Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2068

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн АС77081809 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 3-88б тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Болорчулууны хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Аюух овогт Цэрэнсодномын Цэрэнтогтохыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Лхагвасүрэнгийн Болорчулуун нь Ц.Цэрэнтогтохтой 1998 онд танилцаад 2001 оны 12-р сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2000 оны 09-р сарын 15-ны өдөр том хүү Ц.Өсөхбаяр /РД:АС00291513/, 2004 оны 03-р сарын 15-ны өдөр дунд хүү Ц.Өсөхжаргал /РД:УК04231539/, 2015 оны 06-р сарын 15-ны өдөр бага охин Ц.Номин-Эрдэнэ /РД:АС15261507/ тус тус мэндэлсэн. Гэвч Ц.Цэрэнтогтох нь архи их уух болж, архи уух болгондоо зодох болсон боловч миний бие 3 хүүхдээ бодон чимээгүй амьдарч ирсэн. Ц.Цэрэнтогтох нь 2007 оноос эхлэн 115-р сургуулийн англи хэлний багш Отгончимэгтэй хамт хэсэг хугацаанд амьдарч 2009 онд жирэмсэн төрөх дөхөж байхад салаад үр хүүхдээ гээд буцаж над дээр ирсэн. Тэр үед би 43-р цэцэрлэгт нярав хийдэг байсан бөгөөд 2 хүүхдээ аваад нөхрөө дагаад хөдөө гарч амьдарсан. Энэ үеэс л байнгын дарамттай ямар нэгэн байдлаар хэрүүл нэхэж улмаар зодох болсон. 2014 онд нөхрийн найз Б.Золжаргал түүний эхнэр И.Чанцалдулам нартай хамт Хөвсгөл явсан. Энэ үеэс л И.Чанцалдулам гэгчтэй уулзах болсон. 2016 оны 04-р сарын 11-ны өдөр Б.Золжаргал энэ талаар мэдээд эхнэр И.Чанцалдуламаас сална гээд хот явсан. Ц.Цэрэнтогтох ч ойр ойрхон хот явах болж малаа зарж эхэлсэн. Мал зарсан мөнгөө өөрийн төрсөн дүү Батдуламын дансанд хийх болсон.

Ийм хүнд байдалд орсон би 2016 оны 07-р сарын 28-ны өдөр хотод ээж дээрээ ирж амьдрах болсон. Нутгийн хүнээс сонсоход Ц.Цэрэнтогтох, И.Чанцалдулам 2 хамт амьдарч байгаа гэсэн. Хүүхдийн тэтгэлэгээс зугтааж, эцэг эх, эгч дүүтэйгээ хаягаа нууж утасны дугаараа солиод холбогдох боломжгүй болсон.

Иймд гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэлэгийн нэхэмжпэл гаргахад иргэн Ц.Цэрэнтогтохын хаяг тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Болорчулуун нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Цэрэнтогтохын оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

            Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар Ц.Цэрэнтогтох нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 3 гудамж 88 тоотод оршин суудаг бүртгэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Цэрэнтогтохыг эрэн сурвалжилж, оршин суух хаягыг тогтоолгох тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.Цэрэнтогтох нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 3 гудамж 88  тоот хаягт оршин суух бүртгэлтэй, тэрээр  95798348 89288348 дугаарын утастай болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн АС78090216 регистрийн дугаартай Аюух овогт Цэрэнсодномын Цэрэнтогтохыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Цэрэнтогтохыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Л.Болорчулууны өмгөөлөгч Л.Золзаяа /80007997, 89134996/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЭНХЖАРГАЛ