Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Иргэдийн төлөөлөгч Ж.Цэвэлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх,

Шүүгдэгч Ю.Гансаруул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Юрагийн Гансаруулд холбогдох эрүүгийн 201610010068 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 1-08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Юрагийн Гансаруул /СЭ78062814/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ю.Гансаруул нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 1-8 тоот хашаанд хамт архи уусан иргэн У.Ганболдын хэвлийн тус газарт нь хутгалан нарийн гэдсийг гэмтээж хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Ю.Гансаруул мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 09-ний 14 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах гурвын хаалт дээр оочирт машинаа тавьчихаад Ганболдтой таарч, манайд очиж мах идье гэсэн. Тэгээд хоёулаа мөнгө хувааж нэг шил юм авъя гээд нэг хүний 6,000 төгрөг гаргаж Ган зам дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 1-8 тоот буюу манай гэрлүү очиж мах чанаж идэнгээ авсан 0,75 литрийн Ерөөл архиа уучихаад дахиж мөнгө нийлүүлж байгаад Ганболдыг дэлгүүр явуулж 0,75 литрийн Ерөөл архи авсан. Тэгээд байж байтал аав дуудаад би аавтай уулзчихаад ирэхэд Ганболд манайд байж байсан. Тэгээд Ганболд Мөнхөө гэх найзыг манай гэрт хүрээд ир гээд дуудсан. 19 цагийн үед Мөнхөө ирээд бид гурав нийлж сүүлд авчирсан архиа хувааж талд нь ороход нь би дэлгүүр орж дахиж 0,75 литрийн Экс архи авчирсан. Тэгээд миний авчирсан архи талдаа орсны дараа Мөнхөө яваад өгсөн. Мөнхөөг явсны дараа манай гэрт Ганболд бид хоёр үлдсэн. Тэгээд Ганболд гэнэт өмнө хүн хутгалж байсан тэнсэнтэй гээд яриад эхэлсэн ба би хүнд хутгалуулж байсан болохоор ширээн дээр байсан улаан иштэй хутга авч Ганболдыг айлгах гээд Ганнболдын араас нь гарч, гадаа гэрийн үүдэнд Ганболдын хэвлий орчим нь нэг удаа хутгалсан чинь гадаа Мөнхөө яваагүй байсан ба Ганболдыг хутгалчихлаа эмнэлэг дуудаарай гээд байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,

        - Хохирогч У.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим гурвын хаалтан дээр өөрийн унаж явдаг тээврийн хэрэгслээ оочирт тавьчихаад явж байхад Гансаруул тааралдаж хөгшин нь гэртээ мах чанаж байгаа хоёулаа манай гэрт очиж мах идье гэхээр нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Үүдийн 1-8 тоот буюу Гансаруулын гэр лүү хамтдаа явсан. Гансаруулын гэр рүү явах замдаа Гансаруул бид 2 хүний 5,000 төгрөг гаргаж нийт 10,000 төгрөгөөр Ган зам дэлгүүрээс 0,75 литрийн Цагаан архи гэсэн бичигтэй архи 1 шилийг худалдаж авсан. Тэгээд бид хоёр Гансаруулын гэрт очиж худалдан авсан архиа ууж талд нь оруулчихаад, чанасан махыг нь бор модон иштэй, хурц иртэй хутгаар огтолж идсэн. Тухайн үед Гансаруул хонины толгой чанасан байсан ба тэр толгойг каргоны жолоочид өгнө гээд бид хоёр гэрээс гарч такси бариад карго орчихоод Гансаруулын гэрт ирээд сууж байхад Гансаруулын аав Юра залгаж хил дээрээс буцах гээд байна цуг яваа хүмүүсийг аваадах гэж ярьж байсан. Гансаруул хил рүү явлаа намайг гэртээ байж бай гээд гараад явсан. Тэгээд 10-20 минутын дараа Гансаруул орж ирэхдээ 0,75 литрийн Экс архи барьж орж ирэхээр нь би өөрийн 88938786 гэсэн дугаараасаа Батмөнхийн 95747451 гэсэн дугаар луу залгаж Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Үүдийн 1-8 тоот буюу Гансаруулын гэрт хүрээд ир гэж дуудахад 30-40 минутын дараа Батмөнх хүрч ирсэн. Тэгээд бид гурав нийлж 0,75 литрийн тал шил архи, 0,75 литрийн Экс архийг задалж талд нь оруулчихаад Батмөнх гэрлүүгээ явлаа гээд гарсан араас нь би Гансаруулыг одоо унтаж амар би гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээчихсэн байгаа явлаа гээд гарах гэтэл Гансаруул намайг хашаанаас гаргаад өгье гээд цуг гадаа гарсан. Гадаа гараад байшингийн үүдэнд миний хэвлийн ус газарт хутгаар хатгасан. Тэгээд би намайг хутгалчихлаа гээд орилоход Батмөнх гүйж ирээд Гансаруулыг яаж байгаа юм хутгалчихлаа шүү дээ гэхэд тэгвэл гүйцээе пизда гээд хутгаа бариад дайраад байсан. Батмөнх түргэн тусламж, цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

         - Гэрч М.Батмөнх мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед 88938786 гэсэн дугаараас Ганболд миний 95747451 гэсэн утас руу залгаж Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Үүдийн 1-8 тоот буюу Гансаруулын гэрт архи ууж байна хүрээд ир гэж ярьсан. Тухайн үед би БНХАУ-ын Эрээн хотод тээврийн хэрэгслээ үлдээчихээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орж ирсэн байсан тул Гансаруулын гэр лүү явган явж очсон. Намайг Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Үүдийн 1-8 тоот буюу Гансаруулын гэрт очиход Гансаруул, Ганболд хоёр нилээн халамцуу мах чанасан ширээн дээр 0,75 литрийн тал шилтэй архи, 0,75 литрийн Экс архи бүтэн байсан. Тэгээд ширээн дээр байсан 0,75 литрийн шилтэй архийг хувааж уусан. Гансаруулын гэрт архи хувааж уух үед байшин дотор Гансаруул, Ганболд хоёрын хооронд хэрүүл, маргаан болоогүй ба тэр хоёр машинаа оочирт тавьчихаад таарсан талаараа ярьж байсан. Тэгээд бүтэн байсан 0,75 литрийн архийг талд нь оруулчихаад би гэрлүүгээ явлаа гээд Гансаруулын гэрээс гарсан. Миний араас Ганболдын хүзүүн дээр Гансаруул гараа тавьчихсан хэлхэлдээд гарч ирж байсан ба намайг хашааны хаалга руу дөхөж явах үед Ганболд намайг хутгалчихлаа амь авраарай гэж орилхоор нь би тэр хоёр дээр эргэж очсон. Намайг очиход Ганболд гэдсээ дараад газар хэвтэж байсан ба Гансаруул нь баруун гартаа бор өнгийн иштэй хутга барьсан байсан. Тэгээд би Гансаруулыг Ганболдыг хутгалчихлаа гэж бодоод түргэн тусламж дуудсан. 23-30 минутын дараа түргэний машин ирж дараа нь цагдаагийн албан хаагч нар ирж Ганболд, Гансаруул хоёрыг авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,   

  • Шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №143 тоот дүгнэлтэнд:

      1. У.Ганболдын биед хэвлийн зүүн хэсгээр хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

       4. Хүнд зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 24/,

    - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/,

      - Ю.Гансаруулын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг үзүүлж таниулав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас П.Гансаруулыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтаангүйгээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед  иргэн У.Ганболдын хэвлийн тус газарт нь хутгалан түүний бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Ю.Гансаруул нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн 1-8 тоот хашаанд иргэн У.Ганболдыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр хэвлийн тус газар нь хутгалж нарийн гэдсийг нь гэмтээж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.Ганболдын “...Гансаруулыг одоо унтаж амар би гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээчихсэн байгаа явлаа гээд гарах гэтэл Гансаруул намайг хашаанаас гаргаад өгье гээд цуг гадаа гарсан. Гадаа гараад байшингийн үүдэнд миний хэвлийн ус газарт хутгаар хатгасан. ... Бид хоёрын хооронд гэрт болон гадаа хэрүүл маргаан болоогүй. ... Би Гансаруултай урьд өмнө хэрүүл маргаан үүсгэж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх15/, гэрч М.Батмөнхийн “...Миний араас Ганболдын хүзүүн дээр Гансаруул гараа тавьчихсан хэлхэлдээд гарч ирж байсан ба намайг хашааны хаалга руу дөхөж явах үед Ганболд намайг хутгалчихлаа амь авраарай гэж орилхоор нь би тэр хоёр дээр эргэж очсон. Намайг очиход Ганболд гэдсээ дараад газар хэвтэж байсан. Ганболд Гансаруул хоёр байшингийн гадаа буюу хашаан дотор хэрүүл маргаан үүсгээгүй” гэсэн мэдүүлэг /хх18-19/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “... бид хоёрын хооронд хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Гансаруул нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч У.Ганболдоос буруутай үйл ажиллагаа болон ёс суртахуунгүй үйлдэл гаргаагүй, харилцан хэрэлдэж, зодолдоогүй байхад шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан явдал нь танхайрсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...танхайн сэдэлтээр үйлдээгүй, хутга аваад гарч байгаад нь шууд санаатай үйлдэл юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээрээ шууд санаатай үйлдлээр хүнд гэмтэл учруулсан учраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн нь дээр дурдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Ю.Гансаруулд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч Ю.Гансаруул нь анх удаагаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийг журамлан ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Ю.Гансаруул нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг устгахаар зааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Юрагийн Гансаруулыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар шүүгдэгч Юрагийн Гансаруулыг 4 /дөрвөн/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар  шүүгдэгч Юрагийн Гансаруулд оногдуулсан 4 /дөрвөн/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ю.Гансаруул нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.Гансаруулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ  

ШҮҮГЧ                                            Л.БАТЖАРГАЛ

                                                        А.ЦЭРЭНХАНД