| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 015/2016/0012/Э |
| Дугаар | 542 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 542
А.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр яллагдагч А.Н-д холбогдох 1810 0005 10142 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А.Н, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,
Яллагдагч А.Н- нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Ц.Б-ыг “янхан гичий архи уулаа” гэж хэлэхэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн гарын ядам хурууг нь хазан эрүүл мэндэд нь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: А.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.Н- нь нөхөр Ц.Б-ыг “янхан гичий архи уулаа” гэж хэлэхэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн гарын ядам хурууг нь хазан эрүүл мэндэд нь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсон тул А.Н-г шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэв.
1. А.Н- нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжны 86б тоот өөрийн гэртээ нөхөр Ц.Б-ыг “архи уулаа, янхан, гичий” гэж хэллээ гэснээс маргаж, түүний зүүн гарын ядам хурууг нь хазаж, биед “шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, улмаар Хан-Уул дүүргийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Прокурорын хяналтын шатанд хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуророос яллагдагч А.Н-д холбогдох хэргийг хянаад 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 43 дугаартай “Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдэж, уг тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... прокурорын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсан ба уг прокурорын тогтоолыг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Б-т танилцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт хуульд заасан журмын дагуу танилцах, гомдол гаргах хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд “Хүсэлт, гомдол гаргах” хуулийн 15.1, 15.2 дугаар зүйлд заасан эрхийг нь эдлүүлээгүй зөрчилтэй байна.
2. Мөн прокурорын тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллагдагч А.Н-д урьд сонсгосон ялыг хүндрүүлж ял сонсгосон атлаа энэ тухай хуулиар тогтоосон журмын дагуу яллагдагчид танилцуулж, мэдүүлэг аваагүй, яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “яллагдагчаар татсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” эрхийг нь хязгаарлаж, яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн байна.
Түүнчлэн тухайн эрүүгийн хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн A/1201, A/178 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Нөхцөл байдлын үнэлгээг хийх журам”-ын 2.2-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ цагдаагийн албан хаагчийн аюулын зэргийн үнэлгээг харгалзан хийнэ гэсний дагуу гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хийсэн эсэх талаар хэрэгт тодорхой баримтгүй зэрэг нь уг эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлийг үүсгэж байна. Мөн прокурорын яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэх гэмт хэрэг хэзээ, хаана гарсан байдлын талаар огт тусгаагүй орхигдуулсан байгаад анхаарч, дүгнэлт хийх шаардлагатай.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, шаардлагад нийцүүлэн дээр дурдагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр яллагдагч А.Н-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасны дагуу яллагдагч А.Н-д танилцуулснаар ямар хэрэгт яллагдах гэж байгааг мэдсэн бөгөөд хуулинд “яллагдагчид ялыг хүндрүүлж сонсгосон тохиолдолд мэдүүлэг авах” тухай заалт байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гэж заасан бөгөөд хохирогч Ц.Б-аас “... явцад эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай” гомдол гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар “оролцогчийн эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирогч хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ... ял шийтгэнэ” гэж заасан.
А.Н-гийн үйлдэл нь хуулийн дээрх заалт буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байх тул хэрэгт “Аюулын зэргийн үнэлгээ”, “нөхцөл байдлын үнэлгээ” зэргийг заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах дараахь зүйлийг тусгана:
4.1 дэх хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж заасан тул яллагдагчийн үйлдсэн гэх гэмт хэрэг хэзээ, хаана, гарсан тухай” яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт заавал тусгах шаардлагагүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 493 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх А.Н-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд А.Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэх, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, бүхий л нотлох баримтыг шалгахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зэрэг асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Н-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд очтол яллагдагч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ