Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/509

 

 

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,   

шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

.... овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................. дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.... овогт Г.А нь Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ................. төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:.......................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Г.А  нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжинд иргэн Д.Ц той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шилбэ хэсэгт нь өшиглөх, цээж хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шаант яс, тахилзуур ясны хугарал, цээж, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А оос: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

            Хоёр. Эрүүгийн .................... дугаартай хэргээс талуудын судалсан болон бусад нотлох баримтууд:

            1. Хохирогч Д.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би Сүхээтэй ...гудамжинд уулзаад бид 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байхад хувиараа морин хуур хийдэг зүс таних залуу ирээд намайг болон манай найзыг хөгшин банди нар гэхээр нь би уурлаад “яасан юм бэ” гэж хэлэхэд тэр залуу баруун гараараа миний цээж рүү цохиод, баруун талын шилбэ хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед шилбэ хэсэг хүчтэй дуугарах шиг болсон. ...Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

            -2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “...Энэ асуудал хуучнаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамж, одоогоор тус дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжинд болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Г.А  гэх хүнээс эмчилгээний зардал гэж нийт 800.000 төгрөг авсан. Эмчилгээгээ бүрэн хийлгэж, хөл эдгэрч зүгээр болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

            2. Гэрч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

            “...Тус өдөр би гэртээ байж байтал нөхрийн ах над руу залгаад “танай хүний хөл нь хугарсан байдалтай байна” гэж хэлэхээр нь би яваад очтол Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны дунд хавьцаа босож чадахгүй сууж байсан. Тэгэхээр нь би Нарангийн голын эцсийн буудлаас такси бариад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж яаралтай тусламж авсан. Манай ойролцоо амьдардаг Г.А  гэх залуу манай нөхөр дээр согтуу ирээд хоорондоо маргалдаж байхад нь цээж хэсэг рүү нь цохиж, хавирч унагаах үед нь баруун хөл нь хугарсан байсан гэсэн. Г.А  манай нөхрийн эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

            3. Шүүгдэгч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, 74 дүгээр гудамжинд зүс таних Д.Ц  танихгүй хүмүүстэй архи ууж байхаар нь очоод юу байцгаана гэхэд Д.Ц  чамайг нугасална шүү гэж хэлэхээр нь зүгээр байгаарай хөгшин банди нараа гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би цээж хэсэг рүү нь гараа зангидаж байгаад түлхээд, баруун талын хөлийн шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө хавирах үед ус урсдаг нарийхан суваг руу их эвгүй байдалтай баруун хөлөөрөө гишгэж унасан. Тэр үед Д.Ц  миний хөл хугарчихлаа гэж хэлэхээр нь очоод хартал баруун талын хөлийн шагайны дээд хэсгээр хөл нь хагас эргээд хугарсан байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Намайг нугасална шүү гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тийм асуудал болсон. Би Д.Ц ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дугаар тал,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8578 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дээд, доод хэсэгт мэс заслын ариун боолттой. Цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирганы түвшинд 1.5х1 см, зүүн тохойд 1.5х1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

  Дүгнэлт:

1. Д.Ц ийн биед баруун шаант яс, тахилзуур ясны хугарал, цээж, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2, 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч М.Аригуунтөгс/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

           5. Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн“...Г.А  нь ааш зан сайтай, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Надтай хамт амьдарч, гэрээрээ морин хуур хийж зардаг. Согтууруулах ундаа заримдаа хэрэглэдэг. Төлөв төвшин, өрөвч сэтгэлтэй, хүнд тусархуу, их ухаалаг, зодоон хийгээд яваад байдаггүй, хүмүүжилтэй, ээждээ тусалдаг, намайг асарч хайрладаг ганц хүүхэд маань байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

 

6. Шүүгдэгч Г.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр тал), нийгмийн даатгал төлсөн талаарх албан бичиг (хавтаст хэргийн 53 дугаар тал), үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 55, 57 дугаар тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.А  нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжинд иргэн Д.Ц той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шилбэ хэсэгт нь өшиглөх, цээж хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.А  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” саналтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.А  нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжинд иргэн Д.Ц той “намайг нугаслана”  гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шилбэ хэсэгт нь өшиглөх, цээж хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шаант яс, тахилзуур ясны хугарал, цээж, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

            -Хохирогч Д.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн    “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би Сүхээтэй ...гудамжинд 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байхад хувиараа морин хуур хийдэг зүс таних залуу ирээд намайг болон манай найзыг хөгшин банди нар гэхээр нь би уурлаад “яасан юм бэ” гэж хэлэхэд тэр залуу миний баруун гараараа цээж рүү цохиод, баруун талын шилбэ хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед шилбэ хэсэг хүчтэй дуугарах шиг болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн:“...Энэ асуудал хуучнаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамж, одоогоор тус дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжинд болсон. Би Г.А  гэх хүнээс эмчилгээний зардал гэж нийт 800.000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

            -Гэрч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Тус өдөр би гэртээ байж байтал нөхрийн ах над руу залгаад “танай хүний хөл нь хугарсан байдалтай байна” гэж хэлэхээр нь би яваад очтол Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны дунд хавьцаа босож чадахгүй сууж байсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж яаралтай тусламж авсан. Манай ойролцоо амьдардаг Г.А  гэх залуу манай нөхөр дээр согтуу ирээд хоорондоо маргалдаж байхад нь цээж хэсэг рүү нь цохиж, хавирч унагаах үед нь баруун хөл нь хугарсан байсан гэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

            -Шүүгдэгч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн      “...Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, 74 дүгээр гудамжинд зүс таних Д.Ц  танихгүй хүмүүстэй архи ууж байсан. ...Д.Ц  чамайг нугасална шүү гэж хэлэхээр нь зүгээр байгаарай хөгшин банди нараа гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би баруун гараараа цээж хэсэг рүү нь гараа зангидаж байгаад түлхээд, баруун талын хөлийн шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө хавирах үед ус урсдаг нарийхан суваг руу их эвгүй байдалтай баруун хөлөөрөө гишгэж унасан. Тэр үед Д.Ц  миний хөл хугарчихлаа гэж хэлэхээр нь очоод хартал баруун талын хөлийн шагайны дээд хэсгээр хөл нь хагас эргээд хугарсан байсан. Намайг нугасална шүү гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тийм асуудал болсон. Би Д.Ц ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дугаар тал,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8578 дугаартай “... Д.Ц ийн биед баруун шаант яс, тахилзуур ясны хугарал, цээж, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Г.А ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Г.А  нь хохирогч Д.Ц ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.А ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч Д.Ц  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А  нь 800.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын  мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Г.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн орлогыг нотлох баримт хэрэгт байхгүй. Морин хуур хийж зардаг гэж байгаа боловч энэ нь тухай бүр тодорхойлох орлогод ордоггүй, одоогоор ажилгүй, нийгмийн даатгал төлдөггүй, эд хөрөнгө байхгүй тухай лавлагаа байгаа тул түүнийг торгох ялыг төлөх чадваргүй гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгч Г.А  дүгнэлтдээ “Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү. Би удахгүй уурхайн ажилдаа явна, мөн хувиараа морин хуур хийж борлуулж орлого олдог юм” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.А  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч Г.А  нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Г.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу хувиараа морин хуур хийж орлого олдог гэх зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Г.А  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Г.А  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Ц ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА