэрээгээр хугацааг 3 сараар сунгаж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Тоёота лексус загварын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч, зээлдэгчийн эзэмшлийн дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн хүүгийн төлбөрт 8 314 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх 7-9, 10, 11-12/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэж, зээлдэгчээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 48 081 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 318 000 төгрөг, нийт 108 399 066 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 794 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан, энэ нь шийдвэрийн огноотой давхцаж байгаа боловч энэ нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон, талуудын мэтгэлцэх эрхэд сөрөгөөр нөлөөлсөн гэж үзэх, улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн үзэв. /хх76-77,97-102, 111/

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 дугаар шийдвэрт шүүх үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч болон хариуцагч талыг оролцуулаагүй, сүүлд нөхөж гарын үсэг зуруулсан, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дээрх хэргээс зээлийн баримтын талаар үзлэг хийсэн боловч хуулийн шаардлага хангаагүй, шинжээчид эрх үүргийг нь дүгнэлт гаргасан өдөр тайлбарлах зэрэг хууль зөрсөн ажиллагаа явуулсан гэжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг эрэн сурвалжлах тухай дээрх шийдвэрт үзлэг хийсэн тэмдэглэлд хариуцагч гарын үсэг зурсан боловч хугацааны хувьд зөрүүтэй байгаа, мөн уг хэрэгт байгаа зээл хүссэн өргөдөл, 50 000 000 төгрөг шилжүүлсэн баримтад үзлэг хийж, уг ажиллагаанд гэрч болон бусад оролцогч талууд гарын үсэг зурсан байна. Харин үзлэгийн талаар эдгээр тэмдэглэлийг шүүх маргааны үйл баримтад шууд хамаарах нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэхгүй.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус бүрийг агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ тул түүнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд тооцсон 794 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/1350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА