Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1534

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01241 дүгээр шийдвэртэй, “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Энхбаатарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 3 733 610 төгрөг, зээлийн хүү 5 936 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 187 288 төгрөг, нийт 10 857 338 төгрөгийг гаргуулах,

Хьюндай Грейс маркийн 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Болормаа,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Бизнесийн оргил” ХЗХ-оос Ц.Энхбаатар нь 13/09 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй, микро автобус авах зорилгоор тухайн микро автобусаа барьцаалж зээл авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заасан болон зээлийн гэрээний 2.1.10-т заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийг төлөх боломжгүй болсон гэж үзэж хугацаанаас өмнө шүүхэд өгсөн.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Ц.Энхбаатар нь үндсэн зээлийн 3 733 610 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч уг төлбөрийг төлсөн гэж үзсэн байдаг. Зээлдэгчийн зүгээс 21 183 057 төгрөгийг төлсөн. Миний дансанд төлөөд явдаг. Өөр хэрэг дээр надаас зээлсэн 70 000 000 төгрөгийн асуудал шийдэгдсэн. Уг 70 000 000 төгрөгийн асуудал орж ирэхэд 33 200 000 төгрөгийг төлсөн гэдэг. Дээрх 21 183 057 төгрөг төлсөн талаар бэлнээр болон банкаар орж ирсэн болох нь энэ зээлийн картанд туссан байдаг.

Манайхаас Ц.Энхбаатар 6-7 удаа зээл авч байсан. Банкаар хийсэн төлбөр, бэлнээр төлөгдсөн төлбөр хоёр нь нэг өдөр хийгдсэн байдаг. Банкинд төлбөр төлчихөөд дараа нь манайд ирээд төлбөр төлөөд байгаа. Нэг өдөр зэрэг адилхан дүнтэй төлбөр төлнө гэж байхгүй. Иймд хариуцагч Ц.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 733 610 төгрөг, зээлийн хүү 5 936 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 187 288 төгрөг, нийт 10 857 338 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Бизнесийн оргил” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулаад 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. Хэдийгээр төлбөр төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаа боловч нийтийн тээвэрт микро автобусаар зорчигч тээвэрлэн олсон орлогоосоо өдөр өдөрт нь хуваариас гадуур мөнгө төлдөг байсан. Иргэн Ж.Болормаагийн дансаар 15 089 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг хэрэгт банкны орлогын баримтаар өгсөн байгаа.

Зээлийн картанд бүртгэгдсэн дүн 22 668 753 төгрөг байгаа. Энэ бол дансаар төлсөн төлбөрөөс тусдаа. Зээлийн картанд бүртгэгдсэн мөнгөнүүдийг бэлнээр өгсөн гэж үзэж болно. 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлөөд дуусгасан. Хариуцагчийн хувьд хуулийн болон санхүүгийн мэдлэггүй зэргээс хэтэрхий олон төлөлт хийсэн. Дээрх 70 000 000 төгрөгийн асуудал жичдээ шийдвэрлэгдээд дуусчихсан.

Нэхэмжлэгчийн шаардлага өөрөө тодорхойгүй, тооцооны хувьд баримжаагүй, хэдэн төгрөг нь үндсэн зээлд, хэд нь хүүд төлөгдсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Төлбөр төлөхдөө 70 000 000 төгрөгийн зээл, 15 000 000 төгрөгийн зээл шүү гэж ялгаж салгасан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Энхбаатар миний бие “Бизнесийн оргил” ХЗХ-той 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд төлвөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Хьюндай Грейс маркийн 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Зээлийн барьцааны гэрээнд 17-43 УНР, 73-43 УНЯ, 11-07 УНС улсын дугаартай авто машинуудыг барьцаалсан байдаг. 11-07 УНС, 17-43 УНР дугаартай авто машин нь осол гаргасан учир 2015 оны 7 дугаар сард н.Оюунболорын нэр дээр шилжүүлж өгсөн. 73-43 УНЯ улсын дугаартай авто машиныг зээлээ төлж дуусгаад шилжүүлж авах байсан. Хариуцагч 3 733 610 төгрөгийг барагдуулсны дараа шилжүүлж өгөхөд ямар ч асуудал байхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 3 733 610 төгрөг, хүү 5 936 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 187 288 төгрөг, нийт 10 857 338 төгрөгийг гаргуулах тухай “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхбаатар нь “Бизнесийн оргил” ХЗХ-д холбогдох Хьюндай Грейс маркийн 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Ц.Энхбаатарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 203 620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14 953 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 330 000 төгрөгийг гаргуулж “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзэх бөгөөд ямар тооцоолол хийж, ямар баримтыг үндэслэж, яагаад үүнийг удирдлага болгосон талаар шийдвэрт тусгаагүй. Хэдэн төгрөг төлсөн гэж үзэж байгааг тодорхой бичээгүй. Манай байгууллагын өгсөн нэрийн картын төлөлт болон “Лэндс” ХХК-ийн гаргаж өгсөн төлөлтийн мэдээллийг огт авч үзээгүй.

Нотлох баримт болох зээлийн нэрийн карт дээр зээлийн хүү, зээл төлөв гэсэн байдаг, төлсөн төлбөрийг бусад санхүүгийн байгууллагын адил зээлийн хүү болон зээлийн үндсэн төлөлт гэж хоёр төлбөрт хувааж авдаг байсан. Нэмэгдүүлсэн хүү огт аваагүй. Мөн зээл төлөгдсөн он сар өдрүүдийг бичиж үлдэгдлийг тэмдэглэж явсан. Үйлчилгээний хураамжид 50 000 төгрөг төлсөн. Зээлийн хүүд 9 866 667 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 11 316 390 төгрөг, нийт 21 183 057 төгрөг төлсөн. Үүнээс банкны дансаар 15 089 000 төгрөгийг хийсэн бөгөөд хариуцагчийн дүнтэй таардаг, бэлнээр 6 094 057 төгрөгийг авчирч өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн хүүд 110 000 төгрөг төлсөн. Үүнийг Б.Оюунболор өөрийн биеэр гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунболор төлөөд дууссан гэж бодсон бол үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байсан. Тэрээр 36 960 222 төгрөг төлсөн, өмгөөлөгч 38 000 000 төгрөг төлсөн гэсэн зөрүүтэй тайлбар хэлсэн. Гүйлгээ болгоны ард зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн гэрээний 3.1.15-д зааснаар ажлын байран дээр төлбөр төлдөг боловч Б.Оюунболор ажилтай байдаг учраас түүнийг бодоод миний дансанд орсон мөнгийг зээлийн картанд тэр өдөр нь бүртгэдэг байсан. Тиймээс ч банкны төлөлт зээлийн картын төлөлт нэг болохоор нэг өдөр байна гэдэг нь үнэлгээний компанийн дүгнэлтээс харагдаж байна.

Надаас иргэд хоорондын зээлийн гэрээ хийж 70 000 000 төгрөгийг зээлсэн байсан. Энэ хоёр зээлийн төлөлтийг санаатай хольж байна. Банкны хуулгыг ХЗХ-ны зээлийн төлөлтөд оруулсан гэж үзэхэд хүргээд байна. Үнэлгээний компанид хэлэхэд тэрийг ялгах боломжгүй, хариуцагчийн өгсөн банкинд төлсөн төлбөрийн баримтыг дүгнэлтэд оруулсан гэсэн. Тооцооллыг тодорхой болгох, одоо ХЗХ-ны балансанд байгаа эсэхийг тодруулах гэсэн үндэслэлээр өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан магадлал гарсан. Гэвч тооцооллыг тодорхой болгоогүй.

Монгол банкны активыг ангилах журмын 3.5.4-д зааснаар манай ХЗХ шүүх дээр очоод хоёр жил болж байгаа активыг балансаас гадуур бүртгэсэн гэснийг одоо балансад байхгүй бол энэ заалтыг зөрчиж байна гэж шүүх үзсэнд гомдолтой. Б.Оюунболор осол хийж зээлээ төлөөгүй нь зээлийн нэрийн картаас харагдах бөгөөд зээлээ хэвийн төлж байхад нь шүүхэд хандсан асуудал байхгүй.

Шүүх хуралдаанд шийдвэр гүйцэтгэгчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Бизнесийн оргил” ХЗХ нь хариуцагч Ц.Энхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 3 733 610 төгрөг, зээлийн хүү 5 936 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 187 288 төгрөг, нийт 10 857 338 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Ц.Энхбаатар “Хьюндай грейс” загварын 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, дээрх шаардлага тус бүрийг хэн аль нь харилцан эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ татан авсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13/09 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Ц.Энхбаатар нь “Бизнесийн оргил” ХЗХ-оос 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Хьюндай грейс” загварын 73-43 УНЯ, 11-07 УНС, 17-43 УНС улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч, зээлдэгч 15 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 6, 7/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, хэрэгт авагдсан “зээлдэгчийн нэрийн карт”-д бүртгэгдсэн аль үнийн дүнг 15 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт болохыг, энэ нь өөр харилцаагаар зээлсэн гэх 70 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс хэрхэн ялгаж тооцохыг нотлохгүй байна. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй “15 089 000 төгрөгийг дансаар, 22 668 753 төгрөгийг бэлнээр өгч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно. /хх17-78/

 

Зээлдэгчийн өөр өөр гэрээгээр авсан зээл, тооцоог нэг нэрийн картад бүртгэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасан зээлдэгчийн бүртгэлийн нэг дүгээр хувийн хэрэг нээж хөтөлнө, 25 дугаар зүйлийн 1-д заасан зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ гэж заасантай нийцээгүй байна.

 

Зохигчдын тайлбараар талуудын хооронд дээр дурдаж буй хэмжээ тус бүрээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байхад зээлдэгчийн нэрээр нэг картад эргэн төлөлт бүртгэгдсэн, үүнээс шалтгаалж аль зээлийн гэрээнд төлбөрийн ямар хэсэг нь хамаарахыг ялгах боломжгүй байдлаар тэмдэглэсэн, улмаар шүүх болон санхүүгийн мэргэжлийн байгууллагаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд дүгнэлт хийхэд ойлгомжгүй болсон, талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лендс” ХХК нь шинжээчээр ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлт ирүүлж, “зээлдэгчийг дансаар 15 089 000 төгрөг төлсөн нь баримттай, харин зээлийн картад бүртгэгдсэн дүнгээр 22 668 753 төгрөг гэж тусгагдсан боловч үүнийг кассын орлогын баримтаар нотлогдоогүй гэжээ. /хх139-145/

 

Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй атал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч гүйцэтгээгүйгээс үүссэн төлбөр гэх 10 857 338 төгрөгийн тооцоог нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанд шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лендс” ХХК-ийн шинжээч Д.Чимэдсайхан нарыг оролцуулах нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг шууд нотлохгүй тул анхан шатны шүүх энэ талаар гаргасан нэхэмжлэгчийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. /хх212/

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА