Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0062/Э |
Дугаар | 63 |
Огноо | 2016-06-15 |
Зүйл хэсэг | 153.1., 181.2.1, |
Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Болор
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг
оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чанаг овогт Зоноровын Ганбаатарт холбогдох эрүүгийн 201610010041 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Замчин мэргэжилтэй, Замын 4 дүгээр ангид замчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Ган замын 13-05 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чанаг овогт Зоноровын Ганбаатар / РД:ЕЦ70092671/
Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч З.Ганбаатар нь архи ууж согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Э.Тулгын жолоодож явсан 96-47 УБҮ улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашин руу чулуу шидэж копуд, багажны таг, урд крыло зэргийг хонхойлгож гэмтээн 590 000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Тулгыг машин руу чулуу шидлээ гэж хэлсний улмаас нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн үед би архи уусан байсан. 17 цагийн үед бие засах гэж явж байгаад ийм асуудал гаргасан. Энэ хэрэг миний буруутай үйлдлээс болж гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Э.Тулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед цайны цагаар гэртээ харих замдаа хүнсний дэлгүүрийн үүдэнд Гантулга гэх манай компаний гэрээт харуул хамгаалалтын даргатай тааралдахад намайг хөдөө яваад өг бензинийг нь хийж өгнө гэхээр нь би гэртээ орж цайгаа уучихаад 15 цагийн үед Гантулгатай 96-47 УБҮ улсын дугаартай приус-10 маркийн мавтомашинтай хөдөө явах гээд үсчний ойролцоо зогсож Мөнхбат гэх хүнийг хонь авах айлынхаа газрыг заалгах гээд үсчний зүүн талын байрнаас аваад машинтайгаа эргээд явахад миний машины урд тал руу болон жолоочийн талын хаалга руу тар няр гэж дуугарахаар нь би машинаа зогсоогоод бууж эргэн тойрноо хартал үл таних хүн чулуу бариад зогсож байхаар нь та яаж байна гэж асуухад уг залуу муу сайн пиздаануудыг ална гээд гүйж ирээд миний жолооч талын крыро хэсгийн дээд тал, бензиний тагны ард тал руу өшиглөхөөр нь би боль яаж байгаа юм гэхэд миний машины багаажны тагийг чулуутай гараараа хонхойлгосон бөгөөд эргэж хараад миний нүүрэн тус газар мөргөж унагаасан. Тухайн үед З.Ганбаатарын гарт чулуу байсан. Тэгээд намайг босож ирэхэд миний зүүн хацар болон уруулнаас цус гоожоод байхаар нь би цасаар угаасан. Миний хацаранд Ганбаатар гартаа барьж байсан чулуугаараа гэмтэл учруулсан. Ганбаатар намайг мөргөчихөөд ертөнцийн зүгээр баруун урагшаа явж нэг байшин руу орсон. Тэгээд би цусаа тогтоочихоод хэсгийн төлөөлөгчдөө очиж мэдэгдээд цэвэрлүүлэхээр нэгдсэн эмнэлэг ороход хацар дээрх шарханд оёдол тавиулах шаардлагатай гээд оёдол тавиулсан. ...Миний тээврийн хэрэгслийн багажны таг хонхойсон мөн жолооч талын ард талын гуперийн дээд тал цөмөрсөн тул засвар үйлчилгээ хийх болсон. Нийт зардал нь 700 000 төгрөг болсон. Эмчилгээний зардал гэж мөнгө аваагүй. Ганбаатартаас хохирлын мөнгө гээд бензины зардалтайгаа нийлээд 800 000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэв./хх-ийн 11-13 тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: уг машин миний нэр дээр байдаг. Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би машиныхаа эвдэрсэн зүйлийг буруутай этгээдээр засаж янзлуулсан. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэв /хх-ийн 14 тал/
Гэрч А.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс Өргөн сумын төв дээр ирээд байж байсан... Э.Тулга машинаа унаад дөнгөж хөдлөж байхад төмөр замд ажилладаг Ганбаатар нилээн согтуу байдалтай машины хажуугаар өнгөрөх шиг болоод машины хойд талд түс хийх чимээ гарсан. Тэгсэн чинь Э.Тулга машинаа зогсоогоод машинаас бууж Ганбаатартай маргалдах шиг болоод нэг их удалгүй машинд орж ирэхдээ уруул, нүүр нь цус болчихсон байсан... гэв. /хх-ийн 17-18 тал/
Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед ажилтан Тулга бид 2 хөдөө ямаа олж ирэхээр явсан. ... Тулгын өөрийнх нь машин болох 96-47 УБҮ дугаарын Тоёото приус маркийн машинтай төмөр замын байран дундуур орж гардаг зам дээгүүр явж байсан. Тэр гудам буюу зам дагуу хоёр согтуу хүн алхаж явсан. Өндөр нь 175-178 см, хар залуу байсан. 45 орчим насны залуу байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Хажуугаар нь зөрөөд явах гэтэл чулуу аваад машин руу шидэж машины арын гупер, хонхойлгоод хагалсан. Тэгсэн жолооч Тулга бууж очоод юу болов оо яаж байнаа гэсэн чинь үг хэлэхийн зөрүүгүй урдаас нь мөргөсөн. Тулга машинаа налж унаад дахиад яваад очтол баруун гараараа толгойн тус газар шанаа руу нь зохисон. Тэгээд би өөрөө очиж салгаад бид хоёр машиндаа суугаад явсан... гэв. /хх-ийн 24-25 тал/
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Чанаг овогт Зоноровын Ганбаатар нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Э.Тулгын жолоодож явсан 96-47 УБҮ улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашин руу чулуу шидэж копуд, багажны таг, урд крыло зэргийг хонхойлгож гэмтээн 590 000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Тулгыг машин руу чулуу шидлээ гэж хэлсний улмаас нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч З.Ганбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийн санаатайгаар устгсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чанаг овогт Зоноровын Ганбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч З.Ганбаатарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганбаатарт оногдуулсан 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ганбаатарт оногдуулсан 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шүүгдэгч З.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ