Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0479

 

       

 

 

 

 

 

 

        “Н ө” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн 

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Даваадулам

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Н ө” ХХК

Хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тендерийн үнэлгээний хороо

Гомдлын шаардлага: Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендерт иргэн Ц.О шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.О гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.О байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн НАОБТГ-03/03 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 484 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Балжинням, Г.Гончигдорж

Гуравдагч этгээд Ц.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2023/0061/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Н ө” ХХК”-иас Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендерт иргэн Ц.О шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.О гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.О байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн НАОБТГ-03/03 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 484 дүгээр шийдвэрээр: 

2.1.“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н-Ө” ХХК-ийг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “Н-Ө” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендерт “Н-Ө” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарган, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт өгөхийг даалгах, НАБТГ/202209007 дугаартай тендерт “Н-Ө” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт даалгах тухай гомдлын шаардлагуудаасаа татгалзсаныг баталж”,

2.2.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4, 28.14.6, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг тус тус баримтлан “Н-Ө” ХХК-иас Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендерт иргэн Ц.О шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.О гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.О байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн НАОБТГ-03/03 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/202209007 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Гуравдагч этгээдийн татварын өртэй байгаа нь маш тодорхой байхад л шаардлагагүй баримтуудыг авахаар хурлыг хойшлуулж байсан. Бид энэ талаар шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн шүүгч нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа гэж нэхэмжлэгчийн хувьд хардаж байна.

Гуравдагч этгээд Ц.О нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дараах шаардлагуудыг хангаагүй байдаг. Үүнд:

Монголын татварын алба цахим тодорхойлолтод Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 32.106 төгрөгийн өртэй, ажил төстэй нийлүүлэлтийн туршлагын жил, тооны талаарх мэдээлэл нэгийг ч ирүүлээгүй, захиалагчийн шаардлагаар бол 26 төрлийн шаардлага тавьсан байгаа.

Гэтэл Ц.О тендерийн материал нь агуулахын талбайн хэмжээ, газрын хэмжээ, хашаатай эсэх талаар 3 зүйл дээр харьцуулсан хүснэгт ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл дэлгэрэнгүй харьцуулсан хүснэгтийг ирүүлээгүй, барилгын хийц, бүтцийн талаар ямар стандарт хэрхэн хангасан талаар харьцуулалтын хүснэгт, баримт ирүүлээгүй бөгөөд тендер нээснээс хойш буюу 2022 оны 10 сарын 18-нд олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт ирүүлсэн.

Ц.О нь НӨАТ төлөгч биш бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар болон инженер геологийн дүгнэлт байхгүй, тендерийн нээлт хийснээс хойш 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөхийн гэрчилгээтэй болсон.

Нээлт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж үнэлгээ хийхэд гэрчилгээтэй байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн гуравдагч этгээдийн татварын өртэй эсэхэд л дүгнэлт хийсэн. Тэрхүү дүгнэлт нь үндэслэл бүхий биш байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 47-д "гуравдагч этгээд нь ХХОАТ-н илүү төлөлттэй байгаа нь автотээвэр өөрөө явагч хэрэгслийн татварыг төлөхөөс санаатайгаар зайлсхийх боломжгүй юм" гэсэн нь тун ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Тендерт оролцогчдод тавигдах хамгийн эхний гол шалгуур бол татварын өр төлбөргүй байх явдал юм. Энэ нь татвараа цаг хугацаанд нь төлдөг этгээдийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, цаашлаад шалгаруулах хуулийн гол бодлогын зохицуулалт юм. Хэн сайн татвараа төлдөг, хариуцлагатай этгээд л төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжтой байх нөхцөл юм.

Гэтэл анхан шатны шүүх 32.106 төгрөгийн татварын өртэй байгаа нь тендерт оролцогчийн эдийн засгийн чадавхад нөлөөлөхүйц өр төлбөртэй гэж үзэхээргүй байна гэжээ. Бага татварын өртэй бол тендерт шалгаруулж болно гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч, гуравдагч этгээдийн хувьд дээрх шаардлагуудыг хангаснаа нотлоогүй байхад анхан шатны шүүх Ц.О гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн нь үндэслэлгүй. Харин манай компанийн хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс бусад бүх шаардлагыг хангасан байсан.Ийм учраас манай компани нь "Н Ө" ХХК-ийг шалгаруулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан болно.

Анхан шатны шүүх хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс  шаардаж авсан баримт, албан бичгээс үзвэл гуравдагч этгээд Ц.О нь 6.495.348 төгрөгийн татварын ер төлбөр байгааг тодорхойлсон байна. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/2443 тоот албан бичгээр Ц.О нь НӨАТ-ын 1.035.131,93 төгрөгийн өртэй байгаа тухай баримтын хамт ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлж шийдвэр гаргаагүй байна.

Нэхэмжлэгч манай компанийн хувьд тендер шалгаруулалтад шударгаар хандаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийг зөвтгөж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 484 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Үнэлгээний хорооны боловсруулсан Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Агуулахын талбайн хэмжээ 1000 м.кв-аас багагүй талбайтай бие даасан объект байх” гэсэн шаардлага тавигджээ.

Гуравдагч этгээд Ц.О уг тендерт санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийн Y-2201065516,Y-2201065517, Y-2201065518 дугаарт тус тус бүртгэгдсэн 602, 601, 390 м.кв, нийт 1593 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ болон шүүхийн үзлэгээс тус тус үзэхэд Ц.О өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зам-1 гудамж, агуулахын зориулалттай дээрх сендвичин агуулахуудыг 5593 м.кв талбайтай газрын хамт 1.2 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байхад нэхэмжлэгчийн санал болгосон агуулахын хэмжээ үүнээс 2.5 дахин бага буюу 600 м.кв хэрнээ үнийн хувьд 1.28 тэрбум буюу шалгарсан этгээдээс 28.0 сая төгрөгөөр илүү байна.

Шийдвэрт Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянасны дагуу Үнэлгээний хороо нийтдээ 3 удаагийн үнэлгээ хийж, тухай бүрт гуравдагч этгээд иргэн Ц.О тендерт шалгаруулсан талаарх үйл баримтыг цаг хугацааны дарааллаар дэлгэрэнгүй тоочсоноос гадна Сангийн яамны шийдвэрийг үндэслэн Ц.О тодруулга байдлаар нэмэлт материал авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэсэнтэй нийцсэн талаар зөв дүгнэжээ.

            2.Хэдийгээр нэхэмжлэгчийн санал болгосон агуулахыг ачааны машин саадгүй нэвтрэх орц, гарцтай байх, утаа мэдрэгч, галын дохиололтой байх шаардлагыг хангаж байхад “хангаагүй” гэж дүгнэснийг, мөн “нягтрал ихтэй байршилтай ойр” гэсэн тендерийн баримт бичигт заагаагүй шаардлага тавьсныг Сангийн яамнаас “тендер шалгаруулалтаас хасах үндэслэл болохгүй” гэж дүгнэн, тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн боловч дээрх хуулийн 26.8-д заасны дагуу захиалагч нь тендер нээсний дараа тендерийн агуулга болон үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглох тул 3 дахь удаагийн үнэлгээгээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 28.7.3-т “Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж тус тус заасны дагуу иргэн Ц.О тендерийг шалгаруулсныг хууль бус гэж үзэхгүй.

            Учир нь нэхэмжлэгчийн санал болгосон агуулахын талбай тендерийн баримт бичигт заасан хэмжээнд хүрч байгаа эсэхэд Сангийн яамнаас гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн баримт бичгийн хүрээнд дүгнэлт өгсөн, гэтэл шүүх тендерийн баримт бичгээс гадна бодит байдалд үзлэг хийж, 1000 м.кв-аас багагүй байх шаардлагыг хангахгүй болохыг тогтоосон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ талаар тодруулахад үгүйсгэсэн хариулт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны гаргасан “гэрээ байгуулахыг даалгах” шаардлагаа “дахин тендер зарлахыг даалгах” гэсэн агуулгаар өөрчилснийг ч үүнтэй холбоотой гэж дүгнэж болно.

            3.Түүнчлэн “Н-Ө” ХХК-иас агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн талаарх баримтыг тус тус хавсаргаж ирүүлээгүйгээс тендерийн баримт бичгийн тендерийн тодорхойлолтод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байх шаардлагыг хангаагүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/8647 дугаар албан бичигт заасныг болон энэ талаарх Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч маргахдаа эдгээрийг үгүйсгэхээс илүүтэй шалгарсан иргэн Ц.О гаргасан гэх “зөрчлүүд”-ийг гомдлын үндэслэлээ болгосон байдаг.

            Гэтэл тендерийн үнэлгээний хорооны эхний үнэлгээгээр нэхэмжлэгчийг санал болгосон үнийн хувьд хамгийн бага байх шаардлагыг хангаагүй, дараагийн удаад агуулах 600 м.кв талбайтай байгаа нь шаардлагад нийцээгүй, орц, гарц шаардлага хангахгүй, агуулахын байршил сургууль цэцэрлэгтэй ойр, суурьшлын бүсэд байна гэсэн шалтгаанаар тус тус шалгаруулаагүй, харин 3 дахь удаад гурван үндэслэлээр шаардлага хангаагүй гэсний хоёрыг нь Сангийн яамнаас дээрх байдлаар хуульд нийцсэн шалгаруулалт болсон гэж дүгнэснийг нэхэмжлэгчээс тодорхой үндэслэлээр няцааж маргасангүй.

Иймд хөрөнгийн үнэлгээний “М О т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар гуравдагч этгээдийн санал болгосон 1595 м.кв агуулахын зах зээлийн үнийг 1.548.500.000 төгрөгөөр тодорхойлсон, эзэмшил газрын хувьд 5592 м.кв талбайтай, гэтэл нэхэмжлэгчийн агуулах 624 м.кв, газрын хэмжээ 1343 м.кв байгаагаас үзэхэд хамгийн бага үнэ санал болгосон гуравдагч этгээдийн агуулах нэхэмжлэгчийнхээс хэмжээний хувьд өмнө дурдсанчлан 2.5 дахин, газрын хэмжээ 4.1 дахин их байх тул Ц.О автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт 32.106 төгрөгийн өртэй, НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй, ижил төстэй нийлүүлэлтийн талаарх мэдээлэл ирүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тендерийн нээлт хийгдсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш буюу 24-ний өдөр авсан зэрэг нь энэхүү тендер шалгаруулалтыг нэхэмжлэгчийн гомдлоор хүчингүй болгуулах шууд үндэслэл болохгүй.

Тухайлбал захиалагчийн гол шаардлага болох агуулахын хэмжээг нэхэмжлэгч тендерийн баримт бичигт “1000 м.кв” гэж худал мэдээлсэн, бодит байдалд тэрхүү агуулах нь 600 гаран м.кв болох нь шүүхийн үзлэгийн явцад хийсэн хэмжилтээр, мөн тендерт санал болгосон 600 м.кв талбайтай агуулахаа 650.0 сая төгрөгөөр худалдан борлуулахаар нэхэмжлэгчээс 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Century 21 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан зар түгээж байсан нь 3 дугаар хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан баримтаар тус тус тогтоогдсон зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг шалгаруулаагүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй байна.

            4.Харин анхнаасаа нэхэмжлэгчээс сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах тендер шалгаруулалттай маргасан энэ тохиолдолд гомдлын зарим шаардлагаасаа татгалзсаныг батлах шаардлагагүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгохоор заасан, иймд өөр хоорондоо шууд хамаарал бүхий шаардлагын зарим хэсгээс татгалзах, эсхүл нэмэгдүүлэх зэрэг тохиолдолд цаашид татгалзлыг батлахаас илүүтэй “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн” гэсэн агуулгаар ойлгож шийдвэрлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Н Ө” ХХК-ийн захирал Ж.Д  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН