| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
.... овогт Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.... овогт Г.Э нь Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ................ төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ....................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан (РД:........................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл дотор орхиж буусан иргэн Г.Нын гээгдэл эд хөрөнгө болох түүний эзэмшлийн “Huawei Nova 5” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: Таксинд явж байгаад хохирогчийг аваад Зүүн салаанд хүргэж өгсөн. Тэгтэл хохирогч мөнгө байхгүй, дансны дугаараа өгчих, маргааш мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд миний дансны дугаар, утасны дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад буусан ба буухдаа машинд утсаа мартсан байсан. Би анзаараагүй байж байгаад Баянхошууны тойрог дээр явж байтал утас дуугараад байхаар нь үзтэл хохирогчийн утас байсан. Ээж гэсэн дугаараас залгаж байсан, авах гэтэл утас нь унтарсан. Ингээд 5 дугаар сарын эхэн хүртэл утсыг өөртөө хадгалж байгаад хохирогч ярьж утсаа асуухгүй байхаар нь эхнэртээ утсыг нь өгсөн юм гэв.
Хоёр. Эрүүгийн ........................... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...Би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд “Модны-2”-оос такси бариад ............ тоот хашааны гадна хүргүүлсэн. Таксины жолооч 16.000 төгрөг болсон гэж хэлэхэд надад бэлэн мөнгө байхгүй болохоор 2 найз руугаа залгаад таксины жолооч руу мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлэх гэхэд холбогдохгүй байсан. Харин таксины жолооч надад дансныхаа дугаарыг тэмдэглүүлээд, өөрийн утасны дугаарыг бас өгсөн. Би өөрийнхөө утсыг таксины урд талын салон дээр тавиад мартаад буусан байсан. Гэр рүүгээ ороход утас байхгүй байхаар нь буцаад гарч ирэхэд таксины жолооч явсан байсан. Миний суусан такси нь мөнгөлөг өнгийн Приус загварын машин байсан байх. Тэр жолооч том биетэй эрэгтэй хүн байсан. Өөрийгөө 1986 онд төрсөн гэж байсан. Миний утсыг таксины жолооч авсан байх. Би мөнгөө дараа өгье гэж хэлж байсан. Харин би таксины жолоочид утсаа өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-хохирогчоор дахин 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн“...Би “Модны-2”-оос такси бариад гэр рүүгээ явахаар болсон. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор таксины жолоочид “мөнгийг нь маргааш өгч болох уу” гэхэд болно гэж хэлэхээр нь дансны дугаар болон утасны дугаарыг нь өөрийн утас дээр тэмдэглэж авсан. Замд явж байхад халааснаас гар утас машин дотор унасан. Тэгтэл машины жолооч утсыг минь машин дотор уначихлаа гээд надад өгөхөд би нойрмог байсан болохоор утсаа машиных нь салон дээр тавьсан. Тэгээд машинаас буухдаа урд салон дээр тавьсан утсаа авахаа мартаад гэр рүүгээ орсныхоо дараа өөрийнхөө утас руу залгахад дуудаж байгаад унтарсан. Би тухайн үед 2 лааз пиво уусан бага зэргийн согтолттой байсан. Намайг салон дээр утсаа тавихыг таксины жолооч мэдсэн байх ёстой. Надад өөрийнхөө нэрийг хэлж байсан боловч сайн санахгүй байна. Уул орсон нэр байсан санагдаж байна. Тэр таксины жолооч миний утсыг авсан байх. Би утсаа таксины жолоочид өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
2. Гэрч П.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:
“...Манай нөхөр хааяа такси үйлчилгээнд явдаг. 2020 оны 5 дугаар сарын үед “Huawei Novа 5” загварын гар утсыг надад өгөөд таксинд явж байгаад олсон гэж байсан. Миний хуучин утасны дэлгэц нь салаад уначихдаг болохоор намайг хэрэглэ гээд өгч байсан. Тухайн гар утсыг надад өгөхөд код байхгүй, доторхыг нь устгасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
3. Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны орой өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй халтуур хийгээд “Модны 2”-ын тэнд явж байхад нэг эмэгтэй хүн гараа өргөхөөр нь хаашаа явах талаар асуухад “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Зүүн салаа орно” гэж байсан. Тэгээд би машиндаа суулгаад гэрт нь ирэхэд 16.000 төгрөг гарсан гэж хэлэхэд нөгөө эмэгтэй надад мөнгө байхгүй, та дансныхаа дугаарыг, утасны дугаартайгаа өгчих, би маргааш нөгөөдрөөс тань руу ярьж байгаад шилжүүлье гэж хэлсэн. Тухайн эмэгтэй утсан дээрээ миний данс болон утасны дугаарыг тэмдэглэж аваад буугаад явсан. Би Баянхошууны тойрог дээр ирээд байж байхад машинд утас дуугараад байхаар нь ямар утас байдаг билээ гээд харахад урд суудлын шалан дээр нэг утас ээж гэсэн дугаараас залгаад байхаар нь би аваагүй. Дахиад залгахаар нь би авах гэсэн чинь утас нь унтарчихаар нь би тухайн утсыг авсан юм. Тухайн гар утас нь “Huawei Nova 5” загварын гар утас байсан. Кодтой байхаар нь “Монтел” руу очоод 40.000 төгрөгөөр кодыг нь тайлуулсан. Гар утсыг өгөх гэсэн боловч уг гар утас унтарсан, гэрийг нь олохгүй болохоор өгч чадаагүй юм. 2020 оны 5 дугаар сарын эхээр гар утсыг манай эхнэр барьж эхэлсэн. Би гар утсыг буцааж эзэнд нь өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр тал),
4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/020 дугаартай “...Huawei фирм, Nova 5 загварын гар утасны үнийг 900.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 35 дугаар тал),
5. Иргэн П.Г ээс “Huawei Nova 5” загварын гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Г.Нд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
6. “Юнител” ХХК-ийн “...................” дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 50-52 дугаар тал),
-мөн “.....................” IMEI кодтой утсанд ............. дугаарыг 2020 оны 5 дугаар сарын 05-наас 7 дугаар сарын 03-нд, “..................” дугаарыг 2020 оны 5 дугаар сарын 28-наас, “...........” IMEI кодтой утсанд ................, .................. дугааруудыг 5 дугаар сарын 04-нд, .................... дугаарыг 2020 оны 5 дугаар сарын 28-наас, 80407038 дугаарыг 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. .............., .................., ....................-Г.Э, ....................” гэх албан бичиг (хавтаст хэргийн 54 дүгээр тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
7. Шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 55 дугаар тал), түүний ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр тал), түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 80-93 дугаар тал), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 94 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э нь гээгдэл эд хөрөнгө болох “Huawei Nova 5” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Э ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...... улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл дотор орхиж буусан иргэн Г.Нын гээгдэл эд хөрөнгө болох түүний эзэмшлийн “Huawei Nova 5” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд “Модны-2”-оос такси бариад ................. тоот хашааны гадна хүргүүлсэн. ...Би өөрийнхөө утсыг таксины урд талын салон дээр тавиад мартаад буусан байсан. Гэр рүүгээ ороход утас байхгүй байхаар нь буцаад гарч ирэхэд таксины жолооч явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-түүний хохирогчоор дахин өгсөн “... машины жолооч утсыг минь машин дотор уначихлаа гээд надад өгөхөд би нойрмог байсан болохоор утсаа машиных нь салон дээр тавьсан. Тэгээд машинаас буухдаа урд салон дээр тавьсан утсаа авахаа мартаад гэр рүүгээ орсныхоо дараа өөрийнхөө утас руу залгахад дуудаж байгаад унтарсан. ...Би утсаа таксины жолоочид өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-Гэрч П.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр хааяа такси үйлчилгээнд явдаг. 2020 оны 5 дугаар сарын үед “Huawei Novа 5” загварын гар утсыг надад өгөөд таксинд явж байгаад олсон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
-Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны орой өөрийн эзэмшлийн ...тээврийн хэрэгсэлтэй халтуур хийгээд Модны 2-ын тэнд ...нэг эмэгтэй хүн гараа өргөхөөр нь ...асуухад “Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Зүүн салаа орно” гэж байсан. ...Тухайн эмэгтэй ...буугаад явсан. ...машинд утас дуугараад байхаар нь ...харахад урд суудлын шалан дээр нэг утас ээж гэсэн дугаараас залгаад байсан, ...би аваагүй. ...Тухайн гар утас нь Huawei Nova 5 загварын гар утас байсан. Кодтой байхаар нь Монтел руу очоод 40.000 төгрөгөөр кодыг нь тайлуулсан юм. ...2020 оны 5 дугаар сарын эхээр гар утсыг манай эхнэр барьж эхэлсэн. Би гар утсаа буцааж эзэнд нь өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр тал),
-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20/020 дугаартай “...Huawei фирм, Nova 5 загварын гар утасны үнийг 900.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Иргэн П.Г ээс Huawei Nova 5 загварын гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Г.Нд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
-“Юнител” ХХК-ийн “...............” дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 50-52 дугаар тал) болон албан бичиг (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Г.Э нь ................. улсын дугаартай “Приус 20” загварын автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Нын тус машинд орхиж буусан гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, бусдад дамжуулан, захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба, уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан байна.
Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлий 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгө ....бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” ...бол тус гэмт хэргийн шинж болохоор хуульчилсан байна.
Хэрэгт шүүгдэгч Г.Э ын завшсан эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 900.000 төгрөгөөр тогтоосон буюу энэ нь хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Э ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Г.Нын “Huawei Nova 5” загварын гар утасны үнийг хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК нь 900.000 төгрөгөөр тогтоосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Huawei Novа 5” загварын гар утсыг иргэн П.Г ээс хураан авч, хохирогч Г.Нд хүлээлгэн өгсөн /хх-39-40/ байх тул шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Э нь ам бүл 5, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Г.Э өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “торгох ялыг ажил хийж байгаад боломжоороо хувааж төлнө” гэсэн тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаа ял шийтгүүлж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Г.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ы улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Э д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Нд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА