Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 052

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “П и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Амгтгд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “П и” ХХК ,

Хариуцагч: Амгтг,

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “П и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “П и” ХХК-ийн NE-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

2. “П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “П и” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Манай компани нь Төв аймгийн Лүн сумын нутаг ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026268 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

... Манай компани 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр АМГТГ- даргад Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэвч АМГТГ- дарга Б.Баатарцогт 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/6550 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

... Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-        т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Засаг дарга Д.Б******* Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Төв аймгийн засаг дарга Д.Б*******ын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт. 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалт” гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дахь хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны тухай хуулийн 4.2-д “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж заасан. Гэтэл энэ нь мөн л ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт бус усыг хэрхэн ашиглах тухай зохицуулалт байна. Иймд Төв аймгийн засаг даргын 55 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж заасан байдаг. Харин Төв аймгийн “санал” нь Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзахаар байхад “Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн татгалзсан нь дээрх Улсын Дээд Шүүхийн тогтоолыг зөрчиж байна.

Ийнхүү Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны 33 тоот санал нь ундэслэлгуй “дэмжихгуй” санал байна.

3. АМГТГ- даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас уидэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Мөн түүнчлэн хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2015 оны 11 сарын 6-ний өдрийн дотор Кадастрын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 сарын 22-ний өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь мөн хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн №360 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 10 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна.

Иймд АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн “П*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “П*******” ХХК-ийн NЕ-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. “П*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг АМГТГ- Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. Иймд “П*******” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““П и ” ХХК нь 2015 онд Төв аймгийн нутгаас хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу тухайн үеийн Ашигт малтмал газрын тосны газраас зураг зүйн шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг өгсөн. Төв аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/7264 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад шууданд хийсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр байсан 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээг зааж өгсөн. Мөн хуулийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй учраас саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Тус зохицуулалт нь төрийн захиргааны байгууллагад сонгох эрх олгоогүй, үүрэг болгосон зохицуулалт учраас Төв аймгийн Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эрх, үүрэг байсан гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай санал Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны 011327 гэсэн дугаартай албан бичгээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт ирсэн байдаг. Үүнээс Төв аймгийн Засаг даргаас гарсан саналын хуулийн хугацаа болох 30 хоног өнгөрсөн гэдэг нь тогтоогддог. Иймээс Ашигт малтмал газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн дарга хоцорч ирсэн саналыг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-ийг зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “Хууль дээдлэх” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг Аймгийн Засаг даргаас санал авах 30 хоног,  дотоод заавар зэргээс үзэхэд өргөдөл хүлээн авснаас хойш 35 хоногийн дараа шийдвэрлэх үүрэгтэй байсан ч 2015 оны 09 дүгээр сард хүлээн авсан өргөдлийг 2017 онд шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Ашигт малтмал газрын тосны газраас сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг ч бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуульд Сонсох ажиллагааг 20 буюу түүнээс дээш этгээд байгаа тохиолдолд нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэнэ гэсэн байдаг ч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан аж ахуй нэгж болгоны талбай аймгийн Засаг даргаас гаргасан санал болгон өөр байхад нийтээр нь сонсох ажиллагаа хийсэн гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэж байгаа сонсох ажиллагааг буруу хийсэн гэж дүгнэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчингүй болсонтой холбоотой нэхэмжлэгчийн эрх, ашиг сэргээгдэхгүй байх тохиолдлууд байгаа ч тус зүйл заалтыг хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед “П и” ХХК өргөдөл гаргаж, кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч мөн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. “П и” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх үед тус хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүхийн үндсэн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт орсон нь зөрчигдсөн эрхийг сэргээж болохгүй гэсэн үндэслэл болохгүй.  Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэх ойлголт  гэдэг зүйл байхгүй болоогүй учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бүрэн боломжтой гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэв.

Хариуцагч Амгтгас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “П и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, №-026268 тоот өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, “П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

...“П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган №-026268 дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “П и” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/7264 дугаартай албан бичгээр Төв аймгийн засаг даргад санал явуулсан. Уг саналд Төв аймгийн засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын “Т*******” гэдэг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 026268 дугаартай өргөдөл гаргасан. Тус өргөдөл албан ёсоор бүртгэгдсэн учраас Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчинтэй байсан 19 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Мөн хуулийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж заасны дагуу шүүлт хийж, 19.1.4-д “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой газар гэж үзсэн. Ингэснээр 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу мэдэгдэх бичгийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7264 дугаартай албан бичгийг Төв аймгийн Засаг даргаас санал авахаар илгээсэн. Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 011327 дугаартай “тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн. Төв аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирсэн учраас өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын  Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 “11.1.16.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэр гарсан. Тус зөвшөөрлөөр “П и” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “П и” ХХК-ийн “АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “П и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “П и” ХХК-ийн NE-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“П и” ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст хандаж гаргасан “Төв аймгийн Лүн сумын нутагт ******* нэртэй 10533 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн дагуу захиргааны байгууллага нь хуульд заасан ажиллагаа хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр санал авахаар Төв аймгийн Засаг даргад  2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/7264 тоот албан бичиг-ийг хүргүүлжээ.

Төв аймгийн Засаг даргаас тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот саналаа мөн сарын16-ны өдрийн 01/1327 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт илгээсэн нь  мөн сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт хүргэгджээ.

Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргаас “Дэмжихгүй” санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр 22 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсний нэгд нэхэмжлэгч “П и” ХХК байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Дэмжихгүй” санал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан хугацаанд ирээгүй байхад хариуцагчаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус бөгөөд маргаан бүхий 444 дүгээр шийдвэрийг гаргахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, хууль өөрчлөгдсөн тохиолдолд бидний өргөдөл хүчин төгөлдөрт тооцогдож тусгай зөвшөөрөл авах эрх үүснэ” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 20 болон түүнээс дээш тооны оролцогчийг сонсох журмын дагуу явуулсан бөгөөд аймгийн Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй саналд үндэслэсэн тул хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д  “Аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.4-т “Засаг дарга хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр, 19.6-д “дэмжсэн санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус зохицуулсан, Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд “Аймгийн Засаг дарга нь ... татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль/2002/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “...ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч... шийдвэрлэх” заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох аймгийн Засаг даргаас,

- хууль зүйн үндэслэлгүйгээр “Дэмжихгүй” санал ирүүлсэн,

- эсхүл хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй,

- түүнчлэн “Дэмжсэн” санал ирүүлсэн тохиолдлуудад хариуцагч захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч “П и” ХХК-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд гаргасан өргөдөлд өгөх санал, ... хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг “... 33 тоот “дэмжихгүй” саналыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0036 дугаар шийдвэрийг давж заалдах болон хянан шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрхээс үзвэл, шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон “Дэмжихгүй” саналд үндэслэж гарсан хариуцагч АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хууль бус гэж буруутгах боломжгүй байна.

Мөн Төв аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлт гаргасан талбайд огт хариу өгөөгүй биш, өгсөн байх бөгөөд уг хариу нь хуульд заасан хугацаанд хариуцагчид хүргэгдээгүй нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүргийг үүсгэхгүй, мөн уг саналын хууль зүйн үндэслэлд нөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Дэмжихгүй” санал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан хугацаанд ирээгүй байхад хариуцагчаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд сонсох ажиллагааг захиргааны актын батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох хэмээн тодорхойлж, 20 болон түүнээс дээш тооны оролцогчийг сонсох бол уг ажиллагааг олон нийтьийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж явуулж болохоор заасан байхад хариуцагч нь Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 дугаарт нийт 292 ахуйн нэгж, байгууллагад хандаж сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд тухайн байгууллагуудын хүсэлт гаргасан талбайн байршил бүгд өөр өөр байх тул хариуцагчаас “сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 20 болон түүнээс дээш тооны оролцогчийг сонсох журмын дагуу явуулсан” нь буруу байна. Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд сонсох ажиллагаа явуулж тайлбар гаргах боломжоор хангаагүй нь мөн Төв аймгийн Засаг даргын 33 тоот “Дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлийг өөрчлөхөөргүй байх тул маргаан бүхий 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн батлан гаргаснаар тус хуулийн 19 дүгээр зүйл буюу “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн зүйлийг хүчингүй болгосноор өргөдлөөр олгогдох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай гэсэн ойлголт байхгүй болсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү “...даалгах” шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хүчин төгөлдөр байх үед маргаан бүхий шийдвэр гарч мөн манай байгууллага шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хуулийг буцаан хэрэглэх замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн зорилгод нийцнэ” тайлбарлаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал нь хууль буцаан хэрэглэх ойлголтод хамаарахгүй.

Иймд маргаан бүхий актын үндэслэл болсон аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” саналыг хууль зүйн үндэслэлтэй гарсан болохыг шүүх тогтоосон байх тул АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “байхгүй” буюу  “хүчингүй болсон ” хуулийн заалт/Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6/-ын дагуу өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч “П и” ХХК-аас “АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн “П и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “П и” ХХК-ийн NE-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага гаргасан атлаа ““П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” шаардлагыг гаргаж байгаа нь хоорондоо зөрчилтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчи захиргааны байгууллагыг түүний гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус гэж буруутгаж “...тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага гаргасан атлаа “... хамгийн түрүүнд өргөдөл гаргасан... болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” гэсэн өргөдөл шийдвэрлэгдээгүй байх үеийн нөхцлийг тогтоолгохтой холбоотой шаардлагыг мөн гаргаж байгаа нь агуулгын хувьд уялдахгүй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шаардлагуудаа аль алиныг нь дэмжиж байгаа илэрхийлж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““П и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог хуулийн зохицуулалт нь өөрчлөгдөж, өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог болж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан аж ахуйн нэгж мөн гэдгийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээн тайлбарласан болно.

Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “П и” ХХК-ийн Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст хандаж гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026268 тоот “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл” нь тухайн талбай дээр хамгийн түрүүнд гаргасан өргөдөл мөн тухайд маргахгүй байна.

Улмаар АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн холбогдох заалтаар нэхэмжлэгч “П и” ХХК-ийн NE-026268 тоот “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, улмаар энэхүү маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангах шийдвэрлэсэнээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

Түүнчлэн шүүхэд маргаан хянагдаж байх явцад Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийг баталж хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохоор зохицуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “...зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог хуулийн зохицуулалт нь өөрчлөгдөж, өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог болж болзошгүй” гэсэн таамаглалд үндэслэж “... хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс “П и” ХХК-ийн “АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг баримтлан “П и” ХХК-ийн Амгтгд холбогдуулан гаргасан “АМГТГ- Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-026268 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “П и” ХХК нь Төв аймгийн Лүн сумын ******* нэртэй 10532,81га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “П и” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ