Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 057

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй СЗХнд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Т” ХК,

Хариуцагч: СЗХ,

            Нэхэмжлэлийн шаардлага: “СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Р.Ц, гуравдагч этгээд Э.Б, С.Ц, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ө.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХК-ийн захирал Д.Цоос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Компанийн тухай хуулийг Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн компаниуд дагаж мөрддөг.

Компанийн тухай хуульд заагдсанаар компани тус хуулийг зөрчвөл торгуулийн арга хэмжээ авч болохоор заасан байх ба компанийн энэ хурал хүчингүй тэр хурал нь хүчинтэй гэх мэт компанийн дотоод асуудалд оролцох эрх захиргааны байгууллагад олгогдоогүй байгаа нь өөрт олгогдоогүй эрхийг СЗХ эдэлсэн гэж үзэж байна.

СЗХны 2017 оны 12 дугаар сарын  01-ний өдрийн 9/3513 тоот Мэдэгдэлд тус компанийн гүйцэтгэх удирдлага Д.Ц намайг илтэд гүтгэж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр холбогдоод Төлөөлөн удирдан зөвлөл хуралдсан эсэх талаар “тодорхой” хариу өгөөгүй арга хэмжээ аваагүй учраас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 9/1056 тоот мэдэгдэл хүргүүлсэн гэж бичжээ.

Миний бие компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг биелүүлэх үүрэгтэй бөгөөд надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй байж 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 9/1056 тоот тоот мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа “Т” ХК-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч нарын эрх ашигт хохиролтой худал мэдээлэл юм.

Энэхүү мэдэгдэл нь СЗХ нь “Т” ХК-ийн 18.49%-ийн хувьцаа эзэмшигч Э.Б, 8.8%-ийн хувьцаа эзэмшигч С.Ц нарт илтэд үйлчилсэн төрийн байгууллагад байх ёсгүй зарчимгүй үйлдэл гэж үзэж байна. Энэ ч утгаараа нэхэмжлэл гаргаж шүүхээр эрхээ хамгаалуулах нөхцөл байдал үүссэн болно.

“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт хохиролтой, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хууль бусаар хуралдсан “Т” ХК-ийн 28%-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцсон СЗХны 2017 оны 12 дугаар 01-ний өдрийн 9/3514 албан тоот нь “Т” ХК-ийн бусад 78%-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой хохироосон ...

...“Т” ХК-ийн ээлжит хурал 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хуралдсан бөгөөд энэ хурал нь хуульд нийцсэн болно. Гэтэл СЗХ нь 2017 оны 12 дугаар 01-ний өдрийн 9/3513 албан тоотоор хуульд нийцэж хуралдсан “Т” ХК-ийн ээлжит хурлыг хүчингүй болгосныг 7 сарын дараа мэдэгдэж байгаа үйлдэл өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Улмаар Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д “дахин хуралдах товыг Төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн 18.49 % буюу 24.420 ширхэг хувьцаа эзэмшигч Э.Б 8.8% буюу 10807 ширхэг С.Ц нарын хууль зөрчсөн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчинтэйд тооцож нэг талд үйлчилсэн ашиг сонирхлын зөрчилтэй. хууль бус шийдвэрийг СЗХ гаргах эрхгүй гэж үзэж байна.

Мөн “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан шинэ болон хуучин дүрмүүдэд хойшлогдсон хурал 40%-иас дээш хувиар хуралдах гэсэн заалтыг зөрчсөн хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нарын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон СЗХны шийдвэр иь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.

Иймд СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан. Тус хурлаар Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргасан. СЗХ, Хөрөнгийн биржид 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хурлаас гарсан шийдвэрийг хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, нийт хувьцаа эзэмшигчдийн 62.67 хувь нь оролцон хурал хүчин төгөлдөр болсон. Гэтэл СЗХноос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаар албан тоотоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөр бусад тооцсон тухай мэдэгдсэн.

... 9/3513 дугаар албан тоотыг СЗХны хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга н.Ариунаа гаргасан байдаг. Тус акт нь хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй.

... Э.Б болон С.Ц нарын гаргасан саналд хариу ирүүлээгүй гэх үндэслэлийн тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар болон Төлөөлөн Удирдах Зөвлөл, тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүн /компанийн дүрэмд хурлаар хэлэлцэхээр заасан бол/-ий талаарх саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргаж болно” гэж заасан байдаг.

... 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн жил дуусна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санхүүгийн жилийг тооцоод 03 дугаар сарын 01-ний өдөр 60 хоногийн хугацаа дууссан. 60 хоногийн хугацаанд багтааж Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан саналыг гаргахдаа зөвхөн бичгээр гаргана гэж заасан байдаг. Тус саналыг бидэнд бичгээр ирүүлээгүй учир энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бичгээр ирүүлсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа.

СЗХноос тухайн актыг гаргахдаа “Т” ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн байдаг. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт “...хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаснаас хойш 3 хоногийн дотор хурал зарлагч этгээд нь энэхүү журмын 1 дүгээр хавсралт болох хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлийг СЗХ болон Хөрөнгийн биржид тус тус хүргүүлнэ” гэж заасан байдаг. “Т” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдуулахаар шийдвэр гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан өдөр нь 02 дугаар сарын 24-ний өдөр буюу Баасан гариг байсан. 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Сар шинийн баяр тохиосон. 03 дугаар сарын 01-ний өдөр Сар шинийн 3-ны өдөр таарсан.  03 дугаар сарын 02, 03-ны өдрүүд нь Пүрэв, Баасан гариг буюу ажлын өдөр таарсан. 03 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын 3 дахь өдөр дээрээ бид Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээ холбогдох материалуудын хамт СЗХ болон Хөрөнгийн биржид хүргүүлсэн.

СЗХны зүгээс манай компанийг журам зөрчсөн гэж үздэг. Тус журамд ажлын 3 хоног гэж заагаагүй, хуанлийн 3 хоног гэж заасан гэж тайлбарладаг. Хэрэв тус журамд хороо 3 хоногийг баримтална гэж үзэж байгаа бол тухайн журам нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулах шаардлага гарна. Шүүхийн журмаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авахуулсан. Мөн өөрсдийн зүгээс лавлагааг авсан. Лавлагааны дагуу Хууль зүй дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын бүртгэлд тухайн журам бүртгэгдээгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу “хэм хэмжээний актыг бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв бүртгүүлээгүй бол тухайн хэм хэмжээний актыг үндэслэж хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй болохыг” заасан байдаг.

Тус журмаар манай компанид хариуцлага ногдуулсан учир бид тухайн журмын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Татгалзсан шалтгаан нь тухайн журам нь өөрөө эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, үр дагавар үүсгэхгүй, хүчин төгөлдөр болоогүй журмыг хүчингүй болгуулахаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн. Бид Захиргааны хэргийн дээд шатны шүүхэд гомдол гаргахад давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “...Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ, 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл СЗХ тус журмыг үндэслэж хариуцлага хүлээлгэсэн. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн байдаг.

СЗХ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаар акт нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт болсон талаар би дурдсан. Энэ нь яаж нотлогдож байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны ерөнхий зарчим байдаг.

Гэтэл тухайн актыг гаргахдаа бидэнд мэдэгдээгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасан байдаг. Захиргааны шийдвэр гаргахдаа манайхыг татан оролцуулах үүрэгтэй байсан боловч татан оролцуулаагүй. Татан оролцуулаагүй явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах” гэж заасан байдаг. Бид энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. ... Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчоос сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна.

9/3513 захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах актын шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт ...Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн байдаг. Тус актад хууль зүйн үндэслэлийг заагаагүй. 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт “...Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг ханган гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн шаардлагыг мөн хангаагүй. Бид хэнд хандаж гомдлоо гаргах нь тодорхойгүй байсан.

Мөн хуулийн 40.3 дахь хэсэгт “...Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага, захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсэн бичгийн шаардлагыг тогтоосон байдаг. Гэтэл тус акт бичгийн шаардлагыг огт хангаагүй. СЗХнд Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрх олгогдсон ямар зүйл заалт байгааг тусгах ёстой байсан. Тус акт нь илт хууль бус актын шинжийг агуулж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; бол илт хууль бус захиргааны актад тооцно гэж заасан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр СЗХны 9/3513 дугаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тус актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Бд СЗХноос 9/3514 дугаар албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тус албан бичиг нь актын шинжийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заагдсан гадагш чиглэсэн, үр дагавар үүсгэхээр шинжтэй акт байдаг.

Тус албан бичгийг үндэслээд Э.Б гэгч нь “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулж явдаг. Дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар хуульд заасан шаардлагыг хангаад өнөөдөр Захиргааны хэрэг үүсгээд хянагдаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хуралд оролцоогүй Э.Б, С.Ц нар нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаад, тухайн хурлаар Компанийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлах, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан боловч 30.96 хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заагдсан 50 хувьд ирц хүрээгүй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хойшилсон хурлыг хуралдуулахаар товлосон байдаг. Хойшилсон хуралд Компанийн саналын эрхтэй хувьцааны  30.96 хувийг эзэмшигчид хуралд оролцсон ба тухайн хурлаар тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. СЗХноос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9/3514 албан бичгээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан “Т” ХК-ийн ээлжит бус хойшилсон хурлыг хүчин төгөлдөрт тооцлоо гэж мэдэгдсэн байдаг.

Хойшилсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг бид үзээгүй. Энэ талаар 62.27 хувийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй. Тус албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулж байгаа. Захиргааны акт гаргах холбогдох заалтыг зөрчсөн. Тус албан бичгээр үр дагавар үүсээд өнөөдрийн маргааны үндэслэл болж байна.

...Ногдол ашиг авч чадахгүй байна гээд маргадаг. н.******* гуай гуравдагч этгээдүүдэд “та нар өөрсдийн 30 хувиа тусгаарлаад ав. Хурал зарлахаар ирэхгүй байж цагдаагийн байгууллагаар шалгуулаад зөндөө асуудал үүслээ. Хашаан дотор байгаа объектын аль хэсгийг авах юм. Тусгаарлаад ав” гэж санал тавьсан боловч Э.Б, С.Ц нар ирэхгүй байгаа.

Дийлэнх олонх хувьцаа эзэмшигч нар хууль тогтоомжид нийцүүлээд хурлаа зарлаад явж байгаа. СЗХнд 2017 оны 04 дүгээр сарын хурлын талаарх материалаа хүргүүлсэн. Улсын байцаагчийн эрх нь СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт зааснаар “ хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах л эрхтэй юм байна. Дийлэнх олонх хувьцаа эзэмшигчдийг хурлаа хуульд нийцүүлж хийгээгүй гээд хурлаас гарсан шийдвэрүүдийг нь хүчингүй болгох эрх байхгүй. 04 дүгээр сард хурал хийгээд 05 дугаар сард холбогдох материалаа хүргүүлчхээд байхад тэр үед нь хүчингүй болгосон талаараа нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй байсан. Төрийн байгууллага урьдаас нэг талд үйлчилсэн шийдвэр гаргаад тэр талаараа шүүх дээр ингэж тайлбарлаж байсан талаар би мэдэхгүй байна.

Бид 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлыг хуульд нийцүүлж явуулсан гээд Төлөөлөн Удирдах Зөвлөл хуулийн дагуу ажлаа хийж байгаа. Өмнөх хурлыг хүчингүй болсон талаар шийдвэр гараагүй байхад 10 дугаар сард болсон хуралд бид оролцох шаардлага байгаагүй. 2 тал нэг нэгнийхээ зарласан хуралд оролцдоггүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байна. Цөөнхийн хувьцаа эзэмшигчид хуралдаа өөрсдөө ирж оролцдоггүй. Уг нь хуралд оролцоод Компанийн дүрэмд заасан 40 хувийн талаарх саналаа хэлээд, бидний эрх, ашгийг зөрчиж байна гээд маргаад явах ёстой байсан.

СЗХ жижиг хувьцаа эзэмшигч нарын эрх, ашгийг хамгаална гэж байгаатай маргахгүй. Гэхдээ хувьцааны ногдол ашгаа авъя гэж байгаа бол иргэний журмаар явна. СЗХ бид тэгш байдлыг хангах гээд явж байна. Жижиг хувьцаа эзэмшигч нар хохироод байна гээд ярьж байна. Хэрэв ийм асуудал байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэлээ гаргаад иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй. Өнөөдрийн маргааны гол асуудал болоод байгаа том, жижиг хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан бол Иргэний хэргийн шүүхийн маргаан гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

Актын шинжтэй 2 албан бичгийг хэзээ, хэнд хүргүүлсэн гэдэгт шүүх анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Т ХК-ийн хувьцаа эзэмшигч Батхүүд, нөгөөх нь Т ХК-ийн захирал Д.Цид гэж байгаа. Д.Цид тус албан бичгийг хүргүүлсэн учир Д.Ц 62.27 хувийн хувьцаа эзэмшигч нарт энэ байдлыг танилцуулсан. Нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн зүгээс тухайн албан бичиг нь бидний хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус 2 акт хууль зөрчиж гарсан нь шүүх хуралдааны нотлох баримт судлах явцад тогтоогдож байна. Хэм хэмжээний акт хуульд нийцсэн байх ёстой. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар СЗХ “Хувьцаа эзэмшигчдийн зар хүргэх журмыг” хуульд нийцүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Тус үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдөр “Т” ХК-ийн дийлэнх олонх хувьцаа эзэмшигч нар хохирох ёсгүй. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “хэм хэмжээний актыг Улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс болж иргэн, хуулийн этгээд хариуцлага хүлээхгүй” гэж заасан байдаг. СЗХ журмаа бүртгүүлээгүй байж, “Т” ХК-ийн ээлжит хурлыг 9 хоног хэтрүүллээ гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байхгүй.

2012 онд мөрдөгдөж байсан Засгийн газрын 119 дүгээр тогтоол, журам гээд шийдвэрийн үндэслэлдээ дурдаж байсан. Дээрх журам, тогтоол нь үндэслэл болохгүй. Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг мөчөөс эхэлж дүрэм, журмаа тус хуульд нийцүүлж батлах ёстой байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Төрийн байгууллага хууль дээдлэх үүрэгтэй” болохыг дурдсан байдаг. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж 244 дүгээр журмаа бүртгүүлчихээд дараа нь “Т” ХК-ийн ээлжит хурлыг хүчингүйд тооцсон бол бид өнөөдөр маргахгүй байсан.

Хэм хэмжээний акт нь хуульд нийцээгүй. Хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “:::тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бусад тооцно гэж заасан байдаг. СЗХны хянан шалгагч Улсын байцаагчийн эрхтэй этгээдүүд ямар эрх хэмжээний хүрээнд акт гаргадаг болохыг судлахад тийм эрх хэмжээний хүрээнд тэр гэдэг албан тушаалтан гаргасан гэсэн энэхүү актыг гаргасан этгээд нь тодорхой бус байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол илт хууль бус захиргааны актад тооцно. “Т” ХК-ийн хуулийн дагуу байгуулагдсан Төлөөлөн Удирдах Зөвлөл, түүнээс томилогдсон захирал нар СЗХноос гаргасан энэ 2 актаас болж эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан эрх нь зөрчигдсөнөөс болоод өнөөдөр “Т” ХК 2 удирдлагатай байна. 1 нь СЗХны албан бичгийг үндэслээд манай хурал хүчинтэй болсон учир би захирал гээд тамга тэмдгийг авна гээд явж байна. Нөгөө 1 нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдэг зарчмаар өнөөдрийг хүртэл захирлаар ажилласан Д.Ц юм.

Иймээс СЗХноос гаргасан тус 2 актыг хүчингүй болгож, “Т” ХК, түүний Төлөөлөн Удирдах Зөвлөл, хууль ёсны хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Р.Ц нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цоос 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд СЗХ /цаашид “Хороо” гэх/-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

СЗХны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хороо нь холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын буюу хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Хороо хувьцаат компанийн үйл ажиллагаанд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавьдаг ба Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг батлан мөрдүүлдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр асуудал болох “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тухайд: Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

“Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд уг хурлын мэдэгдлийг Хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн нь Хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын 2.8-д “Хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргаснаас хойш 3 хоногийн дотор хурал зарлагч этгээд нь энэхүү журмын нэгдүгээр хавсралт болох “Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл”-ийг Хороо болон хөрөнгийн биржид тус тус хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж 9 хоног хоцроож ирүүлсэн.

Мөн “Т” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 18.49 хувь буюу 24,420 ширхэг хувьцааг эзэмшигч Э.Б, 8.8 хувь буюу 10,807 ширхэг хувьцааг эзэмшигч С.Ц нарын тус Хороонд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ... хурал зарласан шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн өргөдөл гомдлыг гаргаж байна гэсэн гомдлын дагуу тус Хорооноос 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт компанийн гүйцэтгэх захирал Д.Ц, гомдол гаргагч, хувьцаа эзэмшигч С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаатар нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дүнд гүйцэтгэх захирал Д.Ц төлөөлөн удирдах зөвлөлд гомдлын талаар танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд өгсөн саналд хариу өгөх эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг журмын дагуу дахин зарлах эсэх асуудлаар хариу мэдэгдэхээр тохиролцсон.

Гүйцэтгэх захирал Д.Цтой 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр холбогдоход төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан эсэх, хэзээ хариу мэдэгдэх талаар тодорхой хариулт өгөөгүй учраас тус Хорооноос 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 9/1029 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэвч тус албан бичгийн дагуу хариу тайлбарыг ирүүлээгүй төдийгүй “Т” ХК- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар тогтоол болон хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл нь хууль, журам зөрчсөнийг үл харгалзан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д ''Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх” гэж заасныг дахин зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал ирүүлсэн.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32017/6902 дугаар “... “Т” ХК нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хуулийн хугацаанаас ажлын 20 хоног хоцроож тус Хороонд ирүүлсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтыг зөрчсөн тул Компанийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөр торгосон...СЗХны ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 000057382 /19 индекстэй/ дугаар бүхий шийтгэврийн хуудсыг албадан гүйцэтгүүлсүгэй...” гэсэн захирамж гарсан.

Дээрх зөрчлүүдийг тус тус үндэслэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсныг Хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаар асуудал болох “Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тухайд: Дээр дурдсанчлан “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болсон тул тус компанийн хувьцаа эзэмшигч Э.Б Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийхээр зарласан мэдэгдлийг Хороо хүлээн авсан.

Тус ээлжит бус хурал Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ирц хүрээгүй тул хурал хуралдах өдрийг хойшлуулан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийхээр болсныг хувьцаа эзэмшигч Э.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хороонд мэдэгдсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материалыг Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт гавих журам”-ын дагуу хянаж, тус Хорооны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/3372 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хороонд ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын дутуу материалын холбогдох тайлбар, нотлох баримтуудыг хянаж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцож байгаа тухай Хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

... Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нийцүүлж, мөн СЗХны 2016 оны 244 дүгээр тогтоолоор баталсан хувьцаат компанид хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журамд заасан хурал шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 8 дугаар тогтоол нь хууль зөрчсөнийг үл харгалзаад Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байдаг. Дээрх хариуг ирүүлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд үнэт цаас гаргагч буюу хувьцаат компаниудын биелүүлэх нийтлэг үүргийг тусгасан байдаг. Тус хуулийн 20 Дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор СЗХ, Хөрөнгийн биржид хүргүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан хурлын шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байдаг. Энэ үйлдлийг "Т" ХК удаа дараа гаргаж байгаа. 2016 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг ажлын 20 хоног хоцроож ирүүлсэн учир СЗХноос торгууль ногдуулсан байдаг. Тус торгуулийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар бүхий захирамжаар тус торгуулийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх захирамж болон гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байдаг. “Т” ХК тус торгуулийг одоог хүртэл төлөөгүй байгаа.

“Т” ХК Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулахтай холбоотой зөрчлийг удаа дараа гаргасан учраас “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож албан бичиг гарсан байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ “бидний эрхийг хангаагүй. Сонсох ажиллагаа явуулаагүй. Бидэнд энэ тухай мэдэгдээгүй” гэж байсан. Өмнө дурдсанчлан бид 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1029 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Тус албан бичигтээ танай хурлыг хүчингүйд тооцох үндэслэл бүрдээд байна гэж мэдэгдсэн байдаг учир Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай гэсэн шаардлагын талаар хариу тайлбар хийж байна.

Өмнө дурдсанчлан “Т” ХК-д 03 дугаар сард танай хурал хүчингүй болох гээд байна гэж мэдэгдээд байхад ямар ч хариу өгөхгүй байж байснаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчиж ээлжит хурлын материалаа ажлын 20 орчим хоног хоцроож ирүүлсэн байдаг. “Т” ХК-ийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч буюу Э.Бгээс Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасан “...төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан” тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах боломжтой байсан.

Компанийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа тухайн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагад мэдэгдээд хариу өгөхгүй бол бие даан хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах эрхтэй байдаг. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Э.Б болон С.Ц нараас хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлийг ирүүлсэн байдаг. Тус ээлжит бус  хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ирц хүрээгүй учраас хойшлуулаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийхээр болсныг хувьцаа эзэмшигч Э.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай хороонд мэдэгдсэн байдаг.

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээлжит бус хурлын материалыг СЗХнд ирүүлсэн. Хорооноос Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон дээр дурдсан журмын дагуу хянаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/3372 тоот бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу Э.Б, С.Ц нараас хурлын холбогдох дутуу материал, тайлбарыг ирүүлсэн учир тус баримтуудыг хянаж үзээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 дугаар албан бичгийг гаргасан.

СЗХ хууль журмаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр СЗХноос гаргасан акт хүчингүй болж байна” гэж хэлж байна. СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрхийг дээр тодорхой тайлбарлаж хэлсэн. Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих эрхтэй байдаг.

Компанийн тухай хууль нь СЗХноос хэрэгжилт, биелэлтэд нь хяналт тавьдаг хуулиудын нэг юм. СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ талаар тодорхой заасан байгаа. “СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Төрийн байгууллага юм” гээд тодорхой заасан байдаг. Тэгэхээр СЗХ нь өөрт СЗХны эрх зүйн байдлын тухай хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тус шийдвэрүүдийг гаргасан.

Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчийн үндсэн 3 эрхийг заасан байдаг. Үүнд: Компанийн хувьцаа эзэмшигч нарын хуралд оролцож, саналаа өгөх, Ногдол ашиг хүртэх, Компанийг татан буугдсан үед хувьцааныхаа хэмжээгээр хөрөнгөөсөө авах зэрэг эрхийг нь тогтоосон байдаг. Гэтэл “Т” ХК-ийн удирдлагууд олон жилийн турш жижиг хувьцаа эзэмшигч болох 230 гаруй хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байсан нь СЗХны шалгалтын тайлангуудаар нотлогдсон. Тийм учраас СЗХ хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр юм.

... Нэхэмжлэгч тал болох 6 нэгдмэл сонирхолтой этгээдүүд хувьцааныхаа 62.67 хувийг эзэмшдэг. Нөгөө талд нь энэ 2 гуравдагч этгээдээс гадна 230 орчим хүн нийлээд 35.33 хувийг нь эзэмшдэг. Т ХК яагаад дүрмээрээ 40 хувь гээд тавьсан гэхээр жижиг хувьцаа эзэмшигч нарыг компанийн удирдах ажилд оролцох эрхийг хаасан. Гэтэл Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт ирц 20 хувь байхад хойшлогдсон хурлыг хийж болно гэж заасан байдаг.

Олон жил явсан дүрмийн тус заалт нь энэ 2 бүлэг хувьцаа эзэмшигчдийн маргааны гол сэдэв болж байгаа. 62 хувийн хувьцаа эзэмшигчид компани анх үүсэн цагаас эхлээд давуу эрхээ эдлээд, бусад хувьцаа эзэмшигчдэд ашиггүй болгосон. Энэ нь юугаар нотлогдож байна гэвэл ногдол ашиг тараадаггүй. Өөрийн төрсөн дүүгийн компанитай зөрчлийн сонирхолтой гэрээ байгуулаад орж ирэх байсан бодит орлогуудыг хаасан.

СЗХ бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх 2 албан бичгийг гаргасан байдаг. Тус албан бичгийн үр дагавар нь 62.67 хувийн хувьцаа эзэмшигчдийн тус хурлаар томилсон Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх захирал, гэрээ хэлэлцээрүүд бүгд хуулийн хувьд хүчин чадваргүй болж байгаа юм. СЗХноос хүлээн зөвшөөрсөн ээлжит бус хурал нь эдгээр хүмүүсийн хурлаасаа гаргасан шийдвэр хуулийн хүчинтэй гэж үзэж тус албан бичгийг гаргасан.

... Нэхэмжлэгч талд 1 ойлголтын зөрүү яваад байна. Тэр зөрүүг арилгах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хурлыг хүчингүй болгосон шийдвэрийг хугацаа хоцруулсантай холбоод яриад байна. Хүчингүй болгосон гол үндэс нь Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй болохоор тус хурал хүчингүй болсон.

СЗХ өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тус 2 шийдвэрийг гаргасан. Ийм учраас нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэв.

Гуравдагч этгээд Э.Бгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хурлын ирцийг 40 хувь гэж тогтоогоод одоо 20 жил болж байна. Д.Ц болон бусад 6 хувьцаа эзэмшигч нар өнөөдөр шүүх хуралдааны танхимд байсан бол олон зүйл яримаар байна. Би үнэхээр их гомдож байгаа. Яагаад дүрэмдээ 40 хувь гээд зааж байгаа юм. Яагаад 75 хувь гээд тогтоож болохгүй байгаа юм. Ядаж 60 хувь гээд тогтоож яагаад болохгүй байгаа юм. н.Төгөлдөр гээд миний төрсөн эгчийн охины итгэмжлэл надад байгаа. Энэ хүн 4000 гаруй хувьцаатай байсан бол өнөөдөр 1000 хувьцаа болсон байгаа. Эд нар хувьцааг нь хууль бусаар авчихсан. Би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахад эдгээр хүмүүс хууль бусаар авсан болох нь тогтоогдсон. Хуурамчаар нотариатаар баталгаажуулж 12 хувийн хувийн хувьцааг шилжүүлж авсан байсан. Нотариат нь буруугаа хүлээгээд хуулийн хариуцлага хүлээсэн.

Гэвч тус асуудал нь өршөөлийн хуульд хамрагдчихсан байгаа. Яагаад энэ үр дагавраа арилгаад хууль бусаар авсан 12 хувийн хувьцааг буцаагаад эзнийх нь дансанд хийж болохгүй байгаа юм бэ? Энэ асуудал дээр би одоо хүртэл гомдол мэдүүлэхгүй явж байна. Яагаад 40 хувь гэснээ засаад 75 хувь гээд ирцээ бүрдүүлж болохгүй байгаа юм бэ? 2018 оны хурлаар ирцээ 75 хувь гээд тогтооё гэж ярилцсан. СЗХ миний зарласан хурлыг хууль ёсны гэж үзсэн учир би 2019 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаа Сар шинийн баярын өмнө зарлах гэж байна.

Өнөөдрийг хүртэл 10 гаруй удаа шүүх хуралдаан боллоо. Бид нарын ч, өөрсдийнхөө ч ажил, цаг завыг үрж байна. “Т” ХК-ийг ч мөн хохироож байна. Хувьцаа эзэмшигчдээс ядаж ганцхан хүн өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн бол бид ярилцаад ойлголцож болох байсан. 2018 оны хуралд ирсэн бол ирцээ 75 хувь болгож болох байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ асуудлыг мэдэхгүй. Д.Цийн хэлснээр л энд ирээд яриад байна. Та 2-оос асуулт асуухаар юу ч мэдэхгүй байна. Дансанд чинь хэдэн төгрөг байгаа вэ гэхэд хариулж чадахгүй байна. Би банканд очоод хувьцаа эзэмшигчийнхээ бичгийг үзүүлээд 20 хувийн хувьцаа эзэмшигч байна гэж хэлж байж дансыг нь шалгуулахад ямар ч мөнгө байгаагүй. Компанийн мөнгө хаачсан юм бэ?

“Т” ХК-д сүүлийн 20 жил захирлаас өөр ямар ч албан тушаалтан байгаагүй. Анх би 260 ажилтантай, 2 охин компанитай тус компанийг хүлээлгэж өгч байсан. Намайг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш ганцхан сарын дотор 260 ажилтныг бүгдийг нь ажлаас халсан. 2 охин компанийг татан буулгасан. Өнөөдөр энэ үйлдвэр дотор 1 ширхэг ч тоног, төхөөрөмж байхгүй. Уг нь тус үйлдвэр Т үйлдвэрлэдэг байсан. Гэтэл 1999 оноос хойш 1 ширхэг ч сандал үйлдвэрлээгүй.

..."Т" ХК эзэнгүй болчхоод байна. Би тамга тэмдэггүй учир юу ч хийж чадахгүй байна. 1 жил гаран "Т" ХК-ийн захирал гэж явахдаа би нэг ч төгрөг зарцуулаагүй. Д.Цийн алдаа дутагдлаас болж Цахилгаан эрчим хүчнээс 500.000 төгрөгийн торгууль надад тавьсан. Би тус төлбөрийг төлье гэхээр надад нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй. 1 м.кв талбайн түрээс 4000 төгрөг байхад ганцхан захирал гэдэг хүн цалин авч байсан. 10.000 м.кв талбайтай үйлдвэрийг бүгдийг нь түрээслүүлж байсан. Тэр мөнгө хаачсаныг би шалгуулаагүй. Би зөвхөн түрээсийн мөнгөний зөрүүг л яриад байгаа юм. Яривал итгэх аргагүй зүйл олон байна. Би өөрөө ч учраа олохгүй толгой эргэж байна.

... СЗХ хууль зөрчсөн байна гэж хэлээд, бид хурлын зар өгөөд байхад хуралдаа ирэх ёстой байсан. Хэрвээ хуралдаа ирээд суугаад асуудлаа ярилцаад шийдсэн бол бид өнөөдөр энд Захиргааны хэргийн шүүхэд хандаад шүүгч нарын ажлыг алдагдуулахгүй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө “бид эвлэрье гэж хэлсэн” гуравдагч этгээдүүд ирээгүй гээд байх юм. Бид яаж хууль бусаар эвлэрэх юм бэ? Компанийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч компанийг тусгаарлан өмчилж болохгүй гэж тодорхой заасан байдаг. Би 30 хувь эзэмшдэг гээд ганцаараа тэр хэсгийг нь тусгаарлаж аваад, түрээслүүлэх юм уу ажиллуулж байсан бол миний амьдрал сайжраад явах байсан. Хуулиа сайн унших хэрэгтэй. Тус маргаан шүүхэд ирснээс хойш 2 удаа эвлэрэх тухай асуудал яригдаж байсан. Та нарын ард байгаа хувьцаа эзэмшигч нар чинь "Т" ХК-ийг 20 жил тусгаарлан өмчлөөд хашаа барьчихсан байгаа. 10.000 м.кв газрынхаа 5000 м.кв газрыг эзэмшчихсэн байгаа. Шүүх СЗХны гаргасан 2 шийдвэрийг харгалзаж үзнэ гэж найдаж байна.

... 2014 онд 1 удаа ногдол ашиг авсан. Уг нь жил бүр авах ёстой байсан. 20 жил эвлэрэх гэж үзээд одоо болтол эвлэрээгүй явж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад төлбөр, торгууль төлөөд гарч ирсэн байж өнөөдөр энд тийм юм болоогүй гэж хэлээд сууж байна. Үнэхээр шударга бус, хууль дүрэм дээдэлдэггүй хүмүүс. 1 тэрбум 800 сая төгрөгийн хохирол гараад эзэн холбогдогч нь нас барсан гээд хэрэг нь хаагдсан. Одоо цагдаагийн байгууллагад 2005-2008 оны хэрэг нь шалгагдаад явж байгаа. Ахиад 500 гаруй сая төгрөгийн хохирол гарна” гэв.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүртгэлийн асуудал дээр гол гогцоо байгаа. Бүртгэлийн асуудлыг зөв шударгаар, үнэн зөвөөр тайлчих юм бол энэ хэргийн учир амархан олдоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* манай дүрэм Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж хэлээд байгаа. Тус дүрэм яагаад түдгэлзсэн гэхээр Э.Б бид 2 СЗХ, Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газарт “тус дүрэмтэй холбоотой бидний эрх, ашиг зөрчигдөөд байна” гээд гомдол гаргасан. С.Б-Ө эд нарын ирц хэзээ ч бүрдэхгүй гэж хэлсэн. Яг тэр бодлоороо 40 хувь гэж дүрэмдээ тусгаад бид нарыг оруулахгүй байх бодлого барьдаг.

Бид компанид орох, удирдлагад нь сонгогдох, санал өгөх, өмч хөрөнгөнөөс ногдол ашиг авах эрхгүй. Бидний бүх эрхийг хязгаарлаад 40 хувь гээд оруулчихсан байгаа. Эдгээр асуудлаар бид СЗХнд гомдол гаргасан учир СЗХ уг асуудлыг хянаж, судлаад Компанийн дүрмийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дүрмийг түдгэлзүүлсэн. Бүх хувьцаат компани СЗХноос бичиг авдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас түдгэлзүүлсэн учир 40 хувийн ирцийн асуудал эрх зүйн үйлчлэлгүй болоод зогссон гэж үзэж байгаа.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түдгэлзүүлсэн учир бид 10 дугаар сарын 20-ны өдөр хурлаа хийсэн. 1999 онд намайг ажлаа өгсний дараа 2000 онд н.Хундагнаа гэдэг захирал 40 хувь болгочихсон. Тэр асуудал үргэлжлээд 20 жил 40 хувь гэснээр бидэнд хаалт хийсэн. Шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа энэ асуудлыг харгалзаж үзнэ гэж найдаж байна.

Олон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг зөрчөөд өөрсдөө идэж, уугаад өнөөдрийг хүртэл явсан. Бид цаашид эрх ашгаа зөрчүүлээд явмааргүй байна. 2011 оны Компанийн тухай хуульд бид саналаа өгч байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар хуульд нэмэлт заалт оруулж өгөөч гэж санал оруулж байсны дагуу гарсан хууль юм.

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* биднийг хуралдаа оролцдоггүй, үүргээ биелүүлдэггүй гэж буруутгаж байна. Хуралдаа оръё, Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдъё, өмч хөрөнгөндөө эзэн болъё гээд хүсэлт өгсөн боловч огт хариу өгөөгүй. 08 дугаар сарын 14-ний өдөр бид хурлаа хийх гэж байна. Бидний хийх хуралд оролцооч гээд хүсэлт өгсөн боловч мөн хариу ирүүлээгүй. Ийм учраас бид Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээд бие дааж хурлаа хийсэн. Энэ мэтээр цаашаа явна гэж байхгүй. ...

Хэрвээ шүүхээс СЗХны шийдвэрийг хүчингүй гээд шийдвэр гаргах юм бол та нар Э.Б бид 2 той хэзээ ч уулзахгүй. “Т” ХК сүйрээд дуусна. Хэрвээ 75 хувь болгож болохгүй байгаа юм бол идэж уусан бүх асуудлыг чинь шалгуулаад, бүх хөрөнгөөр чинь компанийн хохирлыг төлүүлэх хуулийн заалт байгаа. Та нарыг бодоод хүн чанар гаргаад одоог хүртэл хүлээж байна. СЗХноос гарсан 2 акт 2 лаа зөв гарсан гэж үзэж байгаа. СЗХ нарийн шалгаж олон бичиг баримт шаардаад нааш цааш их явуулж, бүгдийг хянаж үзэж байж шийдвэр гаргадаг. Та нар өөрсдөө асуудлаа хөөцөлдөж над шиг ингэж явж үзээгүй учир амар хялбар зүйл ярьж байна. Бид өмч хөрөнгөө алдсан учир бүх шалгалтыг нь даваад, шат дамжлагаар нь яваад ирсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд Э.Б, С.Ц нарын өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “9/4513 актыг тухайн захиргааны байгууллага өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. СЗХ бүрэн эрх нь олгогдсон болохыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлан хэлсэн. Үүн дээр нэмж тайлбарлахад Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “СЗХ энэ хуулийн 70.1 дэх хэсэгт заасан асуудлаар гомдол гаргах эрхтэй” гээд нэр заасан байгаа.

СЗХнд гомдол гаргаж байна гэдэг нь энэ асуудлыг хянаад өг гэсэн үг. Хууль, дүрэм журам, процессын хувьд хяналт тавина. Хяналт тавихдаа Компанийн тухай хуулийн ямар процесс зөрчигдсөн талаар дүгнэлт хийсэн. Үүнд Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт заасан журам зөрчигдсөн. 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчээс компанийн ээлжит хуралд оролцуулахаар гаргасан саналыг хэлэлцээгүй. Эсвэл хэлэлцэх эсэх асуудлаараа шийдвэр гаргаагүй гэж үзэж болно.

Хэрвээ энэ саналыг хэлэлцэхгүй, үндэслэлгүй гэж үзсэн бол Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаад хариуг бичгээр мэдэгдэх ёстой байсан. Хуулийн дагуу шийдвэр гаргаад хариуг албан ёсоор бичгээр өгсөн бол Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт зааснаар санал гаргасан хувьцаа эзэмшигч шүүхээр энэ асуудлаа шийдүүлээд явах байсан. Процессын зөрчил гарсан талаар нь мэдэгдсээр байтал зөрчлөө үргэлжлүүлээд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийсэн нь тус хурлыг хүчингүй болгох гол үндэслэл болсон юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр заасан байдаг.

Дээрх тохиолдолд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.2, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан. Хяналт шалгалтын байгууллага болгонд Төрийн хяналт, шалгалтын тухай хууль үйлчилдэг. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.10, 10.9.13 дахь хэсэгт хяналт шалгалтын Улсын байцаагчийн нийтлэг эрх, үүргийг тусгасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХны эрх зүйн байдлын тухай хууль, Компанийн тухай хууль, СЗХны журам зэрэг хууль журмаар СЗХнд тус актыг гаргах эрх олгогдсон.

9/3514 дугаар актын хувьд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хэрэгжүүлээд, мөн хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал эсвэл Төлөөлөн Удирдах Зөвлөлд саналаа өгнө. Энэ асуудлыг тус хуулийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу 10 хоногийн дотор хариугаа өгөх ёстой. Нэн даруй үндэслэл бүхий хариугаа өгсөн бол тухайн татгалзсан хариутай нь холбогдуулаад  санал гаргасан этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэвч тус процесс явагдаагүй. Саналыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор хариу ирүүлээгүй учир Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт зааснаар бие дааж хурлаа зарласан. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хурлаа зарлаад 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр товлосон. 08 дугаар сарын 26-ны өдөр хурлаа зарласан шийдвэртэй холбогдуулж ямар нэг гомдлыг хувьцаа эзэмшигч нар гаргаагүй. 10 дугаар сарын 05-ны өдөр хурал болоход ирээгүй учир хурлын ирц хүрэхгүй тус хурал хойшилсон. Хойшилсон хурлаа 10 дугаар сарын 20-ны өдөр хийхээр товлосон. Хойшилсон ээлжит бус хурлыг товлосон шийдвэртэй хэн ч маргаагүй. Шүүхэд эсвэл СЗХнд хандах байсан. Гомдол гаргаагүй учир тус хурлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлага нь 9/3513 дугаар актыг хүчингүй болгуулахаар гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар акт нь хууль бус эсэхийг шалгана. Тус актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх дуусгавар болсон. “Т” ХК-ийн эрх шинэ хувьцаа эзэмшигчид шилжсэн байгаа. Тийм учраас “Т” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яригдахгүй. “Т” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нар буюу нэгдмэл сонирхолтой дийлэнх олонх хувьцаа эзэмшигч болох субъектүүд нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Тус хуулийн 70.2 дахь хэсэгт зааснаар СЗХнд гомдол гаргаагүй. Гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч тал 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр байсан гэж үзээгүй. 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзээгүй байсан. 10 дугаар сарын 20-ны өдрийн хурал хуралдаж, шийдвэр нь гарснаар Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг шинэ байгуулагдсан этгээдүүдэд шилжсэн. Тус хурлаас гаргасан шийдвэр дээр хувьцаа эзэмшигч нар гомдол гаргах эрхтэй байсан.

Нэхэмжлэгчийн статусыг “Т” ХК гэж хэлсэн. Хүн болон хуулийн этгээд нэхэмжлэгч байдаг. “Т” ХК хуулийн этгээд. Хуулийн этгээдээрээ дамжуулаад хувьцаа эзэмшигчид буюу хүнийг төлөөлнө гэдэг нь агуулгын хувьд буруу байна. Эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хувьцаа эзэмшигчдээс биш Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас итгэмжлэл авсан этгээдүүд юм. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх, эсвэл гүйцэтгэх захирлын эрх гээд субъектив эрх яриад байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хувьд субъектив эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд шүүхэд уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудал байхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслээд нэхэмжлэгчийн 9/3514 дугаар акттай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 9/3513 дугаар актын талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, ...” гэж томьёолсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд уг шаардлагыг “...9/3513 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” агуулгаар гаргасан хэмээн тодруулсан тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгчээс тодруулсан “СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох” шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Т” ХК-ийн нийт хувьцааны 62,67 хувийг эзэмшигч Ц.Б, Ц.Б, Ц.Б, Ц.Б, Ц.Б, Ц.Б нарын хувьцаа эзэмшигчид нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурал/цаашид ээлжит хурал гэх/-ыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдуулж, хурлын материалыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр СЗХн хүргүүлжээ.

Хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нараас СЗХнд хандаж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “... компанийн удирдлага бидний гаргасан санал шаардлагыг хүлээн авсан боловч биелүүлээгүй, ... тул хурал зарласан шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн гомдлыг СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот албан бичгээр “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан ээлжит хурлыг хүчин төгөлдөр бус болсон гэж, 9/3514 тоот албан бичгээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон гэж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хариуцагч СЗХ нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд халдаж  9/3513 тоот актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 болон 47.1.6-д заасныг зөрчсөн бөгөөд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй журмыг мөрдөхийг шаардах үндэслэлгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшилсон хурлын ирц нь компанийн дүрмээр тогтоосон хэмжээнд хүрээгүй байхад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бу хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот актууд нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг болох Компанийн болон Үнэт цаасны зэрэг хуулиудын хэрэгжилтийг хангах, хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд гарсан тул хууль тогтоомж зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

 

1/ СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох”, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байх нөхцөлүүдийг тоочин заасны зэрэгцээ мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг СЗХ тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хурлын материалыг Хороонд хүргүүлэх үйл ажиллагаанд СЗХноос баталсан журмыг мөрдөх үүрэгтэй байна.

Мөн СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “СЗХ /цаашид “Хороо” гэх/ нь ..., холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хороо үйл ажиллагаандаа ... нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж зааснаас үзвэл СЗХ нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн болон нийтийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд хэм хэмжээ тогтоох, улмаар уг хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардах эрх хэмжээтэй байна.

Хариуцагч нь дээрх эрх хэмжээний хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоороо “Хувьцаат компанийн хурлын зар хүргэх журам”-ыг батлан гаргаж мөрдүүлсэн байх боловч энэхүү журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан байхад хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “Т” ХК-ийг хүчин төгөлдөр болоогүй журмыг мөрдөж ажиллаагүй хэмээн буруутгах хууль зүйн боломжгүй байжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... журам нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй 9/3513 тоот шийдвэрийг дээрх журмын холбогдох заалтад үндэслэн гаргасан нь буруу болжээ. Гэвч энэ нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл биш байна.

Учир нь маргааны үйл баримтын тухайд Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө тухайн харилцааг зохицуулж байсан СЗХны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хурлын зар хүргэх журам”-ыг хэрэглэхээр байсан байх боловч хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг хэрэглэж 9/3513 тоот шийдвэрийг гаргасан нь хариуцагч байгууллагыг тухайн актыг гаргах эрх хэмжээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчээс хороонд гомдол гаргах эрхийг мөн хуулийн 70.2-т “Хувьцаат компанийн хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч энэ хуулийн 70.1-д заасан үндэслэлээр СЗХнд гомдол гаргах эрхтэй” гэж хуульчилсан байх ба Хороо нь хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан гомдлыг хянан үзсэн нь түүний хуулиар хүлээсэн “холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг”-ийн хүрээнд хамаарна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагын хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам тогтоох эрх хэмжээний хүрээнд батлагдан хэрэгжиж байсан СЗХны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хурлын зар хүргэх журам”-ын “Гурав” зүйлийн 3.12-т “Хуралд оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь хурал зарлагч этгээдийг энэ журмын 2.4, 3.1-3.4, 3.7-д заасныг зөрчсөн гэж үзэн Хороонд гомдол гаргасан бол түүнийг Хороо хянаж үзээд үндэслэлтэй гэж үзвэл хувьцаа эзэмшигчдийн хурал, эсхүл тухайн шийдвэрийг Компанийн тухай хуулийн 70.2-т заасан эрх хэмжээний дагуу хүчингүйд тооцно” гэж заасан байх тул хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот албан бичгээр “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “хурлын мэдэгдэл хууль, журам зөрчсөнийг үл харгалзан хурлын материалыг хугацаа хожимдуулж ирүүлсэн” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болсныг мэдэгдсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн, энэхүү акт нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, СЗХ нь түүнд хуулиар хүлээлгэсэн “хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг батлан мөрдүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд баталсан журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх болон хурлын материалыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох шийдвэрийг гаргасныг хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралгүй, эрх хэмжээнд нийцэхгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “9/3513 тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 болон 47.1.6-д заасныг зөрчсөн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм. 

СЗХны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хурлын зар хүргэх журам”-ын “Хоёр” зүйлийн 2.5-д “Хурал зарлагч этгээд нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргаснаас хойш 3 хоногийн дотор энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу “Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл”-ийг Хороо болон“Монголын хөрөнгийн бирж” ХК-д хүргүүлнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлын мэдэгдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарсан буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойших ажлын эхний өдөр дээрх журмын дагуу хороо болон “Монголын хөрөнгийн бирж”-д хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг журмаар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа нь СЗХны 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9/3513 тоот актыг хууль бус гэж үзэх үндэслэл болж болох боловч илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 66.3-т заасны дагуу гаргасан саналыг дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад уг саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор багтаан оруулах үүрэг хүлээнэ”, 66.5.1-д “санал гаргагч нь энэ хуулийн 66.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан байх ба хувьцаа эзэмшигч нь энэхүү асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нараас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тов гарсан өдрөөс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх удирдлагад “санал, шаардлага гаргасан” гэх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хувьцаа эзэмшигч нараас санал шаардлага хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй, баримт байхгүй”, гуравдагч этгээдүүдээс 2017 оны ээлжит хурлын тов гарсны дараа гүйцэтгэх захирал Д.Цид гардуулсан. Баримт өгөөгүй” гэж тайлбарлаж байх тул уг үйл баримтыг шүүхээс шалган тогтоох боломжгүй, мөн шаардлагагүй/захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй/ байна.

Харин энэхүү асуудлаар хувьцаа эзэмшигч Э.Б, С.Ц нараас СЗХнд хандаж гаргасан гомдлыг хариуцагч байгууллага нь хүлээн аваад “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цтой уулзалт зохион байгуулж хариу мэдэгдэхээр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс уг асуудлаар хариу өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гомдлыг хүлээж аваад Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан боловч Компанийн тухай хуулийн 66.1-д д заасан санал, шаардлагыг хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн байсан тул хэлэлцээгүй” гэсэн тайлбараар, хувьцаа эзэмшигч нараас Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан эрхийн дагуу СЗХнд гомдол гаргасан байдлаар тус тус тогтоогдож байна.

 

Үүний зэрэгцээ Мөн СЗХны 1059 тоот албан бичгээр хүргүүлсэн мөн оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9/1029 тоот мэдэгдэлд “...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй болохыг анхааруулж байна”  гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг дагуу хариу хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “хариуцагч нь 9/3513 тоот албан бичгийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй.

Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д үнэт цаас гаргагчийн үүргийг заасан байх ба “Т” ХК-аас хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлын материалыг мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр СЗХнд хүргүүлсэн байгаагаас үзвэл “нэхэмжлэгч хуулийн этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх” гэж заасныг зөрчсөн” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар илүү үндэслэлтэй, харин 2016 оны ээлжит хурлын материалыг хуульд заасан хугацаа хоцроож ирүүлсэн явдалд эрх бүхий албан тушаалтнаас торгууль ногдуулсан, торгууль ногдуулсан шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарсан, торгуулийг “Т” ХК-аас төлөөгүй байгаа зэрэг нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлыг хүчингүйд тооцох үндэслэл болохооргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот албан бичгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг СЗХны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9/54 тоот албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн, улмаар нэхэмжлэгч нь мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул хариуцагч захиргааны байгууллагаас актад гомдол гаргах журмыг тухайн актдаа тусгаагүйгээс нэхэмжлэгчийн актад гомдол гаргах эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэснийг зөрчсөн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн СЗХноос “Т” ХК-ийн үйл ажиллагаанд удаа дараалан хийсэн хяналт шалгалтын ажлын тайлангуудаас үзвэл, тус компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зар болон хурлын материалыг хүргэх журмыг удаа дараа зөрчиж байсан байх тул СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байхын зэрэгцээ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгч “Т” ХК-ийн СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2/ “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн тухайд: “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Бгээс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус хувьцаат компанийн ээлжит бус хурлыг зарласан тухай мэдэгдлийг мөн сарын 29-ний өдөр СЗХнд хүргүүлсэн байх ба уг мэдэгдлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь “ирц хүрээгүй” тул хойшилж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ээлжит бус хойшлогдсон хурал”-ын хэлбэрээр хуралдсан материалыг мөн сарын 25-ны өдөр/”Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчээс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон боловч 26-ны өдөр хүлээж авсан дардастай/ СЗХнд хүргүүлжээ.

СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 тоот албан бичгээр “... “Т” ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын материалыг Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 2016 оны 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хянаж, ... хурлыг хүчин төгөлдөрт тооцож байна”  гэж шийдвэрлэсэн нь хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа мөн л эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй хэм хэмжээний актыг үндэслэсний зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон материалыг Хороонд хүргүүлсэн хугацаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх” гэж заасантай мөн нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг “хурлыг материалыг хуульд заасан хугацаанд Хороонд ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцож шийдвэрлэсэн атлаа, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “ээлжит бус хойшлогдсон хурал”-ын материалыг мөн хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байхад хүчин төгөлдөрт тооцож шийдвэрлэсэн нь байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...зарим хувьцаа эзэмшигчид илтэд үйлчилсэн” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэвч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэснээр сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Хариуцагч нь 9/3514 тоот актыг гаргаснаар хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх үгүйсгэгдэж, уг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирал үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна” хэмээн тайлбарлан маргаж байх боловч нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагаас нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан байх ба “Т” ХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 6.7-д “Саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ дүрмийн 6.6-д заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан байх боловч “Т” ХК-ийн олонх хувьцааг эзэмшиж буй нэгдмэл сонирхолтой этгээдүүд болон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл, мөн гүйцэтгэх удирдлагаас ээлжит бус хойшлогдсон гэх хурлын хүчин төгөлдөр байдалд маргаагүй, ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлүүлээгүй байна.

Харин “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл, тус зөвлөлөөс томилогдсон Д.Ц гүйцэтгэх захирлын үүргийг бодитойгоор хэрэгжүүлж байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай 062246 дугаартай захирамжаар “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бгийн нэхэмжлэлтэй Д.Цид холбогдох “Т” ХК-ийн УБМ******* дугаартай тамга болон улсын бүртгэлийн 9010001050 дугаартай гэрчилгээг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, түүнчлэн шүүхээс хийсэн үзлэгээр “Т” ХК-ийн эзэмшил газар, барилгад “Эм Жи Эл Би” ХХК болон “Газар шим” ХХК-иуд байрлаж үйл ажиллагаа явуулж байгаагаар тус тус тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл, “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч “Т” ХК-ийн “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 70 дугаар зүйлийн 70.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.18, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-иас СЗХнд холбогдуулж гаргасан “СЗХны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.М