Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          П.Пүрэвсүрэн   

Улсын яллагч                                                       Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Н.Ууганцэцэг  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Нэргүйн Долгорнямд холбогдох эрүүгийн 201610010065  дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрүүл мэндийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг, 64-37  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Нэргүйн Долгорням. /РД:ЙЙ90042809/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Н.Долгорням нь  2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт Д.Энхтүвшиний өмчлөлийн 01-05 УНЕ улсын дугаартай Тоёото вангуард маркийн автомашин руу чулуу шидэж арын 2 хаалганы шилийг хагалж устган хохирогч Д.Энхтүвшинд 240 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Долгорням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Энхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр МЧ-1 дээр хоосон вагон лацдах лац дуусч гаалийн улсын байцаагч Д.Ганбатыг хил рүү 1000 ширхэг лацанд явуулсан. Тухайн үед би өөрийнхөө 01-05 УНЕ улсын дугаартай Тоёото вангуард маркийн автомашиныг Ганбатад өгч явуулсан ба  20 минутын дараа Ганбат надруу залгаад Түвшээ эгчээ би таны машины арын 2 цонхыг хагалуулаад хүнд зодуулчихлаа гэхээр нь чи хил рүү очоогүй бол цагдаа дээрээ очиж наад асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Хэнд ямар учраас, юунаас болж зодуулсан талаар огт лавлаж асуугаагүй. Тус өдөр их ачаалалтай ажилласан юм.  Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хагалуулсан шилээ солиулсан... хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй... гэжээ. /хх-ийн 09 тал/

Гэрч Г.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Замын-Үүд сумын гаалийн бүсэд ажилтай явж байгаад өөрийн төрсөн дүү Идэржавхлан, түүний эхнэр Долгорнямтай тааралдсан. Тэр хоёр бага зэрэг маргалдсан шинжтэй гаалийн байцаагч Ганбат гэх хүнийг хайж байсан ба юу болсон талаар асуухад Долгорням руу шөнө оройн цагаар залгаад Идэржавхланг хэл амаар доромжлоод байна гэсэн. Ингээд гаалийн улсын байцаагч Ганбаттай уулзахаар явж байгаад төмөр замын гармаар 01-05 УНЕ улсын дугаартай Тоёото вангуард маркийн машинтай хажуугаар зөрсөн. Тэгээд бид гурав машинтайгаа хэзээ зогсох бол гээд дагаад явж байтал каргоны хашааны ойролцоо өөрөө машинаа зогсоож доод талыг нь хараад байсан. Энэ үед  би Идэржавхланг “машиндаа түр сууж бай, айл гэр үймүүлдэг хүнтэй ах нь уулзаад ирье” гэсэн боловч араас  бууж ирээд “ чи гэр бүлтэй хүний нөхөр рүү залгаж, айл гэр үймүүлдэг хэн бэ” гээд хэрүүл маргаан үүсгэж, хоорондоо зодолдох гээд байсан. Тэнд байсан каргоны ачигч нар болиоч гээд хэл амаар өдөөд байхаар нь та нарт хамаагүй гэж хэлээд зогсож байтал Идэржавхлан Ганбатын машинд суугаад цааш хөдөлсөн. Тэгээд Долгорням бид хоёр араас нь дагаад хөдлөхөд каргоны хашаанаас хойш эргээд замын хажууд машинаа зогсоогоод хэрүүл маргаан хийж байсан. Тэгсэн Ганбат гэх залуу нь Идэржавхланг чи Долгорнямыг дуудчих хэн нь хэнийгээ сонгохыг харъя, хэрвээ чамайг сонговол би чамд өгөөд явуулъя, үгүй бол би аваад явъя, ер нь чамд гэрлэлтийн баталгаа, хүүхэд гэж байгаа юм уу гэсэн утгатай зүйл яриад хүний дургүй хүргэсэн. Үүнийг сонсоод Идэржавхлан Ганбатын нүүрийг хальт мөргөөд нэг удаа алгадсан чинь хамраас нь цус гарсан. Тэгэхээр нь би Ганбатыг машиндаа суугаад яв гэж хэлээд Идэржавхланг холдуулж машинд суулгасан. Гэтэл Долгорням газраас чулуу аваад Ганбатын машин руу чулуу шидтэл арын 2 цонх нь хагарсан… гэжээ. /хх-ийн 16-17 тал/

Гэрч Д.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Идэржавхланд нүүрлүүгээ мөргүүлж, жолоодож явсан машиныхаа арын цонхыг хагалуулсан. Сүүлд сонсоход Долгорням уурандаа газраас чулуу аваад шидсэн гэж байсан.... Идэржавланд мөргүүлсэн асуудалд ямар нэг гомдол санал байхгүй. Энхтүвшин эгчийн машиныг жолоодож яваад шилийг нь хагалуулсанд гомдолтой байсан юм. Одоо Идэржавхлан, Долгорнямтай учир зүйгээ олсон. Би өөрөө гэр бүлтэй учир дахин сөхөж ярьмааргүй байна… гэжээ. /хх-ийн 20 тал/

  • Гэрч Г.Идэржавхлангийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/
  • Гэрч Г.Отгонсүхийн мэдүүлэг /хх-ийн 26 тал/

-    Гэрч Э.Хурцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27 тал/

-     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 тал/  зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Долгорням нь  2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт Д.Энхтүвшиний өмчлөлийн 01-05 УНЕ улсын дугаартай Тоёото вангуард маркийн автомашин руу чулуу шидэж арын 2 хаалганы шилийг хагалж устган хохирогч Д.Энхтүвшинд 240 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Долгорнямыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Нэргүйн Долгорнямыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Долгорнямыг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Долгорнямд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Долгорнямд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Долгорням нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Долгорнямд авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ