Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 540

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-, А.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Г.Г-, А.М- нарын өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 981 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 66 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Г-, А.М- нарт холбогдох 1706 0415 60366 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М овгийн Г.Г, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аграномич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

2. Б овгийн А.М, 1989 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, Хүүхдийн ордонд багшаар ажилладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЗ89010608/,

Г.Г- нь А.М-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.М- нь Г.Г-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47б байрны 94 тоотын үүдэнд иргэн Ц.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Г-, А.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолно гэж заасны дагуу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал", 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 11-14/, гэрч Ж.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 15-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт /хх 26/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 34-37/, мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 40-43/, камер шүүсэн тэмдэглэл болон камерийн бичлэг /хх 57-58/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын “Бид хохирогчийг зодоогүй. Хохирогчийн дүү нь гэх залуу ирээд аваад явсан. Тэгээд цаашаа юу болсныг нь мэдэхгүй. Өөр газар ч гэмтсэнийг мэдэхгүй шүү дээ.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “... тэгээд зодуулсаныхаа маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зодуулсан” гэх мэдүүлэг зэргээр гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 40 минутад, эсвэл яллах дүгнэлтэд дурдсанаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед гарсан уу гэх гэмт хэрэг хэзээ гарсан талаар тодорхойгүй байна гэж үзэв.

 

Мөн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд эрүүгийн хэд гэх дугаартай хэрэгт, хэн гэдэг шинжээч томилсон талаар дурдаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгана.”, 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.”, мөн хуулийн 27.2 дугаар 1 дэх хэсэгт “шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Бид дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Гэтэл хохирогч шүүх эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үзүүлээд дүгнэлт гарсан байхад бид нарт 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан. Бүтэн 2 сарын дараа танилцуулсан тул хохирогчийн биед үүссэн гэмтэл нь эдгэсэн байсан тул ач холбогдолгүй байсан ...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “... дүгнэлттэй 2018 оны 2 дугаар сарын 20-нд танилцсан ..." гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-27-29/, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд /хх 25/ яллагдагч А.М- танилцаагүй байгаа зэргээр шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх зөрчигдсөн байна гэж үзэв.

 

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Цэнд-Аюуш бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасныг эс зөвшөөрч доорх үндэслэлээр эсэргүүцэл бичлээ.

Шүүх хэргийг хүлээж аваад 26 хоногийн дараа анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байтлаа шүүгч захирамждаа “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 1706 0415 60366 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв гэсэн нь үндэслэлгүй байна.

Прокуророос хэдийгээр яллагдагч Г.Г-, А.М- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэвэл зохих хэрэг байсан боловч яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөггүй учир прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичилгүй, хэргийг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Г.Г-, А.М- нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүх хурлаас өмнө болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг огт гаргаагүй байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан тухай 14216 дугаартай тэмдэглэл, иргэн Ц.Э-гийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бусдад зодуулж хохирсон тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан гомдол, хохирогч Ц.Э-, гэрч Ж.Энхчимэг, Г.Г-, А.М- нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э-, шүүгдэгч Г.Г-, А.М- нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байдаг.

 

Гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 40 минутанд, эсвэл яллах дүгнэлтэнд дурьдсанаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед гарсан уу гэмт хэрэг хэзээ гарсан талаар тодорхойгүй гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Ц.Э- “зодуулсныхаа маргааш нь эмнэлэгт үзүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зодуулсан” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт огт өгөөгүй бөгөөд ийм мэдүүлэг өгсөн мэтээр захирамжинд дурдсан нь хохирогчийн эрхэнд ноцтой халдсан, хууль бус үйлдэл болжээ.

Камерийн бичлэгээр яллагдагч Г.Г-, А.М- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа болох нь тодорхой харагдаж, нотлогдож байгаа юм.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд эрүүгийн хэд гэх дугаартай хэрэгт, хэн гэдэг шинжээч томилсон талаар дурдаагүй байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсний дагуу хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэж, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлж байгаа ба хүний эрүүл мэндэд хохирол учирсан болох талаар шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокуророос дугаар авч, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хуульчлан тогтоосон байдаг.

Иймээс шүүгчийн захирамжид дурдсан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд эрүүгийн хэд гэх дугаартай хэрэгт, хэн гэдэг шинжээч томилсон талаар дурьдаагүй байна” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Өөрөөр хэлбэл гомдол, мэдээлэл шалгаж байгаа 5 хоногт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокуророос эрүүгийн хэргийн дугаар аваагүй байхад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд эрүүгийн хэргийн дугаар бичих ямар ч боломжгүй.

Мөн Шүүхийн шинжилгээний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.”, 8.2 дахь заалтад “Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр хуваарилна” гэж зааснаас үзвэл мөрдөгч нь шууд өөрөө шинжээчийг томилох талаар зохицуулаагүй байна.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, тогтоолыг Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлэх үед А.М-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасан яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд Шүүхийн шинжилгээний хуулиар мөрдөгч нь хохирогч, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үүрэг байхгүй тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Мөрдөгч нь хохирогчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байх тул түүний эрхийг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг гарсан өдөр нь тогтоогдсон. Шинжээч томилсон тогтоолыг зөвхөн яллагдагчид танилцуулахаар хуульчилсан тул тухайн үед А.М-д танилцуулах боломжгүй байсан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-, А.М- нарын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-, А.М- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Г.Г-, А.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогджээ.

 

Г.Г-, А.М- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч нарыг гэм буруутай эсэх, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зэрэг асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 981 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Г-, А.М- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд очтол шүүгдэгч Г.Г-, А.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ