Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэртэй, Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд /одоо Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс болсон/ нийгмийн ажилтнаар орж ажилласан. Ажил олгогчоос тус хэлтсийн нийгмийн ажилтны албан тушаал байхгүй болсон тул ажлаас халах тухай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Энэ тушаалд дурдсанаар тухайн хэлтсийн шинээр батлагдсан бүтцээр нийгмийн ажилтны орон тоо хасагдсан гэх боловч бодит байдалд ажлын байрны чиг үүрийг өөрөөр нэрлэсэн албан тушаалд хэвээр хадгалж үлдээн өөр хүнийг авсан.

Хуучин бүтцээр 11 орон тоотой байсныг шинэчлэгдсэн бүтцээр 15 болгон нэмэгдүүлснээс үзэхэд нийгмийн ажилтны ажлын байрны орон тоо хасагдах бус харин ажлын байрны нэрийг өөрчилсөн төдийгөөр намайг халж, өөр хүнийг ажилд авах зорилготой нь тодорхой харагдаж байна. Ажил олгогч ажлаас халах тухай мэдэгдлийг танилцуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх” журмыг зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 19-нд танилцуулж, 29 хоногийн дараа тушаалыг гаргасан.

Дээрх үндэслэлүүдээр ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр хууль зөрчиж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин олговор гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэс Б.Жаргалсайхантай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/832 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-ын бүтэц, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэлтэс албадын бүтэц орон тоог баталсны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 тоот Засаг даргын захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц орон тоог баталсан.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нь хэлтсийн зохион байгуулалтад орж бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоо хасагдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажил олгогч мөн хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх гэснийг зөрчөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулж, 02 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлсөн. Байгууллага хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй, орон тоо хасагдсан тул ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Жаргалсайханыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 980 512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жаргалсайханд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 638 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Б.Жаргалсайханыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн орон тооны ажилтан гэж дүгнэсэн. Гэтэл 2013-2017 оны хооронд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус төв байгуулагдсан. Энэ нь НҮБ-ийн Хүн амын сан, тус яамтай хамтран ажиллах санамж бичиг, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдоно. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст өмнө нь болон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/11 дүгээр захирамжаар баталсан бүтцэд нийгмийн ажилтны орон тоо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санааачлагаар ажлаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон.

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах төсөл хэрэгжиж, ажилд эгүүлэн авахыг хэлсэн боловч тухайн үед Б.Жаргалсайхан Солонгос улсад ажиллаж байсан тул буцаан авах боломжгүй болсон. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа зогсож санхүүжилтгүй байх үеийн цалинг эргүүлж авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх байдлыг дүгнэвэл шүүх хэргийг тал бүрээс нь шүүгээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар нийгмийн ажилтан Б.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамжид үндэслэжээ. /хх 4/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан байдаг. Үүнээс үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд дээрх үндэслэл тогтоогдсон байх учиртай.

Хэргийн баримтаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Залуучуудын хөгжил 2013-2017” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон төвд харъяалуулж үйл ажиллагаа  явуулж байсан боловч 2017 оноос уг төслийн санхүүжилт зогссонтой холбоотойгоор  тухайн байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 тоот захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц 11 орон тоотой байсныг 15 болгон баталсан байна. /хх 46-70/

Ийнхүү тус хэлтсийн зохицуулагч, нийгмийн ажилтан нарын орон тоог харъяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтцэд оруулж, цалинг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхийг Засгийн гарын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус дүүргийн Засаг даргад 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 01/10 тоот албан бичиг хүргүүлснийг үндэслэжээ. /хх 44-45/

Түүнчлэн дээрх төсөл, хөтөлбөр 2018 оны 6 сар хүртэл үргэлжлэх болсон нь хэрэгт авагдсан холбогдох байгууллагын албан бичгүүдээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 37-38/

Нэхэмжлэгч Б.Жаргалсайханы хувьд Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/8 дугаартай тушаалаар Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар 4 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. /хх 5-9/

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн ажлын байр буюу нийгмийн ажилтан гэх орон тоо шинэ бүтцээр батлагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

           

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА