Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 139

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Г.Бясманы нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: ТЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, НӨАТ-ын урамшуулал олгохыг даалгах” тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бясман шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.Бясман миний бие 2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар банкны зээлийн санхүүжилтээр “Ажигана Хунчир” ХХК-иас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 189,000,000 төгрөгөөр орон сууц худалдаж авахдаа 17,181,8 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн.

Миний бие нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Татварын газарт орон сууц худалдан авсны хөнгөлөлт эдлэх асуудлаар материал бүрдүүлэн очих үедээ орон сууцаа худалдсан компани нь надад и-баримт олгох ёстой байсныг мэдсэн. Мэдсэн даруйдаа надад орон сууц худалдсан “Ажигана Хунчир” XXК дээр очсон ба учрыг тодруулахад, тус компанийн ажилтан Б.Бадамцэцэг нь “таны төлбөрийн баримтыг тухайн үед нь хэвлэзд татварын цахим төлбөрийн баримтын системд илгээсэн байна. Танд манай компани и-баримтыг хугацаанд нь өгөөгүй буруугаа ойлгож байна. Энэ нь тухайн үед ажиллаж байсан жирэмсэн эмэгтэйгийн буруугаас болсон байна” гэсэн тайлбар гаргаж байсан.

Миний бие нь дээрх компаниас и-баримт авсан даруйдаа 179,300,000 төгрөгийн үнийн дүн бүхий BW93538627 дугаартай, 9,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий VL13917515 дугаартай төлбөрийн баримтуудыг Еbarimt.mn системд бүртгүүлсэн.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байгаа тул миний бие нь хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтөө эдлэх болон “Ажигана Хунчир” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны талаар Татварын Ерөнхий газарт 2018 оны 02 дугаар сард өргөдөл гаргасан бөгөөд гус газраас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09/1555 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...таны хугацаа хоцорч бүртгүүлсэн худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголт одоогоор санхүүжилтийн эх үүсвэргүйн улмаас олгогдох боломжгүй байгаа бөгөөд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газарт Татварын Ерөнхий газрын 2018 оны 02/808 дугаар албан бичгээр хуулийн хугацаа хоцорч бүртгүүлсэн татвар төлөгчдөд урамшуулал олгох нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх санал хүргүүлсэн болохыг уламжилъя...” гэсэн хариу хүлээн авсан.

Үүний дараа Сангийн сайдаас Татварын Ерөнхий газарт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 4-2/3915 дугаартай албан бичгээр “...албан татвар суутган төлөгчийн буруутай үйлдлийг албан татвар төлөгч хуулийн хугацаанд татварын албанд мэдэгдсэн бол уг худалдан авалтыг татварын албанд бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан нь тодорхой болсон тохиолдолд холбогдох урамшууллыг олгох нь зүйтэй байна..." гэсэн хариу ирснийг надад энэ оны 07 дугаар сард танилцуулсан.

Миний бие дээрх албан бичигтэй танилцаад дээрх асуудлаар дахин Татварын Ерөнхий газарт өргөдөл гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болдбаатараас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/3114 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгээр “...Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4-2/3915 дугаартай албан бичгийн хүрээнд “...албан татвар суутган төлөгчийн буруутай үйлдлийг албан татвар төлөгч хуулийн хугацаанд татварын албанд мэдэгдсэн бол ...холбогдох урамшууллыг олгох нь зүйтэй...” гэсний дагуу таны гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна, таны өргөдлийг холбогдох баримтуудыг үндэслэн буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр тус газрын Татварын орлогын газарт шилжүүлсэн бөгөөд зохих журмын дагуу буцаан олголтыг танд олгох болсныг үүгээр уламжилъя ...” гэсэн хариуг хүлээн авсан.

Миний бие дээрх албан бичгийн хүрээнд буцаан олголтоо авахыг хүлээж байсан боловч Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичгээр “...та дээрх төлбөрийн баримтуудыг цахим төлбөрийн системд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, холбогдох журам, Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлтэй нийцэхгүй байгаа тул орон сууцны худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг олгох боломжгүйг анхаарна уу...” гэсэн хариу ирүүлжээ.

Дээрх албан бичгээс болж иргэн миний бие нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал болох 3,436,363 сая төгрөгөө авч чадахгүй хохирч байна.

Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно гэж 4 нөхцөл, шаардлагыг хуульчилжээ. Үүнд:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д “албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх” /“Ажигана Хунчир” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгж болно/

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх” /“Ажигана Хунчир” ХХК нь миний худалдан авсан орон сууцны 179,300,000 төгрөгийн үнийн дүн бүхий BW93538627 дугаартай төлбөрийн баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 9,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий VL13917515 дугаартай төлбөрийн баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэвлэж цахим төлбөрийн системд илгээсэн байдаг/

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3-т “албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ байх” /Миний худалдан авсан орон сууц нь албан татвар ногдсон бараа бөгөөд миний бие нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн үнээр нь худалдан авсан. Энэ талаар байр борлуулсан компани харьяа татварын албан тайлангаа хүргүүлсэн болно/

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх” /“Ажигана Хунчир” ХХК нь миний худалдан авсан орон сууцны үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 05, 07-ны өдөр хэвлэж татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн бөгөөд миний бие иь дээрх 2 и-баримтыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус компаниас аваад Еbarimt.mn системд бүртгүүлсэн/

Татварын ерөнхий газрын 01/3684 дугаартай албан бичигт намайг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийн баримтуудыг цахим төлбөрийн системд бүртгүүлсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд төлбөрийн баримт бүртгүүлэх хугацааг тухайлан заагаагүй бөгөөд төлбөрийн баримтыг бүртгүүлсэн хугацаанаас шалтгаалж иргэнд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг олгохгүй гэж огт дурдаагүй байна.

Тэгээд ч төлбөрийн баримтыг хугацаанд нь бүртгүүлээгүй нь миний буруу огт биш бөгөөд “Ажигана Хунчир” ХХК нь надад төлбөрийн баримтыг хугацаанд нь өгөөгүй гэдгээ бүрэн зөвшөөрсөн ба миний бие нь мэдсэн даруйдаа Татварын ерөнхий газарт гомдол гаргасан болно.

Иймд Татварын Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу өгөх тухай” 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Г.Бясман миний бие нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан иргэн тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал олгохыг Татварын ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд 2 нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хариуг өгөх тухай 01/3684 дугаартай албан бичгийн хууль бус болохыг тогтоолгох. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан иргэн тул урамшуулал олгохыг Татварын ерөнхий газарт даалгаж өгнө үү гэж хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан шаардлагыг хангасан гэдгээ Г.Бясман удаа дараа хэлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д дөрвөн шаардлага тавигдсан байдаг. 4 шаардлагын бүгдийг нь хангасан гэж үзэж байгаа.

...Хугацаа хоцорч бүртгүүлсэн гэдэг асуудал дээр 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн “Ажигана Хунчир” ХХК-иас баримтыг аваад 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн. Хугацаа хоцорч бүртгүүлсэн шалтгаан нь иргэн Г.Бясмангаас шалтгаалаагүй. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан үүргийн хүрээнд Ажигана Хунчир” ХХК нь тухайн албан татварын төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг иргэнд олгох үүрэг нь хуулиар хүлээсэн. Тухайн иргэний буруутай үйл ажиллагаанаас авахгүй байгаа талаар хэлээгүй. Харин аж ахуйн нэгж буруутай байна гэдгийг ямар нэгэн байдлаар Татварын ерөнхий газарт хэлээд байхад урамшууллыг олгохгүй байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцүүлэн гаргасан журмаар тухайн онд хэвлэгдсэн баримтыг тухайн дараа оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлээгүйн улмаас Г.Бясмангийн нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэлгүй. Тухайн журам нь Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгэсэн. Энэ нь хүчин төгөлдөр журам учир бид нар журмаа дагах ёстой гэж тайлбарлаж байна. Г.Бясмангийн төлөөлөгчийн хувьд эсрэг байр суурьтай байна.

Нэгэнт хуульд заасан шаардлагыг хангасан учраас урамшууллыг авах бүрэн эрхтэй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Бясман нь “Ажигана Хунчир” ХХК-иас орон сууц худалдан авсан бөгөөд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр борлуулагч компани болох “Ажигана Хунчир” ХХК нь борлуулсан орон сууцны 179.3 сая төгрөгийн үнийн дүнд VL13917515 дугаартай төлбөрийн баримтыг 2017 оны 04 сарын 07-ны өдөр, 9.7 сая төгрөгийн үнийн дүн BW93538627 дугаартай төлбөрийн баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус хэвлэж, цахим төлбөрийн баримтын системд илгээсэн байна.

Харин нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн баримтуудыг цахим төлбөрийн баримтын системд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн нь дараах хууль тогтоомжид нийцээгүй тул холбогдох урамшууллыг олгох боломжгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /цаашид нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль гэх/ хуулийн 15.2. Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:

15.2.1. энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох;

15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:

15.3.1. албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

15.3.2. худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

15.3.3. албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Нэхэмжлэгч нь худалдан авалтыг татварын албанд тухайн татварын жилд бүртгүүлээгүй, мөн хуулийн 4.1,18."бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг” гэх нөхцөл, шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тохирол, буцаан олголтын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайд 2017 оны 37 дугаар тушаалаараа “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам” баталсан бөгөөд уг журам нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, нийтээр дагаж мөрдөгдөх эрх зүйн үйлчлэлтэй.

Уг журмын 3.1-т “Албан татварыг буцаан олгоход дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай” 3.1.4-т “албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх” /Тайлбар: төлбөрийн баримтын мэдээлэл баталгаажсан гэдэг нь нэгдсэн систем дэх худалдан авалтын бүртгэлийн мэдээллийг албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн оруулсан мэдээлэл харилцан бүртгэгдсэн байхыг ойлгоно/ гэж заасны дагуу баримтыг борлуулагч талаас илгээсэн, худалдан авагч илгээгээгүй тул баталгаажсан баримт гэж үзэхгүй.

Мөн 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь төлбөрийн баримтыг 01 дүгээр сарын 08-ны дотор бүртгүүлэх байтал 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн.

7.1-д “Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй” гэж тус тус зохицуулсан.

Дээрхи хууль тогтоомжид нийцээгүй тул татварын алба холбогдох урамшууллыг олгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар төлбөрийн баримт бүртгүүлэх талаар аливаа хугацааг хуулиар тогтоогоогүй гэх” хэсэгт тайлбар өгөхөд нэгт Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Хууль зүй дотоод хэргийн яамнаас Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хоёрт уг журмыг эрх бүхий этгээд болон шүүхээс хуульд нийцээгүй гэж үзсэн аливаа шийдвэр гараагүй, иймд журмыг татварын алба, татвар төлөгч аль аль нь мөрдөж ажиллах нь зүйтэй.

Харин борлуулагч “Ажигана Хунчир” ХХК нь хуулийн хугацаанд борлуулалтаа системд бүртгэсэн боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн Сангийн сайд 2017 оны 37 дугаар тушаалаараа “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам” 5.2 Албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна” гэх үүргийг хэрэгжүүлээгүй, нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь өөрөө баримтаа шаардаж аваагүй, үүний улмаас татвар төлөгч баримтаа хуулийн хугацаанд бүртгүүлэх боломжгүй байсан талаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харах боломжтой байна.

...  Нэхэмжлэгч орон сууцыг 2017 оны 04 дүгээр сард худалдан авалт хийгээд орлогоо шилжүүлсэн боловч 04 дүгээр сараас хойш дараа оны 01 дүгээр сарын 08-ны дотор хүртэлх хугацаанд хэдэн удаа Ажигана Хунчир” ХХК-иас төлбөрийн баримт олгохыг шаардаж байсан талаар тогтоогдохгүй байгаа. Аж ахуйн нэгжийн хувьд хуулийн хугацаандаа системд бүртгэсэн. Гэрчийн мэдүүлэг дээр татвар төлөгч нар баримтаа авдаг гэдэг нь тогтоогдож байгаа. Татварын албаны буруутай үйл ажиллагаа байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангахгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж журам заалтуудын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй газар. Мөн үүнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн урамшуулал олгохгүй гэсэн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан тоотоор иргэн Г.Бясманд хүргүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиндаа зааж өгсөн. Буцаан олголтыг хэрэгжүүлэхтэй холбоотой Сангийн сайдын журмаар зохицуулна гэж заагаад өгсөн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон буцаан олголтын тухайн жилд олгогдох татвар төлөгч иргэний мэдээллийг цахим төлбөрийн баримтын системээс олгогдох иргэний татвар төлөгч нэг бүрийн нэр дээр олгогдох үнийн дүнгээр дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор татвар төлөгч нэг бүрээр аваад түүнээс хойш 7 хоногийн  хугацаатай мэдээлэл дээр хяналт хийгээд 01 дүгээр сарын 25 гэхэд Сангийн яам руу хүргүүлээд тухайн жилд олгогдох санхүүжилтийг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгчийн хувьд хууль журамд заасан нөхцөл шаардлага хангаагүй. Иргэнээс шалтгаалаад тухайн иргэний системд бүртгүүлсэн баримт нь хугацаа хоцорч бүртгүүлж баталгаажсан учир тухайн жилд олгогдох урамшууллын санхүүжилтийн дунд нэхэмжлэгчийн дүн тусгагдаж орж ирээгүй.

Иргэнээс авсан өргөдлийн дагуу Татварын алба хянаж үзээд Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газар луу 2 удаа албан бичгээр хандсан байгаа. 05 дугаар сарын 10-ны өдөр хандахдаа Сангийн сайдын нэр дээр хандсан. 2018 оны 06 дугаар сард Сангийн яамнаас албан бичгийн дагуу хариулт нь ирсэн. Хуульд заасан хугацаанд худалдан авалтаа татварын албанд бүртгүүлж баталгаажуулж албан татвар төлөгчид холбогдох урамшууллыг олгох нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариултыг өгсөн. Албан татвар суутган төлөгчийн буруутай үйлдлийг албан татвар төлөгч хуулийн хугацаанд татварын албанд мэдэгдсэн бол уг худалдан авалтыг татварын албанд бүртгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд холбогдох урамшууллыг олгох нь зүйтэй юм гэсэн хариултыг өгсөн. Нэхэмжлэгч нь төлбөрийн баримтыг өөрөө аваад бүртгүүлэх ёстой. Өөрийнхөө талаас хэрэгжүүлэх ёстой зүйлүүд байсан. Нэхэмжлэлийг хууль бус байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Бясманы Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, НӨАТ-ын урамшуулал олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Г.Бясманаас 2017 онд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд 3,436,363 төгрөг олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн Г.Бясман нь 2017 онд “Ажигана хунчир” ХХК-иас орон сууцны барилга худалдан авахдаа 16,300,000.00 төгрөгийн, автограж худалдан авахдаа 881,818.18 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/-т төлжээ.

“Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгээр “... Сангийн сайд 2017 оны 37 дугаар тушаалаар батлагдсан  “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлэх зохицуулалттай, борлуулагчаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр системд илгээсэн VL139175158 дугаартай, мөн сарын 05-ны өдөр системд илгээсэн  BW9353627 дугаартай төлбөрийн баримтуудыг та 2018 оны 01 дүгээр сарын 08-ны дотор бүртгүүлэх ёстой байтал 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн тул ... худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг олгох боломжгүй” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь худалдан авалтаа журамд заасан хугацаанд бүртгүүлээгүй тухайдаа маргахгүй харин “Албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримтыг худалдан авагчид өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байхад татварын урамшууллыг олгоно гэж хүлээлгэж байснаа олгохгүй гэж шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгч Г.Бясман нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан урамшуулал авах шаардлагыг хангасан, худалдан авалтыг бүртгүүлэх хугацааг хуулиар тогтоогоогүй байхад хуулиас давсан журмыг үндэслэж урамшууллыг олгохгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “Татварын ерөнхий газар нь хууль хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Сангийн яамнаас санхүүжилт олгоогүй тохиолдолд бид урамшууллыг олгох эрх хэмжээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичиг нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй, түүнчлэн нэхэмжлэгч Г.Бясмангаас албан татвар төлөгчөөс худалдан авагчид баримт олгоогүй асуудлаар захиргааны байгууллагад мэдэгдээгүй тул худалдан авалтаа бүртгүүлсэн гэж үзэх боломжгүйн дээр борлуулагчаас баримтыг худалдан авагчид өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй” гэж тус тус маргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно” гэж заасан нь захиргааны байгууллагад эрх олгосон хэм хэмжээ байх тул хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагч захиргааны байгууллага нь татвар төлөгчөөс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварт урамшуулал олгох, эсхүл олгохгүй байх гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргах боломжтой тул нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй акт нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, албан татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан бол  албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, харин хангаагүй бол татварыг буцаан олгохоос татгалзахаар байх тул Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгээр “...албан татварын урамшууллыг буцаан олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн хариуцагч захиргааны байгууллагыг эрх хэмжээний хүрээнд байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт юм”  гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу Татварын ерөнхий газар нь тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ албан татвар төлөгч иргэн нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 5.3-т заасан шаардлагын хангасан эсэхийг шалгах ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар иргэн Г.Бясман нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх”, 15.3.4-т “бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байжээ. Тодруулбал,

- Маргааны үйл баримтын тохиолдолд “Ажигана хунчир” ХХК нь албан татвар суутган төлөгч, иргэн Г.Бясман нь татвар төлөгч байх бөгөөд суутган төлөгчөөс НӨАТ суутган авсан тухай борлуулалтын баримт/BW93538627 сугалааны дугаар бүхий/-ыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр,  автограж худалдан борлуулахдаа НӨАТ суутган авсан тухай борлуулалтын баримт/VL13917515 сугалааны дугаар бүхий/-ыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахим төлбөрийн баримтын системд илгээсэн, харин албан татвар төлөгч Г.Бясманаас өөрийн худалдан авалтад НӨАТ төлснийг нотлох худалдан авалтын баримтуудаа  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр системд бүртгүүлсэн болох нь Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/90 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдов.

Баримт баталгаажсан хугацааны тухайд нэхэмжлэгч маргахгүй байна.

- Иргэн Г.Бясман нь сугалааны дугаар бүхий худалдан авалтын баримтаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр борлуулагчаас хүлээн авсан болох нь түүний өөрийнх нь тайлбар болон гэрч Б.Бадамцэцэгийн “...он, сар, өдөр бичсэн өдөр олгосон. ...02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө баримтаа авъя гэж ирээгүй. Баримтууд хэвлэгдсэн байдаг учраас авъя гэж ирвэл шалгаад өгдөг...”, гэрч Б.Бямбасүрэнгээс “...би ажиллаж байх хугацаандаа Г.Бясманд баримт хэвлэж өгөөгүй, хүмүүс рүү нь утсаар мэдэгддэг байсан. Утсаа аваагүй, эсвэл холбогдохгүй байж байгаад үлдсэн байх, ... татварын тайланд илгээж, сугалааны дугаарыг хэвлэсэн тул миний буруутай үйлдэл байхгүй, ... баримтаа шаардаж авах боломжтой хугацаатай байсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаас үзвэл нэхэмжлэгч нь баримт хүлээн авсан өдөр/2018.02.02/-өөс өмнө тухайн баримтуудыг бүртгүүлэхээр системд хандсан гэж үзэхээргүй байна.

- Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам” нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, уг журмыг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй байх ба энэхүү журмын 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна” гэсэн шаардлагыг татвар төлөгч нь хангасан байхаар заажээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Г.Бясман нь албан татвар төлөгч болохынхоо хувьд хууль болон журмаар тогтоосон шаардлагыг хангасны үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр авах хүсэлт гаргах боломжтой байхад өөрийн худалдан авалтаа татварын алба/системд бүртгүүлж, баталгаажуулаагүй/-нд бүртгүүлээгүй атлаа “хуульд заасны татварын урамшуулал авах эрхтэй бөгөөд худалдан авалтын баримтыг бүртгүүлэх хугацааг хуулиар тогтоогоогүй байхад хуулиас давсан журмын зохицуулалтыг баримталж урамшуулал олгохгүй байгаа нь хууль бус” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

 Хэдийгээр хариуцагч нь иргэн Г.Бясманаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэст гаргасан хүсэлтийг үндэслэн  2017 оны татвар суутган төлөгчийн борлуулалтад бүртгэгдсэн боловч татвар төлөгчийн худалдан авалтад бүртгэгдээгүй татварыг нөхөн олгуулах саналыг Сангийн яаманд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 02/808, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1590 дугаартай албан бичгүүдээр удаа дараа санал хүргүүлсэн боловч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4-2/3915 албан бичгээр “...хуульд заасан хугацаанд худалдан авалтаа татварын албанд бүртгүүлж, баталгаажуулаагүй албан татвар төлөгчид холбогдох урамшууллыг олгох үндэслэлгүй байна...” гэсэн  хариуг өгч санхүүжилтийг олгоогүй байна.

Энэ тохиолдолд Татварын ерөнхий газар нь хууль хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлаг болохынхоо хувьд эрх бүхий этгээдээс батлан гаргасан хүчин төгөлдөр хэм хэмжээний актыг хэрэгжүүлж, улмаар Сангийн сайдаас өгсөн чиглэлийг баримталж НӨАТ-ыг буцаан олгоогүйд хариуцагчийн буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмнө нь олгоно гэж шийдвэрлэж хүлээлгэж байснаа урамшуулал олгохоос татгалзсан нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Мөн Татварын ерөнхий газраас Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн 02/808 дугаартай албан бичгээр урамшууллыг нөхөн олгуулахаар хүргүүлсэн саналд Г.Бясманы хамт нэр орсон 78 иргэнээс тодорхой тооны иргэд урамшуулал авсан болохыг хариуцагч үгүйсгэхгүй, харин “эдгээр иргэдийн тухайд урамшуулал нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар баталгаажаагүй байсан тул системд хандсан хандалт, үнийн дүнгийн зөрүү, татвар суутган төлөгчийн буруутай үйлдлийг татварын албанд мэдэгдсэн” зэрэг шалтгаанаар урамшуулал олгогдсон гэж тайлбарлав.

Гэтэл нэхэмжлэгч Г.Бясман нь BW93538627, VL13917515 сугалааны дугаар бүхий худалдан авалтын баримтуудаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө бүртгүүлэхээр цахим системд хандаж байгаагүй тухайдаа маргахгүй байхын зэрэгцээ “худалдан авалт хийснийхээ дараа гадаадад удаан хугацаагаар явсан” гэж тайлбарлах боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн баримтыг цахимаар бүртгүүлэх асуудал нь Монгол Улсад байгаа эсэхээс хамаарахгүйгээр хэрэгжих боломжтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “татвар суутган төлөгч нь баримтыг худалдан авагчид өгөх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийхгүй.

Дээрхээс нэгтгэн авч үзвэл, нэхэмжлэгч Г.Бясманаас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Г.Бясманаас 2017 онд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд 3,436,363 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3.2, 15.3.4, 15.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бясманы Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3684 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Г.Бясманаас 2017 онд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалд 3,436,363 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бясманаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ