Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1878

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/01878

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

    

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байр, 74 тоотод оршин суух Балжинням овогт Хүрэлийн Алтангэрэл /Регистрийн дугаар ЕЮ82042606/-ийн охин Б.Оюуномингийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Алтангэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Цэрэнбумчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Х.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Х.Алтангэрэл миний бие нь том охин Б.Оюуноминг 2001 оны 12 сарын 02-нд төрүүлсэн ба 2011 онд нөхөр Д.Батгэрэлээс гэрлэлтээ цуцлуулан, охин маань миний асрамжинд байхаар шүүхээр шийдвэрлэгдсэн. Би 2014 онд Гриш овогтой Ариунболдтой хамтран амьдарч 2015 онд хүү А.Өсөх-Ирээдүйг төрүүлсэн юм. Миний хамтран амьдрагч Г.Ариунболд нь архи хэтрүүлэн хэрэглэж гэртээ агсам тавьж охин Б.Оюуноминг зүй бус үгээр доромжилж, охин маань зугтааж эгч дүү нарынхаар хоног төөрүүлж явдаг болсон. Тэгээд эрүүл болохоороо охин чинь надаас зугтлаа, охиндоо хэл ярь гэх хэрүүлийн чанартай зүйл байнга ярьж дарамтлах болсон. Охин маань хойд ааваасаа айдаг болсон ба гэртээ ирэх дургүй болж миний төрсөн эгч Х.Цэрэнбумчингийнд амьдардаг болсон. Нөхөр маань охиноо надаас зугтаалгалаа охиныг чинь би идчихгүй гэж агсам тавьдаг болсон. Аргагүйн эрхэнд охиноо бодоод эгч маань охиныг минь үрчилж авъя, сургууль соёл төгсгөж өгнө гэсэн гэж тайлбарлаж эгчийнхээ гэр бүлд үрчлүүлсэн юм. Ингээд ч байдал дээрдсэнгүй намайг нялх хүүхдээ асран гэртээ сууж байгааг минь далимдуулан эрүүл согтуу алинд ч байнга л хэл амаар доромжилж та нарыг тэжээж байна, муу гуйлгачин... гэх мэтээр харааж зүхэж байнга сэтгэл санааны дарамтанд оруулан өөдөөс нь үг хэлбэл ална, тална гэж сүрдүүлэн толгойн тус газар луу цохиж алгадах зэргээр гар хүрдэг болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч Ариунболдын зэрлэг түрэмгий авир огт засраагүй дахин дахин хүчирхийлсээр байсан ба 2015 оны 07 сарын 15-нд цагдаагийн хамгаалах байранд 2 сар гаруй амьдарч, тэрний дараа хүчирхийллээс хамгаалах төвд 2 сар амьдарч байсан. Тэр цагаас хойш бид тусдаа амьдарч байгаа болно. Одоо хүү маань том болсон тул би ажил хөдөлмөр эрхэлж хүү, охин хоёртойгоо гурвуулаа амьдарч байгаа. Цаашдаа би өөрийн хүчээр хүүхдүүдээ өсгөх болно. Иймд өөрийн төрсөн охин Б.Оюуномингийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, мөн өөрийн нэрээр овоглуулахыг хүсч өргөдөл гаргаж байна. Миний энэ байдлыг ойлгон асуудлыг минь шийдвэрлэж өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Цэрэнбумчин, Д.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид дүү Х.Алтангэрэлийн охин Б.Оюуноминг 2016 онд үрчилж авч, Д.Эрдэнэбатаар овоглосон. Манай дүү Х.Алтангэрэл нь хамтран амьдрагч Г.Ариунболдын дарамт хүчирхийлэл, догшин ширүүн ааш авираас болоод охиноо бидэнд өргүүлсэн юм. Охин Б.Оюуномин маань одоо өөрийн төрсөн ээж, дүүтэйгээ хамт амьдарч байгаа. Бидний зүгээс үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн ээжээр нь овоглоход татгалзах зүйлгүй” гэв.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Алтангэрэл нь охин Оюуноминг Балигай овогт Дэмбэрэлдашийн Эрдэнэбат, Балжинням овогт Хүрэлийн Цэрэнбумчин нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Х.Алтангэрэл нь 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрүүлсэн охин Оюуномин /Регистрийн дугаар ЕЮ01320203/-г Балигай овогт Дэмбэрэлдашийн Эрдэнэбат, Балжинням овогт Хүрэлийн Цэрэнбумчин нарт үрчлүүлснийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 045 дугаарт бүртгэсэн нь 0000023832 дугаартай үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-3/

Д.Эрдэнэбат, Х.Цэрэнбумчин нар охиныг үрчлэн авч Эрдэнэбатаар овоглож төрсний гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 0000278616, 310 бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-2/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

     Үрчлэгч Д.Эрдэнэбат, Х.Цэрэнбумчин нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул дээрх байдлыг харгалзан шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

     Иймд 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Оюуномин /Регистрийн дугаар ЕЮ01320203/-г Балигай овогт Дэмбэрэлдашийн Эрдэнэбат /Регистрийн дугаар ГГ80123010/, Балжинням овогт Хүрэлийн Цэрэнбумчин /Регистрийн дугаар ЕЮ81021901/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, охин Оюуноминг  төрсөн эх Балжинням овогт Хүрэлийн Алтангэрэл /Регистрийн дугаар ЕЮ82042606/-д шилжүүлэх  нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Оюуномин /Регистрийн дугаар ЕЮ01320203/-г Балигай овогт Дэмбэрэлдашийн Эрдэнэбат /Регистрийн дугаар ГГ80123010/, Балжинням овогт Хүрэлийн Цэрэнбумчин /Регистрийн дугаар ЕЮ81021901/  нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Оюуномин /Регистрийн дугаар ЕЮ01320203/-г асран хүмүүжүүлэх эрхийг төрсөн эх Балжинням овогт Хүрэлийн Алтангэрэл /Регистрийн дугаар ЕЮ82042606/-д шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР