Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/800

 

 

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

........... овогт Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............................. дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..................... овогт Н.Т нь Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ............................. төрсөн, 40 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...................................... түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:......................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр .......................................... тоотод иргэн Н.Д “манай эхнэрийг гичий гэж доромжиллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “5, 6, 7 дугаар хавиргануудын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Таас: 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хийсэндээ гэмшиж байна. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

            Хоёр. Эрүүгийн ....................дугаартай хэргээс талуудын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “..........................................нутаг дэвсгэрт бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

            2. Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...Би ........................................................ тоотод байрлах “................”-ийн цехэд хааяа очиж толгой хуйхалдаг ажил хийдэг юм. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус цехэд Нтай хамт очсон. Цех рүү явж байхдаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан болохоор би хэсэг юмыг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь Т намайг газарт унагаачихсан зүүн талын хавирга руу өвдөглөөд байсан. Миний цээж, хавирга өвдөөд, болиоч гэж хэлсэн. Тэгээд миний цээж өвдөөд би хөдөлж чадахгүй болсон. Н бид хоёр цехэд нэлээн сууж байгаад оройхон гараад явсаар байгаад Нн гэрт очиж хоносон. Н надад “чи Тын авгайг гичий гэж хэлсэн” гэсэн. Өглөө нь түргэн тусламж дуудсан чинь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө баримтаар гаргаж нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

            -хохирогчоор 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Н.Т намайг газар унагаагаад өшиглөөд гэмтлүүдийг учруулсан. Н.Т эмчилгээний зардал болох 270.000 төгрөгийг өгч барагдуулсан. Дээр нь намайг гэртээ ажилгүй байгаа гээд нийт 500.000 төгрөг өгсөн. Одоо Таас дахиж нэхэмжилж авах зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

 

            3. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд нөхөн Т, С бид гурав гэдэс ангилгааны цехэд ажлаа хийгээд байж байхад гаднаас Сгийн дүү Н нь Д гэдэг залуутай хамт орж ирсэн. Н, Д хоёр орж ирэхдээ согтуу байсан. Тэгээд Д “..... хаана байна, надтай уулзана гэж хэлсэн” гэхээр нь би “байхгүй, өнөөдөр ирэхгүй байх, маргааш ир” гэж хэлсэн чинь “муу сайн банди нар ална шүү, ...гичий минь” гэж хараагаад намайг цохих гэхэд Т өмөөрөөд Д түлхэж унагаагаад, дээр нь дарж суугаад гараараа цохисон. Нүүр хэсэгт нь цохисон байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

 

            4. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...цех рүү өдөр орсон чинь Д, Н хоёр согтуу сууж байсан, би юу болсон юм бэ гэж асуусан чинь Т “Д согтуу орж ирээд манай эхнэрийг элдвээр хэлээд байхаар нь би түлхээд унагаасан” гэж хэлсэн. Харин Д “миний цээжээр өвдөөд байна” гэж сууж байгаад оройхон явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

            5. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д бид хоёр манай гэрт 1 шил 0.75 литрийн архи уучхаад Сгийн ажилладаг цех дээр очиход С яндан хөөлөх гээд дээвэр дээр гарсан гээд, Т эхнэртэйгээ байсан. Бид хоёр Сг асуугаад зогсож байхад Д согтуурхаад Тын эхнэрийг пизда минь, лалар минь гээд хэл амаар доромжилсон. Т эхнэр уурлаад Дтой хэрэлдсэн чинь Т Д түлхэж унагаагаад дээр нь гараад цээжин дээр нь өвдөглөж суугаад нүүр рүү нь нэг удаа цохисон. ...Д хавирга өвдөөд байна гээд хашаанд болон хашааны гадаа нэлээн удаан суугаад, явж чадахгүй болохоор нь такси бариад манай гэрт ирж хоносон. Д шөнөжин ёолоод, өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Д Таас өөр хүн цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

 

            6. Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн:

            “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн орчим ажлаа хийгээд байж байтал Н, Д хоёр согтуу ирээд Д “А байна уу” гэхээр нь би “байхгүй, өнөөдөр ирэхгүй” гэсэн чинь “банди нараа ална шүү” гээд байхаар нь “миний хөгшин согтуу байна, наанаа сууж байгаад архиа гаргаад яв” гэж хэлсэн. Тэгтэл юу яриад байгаа пизда вэ гээд хараагаад эхэлсэн. Манай эхнэр “ажил хийлгэхгүй юм, битгий саад болоод бай” гэж хэлсэн чинь манай эхнэрийг янхан, гичий гээд, өөрийгөө шоронд байсан гээд байсан. Тэр үед манай эхнэр М Д нүүр рүү алгадсан чинь Д буцаагаад манай эхнэрийг цохих гэхээр нь би урдуур нь ороод Д нүүр рүү гараараа цохиод газарт унагаасан. Тэгээд босох гэхээр нь цээжин дээр нь өвдөглөчихсөн юм. Тэр үед Д цээжээр эвгүй болчихлоо гэж хэлсэн ба зүүн талын хавирга нь хугарчихсан юм шиг байна лээ. ...Би хохирогч Н.Дид эмчилгээний зардал болон ойр зуурын хэрэглээний төлбөр болгож 500.000 төгрөгийг өгч барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31 дүгээр тал),

 

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1856 дугаартай дүгнэлтэд:

            Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /цаашид ГССҮТ гэх/-ийн 01061 тоот өвчний түүхээс: ...түүх нээсэн 2019.01.25-ний 16 цаг. ...хэвтэх үеийн зовуурь: Цээжний зүүн талаар өвдөнө, халуурна, амьсгаа авч чадахгүй. Өвчний түүх: 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуу үедээ бусдад зодуулсан. ...Хэсэг газар: Цээжний зүүн хэсгээр 6, 7-р хавирга орчим өвчин эмзэглэл ихтэй.

            2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГССҮТ-ийн цээжний эгц байрлалын рентген зурагт: ...Зүүн талд LAA, LAP 5, 6, 7, 8 хавирганууд зөрөөгүй, 6 хавирга хоёрлосон хугаралтай. /Дүгнэлт бичсэн эмч С.Н/ гэжээ.

            2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГССҮТ-ийн цээжний эгц байрлалын рентген зурагт: ...Цээжний зүүн талд 6, 7 хавирганы хугаралтай. /Дүгнэлт бичсэн эмч Д.Ундармаа./ гэжээ.

            Дүгнэлтэд:

1. Н.Д биед зүүн 5, 6, 7-р хавиргануудын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч М.Аригуунтөгс/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн  14 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

           8. Шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дугаар тал), ...........................дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Тт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ  “шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр .............................................. тоотод иргэн Н.Д “манай эхнэрийг доромжиллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч Н.Т нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ......................................................... тоотод иргэн Н.Д “манай эхнэрийг гичий гэж үг хэлээр доромжиллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “5, 6, 7 дугаар хавиргануудын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

            - гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

            -Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...архи хувааж уусан байсан болохоор би хэсэг юмыг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн Т намайг газарт унагаачихсан зүүн талын хавирга руу өвдөглөөд байсан, ...миний цээж, хавирга өвдөөд, болиоч гэж хэлсэн. ...миний цээж өвдөөд би хөдөлж чадахгүй байсан. Н надад “чи Тын авгайг гичий гэж хэлсэн” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал) болон дахин хохирогчоор өгсөн “...Н.Т намайг газар унагаагаад өшиглөөд гэмтлүүдийг учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

            -Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...Н, Д хоёр орж ирэхдээ согтуу байсан.  ...гичий минь” гэж хараагаад намайг цохих гэхэд Т өмөөрөөд Д түлхэж унагаагаад, дээр нь дарж суугаад гараараа цохисон. Нүүр хэсэгт нь цохисон байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

            -Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...Т “Д согтуу орж ирээд манай эхнэрийг элдвээр хэлээд байхаар нь би түлхээд унагаасан” гэж хэлсэн. Харин Д “миний цээжээр өвдөөд байна” гэж сууж байгаад оройхон явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

            -Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д согтуурхаад Тын эхнэрийг пизда, лалар минь гээд хэл үгээр доромжилсон. ...Т эхнэр уурлаад Дтой хэрэлдсэн чинь Т Д түлхэж унагаагаад дээр нь гараад цээжин дээр нь өвдөглөж суугаад нүүр рүү нь нэг удаа цохисон. ...Д хавирга өвдөөд байна гээд нэлээн удаан суугаад, явж чадахгүй болохоор нь такси бариад манай гэрт хоносон. Д шөнөжин ёолоод, өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Д Таас өөр хүн цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

            -Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...2019 оны 01 дүгээр сарын 24-нд ...Н, Д хоёр согтуу ирсэн. ... манай эхнэрийг янхан, гичий гээд байсан. Тэр үед манай эхнэр М Д нүүрэнд  алгадсан чинь Д буцаагаад манай эхнэрийг цохих гэхээр нь би урдуур нь ороод Д нүүр рүү гараараа цохиод газарт унагаасан. Тэгээд босох гэхээр нь цээжин дээр нь өвдөглөчихсөн юм. Тэр үед Д цээжээр эвгүй болчихлоо гэж хэлсэн, зүүн талын хавирга нь хугарчихсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31 дүгээр тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1856 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Т нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Мөн шүүгдэгч Н.Т нь хохирогч Н.Д эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулж буй өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд хохирогч Н.Д эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус хэргийн улмаас хохирогч Н.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч Н.Д нь хохирлын 500.000 төгрөг хүлээн авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирол нөхөн төлөгдсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, урьд ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд энэхүү зүйл, хэсэгт дээрх хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна.

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба түүнийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар татсан байх буюу тодруулбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” этгээд тус хуулийн үйлчлэлд хамаарна гэж хуульчилсан байна. 

Шүүгдэгч Н.Т нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байх тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүхэд ирүүлсэн “Цагдан хорих шийдвэрт заагдсан этгээдийг хүлээн авч, магадалсан” баримтад шүүгдэгч Н.Тыг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан талаар тэмдэглэсэн байх тул шүүгдэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 35 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурдав.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Тын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Тт холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан байх боловч шүүгдэгч Н.Т нь шүүхийн шатанд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан ба, түүнийг цагдаагийн байгууллага 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд эрэн сурвалжилж, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олж ирүүлснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............ овогт Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Дид төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Т нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 35 (гучин тав) хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА