Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/332

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

.... овогт Б.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................. дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.... овогт Б.Ө  нь Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ............... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “...................” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, эцэг, ах нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................ тоотод байнга оршин суух бүртгэлтэй, ......................Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 26 дугаар гудамжны 1 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:........................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Ө  нь 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Цамбагаравын автобусны буудлын ард байрлах “.........................” нэртэй караокены гадна хохирогч Б.А ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн шанаа тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө : Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ......................... дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед ажлаа тараад явж байтал найз Б над руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард талаас ирээд аваач” гэхээр нь зөвшөөрөөд Цамбагаравын автобусны буудлын ард талд байрлах “......” нэртэй караокеноос найзыгаа авах гээд 00 цагийн үед очсон. Өөдөөс найз Б гарч ирсэн. Мөн хоёр танихгүй залуу гарч ирсэн. 20 гаруй насны, бор өнгийн куртик өмссөн залуу нь үүдэнд байсан хогийн савыг өшиглөхөд Б “чи наад хогийн саваа өшиглөж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд тэр залуу уурлаад Бтай маргалдсан. Би тухайн залууг боль гэхэд чамд хамаагүй гээд миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохиход хажууд нь явж байсан найз нь салгасан. Би шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

2. Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард талд байрлах нийтийн караокед 2 цаг дуу дуулж, хүний тус бүр 3 лаазтай пиво уусан. Тэгээд тооцоо хийгээд караокеноос эхлээд Б.Ө  гарсан. Би араас нь гарахад Б.Ө  нэг залуутай маргалдаад зогсож байсан. Б.А  гэх залуутай маргалдсан шалтгаан нь үүдэнд байсан хогийн савыг өшиглөснөөс болсон юм байна лээ. Тэр хоёр маргалдаж байгаад Б.Ө  тэр залууг цохихоор нь би дундуур нь ороод салгасан. Тэгтэл тэр залуу цагдаад дуудлага өгсөн. Цагдаа иртэл Б.Ө  бид хоёр караокены үүдэнд байсан. Б.Ө  бид хоёр найзууд байгаа юм. Манай найз эцэг, эхээс гурвуулаа, ...аавтайгаа хамт амьдардаг. ................-г төгссөн, бүрэн дунд боловсролтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Б.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 3 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард байрлах нийтийн караокед найз Б тай хамт орж 2 цаг дуу дуулж, хүний 3 лаазтай пиво уусан. Шөнийн 00 цагийн үед караокеноос гарч явахдаа үүдэнд байсан жижиг хогийн савыг санаандгүй өшиглөхөд нэг эмэгтэй “чи наад хогийн саваа өшиглөж болохгүй шүү дээ” гэхээр нь би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл хажууд нь явж байсан Б.А  гэх залуу боль гэхэд нь чамд хамаагүй гээд бид маргалдаж байгаад би Б.А ы зүүн талын шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиход найз Б  салгасан. Б.А  цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд Б  бид хоёрыг хэлтэс дээр авч ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би Б.А ы биед учруулсан. Би Б.А д 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1978 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Эрүүний зүүн булан хэсгээр эмзэглэлтэй, зүүн доод талын 3-р их араа шүдний цөгц эмтэрч хугарсан, ирмэг хурц, зүүн доод талын бусад араа шүднүүдийн ёзоор үлдсэн.

“Туяарах дент” шүдний эмнэлгийн 2021.3.05-ны өдрийн тодорхойлолтод: Доод эрүүний 35, 36-р шүдний сурвалж үрэвссэн, рентген зураг дээр архаг үрэвсэлтэй, авхуулах заалттай шүд байна гэжээ.

Дүгнэлтэд:

1. Б.А ы биед зүүн доод 3-р их араа шүдний цөгцний хугарал, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Г.Энхбаатар/ ...” гэсэн дүгнэлт, рентген зураг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

 

5. Шинжээч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:“...Иргэн Б.А ы биед 3-р их араа шүдний хугарал гэмтэл тогтоогдсон, гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь цохих цохигдох үед үүснэ. Мөн өөрийн шүд хугарсан байсан. Хэрэв хиймэл шүд хугарсан бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг шүд нь хуучин архаг үрэвсэлтэй байсан ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Учир нь хүний төрөлх шүд гэмтсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

6. Хохирлын төлбөрт 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

            7. Яллагдагч Б.Ө , хохирогч Б.А  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (58-60 дугаар тал),

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Ө ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38-44 дүгээр тал), “..............” ХХК-ийн “...Б.Ө  нь сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг” тухай  тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ө  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ө т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө  нь  2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Цамбагаравын автобусны буудлын ард байрлах “................” нэртэй караокены гадна хохирогч Б.А ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн шанаа тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Ө  нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Ө ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Ө  нь 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Цамбагаравын автобусны буудлын ард байрлах “....................” нэртэй караокены гадна хохирогч Б.А тай “хогийн сав өшиглөлөө” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдан гараараа зүүн шанаа тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 гаруй насны, бор өнгийн куртик өмссөн залуу нь үүдэнд байсан хогийн савыг өшиглөхөд Б “чи наад хогийн саваа өшиглөж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд тэр залуу уурлаад Бтай маргалдсан. Тухайн залууг боль гэхэд чамд хамаагүй гээд миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...караокеноос эхлээд Б.Ө  гарсан. Би араас нь гарахад Б.Ө  нэг залуутай маргалдаад зогсож байсан. Б.А  гэх залуутай маргалдсан шалтгаан нь үүдэнд байсан хогийн савыг өшиглөснөөс болсон юм байна лээ. Тэр хоёр маргалдаж байгаад Б.Ө  тэр залууг цохихоор нь би дундуур нь ороод салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...шөнийн 00 цагийн үед караокеноос гарч явахдаа үүдэнд байсан жижиг хогийн савыг санаандгүй өшиглөхөд нэг эмэгтэй “чи наад хогийн саваа өшиглөж болохгүй шүү дээ” гэхээр нь би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл хажууд нь явж байсан Б.А  гэх залуу боль гэхэд нь чамд хамаагүй гээд бид хоёр маргалдаж би Б.А ы зүүн талын шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би Б.А ы биед учруулсан. Би Б.А д 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1978 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.А ы биед 3-р их араа шүдний хугарал гэмтэл тогтоогдсон, гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь цохих цохигдох үед үүснэ. ...өөрийн шүд хугарсан байсан, хүний төрөлх шүд гэмтсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл ба, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Ө ийн хохирогч Б.А ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ө ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.А ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Б.А  нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ө  нь хохирогч Б.А д эрүүл мэндэд нь учирсан хор уршгийн зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тэдний бичгээр гаргасан хүсэлт /хх-51-52/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ө  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ө тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Ө  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Ө  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Ө  нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэн, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт Б.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө  нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө  нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА