Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1859

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01859

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах “Голомт банк” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001014, регистрийн дугаар 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 45 байр 217 тоотод оршин суух Жалайр овогт Туяабаатарын Мөнгөнбаатар /РД:ДП85061318/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,310,771.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Голомт банк нь Туяабаатар овогтой Мөнгөнбаатарт 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ3005100138 тоот Зээл болон барьцааны гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ3005100138 тоот зээл болон барьцааны гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч Т.Мөнгөнбаатар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 695 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 8,675,559 төгрөг, үндсэн хүү 3,988,345.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 646,866.03 төгрөг нийт 13,310,771.62 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Туяабаатар овогтой Мөнгөнбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,310,771.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч зээл төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа- “Б.Мөнгөнбаатар би Голомт банкнаас нэхэмжилсэн 13,310,771.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрхи төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 2,700,000 төгрөг төлөх замаар нийт 5 сарын хугацаанд бүрэн барагдуулж дуусна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Т.Мөнгөнбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,310,771.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Мөнгөнбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,310,771.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,310,771.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 2,700,000 төгрөг төлөх замаар нийт 5 сарын хугацаанд бүрэн барагдуулах тухай хүсэлтийг ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тухай тайлбар өгсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Голомт банк” ХХК нь хариуцагч Т.Мөнгөнбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,310,771.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,310,771.62 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 2,700,000 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Т.Мөнгөнбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,504 төгрөгнөөс 112,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 112,252 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Т.Мөнгөнбаатараас 112,252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР