Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

..... овогт А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..............  дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..... овогт А.А нь Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр .............. төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам эх, дүүгийн хамт амьдардаг, ........... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 496 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял;

-2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял;

-2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 11 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан (РД:..................).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед ................... тоот гэртээ “эхнэртэйгээ маргалдахаа боль” гэж хэлсэн гэх шалтгаанаас үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Бын зүүн бугалганд, хохирогч Ц.Аын ар нуруу хэсэгт хутгаар хатгаж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр энэ хэрэг гарсан. Тухайн өдөр би хөрш айлын усыг нь авч өгсөн. Удалгүй хохирогч нар машинтай ирсэн ба би эхнэрийн хамт Гын гэрт очсон. Бид 4 шил архи уусан. Хэсэг хугацааны дараа би согтсон бөгөөд эхнэртэйгээ маргалдсан. Надад Б “та болиоч” гэж хэлэхэд би түүнд “чамд миний амьдрал хамаагүй” гэж хэлээд зүүн гар руу нь хутгаар хатгасан. Гэтэл А орж ирсэн. Би түүнийг мөн адил хутгаар зүссэн. Дараа нь хутгаа бариастай гудамжинд унтсан байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ................. дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд хамт ажилладаг байсан Г ахын гэрт Ц, А нартай би хамт очоод бид нэг шил архи хувааж уугаад сууж байхад урьд надтай хамт ажиллаж байсан А.А ах, эхнэртэйгээ хамт орж ирээд хоорондоо хэрэлдэхээр нь би А ахад “эмэгтэй хүн битгий зодоорой” гэж хэлсэн. Тэгсэн чинь А ах гэрээс гүйгээд гараад явсан. Эхнэр нь араас нь гарсан. Тэгээд тэр хоёр гэртээ чанга хашхираад маргалдаад байхаар нь би гэрт нь орсон. Тэр хоёр хэрэлдэж байхаар нь “боль” гээд А ах руу нуруугаа харуулаад, Ц эгч рүү хараад зогсож байсан чинь араас гар руу хатгах шиг болсон. Тэгээд гайхаад харахад зүүн гар дагаад цус гоожихоор нь ханцуйгаа сөхөөд харахад гарт хутгалсан байсан. Тэрийг хараад А ахын эхнэр Ц эгч орилоод шууд миний утсыг аваад гүйж гараад цагдаа, эмнэлэг дуудсан. А намайг хутгалчихаад А гаднаас амбаар руу орж явахыг хараад “ална пизда” гээд хөөгөөд гараад явсан. Удалгүй түргэн ирээд намайг авч яваад оёдол тавьсан. Миний зүүн гаранд 2 удаа хутгалсан байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан учир анзаараагүй. Миний зүүн гаранд учирсан хоёр шархыг А ах хутгаар хатгаж учруулсан. Харин миний хэвлийн зүүн хажууд жаахан хөхөрсөн байсныг шүүх эмнэлгийн эмч “яасан бэ” гэж асуугаад байсан. Энэ нь би өөрөө машины хаалганд цохисон хөхрөлт байсан. Үүнийг би өөртөө тэр өглөө нь учруулсан байсан. Энэ гэмтэл нь А ахад огт хамаарал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А ах надаас зөндөө уучлалт гуйсан. Ах нь согтуудаа дүүгээ хатгасан байна, миний буруу гээд Абид хоёроос уучлалт гуйж бид гурав эвлэрсэн. Одоо миний гарын шарх зүгээр болж бүрэн эдгэрсэн. Хөнгөн өнгөц шарх байсан. Одоо би машинаа хэвийн барьж, ажлаа хийж байгаа. Би А-г А.А хэрхэн хутгалсныг хараагүй. А үүдний хаалгаар орох гээд шагайхад нь А урдаас нь хөөгөөд тэр хоёр гүйгээд алга болсон. Хаачсаныг нь би мэдээгүй, дахиж хараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

2. Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Г ахынд Ц, Г, Б, А бид нар Г гэх хүний гэрт 2 шил архи хувааж уусан. Сүүлийн шилтэй архийг ууж дууссаны дараа А ах манай гэрт ороод дахиад ууя гэхээр нь Б бид хоёр А ахыг дагаад гэрт нь орох гээд явж байсан. Би тэр хоёрын араас явж байтал А түрүүлж гэртээ ороод хутга барьж гарч ирээд “ална” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би сандраад Аээс зугтаад эргэж хараад үүднийх нь өрөөнөөс гарах гэтэл А намайг араас хутгалсан. Би тэр чигээрээ зугтаад эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тухайн үед би А, Б хоёрын ард явж байсан. Быг А яасан талаар мэдээгүй, тэр хоёр Аийн гэр рүү түрүүлээд орсон байсан. А надад учруулсан хохирлоо барагдуулсан. Надаас уучлалт гуйсан, гомдол, санал байхгүй. А миний ар нурууны зүүн талын хэсэгт хавирганы дунд хэсэгт хутгалсан. Тухайн үед оёдол тавиулсан учраас гайгүй болсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

3. Шүүгдэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ............ тоотод амьдардаг. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед гэртээ ус авах гэж байхад манай гэрийн урд хашаанд байдаг айлын эхнэр нь манайд ус аваад өгөөч гэсэн. Би ус аваад ирэхэд Гын гэрийн гадаа Б, А, Ц нар ирсэн байсан. Тэд архи уусан халамцуу байсан. Би усаа оруулж тавьчихаад тэдэнтэй Гын гэрт 3 шил архи хамт уусан. Архиа ууж дуусаад би нилээн согтсон. Гын гэрээс гараад гэртээ орох гэтэл би эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр бид хоёр гэртээ ороод маргалдаж байхад араас Б орж ирсэн. Б надад эмэгтэй хүн рүү битгий дайраад байгаач гэж хэлэхээр нь би түүнд “чамд ямар хамаатай юм” гээд уурласан уурандаа ширээн дээр байсан хутгыг аваад Бын гар руу хатгасан байсан. Гэнэт манай эхнэр чанга орилоод “чи хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Би айгаад гарах гэтэл Агэрийн амбаар дотор тааралдсан. Тэр намайг хутга барьсныг хараад эргээд зугтахаар нь араас нь нуруунд нь барьж байсан хутгаараа нэг удаа зүссэн. А хашаа даваад зугтаад явсан. Би хутгаа барьсан чигээрээ гарч гүйгээд жалганы нөгөө талд гараад айлын хашааны хажууд хутгаа хаяад, тэндээ тасраад унтсан. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Э.Б, Ц.А нараас уучлалт гуйгаад эвлэрсэн. Би тухайн үед согтуу байсан учир манай эхнэр бид хоёрын дундуур орж Б надад үг хэлснийг хүлээж авахгүй эсэргүүцэж, түүнийг хутгалсан байсан. Согтуудаа таарамжгүй харьцаа үүссэний улмаас би тэр хоёрыг хутгалж, гэмтэл учруулсан байна. Түүнээс Э.Б, Ц.А нар намайг айлган сүрдүүлж ямар нэгэн байдлаар дарамталж надад халдсан зүйл болоогүй. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ би тэд нар намайг цохиж, өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед би айсандаа өөрийгөө өмөөрөх санаатай тийм мэдүүлэг өгсөн. Э.Б, Ц.А нар намайг цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал),  

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10596 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 0.5х3 см, дотор дунд хэсэгт 0.5х3.5 см зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, хэвлийн зүүн доод хэсэгт 6х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ГССҮТ-н эмчийн үзлэгт: Баруун бугалганы няцарсан шарх гэжээ.

Дүгнэлт:“...Э.Бын биед зүүн бугалганы шарх, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10649 дугаартай дүгнэлтэд:

Үзлэгт: ...Ар нурууны зүүн доод хэсэгт 1х0.2 см 2ш оёдол бүхий шархтай.

Дүгнэлт:“...Ц.Аын биед ар нурууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ж.Ганцэнгэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

6. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар тал),

 

7. Хэргийн газрын үзлэгээр 30 см урттай, түүнээс ажлын хэсэг нь 17 см урттай, бариулын урт нь 13 см урттай цагаан шаргал өнгийн хүрэн судал бүхий хээтэй хиймэл ясан бариултай хутга нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, (хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3901 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хутга-1 ширхэг

Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ишний баруун талын метал хэсэг дээрээс 1 ширхэг гарын мөр, ажлын хэсгийн баруун тал дээрээс 1 ширхэг гарын мөр, ажлын хэсгийн зүүн тал дээрээс 1 ширхэг гарын мөр, нийт 3 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. /Шинжээч Б.Золзаяа/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-42 дугаар тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5253 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шар эрээн өнгийн хутга-1ш

Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шар эрээн өнгийн иштэй, 30 см урттай хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь ABO системээр O(I) бүлгийн харъяалалтай хүний цус байна. /Шинжээч Б.Дэлгэрмаа/...” гэсэн  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 83-88 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч А.А нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.А нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.А нь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед .... тоот гэртээ “эхнэртэйгээ маргалдахаа боль” гэсэн шаардлага тавьсан хохирогч Э.Б, Ц.А нарын биед хутгаар хатгаж, Э.Бын биед зүүн бугалганы шарх, хохирогч Ц.Аын биед ар нурууны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь

-Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ах, эхнэртэйгээ хамт орж ирээд хоорондоо хэрэлдэхээр нь би А ахад “эмэгтэй хүн битгий зодоорой” гэж хэлсэн. ...тэр хоёр гэртээ чанга хашхираад маргалдаад байхаар нь би гэрт нь орсон, ... “боль” гээд А ах руу нуруугаа харуулаад, Ц эгч рүү хараад зогсож байсан чинь араас гар руу хатгах шиг болсон. ...гайхаад харахад зүүн гар дагаад цус гоожихоор нь ханцуйгаа сөхөөд харахад гарт хутгалсан байсан. ...А намайг хутгалчихаад А гаднаас амбаар руу орж явахыг хараад “ална аа пизда” гээд хөөгөөд гараад явсан. Удалгүй түргэн ирээд намайг авч яваад оёдол тавьсан. Миний зүүн гаранд 2 удаа хутгалсан байсан. ...Миний зүүн гаранд учирсан хоёр шархыг А ах хутгаар хатгаж учруулсан. ...хэвлийн зүүн хажууд жаахан хөхөрсөн байсныг ...би өөрөө машины хаалганд цохисон хөхрөлт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-Хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б бид хоёр А ахыг дагаад гэрт нь орох гээд явж байсан. ...А түрүүлж гэртээ ороод хутга барьж гарч ирээд “ална” гээд над руу дайрсан. ...би сандраад Аээс зугтаад эргэж хараад үүднийх нь өрөөнөөс гарах гэтэл А намайг араас хутгалсан. Би тэр чигээрээ зугтаад эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...А миний ар нурууны зүүн талын хэсэгт хавирганы дунд хэсэгт хутгалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэр бид хоёр гэртээ ороод маргалдаж байхад араас Б орж ирсэн. Б надад эмэгтэй хүн рүү битгий дайраад байгаач гэж хэлэхээр нь би түүнд “чамд ямар хамаатай юм” гээд уурласан уурандаа ширээн дээр байсан хутгыг аваад Бын гар руу хатгасан байсан. Гэнэт манай эхнэр чанга орилоод “чи хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Би айгаад гарах гэтэл Агэрийн амбаар дотор тааралдсан. Тэр намайг хутга барьсныг хараад эргээд зугтахаар нь араас нь нуруунд нь барьж байсан хутгаараа нэг удаа зүссэн. Ахашаа даваад зугтаад явсан. ...айлын хашааны хажууд хутгаа хаясан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал), 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10596 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10649 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5253 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

-2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар тал),

-Хэргийн газрын үзлэгээр  хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Э.Б, Ц.А нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох юм.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.А нь хохирогч Э.Б, Ц.А нарын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нар нь хохирол нэхэмжилсэн нотлох  баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Аээс “ хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан байх ба, нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч А.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай, цагаан шаргал өнгийн хүрэн судал бүхий хээтэй, хиймэл ясан бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй,  шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт А.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 640 (зургаан зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Б, Ц.А нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай, цагаан шаргал өнгийн хүрэн судал бүхий хээтэй, хиймэл ясан бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА