Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2017 2601 0926 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б.М, 1992 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. /РД:УХ/,

 

Б.М- нь давтан үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны хойд талд байрлуулж тавьсан Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай, “...” загварын суудлын автомашины ... ширхэг дугуйг хулгайлж бусдад ... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэм хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.М-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-д энэ тогтоолоор оногуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М-гийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.М-гөөс 300.000 төгрөг гаргуулж Б.Даваабаатарт олгож, Б.М-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.М-гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь:

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял болон намайг шүүгдэгчээр татсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хулгайд алдагдсан гэх автомашины 4 дугуйг хулгайлж аваагүй, худалдаж авсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн бөгөөд автомашины 4 дугуйг Мөнхболд гэх хүнээс худалдаж авсан болохоо мэдүүлсэн. Уг хүнийг олох боломжтой. Мөн Мөнхболдын цахим мэдээлэл миний цахим хаяг дотор байдаг бөгөөд тэндээс уг хүний овог болон утасны дугаарыг авах боломжтой.

Гэвч эдгээрийг харгалзан үзэлгүй шүүхээс надад ял оногдуулсанд гомдолтой байна ...” гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн “...бүлэглэн, автомашин механизм ашиглан бусдын эд зүйлийг хулгайлан авсан ...” гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Б.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Гэтэл Б.М- нь дээрх гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө, хохирогч Б.Батбилэгийн эзэмшлийн автомашины дугуйг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг “давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Б.М-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн болох “давтан” гэх шинжийг халсан байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүй шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Энэ нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус хуульчилсан тул Б.М-гийн үйлдэлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлэвэл зохино.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ