| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Ож овогт Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
... овогт Б.Х нь Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 29-ний ................... төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “........................” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................... оршин суух бүртгэлтэй боловч ........................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...........................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед хохирогч Д.Б-н ..................... тоот гэрээс 25.000.000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж аваад, уг мөнгийг Д.Бд өгөлгүй дундаас нь завшиж, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2008 0000 01495 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би танил дүү болох Бд “ах нь машин авах гэж байна, чи завтай бол гэрээс очоод мөнгө аваад ир” гэхэд “би ажилтай байна, хамаатны дүүгээ явуулчихъя” гэхээр нь би “тэгье” гэхэд ................ дугаараас Б.Х гэдэг залуу над руу яриад “Б ах таны юманд яваад ир гэж байна” гэхээр нь би Хан-Уул дүүргийн “Гэгээнтэн” цогцолбор дээр дуудахад 11 цагийн үед ирсэн. Тэгэхээр нь ........ тоотод очоод манай эхнэрээс очоод мөнгө аваад ир гээд явуулсан. Би өөрийн эхнэр М рүү яриад “Б.Х гэдэг хүн очно, 25.000.000 төгрөг өгөөд явуулаарай” гэж хэлсэн. 12 цагийн орчим Б.Х над руу залгаад “би гэрт чинь ирээд эхнэрээс чинь мөнгө авчихлаа, Гурвалжингийн гүүрний орчим явж байна” гээд утсаа тасалсан. Ирэхгүй удаад байхаар нь залгасан чинь 19-ийн үйлчилгээний төв дээр явж байна гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Би Б руу яриад “дүү чинь мөнгө аваад алга болчихлоо” гэхэд Б ирээд бид тэр өдрөө хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би хувиараа машин худалдаж аваад зардаг. Энэ бизнестээ хэрэглэдэг мөнгө байгаа юм. Би өөрт учирсан 25.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
- хохирогчоор дахин 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр танил дүү Бд “ах нь машин авах гэж байна, чи завтай бол гэрээс очоод мөнгө аваад ир” гэхэд “би ажилтай байна, хамаатны дүүгээ явуулчихъя” гээд надад .......... дугаарыг өгөөд “Б.Х гээд манай хамаатны дүү байгаа юм, та энэ дугаар руу яриад авахуулчих” гэж хэлсэн. Би тус дугаар руу яриад Б.Хыг гэр рүүгээ явуулсан. Б.Х гэрээс очоод 25.000.000 төгрөгийг манай эхнэр Мээс авсан байсан. Би Б.Хтай утсаар холбогдож “мөнгө авсан уу” гэхэд “аваад очиж байна” гэж хэлсэн. Дахин залгахад утас нь холбогдохгүй, тэр чигтээ алга болсон. Би тэр өдрөө авчирч өгөх байх гэж хүлээж байгаад өгөхгүй болохоор нь маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад 25.000.000 төгрөгийн хохирол учирсан. Б.Х надад миний Хаан банкны .................... тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 12.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
2. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуурай ах Б машин авах гээд над руу залгаад “ах нь зав муутай байна, миний дүү манай гэрээс очоод 25.000.000 төгрөг бэлэн байгаа, аваад ирээч” гэхээр нь би тухайн үед завгүй байсан болохоор ...үеэл дүүгээсээ гуйгаад үзье гэсэн. Би дүү Б Б.Х руу залгаад “чи завтай байвал гялс нэг юманд яваад өгөөч” гэхэд “тэгье” гэсэн. Би Б ахад дүүгийнхээ дугаарыг өгөөд тэр хоёрыг холбож өгсөн. Б ах гэрээ зааж өгөөд мөнгөндөө явуулсан байсан. Тэгтэл 1 цагийн дараа Б ах над руу залгаад “дүү чинь мөнгө авч явсан байна, одоо болтол ирээгүй утсаа унтраагаад алга болсон байна” гэж хэлэхээр нь дүү рүүгээ залгатал гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд гэрийнхнээс нь асуутал гэртээ ирээгүй гэж хэлсэн.
Үеэл дүү Б.Х нь 1993 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн. Цэрэгт явж ирээд цэргийн ангид жолоочоор ажиллаж байсан. Одоо .................. жолоочоор ажилладаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
3. Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүү Б өөрийн .............улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг заруулахаар “Да хүрээ” зах руу өгч явуулсан. 15 цагийн орчим манай дүү над руу залгаад “таны машиныг 13.200.000 төгрөгөөр зарахаар боллоо, 7.200.000 төгрөгийг нь одоо аваад, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нь маргааш өгнө” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд машинаа зарсан, мөнгийг нь надад авчирч өгсөн. Маргааш нь машин худалдаж авсан гэх залуугийн эгч гэх эмэгтэйн .............. дугаарын утас руу залгаад 6.000.000 төгрөгийг манай дүү очиж бэлэн аваад надад авчирч өгсөн. Би машин худалдаж авсан залууг ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгье гээд хүлээгээд байж байхад цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. Би дээрх мөнгийг аваад шууд Хархорин захын замын хойд талд байдаг “................” ББСБ-д машин, байр хоёроо барьцаалсан 45.000.000 төгрөгийн зээл аваад үлдэгдэл 13.000.000 төгрөг байсныг бүгдийг нь төлж дуусгасан. 200.000 төгрөгийг нь хэрэглээд дуусгасан. Надад учирсан хохирол байхгүй. Уг машинаа худалдаж авсан хүнд нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
4. Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлбийн гүүрэн дээр байрлах барилгын материалын дэлгүүрт өмнө нь 100 айл дээр хамт ажилладаг байсан Б.Х гэдэг залуутай тааралдаад юм ярьж зогсож байгаад би “8 ханатай монгол гэр авах хүн байна уу” гэхэд “би сонирхоод таалагдвал авъя” гээд явсан. Гурав хоногийн дараа Б.Х залгаад манай гэрийг үзье гэхээр нь би машиндаа суулгаад Цайзад байх хаягийг нь мэдэхгүй айлын хашаанд барьсан байсан гэрээ очиж үзүүлэхэд би гэрийг чинь авъя гээд 20.000 төгрөгийн дэвсгэртээр бэлэн 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд “намайг Да хүрээ зах дээр хүргээд өгөөч, би машин авах гэсэн юм” гэхээр нь би хүргэж өгөхөд “би удахгүй, та намайг хүлээж байгаач, би бэлэн мөнгөтэй явж байгаа” гээд уг захын хашаа руу орсон. Б.Х миний машинд цагаан тортой мөнгөө орхиод буусан. Удалгүй машин авахаар болчихлоо гээд нэг залууг дагуулж ирээд .................. улсын дугаартай “Ниссан Жуке” машиныг 13.200.000 төгрөгөөр худалдаж авсан. 7.200.000 төгрөгийг машины эзэн залууд өгөөд, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг миний машины урд талын хайрцагт хийгээд орой ажил дээрээс чинь очиж авна, би нэрээ шилжүүлж байж мөнгийг нь гүйцээж өгнө гээд нөгөө авсан машинаа унаад явсан. Тэгээд тэр оройноо ирж мөнгөө аваагүй. Тэрнээс хойш 4-5 хоног утас нь холбогдоогүй, нөгөө авсан машины хүн нь над руу залгаад байхаар нь би хүний мөнгийг өгч чадахгүй гэж хэлээд байгаад байсан. Тэгтэл Б.Х над руу яриад “би хөдөө байна, нөгөө машин авсан хүмүүст мөнгийг нь өгчих” гэхээр нь би үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нь бичиг хийлгэж аваад өгсөн. Удалгүй над руу цагдаагаас ярьсан. Би дээрх мөнгийг гэмт хэргийн замаар олсон гэдгийг мэдээгүй. Надад Б.Х би 20.000.000 төгрөгөөр машинаа зарсан, 2.000.000 төгрөгийг нь өрөндөө өгсөн, үлдсэнээр нь машин, гэр авна гэж ярьж байсан. Би найз Дэлгэртуяад 3.000.000 төгрөгийн өрөө өгөхдөө Б.Хаас авсан 2.000.000 төгрөгийг хамт өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
5. Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд:
-Гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:“... 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн орчим үеэл ах Б над руу залгаад “завтай байна уу, Б гэдэг хүнтэй уулзаад туслаад өг” гэхээр нь .................... дугаарын утас руу залгаад Зайсангийн “Энхжин” хороололд очиж уулзахад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 38-12 тоот манай гэрээс очоод мөнгө аваад ир гэхээр нь би уг хаягт очоод Б гэж хүн явууллаа гэхэд эхнэр нь бэлнээр 25.000.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг аваад Б рүү мөнгийг чинь авчихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Би өртэй байсан Батбаяр гэж хүн рүү залгаад 10 дугаар хороолол руу очиж 7.200.000 төгрөгийн өрөө өгсөн. Тэгээд 100 айл дээр очиж Отгоо эгчтэй уулзаад “гэр зарах уу” гэхэд “зарах гэр байгаа” гээд Цайзад байх хаягийг нь мэдэхгүй хашаанд очиж барьсан байсан хуучин гэрийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Цааш явж “Да хүрээ” зах ороод ................ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгслийг бэлэн 13.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр өдрөө авсан машиндаа хоноод маргааш нь машинаа унаад Завхан аймгийн Тэс сум руу аав, ээж рүүгээ явсан. Зам хол учир замдаа нэг хоноод аавындаа очсон. Маргааш нь цагдаа нар намайг ирж бариад Улаанбаатар хотод авчирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-Яллагдагчаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Би уг мөнгийг Д.Б-ын гэрээс ганцаараа очиж авсан, бусадтай хамтарсан зүйл байхгүй. Д.Б гэх хүн 25.000.000 төгрөгийг надад захиран зарцуулах эрх олгоогүй. Би нийт төлөх ёстой 25.000.000 төгрөгөөс одоогийн байдлаар 23.000.000 төгрөгийг Б-н данс руу шилжүүлсэн. Цаашид өгөх ёстой 2.000.000 төгрөгөө шүүх хурлаар орохын өмнө барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
6. Хохирогч Д.Б-н “Хаан банк”-ны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 13, 15 дугаар тал), Хохирлын мөнгө хүлээн авсан тухай хохирогч Д.Б-н бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт:
7. Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал), хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 57, 60 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Б-н ............ тоот гэрээс 25.000.000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж аваад, уг мөнгийг Д.Бд өгөлгүй дундаас нь завшиж, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Х нь нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед хохирогч Д.Б-н зөвшөөрлөөр түүний ... тоот гэрээс нь 25.000.000 төгрөгийг итгэмжлэн хариуцан авсан, уг мөнгийг Д.Бд аваачиж өгөх байсан боловч хүлээлгэн өгөлгүй өөртөө завшиж, түүнд 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр танил дүү болох Бд “ах нь машин авах гэж байна, чи завтай бол гэрээс очоод мөнгө аваад ир” гэхэд “би ажилтай байна, хамаатны дүүгээ явуулчихъя” гэсэн. ...Б.Х гэдэг залуу над руу яриад “Б ах таны юманд яваад ир гэж байна” гэхээр нь ... тоотод очоод манай эхнэрээс очоод мөнгө аваад ир гээд явуулсан. Эхнэр М рүү яриад “Б.Х гэдэг хүн очно, 25.000.000 төгрөг өгөөд явуулаарай” гэж хэлсэн. ...Б.Х над руу залгаад “би гэрт чинь ирээд эхнэрээс чинь мөнгө авчихлаа, Гурвалжингийн гүүрний орчим явж байна” гээд утсаа тасалсан. ...Би Б руу яриад “дүү чинь мөнгө аваад алга болчихлоо” гэхэд Б ирээд бид тэр өдрөө хайгаад олоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн”...Б.Х гэрээс очоод 25.000.000 төгрөгийг манай эхнэр Мээс авсан, тэгээд...утас нь холбогдохгүй, тэр чигтээ алга болсон. ...Б.Х надад миний Хаан банкны ..... тоот данс руу ...нийт 23.000.000 төгрөг өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хуурай ах Б над руу залгаад ...манай гэрээс очоод 25.000.000 төгрөг бэлэн байгаа, аваад ирээч” гэхээр нь би ...үеэл дүүгээсээ гуйгаад үзье гэж хариулсан. Би дүү Б.Х руу залгаад ...тэр хоёрыг холбож өгсөн. Б ах гэрээ зааж өгөөд мөнгөндөө явуулсан байсан. ...1 цагийн дараа Б ах над руу залгаад “дүү чинь мөнгө авч явсан байна, одоо болтол ирээгүй утсаа унтраагаад алга болсон байна” гэж хэлэхээр нь дүү рүүгээ залгатал гар утас нь холбогдохгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...”Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгслийг заруулахаар “Да хүрээ” зах руу өгч явуулсан. 15 цагийн орчим манай дүү над руу залгаад “таны машиныг 13.200.000 төгрөгөөр зарахаар боллоо, 7.200.000 төгрөгийг нь одоо аваад, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нь маргааш өгнө” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд машинаа зарсан. ...Би машин худалдаж авсан залууг ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгье гээд хүлээгээд байж байхад цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Х залгаад манай гэрийг үзье гэхээр нь ...гэрээ очиж үзүүлэхэд ...2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд “намайг Да хүрээ зах дээр хүргээд өгөөч, би машин авах гэсэн юм” гэхээр нь би хүргэж өгсөн. Удалгүй машин авахаар болчихлоо гээд нэг залууг дагуулж ирээд ... улсын дугаартай “Ниссан Жуке” машиныг 13.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг мөнгийг Д.Б-н гэрээс ганцаараа очиж авсан. ...надад захиран зарцуулах эрх олгоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), хохирогч Д.Б-н “Хаан банк”-ны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 13, 15 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба завших гэдэг нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өмчлөгчид нөхөн төлбөр өгөхгүй байх, дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлэх зэрэг идэвхитэй үйлдлээр илэрдэг.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Б-тэй өөрийн үеэл ахаар дамжуулан холбогдсон байх ба хохирогч нь өөрийн гэрээс 25.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Хаар дамжуулан өөрт авчруулахаар итгэмжлэн хариуцуулсан, Б.Х нь хохирогчийн гэрээс 25.000.000 төгрөгийг очиж хүлээн авсан байх боловч уг мөнгийг хохирогч Д.Бд өгөлгүй, өөрийн өр төлбөрийг төлөх, тээврийн хэрэгсэл болон гэр худалдан авах зэргээр дур мэдэн эргэлтэд оруулан зарцуулж, завшсан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Х нь тус гэмт хэргийг шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр үйлдсэн, мөн итгэлийг урвуулан ашиглаж, амар хялбар аргаар амьдрахад зориулж завшжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Б-н 25.000.000 төгрөгийг завшиж хохирол учруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 23.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг буюу нийт 25.000.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, бага цагаар ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Б.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА