Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/778

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Сувданчимэг,  

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

................ овогт Г. Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................................. дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

................ овогт Г. Т нь Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...................... төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, дагавар хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .................................................................... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, (РД:........................).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед .................................................................................тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.А “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар ширээн дээр байсан ус буцалгагчтай халуун усыг түүний зүүн мөрөн дээр асгаж, эрүүл мэндэд нь “зүүн мөр, нуруу, цээжний 1-2-р зэргийн түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Таас: Болсон асуудлаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ........................................ дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хамтран амьдрагч Т халуун ус миний нуруун дээр асгаад автобусанд суугаад явчихлаа” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

2. Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 04-ний өглөө хамтран амьдрагч Г.Т 11 цагийн үед архи уусан ирсэн. Би Тыг “яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “миний архи уух чамд ямар хамаатай юм” гэж уурлаад хэрүүл өдөөд байсан. ...Т “дэлгүүр явмаар байна, машины түлхүүр өг” гэж хэлэхээр нь “чи согтуу байна, машинтай явж яах гээд байгаа юм бэ, түлхүүр өгөхгүй” гэхэд  янхан, гичий гэж хэл үгээр доромжлоод байсан. Би тэсэхээ болиод ширээн дээр байсан аягыг аваад далайсан чинь аяган дотор байсан бага хэмжээний хүйтэн ус үсрээд миний ард байсан хана руу цацарсан. Тэгтэл Т над руу хар ус цацлаа гээд баллонтой уснаас аяганд тосож аваад миний нүүр рүү цацахаар нь би зөрүүлээд цацсан чинь ширээн дээр байсан саарал өнгийн жижиг ус буцалгагчтай халуун усыг миний зүүн мөрөн дээр  асгаад, хохь чинь гээд гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

3. Гэрч М.Г. мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд манай эхнэр надад “А над руу ярилаа, Т нүүр рүү нь халуун ус цацаад гараад явсан, олдохгүй байна гэж хэллээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр .................................................................................тоотод хохирогч Г.А намайг архи уулаа гэж маргалдсаны улмаас над руу ус цацсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ус цацсан ба халуун ус байсныг мэдээгүй, мөрийг нь түлсэн. Биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

- яллагдагчаар дахин 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Ус буцалгагчтай халуун ус гэдгийг мэдэж байсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө айгаад халуун ус байсан гэдгийг мэдээгүй гэж хэлсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3824 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний ар хэсгээс урагш цээжний зүүн урд дээд хэсэг хүрсэн 25.5х10.0 см, үүний гадна талд далны гадна дээд хэсэг хүрсэн 18.5х10.5 см хэмжээтэй 1-2-р зэргийн түлэгдэлтэй, гол хэсгээрээ жижиг цэврүү үүссэн, арьс улаан хүрэн өнгөтэй болсон, хавагнаж улайсан байна.

                 Дүгнэлт:

                 1.Г.А биед зүүн мөр, нуруу, цээжний 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Унах болон цохих үед үүсэхгүй.

                 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

                                                                                                                     

6. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал), .....................................хорооны хамтарсан багийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 54-55 дугаар тал), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 56-62 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            7. Шүүгдэгч Г.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал), ял шийтгэгдэж байсан Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 89-94 дүгээр тал), үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 32-33 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39-49 дүгээр тал), ................................. дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дүгээр тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Тын холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Т нь хамтран амьдрагч Г.А “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан халуун ус түүний зүүн мөрөн дээр асгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр тус тус гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед ........................................................................тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.А “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний зүүн мөрөн дээр халуун ус асгаж, эрүүл мэндэд нь “зүүн мөр, нуруу, цээжний 1-2-р зэргийн түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т “дэлгүүр явмаар байна, машины түлхүүр өг” гэж хэлэхээр нь“чи согтуу байна, машинтай явж яах гээд байгаа юм бэ, түлхүүр өгөхгүй” гэж хэлсэн. ...Т...саарал өнгийн жижиг ус буцалгагчтай халуун усыг миний зүүн мөрөн дээр яах ийхийн зуургүй асгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Гэрч М.Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр надад “А над руу ярилаа, Т нүүр рүү нь халуун ус цацаад гараад явсан, олдохгүй байна гэж хэллээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар тал),

-Шүүгдэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г.А намайг архи уулаа гэж маргалдсаны улмаас над руу ус цацсан. ...зөрүүлээд би ус цацсан. Мөрийг нь түлсэн, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71, 73 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3824 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал), .......................................... дүгээр хорооны хамтарсан багийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 54-55 дугаар тал), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 56-62 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч Г.Т нь хохирогч Г.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т, хохирогч Г.А нар нь 2020 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа хүмүүс байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий” этгээдэд хамаарах хэдий боловч шүүгдэгч Г.Т нь урьд хохирогчийн эрүүл мэндэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд хохирогч Г.А эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Г.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Г.А нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна" гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т нь “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаа ял шийтгүүлж байсан байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн биед буцалсан халуун ус цацаж 1-2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл учруулсан үйлдлийн шинж байдал зэргийг харгалзан прокурорын ялын саналыг багасгах үндэслэл тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн  цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, шүүгдэгч Г.Тт оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх торгох ялыг 755.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Мөн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Тын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Г. Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, шүүгдэгч Г.Тт оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялаас 45.000 төгрөгийн ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх торгох ялыг 755.000 (долоон зуун тавин таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Г.Тт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА