Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-, Б.Б-, Ж.У- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Ж.У-гийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-, Б.Б-, Ж.У- нарт холбогдох эрүүгийн 1708 0030 50312 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д.Б, 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, /РД:..../;

 

2. Б овгийн Б.Б, 1983 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1571 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 124 дүгээр захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, /РД:.../;

 

3. С овгийн Ж.У, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Д.Б- нь Я.Гантулгатай хамтран 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 11-55 тоотод оршин суух иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 42 инчийн “Акира” загварын зурагт, 2 ширхэг гар утас, мөнгөний гахайг хагалж дотор нь байсан биет 60.000 төгрөг, “Соёрхол” нэртэй 0,75 гр архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн Д.Б- нь Ж.У-, Б.Б- нартай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тэлмэнг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, түүний эзэмшлийн “Айфон 8-плас” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б- нь Д.Б-, Ж.У- нартай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тэлмэнг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, түүний эзэмшлийн “Айфон 8-плас” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.У- нь Б.Б-, Д.Б- нартай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тэлмэнд хүч хэрэглэн түүний эзэмшлийн “Айфон 8-плас” загварын гар утсыг дээрэмдэж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ж.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Ж.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Ж.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ :8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 1 cap /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ :8 /хорих ялын нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу 1 cap /хорих ял/-ын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-, Б.Б- нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, Ж.У-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 18, Б.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 18, Ж.У-гийн урьдчилан цагдан хоригдсон 18 хоногуудыг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-оос 25.800 төгрөг гаргуулж С Д.Алтангэрэлд олгож, Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.Б-, Ж.У- нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие болж өнгөрсөн явдалд болон хийсэн гэмт үйлдэлдээ туйлын их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэргийн тухайд: “намайг хашаа руу ороход өөдөөс Гантулга гарч ирээд халаасанд юм хийгээд үг солихын завдалгүй гүйгээд гарсан. Араас нь гартал Гантулгыг нэг залуу бариад авсан. Би очоод хөөе, яагаад байгаа юм бэ гэхэд Гантулга зугтаад яваад өгсөн. Би гайхаж байтал намайг бариад авахаар нь “яагаад байгаа юм бэ” гэхэд “битгий хуцаад бай, эзгүй айлаас хулгай хийгээд” гэхээр нь би “юу яриад байгаа юм, энэ айл манай найзын ахынх” гэтэл намайг унагаад дарж авсан. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж, зугтаах гэж оролдоогүй байтал цагдаа ирээд бариад аваад явсан. Би цагдаад болсон явдлыг бүгдийг ярьсан.

11 дүгээр сард байцаалт авахад намайг бичиг, үсэг мэдэхгүй байхад үг зааж байцаалт авсан. Танихгүй өмгөөлөгч оруулж ирж гарын үсэг зуруулсан. Энэ хэргийн гэрч Мандхай, Зулаагаас мэдүүлэг аваагүй. Хэргийн гол эзэн Гантулгаас тусгаарлаж ял өгсөнд гомдолтой байна.

Дээрмийн хэргийн тухайд: Батбилэг нь “манай эхнэрийг хүн хөөгөөд байна” гэж хэлээд гүйгээд нэг залууг бариад авсан. Батбилэг ноцолдоод байхаар нь хавирч унагасан. Урангоог хүний утас авсан байсныг би мэдээгүй. Удалгүй нөгөө залуу зугтаад явсан ба энэ үед Урангоо, Батбилэгийн гарт нь гар утас өгсөн. Тэгэхэд нь би “юун гар утас” юм гэхэд “саяны залуугийн утас” гээд Батбилэг халаасандаа хийсэн. Би уурлаад “байцаагдаж байхад нэмж битгий гай удаад бай, утсыг нь өг” гэхэд надаас зугтаад таксинд суугаад явсан.

Би уг хэргийг дээрэм хийж байна гэж мэдээгүй, энэ талаар таксины жолооч хүртэл мэдүүлсэн. Батбилэг, Урангоо хоёр дээрэмдэх талаар тохиролцсон зүйл байдаг эсэхийг би мэдэхгүй. Би  Батбилэгийн хэлж заасны дагуу мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн байцаалтаас чамайг жийнэ, чамд хамааралгүй болгоно гэж хэлж байсан. Иймд миний бие юу ч ойлгоогүй байж хохирогч Тэлмэнг хавирч унагаасандаа харамсаж, гэмшиж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Урангоо өөдөөс гүйгээд гараад ирсэн. Гэтэл араас нь нэг хүн хөөчихсөн гүйгээд гараад ирэхээр нь би гайхаад хажуугаар нь өнгөрөх үед “чи яаж байгаа юм” гэж хэлээд барьж авахад Бямбацоожийн хөл хөдлөх шиг болсон. Нөгөө хүн газар унахад нь би дээрээс нь дараад авахад нөгөө хүн “миний утас аваад явчихлаа” гэхээр нь би босгох гээд дээшээ өндийх гэхэд босч ирээд намайг цохихоор нь би цаашаа гүйгээд явсан. Тэгээд бид хоёр төв зам руу гараад алхаж явтал Урангоо машин дотроос дуудсан. Би явж очоод Урангоог утас нь ямар утас юм гэхэд улаан өнгийн утас гаргаж ирээд харуулсан.

Хохирогч Б.Тэлмэн мэдүүлэгтээ “анхнаасаа намайг дээрэмдэх төлөвлөгөөтэй байсан” гэдэг. Надад тэр хүнийг дээрэмдэх, хохироох гэсэн санаа зорилго байгаагүй. Урангоог утсаар ярих гэж гуйхад Б.Тэлмэн утасны кодыг гаргаж өгөөд, хэдтэй дугаар вэ гэж асууж залгаж өгсөн байдаг. Иймд хэргийн үнэн зөвийг олж, шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ж.У- давж заалдах гомдолдоо: “... Миний бие хэргийн тухайд маргах зүйл байхгүй бөгөөд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хохирогчийн гар утсыг буцаан өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, мөн хохирогчоос уучлалт гуйж байна. Би эх, дүү, өвчтэй эцэг нарын хамт амьдардаг. Эцэг Жамсранжав нь хэвтрийн хүнд өвчтэй, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг учир миний хэргийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гарсан. Д.Б- нь дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү, мөн Д.Б- нь хулгайн гэмт хэргийг төгс үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар завдалт гэж үзэх үндэслэлтэй байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Б.Б- нь дээрмийн гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. Хүний биед хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.У-гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Ж.У-гийн хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргадаггүй. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Д.Б- нь Я.Гантулгатай хамтран 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүн байнга амьдрах орон байранд буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11-55 тоотод оршин суух иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 42 инчийн “Акира” загварын зурагт, 2 ширхэг гар утас, мөнгөний гахайг хагалж дотор нь байсан биет 60.000 төгрөг, “Соёрхол” нэртэй 0,75 гр архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Алтангэрэлийн “мөнгөний гахай хагархай, доторх мөнгийг нь авсан байсан, мөн орны бүтээлэг, зурагт, цагаан өнгийн мэдрэгчтэй гар утаснууд алдагдсан байсан” /1 хх 12-17, 50-51, 90-92/,

гэрч Г.Ганболдын “хоёр танихгүй залуу хашаа руу нь яваад орчихлоо, эд зүйлийг нь хулгайлах гэж байх шиг байна гэсэн дуудлага ирсэн. ...нэг нь хойшоо нарийн гудмаар ороод зугтаасан, нэг залууг нь саатуулж шалгахаар болсон” /1 хх 18-20/,

гэрч С.Батхоролын “гэрт ороход хувцасны болон ханын шүүгээний хаалга онгорхой, хананд өлгөөтэй зурагт, орны бүтээлэг байхгүй байсан” /1 хх 49-50/,

гэрч Я.Авирын “хажуу айлын цонхыг хоёр залуу хоорондоо юм ярьж байгаад хагалаад, нэгнийхээ хөлнөөс нь өргөөд хагалсан цонхоор дотогшоо орсон” /1 хх-54-55/,

гэрч Г.Чингисийн “...очиход дуудлага өгсөн хүн байна гээд “би энэ залууг хашааны хаалгаар зугтаах гэж байхаар нь барьж авлаа, хамт явсан залуу нь гартаа архины шил барьчихсан гудамж өгсөөд зугтаачихлаа” гээд зогсож байсан” /1 хх-59-60/ гэсэн мэдүүлгүүд,

 

эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-3/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-4, 128/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-6, 7-9/, илтгэх хуудас /1 хх-10/, эд зүйлийн үнэлгээ /1 хх-11, 61, 141-142, 238-239/,

 

Шүүгдэгч Д.Б-, Ж.У-, Б.Б- нар 2018 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тэлмэнгийн эзэмшлийн “Айфон 8-плас” загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Тэлмэнгийн “Урангоо гэж хүүхэн саарал өнгийн куртиктэй залуутай юм ярьж зогсож байгаад гэнэт миний араас дагаад орж ирсэн. Анхнаасаа намайг дээрэмдэх төлөвлөгөөтэй байсан. ... Урангоо нь миний утсыг аваад ярьж байгаа юм шиг болоод холдох үед нөгөө хоёр залуу нь намайг зодоод, Урангоогоо зугтаалгасан юм” /1 хх-136-137/,

 

гэрч Б.Дэмбэрэлдондовын “эмэгтэй, эрэгтэй хоёр хүн замын урдаас гүйж орж ирээд “гялс яваарай ахаа” гээд түгжээд онгойлгоогүй, намайг шаардаж явуулсан” /1 хх-133/,

 

эд зүйлийн үнэлгээ /1 хх-141-142/, эд мөрийн баримт /1 хх-124/

 

Шүүгдэгч Б.Б-, Д.Б- нар 2018 оны 1 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” буудлын үүдэнд иргэн Б.Тэлмэнг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Тэлмэнгийн “намайг үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн, би утсаа авах гээд тэр хоёроос салаад нөгөө хүүхэн рүү гүйх гэсэн чинь хар өнгийн куртиктай залуу нь миний хөлөнд дэгээ тавиад унагаасан, нөгөө хүүхэн миний гар утсыг аваад алга болсон байсан” /1 хх 135-137/ гэсэн мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Тэлмэнгийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 1228 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 138-139/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Б-ийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж, Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ж.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хамтран оролцсон байдалд хууль зүйн дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй.

 

            Өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар завдалт гэж үзнэ” гэж тайлбарласан хэдий ч Б.Бямбацоож айлын цонхоор нэвтэрч ороод зурагтыг орны бүтээлгэнд боож гэрийн гадаа тавьсан, Д.Б-ийн хувцаснаас 2 ширхэг гар утас илэрсэн зэрэг хөдөлбөргүй тогтоогдсон баримтуудаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ийн “хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү”, Б.Б-ийн “хэргийн бодит үнэнийг олж өгнө үү”, Ж.У-гийн “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээх авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Ж.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

     

 

                                                                        

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ